Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00011 

 

   Ш.М-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/01264 дүгээр шийдвэртэй, Цэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, Ш М нэхэмжлэлтэй, Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суух, С.Б-ад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч Ш.М-, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Т.Бахыт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хааг бэлчир Хонаш гэх газарт С.Б- нь хашаа, байшин барьсан явдал нь хууль бус болохыг тогтоож, уг газарт барьсан хашаа байшинг албадан нүүлгэхийг С.Б даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие тус аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багт эцэг өвгөдийн үеэс уламжлан мал маллан амьдарч байна. Түүнчлэн уг багийн нутаг дэвсгэр Хааг бэлчир хонаш гэх газарт 2008 оноос хаваржааны зориулалттай хашаа барьж, улмаар сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/66 тоот захирамжаар 700м2 газрыг эзэмшүүлсэн. Мөн хаваржааны газраас холгүй миний намаржаа, хадлангийн талбай байдаг. Гэтэл энэ зун манайх зусландаа гарсны дараа тус сумын 2 дугаар багийн иргэн С.Б- нь манай хаваржаа руу хэт шахаж бараг миний малын хэвтэр цаашлаад бэлчээрийн газар, баг, сумын захиргаа гээд хэний ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэж, хууль зөрчиж хашаа байшин барьчихсан байсныг сүүлд хадланд гарах гэж очих үед олж мэдсэн.Үүний дараагаар сумын газрын даамал Т.Н-т амаар мэдэгдэж, мөн сумын орлогч С.Б-эд Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хэмжээнд асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж 2 удаа бичгээр өргөдөл гаргаж байсан боловч надад одоо болтол албан ёсны хариу өгөхгүй байна. Сумын газрын даамал Т.Н-ийг 2 удаа газар дээр нь дагуулж очиход “...бидний зүгээс С.Б-ад энд хашаа байшин барих талаар ямар нэгэн хэлбэрээр зөвшөөрөл өгөөгүй өөрөө дураараа хууль зөрчиж, хашаа хороо барьсан байна” хэмээн тайлбарлаж байсан. Харин сумын орлогч С.Б-ийн томилсон 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс 2 удаа очсон, бүрэлдэхүүнд нь багийн Засаг дарга, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, газрын даамал, байгаль орчны байцаагч, сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгч зэрэг хүмүүс очсон. Тухайн үед бодит байдлыг очиж үзсэн эдгээр хүмүүс С.Б- нь хаваржаа барих гэж байгаагаа сумын албан тушаалтан, 4 дүгээр багийн Нийтийн хурал зэрэг шийдвэрлэх ёстой газруудад мэдэгдээгүй, энэ багийн малчдаас зөвшөөрөл авахгүйгээр малчин Ш.М-ы хаваржаа руу хэт түрэн орж хашаа хороо байшин барьсан нь буруу зүйл хэмээн үзсэн. Эцэст нь тэр комисс энэ хүний хашаа байшинг нүүлгэх ёстой гэдгийг хэлээд надад маргаантай асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн учир ийнхүү зөвшөөрөлгүй барьсан хашаа байшинг албадан нүүлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Анх шүүхэд “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хааг бэлчир Хонаш гэх газарт иргэн С.Б-ын зөвшөөрөлгүй барьсан хашаа байшинг албадан нүүлгэх тухай” нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа “Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хааг бэлчир Хонаш гэх газарт С.Б- нь хашаа байшин барьсан явдал нь хууль бус болохыг тогтоож, уг газарт барьсан хашаа, байшинг албадан нүүлгэхийг С.Б- даалгах” гэж өөрчилж байна. Нэгэнт хашаа байшин барьсан явдал нь хууль бус, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл байхгүй учир тэнд амьдарч, үйл ажиллагаа явуулах ёсгүй гэж үзэж байгаа болно.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суудаг. Эхнэр 5 хүүхдийн хамт Цэнгэл сумын 2 дугаар багийн Хааг гэдэг газарт мал маллаж амьдардаг. Миний өвөлжөө, хаваржаа, намаржааны зориулалттай эзэмшиж байгаа Хааг гэдэг газрынхаа бэлчээрт нь энэ оны 5 дугаар сард шинээр битүү хороо, өвөлжөөнд зориулж өвлийн байшин барьсан.Тухайн бэлчээр бүхий газрыг миний аав А.С- нь 1936 оноос хойш эзэмшин ашиглаж ирсэн байх ба 2008 онд би нэр дээр шилжүүлж аваад өнөөдрийг хүртэл эзэмшиж ирсэн. Миний олон жил эзэмшиж ашиглаж ирсэн Цэнгэл сумын 2 дугаар багт байгаа өвөлжөө, хаваржаа, намаржааны зориулалттай газарт маань Ш.М- байшин барьсныг мэдсэн. Өөрөөр хэлбэл миний эзэмшил газрын бэлчээрт байшин барьж миний бэлчээрийг булааж авах оролдлого хийсэн учраас бэлчээрээ хамгаалах зорилгоор өөрийнхөө бэлчээрт хашаа хороо татсан. Ш.М-д миний бэлчээрээс газар эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд түүнд газар эзэмшүүлсэн талаар шүүхээс мэдлээ. Миний эзэмшиж байгаа газрын бэлчээрийг Ш.М-д хууль бусаар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад гомдол гаргах болно. Би өөрийнхөө эзэмшил газартаа хашаа, хороо татсан асуудал Ш.М-д хамааралгүй. Харин ч Ш.М- миний эзэмшил газрын бэлчээрт хууль бусаар газар эзэмших, байшин барьсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.Түүнд эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгуулах болно. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Цэнгэл сумын 4 дүгээр багийн Хааг бэлчир Хонаш гэх газарт хашаа, байшин барьсан явдал нь хууль бус болохыг тогтоож, тэндээс нүүлгэхийг надад даалгаж өгнө үү гэсэн байна. Ш.М-ы маргаж байгаа намайг нүүлгэх гэж байгаа газар нь Цэнгэл сумын 4 дүгээр баг биш 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаардаг Хааг нэртэй газар байдаггүй. Би хуулийн дагуу оршин сууж байгаа газрынхаа бэлчээрийг хамгаалахын тул хашаа татсан асуудал байгаа юм. Би эзэмшил газрынхаа бэлчээрийг хамгаалах эрхтэй.Ш.М-д миний бэлчээрээс газар эзэмшихдээ багийн Иргэний Нийтийн хурлаас шийдвэр гаргуулахгүйгээр хууль бусаар миний бэлчээрээс газар эзэмшсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.Цэнгэл сумын 4 дүгээр багийн Засаг дарга Батбаяр гэгчийг гэрчээр асуулгаж, тэр нь шүүхэд худал мэдүүлэг өгч, Хааг гэдэг газрыг 4 дүгээр багийн газар нутаг хэмээн хэлүүлсэн байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/01264 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.М-ы Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4-р багийн нутаг Хааг бэлчир Хонаш гэх газарт С.Б-ын хашаа байшин барьсан явдал нь хууль бус болохыг тогтоож, уг газарт барьсан хашаа, байшинг албадан нүүлгэхийг С.Б- даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...Ш.М- миний нэхэмжлэлд дурдсан газарт эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу хууль ёсоор хаваржаа, намаржааны газар эзэмшиж байгаа хүн билээ. Гэтэл миний эзэмшлийн газрын дээд талд 156 метрийн зайд 2020 оны 6 дугаар сард бид зуслан руу нүүгээд явсан хойгуур, хүмүүсийг цуглуулж ирээд хоёрхон хоногийн дотор С.Б- хэний ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн малын хашаа болон байшин барьсан тул түүнийг хууль бус болохыг тогтоож, нүүлгэхийг өөрт нь даалгахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч С.Б- нь “...уг газрыг миний аав С- 1936 оноос хойш эзэмшин ашиглаж ирсэн ба 2008 онд би өөрийн нэр дээр шилжүүлэн авч эзэмшиж байгаа, М-д Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлснийг шүүхээс мэдлээ, тэгээд бэлчээрээ хамгаалах зорилгоор хашаа хороо татсан” гэж үндэслэлгүй тайлбар гаргаж, мөн өөрийн талын хүн болох сумын газрын даамлыг гэрчээр мэдүүлэг өгүүлж, шүүхээс хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ:

 

1. “Хааг бэлчир хонаш” гэх газраас Ш.М- нь хаваржааны зориулалтаар газар эзэмшиж байгаа нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хааг бэлчир хонаш” гэх газар гэж нэхэмжлэлдээ тодорхойлж маргаж байгаа боловч Засаг даргын захирамж болон газрын даамал Н-ийн гэрчийн мэдүүлэг зэргээр уг газар нь 2 дугаар багийн нутагт        байрлалтай ХААГ гэсэн газар байжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анх тус сумын 2 дугаар багийн Засаг дарга А.Батбаяр нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Хааг бэлчир хонаш" гэх газар нь Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаардаг, тэнд 4 дүгээр багийн айлууд амьдардаг, залгуулаад 2 дугаар багийн айлууд амьдардаг, багийн нутаг дэвсгэрийг заагласан нарийвчлан тогтоосон газрын зураг гэж байдаггүй,1992 оноос өмнө Цэнгэл сумын 2 дугаар бригад гэж байдаг байсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл сумын газрын даамал болох төрийн захиргааны албан хаагч нь нэг талыг барьж шүүхэд мэдүүлэг тайлбар өгсөн мөн хиймэл дагуулаас татаж авсан газрын зургийг, цаасан дээр буулгаж, энэ бол 2 дугаар багийн нутгийн газрын зураг гэж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, нотлох баримт цуглуулах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, өөрийн албаны тэмдэглэгээ дарж нотлох баримтаар гаргаж өгсөн явдал нь албаныхаа эрх мэдлийг хувийн сэдэлтээр ашигласан, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн явдал мөн гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан боловч шүүхийн шийдвэр гаргахад түүний мэдүүлгийг

үндэслэл болгож, нэг нотлох баримтыг нөгөөгөөсөө илүүд тавьж дүгнэж, төрийн анхан шатны засаг захиргааны нэгжийн эрх бүхий албан тушаалтны мэдүүлэг тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй, харьцуулан дүгнэлт хийгээгүй, хэрхэх талаар шийдвэрийн үндэслэлд дурдаагүй байгаа явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Ер нь улсын, аймгийн, сумын хил газрын зураг гэж байдаг ба харин багийн хил-газрын зураг гэж Геодези, зураг зүйн тухай хуулийн дагуу тодорхойлсон албан ёсны баримт бичиг байхгүй байхад тухайн сумын Засаг даргын захирамж нь мөн сумын нутаг дэвсгэрт бүрэн үйлчлэх ёстой.

 

2. Харин шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б- нь эрхийн гэрчилгээгүй газарт хашаа байшин барьсан нь хууль бус байгаа боловч ... хариуцагчийн барьсан хашаа, байшин нь 156.4 метр буюу давхцаагүй болох нь үзлэгийн тэмдэглэл, сумын газрын даамлын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэжээ. Тэгээд хариуцагч нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, түүний үйлдэл хууль бус болох талаар үнэн зөв дүгнэсэн боловч Хууль бус болохыг тогтоох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь өөрөө хуульд нийцээгүй байна гэж үзнэ. Учир нь хариуцагчийн хашаа байшин барьсан үйлдлийг хууль бус болох талаар дүгнэсэн атлаа түүний хууль бус барьсан хашаа нь давхцаагүй байна гэж дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Ш.М- би миний эзэмшлийн 700 м/кв газарт Б- хашаа барьсан гэж нэхэмжлэл гаргаагүй миний хаваржааны дээд талд барьсан гэж маргасан нь хэнд ч гэсэн ойлгомжтой байхад шүүхийн шийдвэрт дурджээ. Мөн “Хариуцагчийн хашаа байшин барьсан газар нь нэхэмжлэгч М-ы сумын Засаг даргатай бэлчээр ашиглах гэрээгээр ашиглаж байсан гэрчилгээтэй газар эсэх талаарх бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй” гэж дүгнэсэн нь бас үндэслэлгүй болжээ. Миний өвөлжөө, хаваржаа байгаа газрын ерөнхий нэр бол “ХААГ” гэж нэрлэгддэг ерөнхий нэртэй Монгол Улсын газрын зураг дээр ч гэсэн албан ёсоор тэгж нэрлэгддэг. Бид тэр нутагт өвөг дээдсийн үеэс нутаглаж ирсэн хүмүүс юм. Харин “Хааг бэлчир хонаш” гэдэг нь нарийвчилсан газрын нэр байхад миний гэрээгээр эзэмшиж байгаа газрыг үгүйсгэсэн байдлаар дүгнэж, албан ёсны гэрчилгээгээр эзэмшиж байхад нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. "Хааг бэлчир хонаш” гэх газрыг бэлчээрийн газарт тогтоож, малчдад гэрээгээр ашиглуулж байсан талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 106.2-т заасан эрх нь зөрчигдсөн гэж үзэж болохооргүй байна” гэж дүгнэлт хийжээ. Тэгвэл дээрх газар бол хадлан, тариалангийн эсхүл ашигт малтмал олборлох газар биш тэнд олон нүүдэлчин малчин айл өрх амьдардаг бэлчээрийн газар гэдэг нь илэрхий байхад /мөн бэлчээр ашиглах гэрээ ч гэсэн байхад/ илт гуйвуулсан дүгнэлт гаргаж, миний Иргэний хуулийн 106.2, 106.3, 106.4-т заасан эрх зөрчигдсөн нь илт харагдаж байхад зөрчигдсөн гэж үзэж болохооргүй байна, мөн газар эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч Б-аас саад учруулсан, хязгаарласан, зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байна гэж нотлох баримт, хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн байдал харагдаж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд шүүх Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгохгүйгээр нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж үзээд бид гомдол гаргаж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.М- нь С.Б-ад холбогдулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг  “Хааг бэлчир Хонаш” гэх газарт С.Б-ын хашаа байшин барьсан явдал нь хууль бус болохыг тогтоож, уг газарт барьсан хашаа, байшинг  албадан нүүлгэхийг С.Б-ад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Цэнгэл сумын Засаг даргын А/66 дугаар захирамжаар 2 дугаар баг “Хааг бэлчир Хонаш” гэх газарт хаваржааны зориулалтаар олгосон миний 700 м.кв газраас холгүй намаржаа, хадлангийн талбай байдаг. С.Б- нь миний хаваржаа руу хэт шахаж бараг миний малын хэвтэр цаашлаад бэлчээрийн газарт зөвшөөрөлгүй байшин барьсан” гэж тайлбарласан бол хариуцагч “тухайн бэлчээр бүхий газрыг миний аав А.С- нь 1936 оноос хойш эзэмшиж ашиглаж ирсэн ба 2008 онд миний нэр дээр шилжүүлж аваад өнөөдрийг хүртэл эзэмшиж ирсэн. Миний эзэмшил газрын бэлчээрт хашаа барьж миний бэлчээрийг булааж авах оролдлого хийсэн учраас бэлчээрээ хамгаалах зорилгоор өөрийнхөө бэлчээрт хашаа хороо татсан” гэж нэхэмжлэлийг эс зөвшгөөрч шүүхэд мэтгэлцжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Ш.М- нь 031203584 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Хааг бэлчир Хонаш” гэх газраас 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний, хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаагаар ашиглах эрхийн гэрчилгээтэй, хариуцагч С.Б- нь Цэнгэл сумын 2 дугаар баг “Хааг хүрэн толгой” гэх газраас 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний,  өвөлжөө, намаржааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар ашиглах эрхийн гэрчилгээтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах  эрхтэй.” тул хэрвээ нэхэмжлэгч тухайн газрыг өөрийн өмч гэдгийг нотолсон тохиолдолд энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.

Нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч С.Б-ын хашаа, байшин барьсан  Баян-Өлгий  аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багийн “Хааг бэлчир Хонаш”  газрын өмчлөгч, эсхүл эзэмшигч, хуульд болон гэрээнд зааснаар хууль ёсоор ашиглаж буй этгээд биш, түүнчлэн мөн тус газар нь нэхэмжлэгч Ш.М-ы хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа 700 м.кв газартай давхцаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч С.Б-ын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг,  “Хааг бэлчир Хонаш” гэх газарт хашаа, байшин барьсан үйлдэл нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндсөн, зөрчсөн, эсхүл түүний өөрийн эзэмшлийн газраас ашиглах эрхэд саад учруулсан гэх бодит нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч С.Б-ын хашаа, байшин барьсан гэх газрыг өөрийн өмч, эсхүл хууль ёсны эзэмшигч мөн болохыг нотлоогүй тохиолдолд тэрээ уг шаардах эрхийг С.Б-ад холбогдуулан хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй, эсхүл түүний уг эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагчийн дээрх үйлдэл саад учруулсан гэх нөхцөл байдал бодитой тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

                Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багт байрлах  “Хааг бэлчир Хонаш” гэх хаваржааны газарт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр хариуцагч С.Б-ын хашаа, байшин нэхэмжлэгч Ш.М-ы эзэмшлийн газарт биш өөр газар байрласан, хорондоо 156,4м зайтай байх бөгөөд нэхэмжлэгчийн нэгж талбарын 031203584 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Хааг бэлчир Хонаш” гэх газраас 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар, гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч С.Б-ын үйлдэл саад болсон нь нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.М- өмгөөлөгчийн хамт шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “хариуцагч С.Б-ын эрхийн гэрчилгээгүй газарт хашаа байшин барьсан нь хууль бус болох талаар үнэн зөв дүгнэсэн боловч хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.4 дэх хэсэгт заасан эрх зөрчигдсөн нь илт харагдаж байхад зөрчигдсөн гэж үзэх болохооргүй байна. Эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж нотлох баримт, хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн гэжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгч, эзэмшигч л бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх хариуцагч С.Б- нь зохих зөвшөөрөлгүй газарт хашаа байшин барьж, газрыг дур мэдэн эзэмшсэн гэх тохиолдолд тухайн газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргах, албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүргийг Газрын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар  аймаг, сумын Засаг даргад харьяалуулсан байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/01264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                       

Д.КӨБЕШ