| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0210/Э |
| Дугаар | 221 |
| Огноо | 2018-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Д.Нямбат,
Насанд хүрээгүй хохирогч Ц.С, түүний хууль ёсны төлөөлөгч М.Цогзолмаа,
Өсвөр насны шүүгдэгч Г.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ариундалай, өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0192/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Гэндэндоржийн Т-д холбогдох 1808004370104 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантеникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Колонкын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Гэндэндоржийн Т /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Насанд хүрээгүй хохирогч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 оны 1-р сарын 05-ны өдөр 14 цагийн үед найз нартайгаа заал авч сагсан бөмбөг тоглох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Энхсайханы гэрт найз Мөнхбаатарын хамт очсон. ...Энхтсайхан гэртээ ганцаараа байсан, хэсэг хугацааны дараа тэдний гэрт Жадамба, Т нар орж ирсэн. ...Жадамбаагийн гэрт очоод хашааны гадна талд уулзаад ярьж байтал түүнд 20,000 төгрөг байсан, тэгээд хоорондоо ярилцаж байгаад нөгөө мөнгөөр архи авч уухаар болоод Мөнхбаатар Жадамбаа, Энхсайхан, Т бид 5 Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамжинд авсан 1 шил архиа хувааж уусан, тэгээд архиа уусны дараа Жадамбаа, Т хоёр гэнэт хоорондоо зодолдож эхэлсэн. ...Мөнхбаатар бид хоёр дундуур нь ороод нэг нэгээр нь салгаж холдуулахад Т Мөнхбаатарыг хавсарч унагаасан. ...би Мөнхбаатар болон Т нарын дундуур ороод гараараа түлхэн Тийг холдуултал Т миний хацар руу гараараа 1 удаа цохиод дараа нь толгойгоороо нүүр рүү мөргөсөн, ...энэ үед би хэлээ хазчих шиг боллоо гэж бодоод Тид хандаж чи яаж байгаа юм гэтэл миний нүүр рүү харчихаад чиний хоёр шүд чинь уначихсан байна гэж хэлж байсан. ...1 шүдийг Т, нөгөө шүдийг би өөрөө олж аваад гэртээ харихаар явсан. Тэрнээс хойш Тийн ээж болон өөрт нь шүдээ хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд одоог хүртэл шийдэгдсэн зүйл байхгүй. Яг хэрэг гарах үед найз Жадамбаа, Энхсайхан, Мөнхбаатар нар хамт байсан. ...шүдээ хийлгэчихмээр байна, эмнэлэгт үзүүлэхэд 5,000,000 төгрөгөөр хийнэ гэсэн, хийлгээгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 7-8, 10 х/
1.2.Насанд хүрээгүй хохирогч Ц.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...1 дүгээр сарын 5-ны өдрийн 14 цагийн орчим Мөнхбаатар бид хоёр заал авах гээд Энхсайханы гэрт очсон. 30 орчим минутын дараа Т, Жадамба нар ирсэн. Би Энхсайхан, Мөнхбаатар, Жадамба нартай уулзаад Энхсайханы гэрт зурагт үзээд байж байсан. Мөнхбаатар Жадамбаа нар архи авчирсан. Жадамбаагийн мөнгөн аягийг ломбардад тавьсан байсан ба дээр нь мөнгө нэмж авсан талаар би Жадамбаад хэлсэн. Гэтэл Жадамбаа миний аягыг зөвшөөрөлгүй мөнгө нэмж авсан байна, чи бас авсан уу гээд над руу дайрч эхэлсэн. Т намайг аваагүй гэж хэлсэн. Т Мөнхбаатар нар муудалцаж байгаад дараа нь дахиад Жадамбаа, Т нар муудалцсан. Мөнхбаатар бид хоёр тэднийг салгасан. Мөнхбаатарыг Т хавсарч унагаагаад цохисон. Дараа нь би Т дээр очиж гараараа толгойг нь цааш түлхээд яагаад хүн болгон руу дайраад байгаа юм бэ гэхэд Т намайг шанаа руу 1, баруун хацар руу 1 удаа цохиод мөргөсөн. Миний 2 шүд унасан байна гэдгийг босож ирсний дараа Т хэлсэн. 2 шүдээ хийлгүүлмээр байна. 1 шүдийг 2.500.000 төгрөгөөр хийнэ гэсэн. “Эвада” эмнэлгээс эмчийн бичиг авчираад хэрэгт хийсэн байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Өсвөр насны шүүгдэгч Г.Тийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 1-р сарын 5-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад Энхсайхан гэдэг найзынхаа гэрт очиход гэртээ ганцаараа байсан, тэгээд зурагт үзээд байж байхад гаднаас мөн манай хоёр найз Мөнхбаатар, С 2 орж ирсэн. Төд удалгүй Жадамбаа гэдэг найз бас орж ирсэн. Тэгээд Мөнхбаатар өнөөдөр 1-р сарын 5-ны өдөр, 5 дахь өдөр яах вэ гэж хэлээд хэсэг сууж байгаад 5-лаа гараад Баянхошууны хуучин эцсийн буудал дээр байдаг “MGL И-спорт” “Пи Жи Эс” гэсэн хаягтай писи тоглоомын газар ороод хэсэг байж байгаад тэндээсээ гараад Жадамбаагийн гэрийн гадаа ирээд би гэртээ орсон. Тэгээд худгаас ус аваад эргээд явж байхад Жадамбаа Мөнхбат 2 намайг пүүзээ өмсөөд гараад ир гэхээр нь би яах юм бэ гэхэд заал авцгаая, архи ууя гэж хэлсэн. Тэгээд би пүүзээ өмсөөд гарч ирээд Энхсайханы гэрт очиход С, Энхсайхан 2 байсан, тэгээд 5-лаа Сувдан төв дотроос 2 шил 0,75 литрийн архи аваад “Өндөр од” гэдэг караокед ороод сууж байгаад Жадамбаа, С 2 мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд тэндээс гараад Тумбааш худалдааны төвийн хажуу талын гудмаар ороод доошоо уруудаад явж байхад Жадамбаа Мөнхббаатар 2 муудалцаад байхаар нь салгасан. Тэгээд С намайг чих рүү 1 удаа цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд гараа атгаад Сын ам хэсэг рүү нь 1 удаа цохисон, тэгээд С газар унаад босож ирэхэд үүдэн дээд талын 2 шүд нь унасан байсан, тэгээд би Сд шүд чинь унасан байна гэж хэлээд гэр гэрүүгээ явсан. Би гэм буруутай үйлдэл хийж найзыгаа цохиж гэмтээсэндээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.4.Насанд хүрээгүй гэрч Б.Жадамбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1-р сарын 5-ны өдөр Мөнхбаатар, С, Энхсайхан, Т бид 5-лаа 0,75 литрийн 1 шил архи уусан. Тэгээд архиа ууж байхад Т бид 2 хоорондоо бага зэрэг муудаад нэг нэгийгээ заамдаж аваад зогсож байтал С Мөнхбаатар нар дундуур орж ирээд Т бид 2-ыг салгасан. ...С Тид хандаж чи битгий хүн болгон руу уурлаад бай, битгий гомдоорой гэж хэлээд 1 удаа алгапах шиг харагдсан. Тэгсэн чинь Т зөрүүлээд Сын нүүр рүү гараараа 1 удаа цохисон. ...миний харснаар Т гараараа 1 удаа цохиод унагаачихсан, Сыг өөр хүн цохиогүй, өөр хүнтэй золдоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 х/
1.5.Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т Жадамбаа 2 муудалцаж эхэлсэн. Тэгэхээр нь С бид 2 дундуур нь орж нөгөө 2-ыг холдуулсан, энэ үед Т намайг хавсарч газарт унагаасан. ...би газраас босож ирээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд байж байтал С хажуу талаас хүрч ирээд чи яагаад байгаа юм бэ гээд гараараа мангасдах шиг харагдсан, тэгсэн Т би аавтайгаа хүртэл ингэж харьцдаг гэсэн утгатай зүйл хэлээд Сын нүүр рүү 1 удаа гараараа цохиод бас 1 удаа мөргөх шиг харагдсан. ...удалгүй унасан 2 шүдийг нь газраас олж аваад дэлгүүр орж Сын амнаас гарсан цусыг арчиж цэвэрлэчихээд гэр гэртээ харихаар салцгаасан. ...миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/
1.6.Гэрч М.Цогзолмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2018 оны 1-р сарын 6-ны өглөө 12 цагийн үед манай хамгийн бага хүү болох Ц.С надад хандаж ээжээ би өчигдөр орой найзуудтайгаа маргалдаад байж байтал найз Т миний үүдэн шүд рүү гараараа цохиод толгойгоороо мөргөөд миний үүдэн дээд 2 шүдийг унагаачихсан гэж хэлээд өөрийнхөө шүдийг үзүүлээд өмсөж байсан хар өнгийн өвлийн куртканы халааснаас унасан 2 ширхэг шүдээ гаргаад надад үзүүлсэн. Тэр үед би Сд хандаж яагаад ийм зүйл болчихсон юм бэ, чи өөдөөс нь хариу үйлдэл хийж зодолдсон юм уу гэж асуухад би зодолдоогүй харин зодолдож байсан 2 найзынхаа дундуур нь орж салгах гэтэл Т миний шүд рүү цохичихсон гэж хэлсэн. Үүний дараа би хүү Сыг дагуулаад найз Тийнх нь гэрт очоод түүний ээж болон Т нартай уулзаад та нарыг цагдаа шүүх гэж яваад яах вэ, яагаад шүд рүү нь цохисон юм бэ, одоо уначихсан байгаа шүдийг нь янзлуулаад хийлгээд өгчих гэж хэлээд гэрээс нь гарсан. Тухайн үед Тийн ээж нь эмнэлэг рүү авч яваад унасан шүдийг нь хийлгэж өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл ямар нэгэн эмчилгээ болон шүдийг нь хийлгэж өгсөн зүйл байхгүй байна. ...миний хувьд манай хүү Сын шүдийг хийлгээд өгчих юм бол өөр хэлээд байх зүйл байхгүй, одоогоор Сын шүд онгойсон байдалтай муухай харагдаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/
1.7.Шинжээчийн 1439 тоот дүгнэлт
1.Ц.Сын биед баруун, зүүн 1-р шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 25 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Г.Түдвэндоржийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 39 х/
2.2.Нас тоолсон тухай тэмдэглэл /хх 40 х/
2.3.Оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 41 х/
2.4.Г.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43 х/
2.5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 х/
2.6.“Шинэ үе” МСҮТ НҮТБ-н тодорхойлолт /хх 81 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримт.
3.1. “Эвада” ХХК-ийн тодорхойлолт /хх 78 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Яллах талын зарим нотлох баримтын талаарх шүүхийн дүгнэлт.
Насанд хүрээгүй гэрч Б.Жадамбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 х/, Насанд хүрээгүй хохирогч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 7-8, 11-12 х/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж буюу 17 нас хүрсэн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулаагүй мэдүүлэг авсан, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй,
Ц.Сас мэдүүлэг /хх 9-10 х/ авахдаа эрх зүй байдлын хувьд хохирогч, гэрчийн алинаар нь мэдүүлэг авсан болох нь тодорхойгүй, хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн боловч гэрчийн эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авсан,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй байж хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, дүгнэлт гаргуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн хохирогч болох хүнээс гэрчээр мэдүүлэг авсан, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж цуглуулсан тул дээрх нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Г.Т нь 2018 оны 01-р сарын 05-ны өдрийн 15 цагийн үед архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны “Тумбааш” төвийн орчимд “Жадамбаагийн мөнгөн аягыг ломбарданд тавьж мөнгө илүү авсан” асуудлаас болж Жадамбаа, Мөнхбаатар нартай муудалцаж тэдгээрийн цохих, хавсарч унагаах зэргээр авирлах үед нь Ц.С салгах гээд толгой руу түлхэхэд зөрүүлээд баруун гараараа шанаанд нь цохиж, нүүр лүү нь мөргөж “ баруун, зүүн 1-р шүдний булгаралт гэмтэл” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Өсвөр насны шүүгдэгч Г.Тийн “...Би 2018 оны 1-р сарын 5-ны өдөр ... Тумбааш худалдааны төвийн хажуу талын гудмаар ороод доошоо уруудаад явж байхад Жадамбаа Мөнхбаатар 2 муудалцаад байхаар нь салгасан. Тэгээд С намайг чих рүү 1 удаа цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд гараа атгаад Сын ам хэсэг рүү нь 1 удаа цохисон, тэгээд С газар унаад босож ирэхэд үүдэн дээд талын 2 шүд нь унасан байсан, тэгээд би Сд шүд чинь унасан байна гэж хэлээд гэр гэрүүгээ явсан. Би гэм буруутай үйлдэл хийж найзыгаа цохиж гэмтээсэндээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Насанд хүрээгүй хохирогч Ц.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...1 дүгээр сарын 5-ны өдрийн 14 цагийн орчим Мөнхбаатар бид хоёр заал авах гээд Энхсайханы гэрт очсон. 30 орчим минутын дараа Т, Жадамба нар ирсэн. Би Энхсайхан, Мөнхбаатар, Жадамба нартай уулзаад Энхсайханы гэрт зурагт үзээд байж байсан. Мөнхбаатар Жадамбаа нар архи авчирсан. Жадамбаагийн мөнгөн аягийг ломбардад тавьсан байсан ба дээр нь мөнгө нэмж авсан талаар би Жадамбаад хэлсэн. Гэтэл Жадамбаа миний аягыг зөвшөөрөлгүй мөнгө нэмж авсан байна, чи бас авсан уу гээд над руу дайрч эхэлсэн. Т намайг аваагүй гэж хэлсэн. Т Мөнхбаатар нар муудалцаж байгаад дараа нь дахиад Жадамбаа, Т нар муудалцсан. Мөнхбаатар бид хоёр тэднийг салгасан. Мөнхбаатарыг Т хавсарч унагаагаад цохисон. Дараа нь би Т дээр очиж гараараа толгойг нь цааш түлхээд яагаад хүн болгон руу дайраад байгаа юм бэ гэхэд Т намайг шанаа руу 1, баруун хацар руу 1 удаа цохиод мөргөсөн. Миний 2 шүд унасан байна гэдгийг босож ирсний дараа Т хэлсэн. 2 шүдээ хийлгүүлмээр байна. 1 шүдийг 2.500.000 төгрөгөөр хийнэ гэсэн. “Эвада” эмнэлгээс эмчийн бичиг авчираад хэрэгт хийсэн байгаа. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.Мөнхбаатарын “...Т, Жадамбаа 2 муудалцаж эхэлсэн. Тэгэхээр нь С бид 2 дундуур нь орж нөгөө 2-ыг холдуулсан, энэ үед Т намайг хавсарч газарт унагаасан. ...би газраас босож ирээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд байж байтал С хажуу талаас хүрч ирээд чи яагаад байгаа юм бэ гээд гараараа мангасдах шиг харагдсан, тэгсэн Т би аавтайгаа хүртэл ингэж харьцдаг гэсэн утгатай зүйл хэлээд Сын нүүр рүү 1 удаа гараараа цохиод бас 1 удаа мөргөх шиг харагдсан. ...удалгүй унасан 2 шүдийг нь газраас олж аваад дэлгүүр орж Сын амнаас гарсан цусыг арчиж цэвэрлэчихээд гэр гэртээ харихаар салцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/
Гэрч М.Цогзолмаагийн “...Миний санаж байгаагаар 2018 оны 1-р сарын 6-ны өглөө 12 цагийн үед манай хамгийн бага хүү болох Ц.С надад хандаж ээжээ би өчигдөр орой найзуудтайгаа маргалдаад байж байтал найз Т миний үүдэн шүд рүү гараараа цохиод толгойгоороо мөргөөд миний үүдэн дээд 2 шүдийг унагаачихсан гэж хэлээд өөрийнхөө шүдийг үзүүлээд өмсөж байсан хар өнгийн өвлийн куртканы халааснаас унасан 2 ширхэг шүдээ гаргаад надад үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/
Шинжээчийн 1439 тоот дүгнэлт
1.Ц.Сын биед баруун зүүн 1-р шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 25 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Ц.С, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс цаашид гарах шүдний эмчилгээтэй холбоотой зардлыг “Эвада” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 78 х/-ыг үндэслэн урьдчилан гаргуулж өгнө үү гэснийг шүүхийн энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй.
Хохирогч цаашид хийгдэх шүдний эмчилгээг “Эвада”” шүдний эмнэлэгт хийлгүүлэхээр тохирсон бол тус эмнэлэгтэй байгуулсан гэрээ, зохих хэмжээний урьдчилгаа төлсөн баримт зэрэг зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд ирүүлээгүй, тус эмнэлэгт эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй тул дан ганц тус эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэж шүдний эмчилгээний зардлыг урьдчилан гаргуулах боломжгүй гэж үзсэн тул эмчилгээ хийлгэсний дараа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Г.Түдвэндорж нь 18 насанд хүрээгүй болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар /хх 39 х/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 40 х/ зэргээр тогтоогдож байгаа тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэх бөгөөд уг гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр хийх боломжтой байдлыг харгалзан түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгүүдийг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Г.Тид тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт Гэндэндоржийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгүүдийг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Тийг 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Т-д мэдэгдсүгэй.
4.Г.Тийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ