| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/10004/И |
| Дугаар | 197/ШШ2025/03152 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/03152
| 2025 03 25 | 197/ШШ2025/03152 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ... тоот хаягт оршин суух, Ч.Ц,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...хаягт байрлах, Б... газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/0... дугаар шийдвэрээр Б.С-ийн нэхэмжлэлтэй, Ч.Ц-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэгт 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч биелүүлээгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2022/... дугаар албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 0... дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ч.Ц нь төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна.
5. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ... тоот эд хөрөнгө хураах тогтоолоор Ч.Ц, Б.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ....2 тоот хаягт байрлах, 96 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах, 460 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хураан авч, тэмдэглэл үйлдэн, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгчийн төрсөн эхэд гардуулжээ.
7. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал ирүүлээгүй байх тул хариуцагч байгууллага 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот тогтоолоор Хаан үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгчийн хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн ба шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.
8. Шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар тус бүрчлэн үнэлсэн байх бөгөөд Хаан үнэлгээ ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ....2 тоот хаягт байрлах, 96 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах, 460 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зах зээлийн үнэтэй жишиж, зах зээлийн хандлагын аргаар нийт 69,063,000 төгрөгөөр үнэлгээ тогтоожээ.
9. Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцсон байхад шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцээгүй, мөн шийдвэр гүйцэтгэгч нь дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан 1 сарын дотор өөрөө үнэлгээ тогтоох ажиллагааг хийгээгүй тул хууль зөрчсөн гэж үзэн үнэлгээг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж маргалаа.
10. Хариуцагч нь төлбөр төлөгч, авагч нар үнийн санал дээр тохиролцсон талаар нэгдсэн санал ирүүлээгүй үнэ тохиролцоогүй бол үнэлгээ хийхээр хуульчилсан тул шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь хуульд нийцсэн гэж маргасан.
11. Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байх бөгөөд дуудлага худалдааны зориулалтаар хийж буй хөрөнгийн үнэлгээний журам, аргачлал батлагдаагүй тул албадан дуудлага худалдаанд оруулах зориулалтад нийцүүлж, худалдан борлуулах зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байгаа нь үнэлгээ хийх зорилготой нийцжээ.
12. Нэхэмжлэгч нь талууд үнийн талаар тохиролцсон гэдгээ гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 онд гэр бүлийн гишүүдэд ногдох хөрөнгө хуваахдаа нэхэмжлэгч, хариуцагч нарын тохиролцсон үнийг хэлж байна.
13. Шүүхэд эд хөрөнгө хуваах зорилгоор талуудын тохиролцсон үнээр хөрөнгийг хуваасан үнэлгээ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадан дуудлага худалдаа явуулах зорилгоор хийж буй үнэлгээгээс зориулалт нь өөр байхаас гадна, төлбөр төлөгч, авагч нар нь хураасан хөрөнгийн үнээ тохирсон талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээгүй, тохиролцсон тухай баримт байхгүй байна.
14. Хураан авсан хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь өөр бусад баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн шинжээч томилох тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байх тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Б... газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ....2 тоот хаягт байрлах, 96 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах, 460 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ