Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2025/0010

 
   

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М,

Хариуцагч: Төв аймгийн Сонгуулийн хорооны эрх залгамжлагч Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

            Гуравдагч этгээд: Ц нарын хоорондын Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоолын Ц-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Т, гуравдагч этгээд Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Мэс Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан, “2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Ц-д холбогдох хэсэг”, “2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Ц-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч М-ийг Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Х  сумын 6 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн,

2.2. Гуравдагч этгээд Ц-ийг Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Х  сумн 6 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн.

2.3. Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 сарын 16-ны өдрийн ... дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолоор[1] Х  сумын 6-р тойрогоос Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц-ийг сонгогчдын хамгийн олон санал авсан үндэслэлээр Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэрлэжээ.

2.4. Нэхэмжлэгч Мэс Төв аймгийн Сонгуулийн хороонд хандан 2024 оны 10 сарын 14-ний өдөр[2], 10 сарын 17-ны өдөр “...нэр дэвшиж өрсөлдсөн Ц нь Аймгийн нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө шилжин суурьшиж, байнгын оршин суугчаар бүртгүүлэх заалтыг зөрчиж сонгуульд нэр дэвшсэн байна,...хуулийн шаардлага хангаагүй хүнийг нэр дэвшигчээр бүртгэж өрсөлдүүлсэн...нэр дэвшигч Ц-ийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”[3] гэсэн гомдол гаргасан.

2.6. Төв аймгийн Сонгуулийн хорооноос дээр дурдсан гомдлыг хариуг 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 43 дугаар албан бичгээр “...хууль хяналтын байгууллагад ханд...” ...хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлнэ үү”[4] гэх хариуг тус тус өгчээ.

2.7. Сонгуулийн Ерөнхий хорооноос 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Монгол ардын намын хяналтын ерөнхий хорооноос хүсэлт ирүүлсэн...хуулийн 14.10-т, 81.2-т заасан харъяалалын дагуу хүсэлтийг нь шилжүүлж байна” гэсэн 3/986 дураартай[5] албан бичгийг Төв аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн.

2.8. Төв аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тогтоолоор[6], “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолын Цтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

2.9. Тус Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор[7] “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

2.10. Нэхэмжлэгч М 2024 оны 10 сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Х  суманд Монгол Ардын намаас нэр дэвшиж Цтэй өрсөлдсөн. ... Сонгуулийн хороонд гомдол гаргахад хууль хяналтын байгууллагад ханд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-ын дагуу шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. ... Ц нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан "18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугааp сарын 15-ны өдрөөс өмнө ... шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгогдох эрхтэй" гэснийг зөрчиж нэр дэвшсэн нь миний Монгол Улсын Үндсэн хуулинд заасан сонгогдох эрхийг ноцтой зөрчиж хуулийн шаардлага хангаагүй хүнийг хууль бус шийдвэр гаргаж өрсөлдүүлсэнд гомдолтой байна. Миний бие түүний хууль зөрчсөн үйлдлийг мэдэх боломжгүй байсан бөгөөд сонгуулийн дараа суманд нэр дэвшиж сумын Сонгуулийн хороо татгалзсан хариу өгсөн гэж сонсоод гомдол гаргасан. Х  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Ц нэр дэвших хүсэлтээ өгсөн байдаг бөгөөд Х  сумын сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Миний бие Х  сумын Сонгуулийн хороонд хүсэлт гаргаж татгалзсан тогтоолыг албан ёсоор авсан. Сонгуулийн хоёр шатны хороо нэг нэр дэвшигчийн бүрдүүлсэн материал нотлох баримтыг хоёр өөрөөр үнэлэн сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалздаг, аймгийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигчээр бүртгэсэн нь сонгуулийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Мөн Ц нь сонгогдох эрхээ нэг шатанд алдсан мөртлөө гомдол гаргалгүй хүлээн зөвшөөрдөг, нөгөө шатанд сонгогдох эрхээ эдэлж сонгуульд оролцож байгааг Сонгуулийн хорооны алдааг ашиглан мэдсээр байж нэр дэвшсэн гэж үзэх үндэслэл байна. ...Сонгуулийн дараа иргэдийн аман ярианаас сонссон, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хийдэг байсан Батсуурь гэдэг хүнээс ажлын албан өрөөндөө мэдсэн. Бусад намын хүмүүс ийм байж болзошгүй гэдэг мэдээлэл өгсөн. Би тэр өдрөө багтааж мэдсэн даруйдаа гомдол гаргасан. Иймд Төв Аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 12-ны өдрийн ... дугаар “Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай” тогтоолын Цд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмлжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд хууль хэрэглээг хэрэгжүүлэх сонгуульд өрсөлдөх ижил боломж олгох зорилгоор цаг хугацаа, өдрийг нарийвчилж тогтоож өгдөг. Ц нь сонсогчдод тавигддаг нийтлэг шаардлага болох тухайн орон нутагт шилжиж ирэх цаг хугацааг хэтрүүлсэн. Сонгуулийн хороо хууль дээдлэх зарчмыг санаатай болон санаандгүй байдлаар зөрчиж бүртгэсэн нь нэхэмжлэгч М-ийн Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын олон улсын нэгдэн орсон гэрээ конвенцод зааснаар сонгогдох эрхийг зөрчсөн. Хамгийн гол нь гуравдагч этгээд сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-наас өмнө тухайн аймаг орон нутагт шилжилт хөдөлгөөн хийж бүртгүүлсэн байх хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй. Улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагааг харахад 02 дугаар сарын 15-ны өдөр Зуунмод хотын Номт баг гэж бүртгүүлсэн байдаг... Сонгуулийн хороо хуульд заасан үүргээ дутуу биелүүлэх, аймгийн сонгуулийн хороо багтсан зарим төрийн албан хаагч нар хууль эрх зүйн мэдлэг болон мэдээлэл дутмаг байдлаас энэ тодорхой шаардлагыг хангаагүй гуравдагч этгээдийг бүртгэснээр нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэр дэвших эрхгүй хүнийг бүртгэсэн. Монгол улсын Эрүүгийн хуульд сонгуулийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх гэсэн заалт байдаг. Холбогдох бичиг баримтыг бүрдүүлж нэр дэвшигчийг бүртгэсэнтэй холбоотой сонгуулийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр холбогдох хуулийн байгууллагад хандахаар материалыг бүрдүүлж хандана гэдгээ илэрхийлж байна. 02 дугаар сарын 14-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө шилжиж ирсэн бол бид нар үүн дээр маргах зүйл алга ...нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан заалтыг зөрчиж аймгийн сонгуулийн хороо илт хууль бус захиргааны акт гаргасан гэдэг дээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль бус захиргааны актаас үүсэн бий болсон сонгогдсонд тооцох тогтоол хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрвээ хууль бус захиргааны акт гаргаагүй байсан бол нэр дэвшихгүй байсан. Нэр дэвшээгүй бол хууль бус захиргааны акт гарахгүй байх байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна....Сонгуулийн процесс болон түүний үр дүнгийн талаар маргаагүй...Манай нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь хүчингүй болгох гэж дурдсан. Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарласан. Тайлбарлах хэсгийн 8 дугаар хэсгийн хамгийн сүүлийн бүлэг дээр захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль болсонд тооцож шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж хамаарахгүй гэж заасан байна. Гуравдагч этгээд 02 дугаар сарын 15-ны өдөр шилжиж очсон гээд баримтаа гаргаж өгөөд байхад аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар илт хууль бус захиргааны акт гаргасан. Маргаан бүхий захиргааны акт Ц-ийг бүртгэсэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолыг хууль бус байсан гэдгийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдээд гомдол гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А хугацаа хэтэрсэн гэж байна. Хэрвээ илт хууль бус захиргааны акттай маргаан бол хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Тийм учраас хөөн хэлэлцэх гомдол гаргах хугацаа хэтэрсэн гээд аймгийн сонгуулийн хороо гомдлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа хариу албан тоот нь өөрөө хууль зөрчиж байгаа. Сонгуулийн дүн гарсны дараа сонгуулийн хууль зөрчсөн асуудлыг шийдэж болохгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Хуулийн ямар заалтаар энэ асуудал явж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй, тайлбарлаж байгаа нь няцааж чадахгүй байна. М сонгогдох сонгогдохгүй нь ерөөсөө хамаагүй. Нэр дэвшигч нар хуульд заасан нийтлэг шаардлага болон бусад шаардлагыг бүгдийг хангах ёстой. Хууль дээдлэх зарчим дээрээс нь хууль зүйн үндэслэлийг бүгд дагаж мөрдөх ёстой. Иймд маргаан бүхий захиргааны акт нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг илт зөрчсөн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тийн хариу тайлбарт хандаж хариу тайлбар хэлэхэд, Зуунмод хотын иргэн учраас Х  суманд нэр дэвшүүлэхгүй гээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг шингээсэн гээд хуулийг гуйвуулж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй учраас урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргаж байгаа аймгийн сонгуулийн хорооноос гаргасан хариу нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, дээд шүүхийн тогтоолын хүрээнд үндэслэх хууль зүйн үндэслэл бий. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. ... Нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар хуульд зааснаар нөхөн сонгууль явагдах ёстой. Дараа дараадаа эрх зүйн үр дагавартай маргаан байна. ... Нэхэмжлэгчид холбогдуулж гаргасан сонгуулийн хорооны аливаа шийдвэр Мөнх-Эрдэнийн эрх ашгийг зөрчөөгүй. Энэ талаар гомдол гаргаагүй. Харин тухайн тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг бүртгэхдээ сонгуулийн хуульд заасны дагуу нийтлэг шаардлагыг хангасан эрх бүхий нэр дэвшигч нарыг дэвшүүлэх үүрэгтэй, харин тэр үүргээ сонгуулийн хороо зөрчсөний улмаас хуулийн шаардлага хангаагүй хууль бус нэр дэвшигч өрсөлдсөн байна. Энэ нь нэхэмжлэгчийг эрхийг нь зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэжээ.

Дөрөв. Хариуцагч, түүний эрх залгамжлагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

4.1. Хариуцагч Төв аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Жавзанпагма шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Ардчилсан намаас Х  сумын 6-р тойрогт нэр дэвшигч Ц-ийг аймгийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийн ирүүлсэн "Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт"-ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолоор бүртгэсэн. Гэтэл Х  сумын иргэн М тус нэр дэвшигчийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гомдол 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан тул аймгийн Сонгуулийн хороо нь Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 16-ны 40 тоот албан бичгээр лавлагаа авахад 2024 оны 10 дугаар сарын 16-ны 27/953 тоот албан бичгээр Ц нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р багт 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлсэн тухай лавлагаа ирүүлсэн. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт "18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй" гэж заасныг зөрчсөн байна гэж үзсэн. Иймд тус лавлагааны талаар аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэх байсан боловч Төв аймгийн Ардчилсан намаас санал хураалт дууссан, мөн иргэн М-ийн гомдол гаргах хугацаа хэтэрсэн, Сонгуулийн хороо одоо энэ асуудлыг хэлэлцэх, нэмж материал цуглуулах эрхгүй гэсэн шаардлага тавьж, хууль тайлбарлан, цахим орчноор олон нийтэд зохисгүй үйлдлүүд гарган мэдээлсэн. Иймд аймгийн Сонгуулийн хорооны гишүүд Цтэй холбогдох асуудлыг хэлэлцэхээс татгалзан 9 гишүүнээс 8 гишүүн оролцож 87.5 хувийн саналаар “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" ... дугаар тогтоолыг баталсан. Мөн тус тогтоол батлагдсантай холбогдуулан Төв аймаг дахь МАН-аас аймгийн Сонгуулийн хороо болон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд гомдол гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны 3/986 тоот албан бичгээр тус асуудлыг аймгийн Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох байгууллагуудын лавлагааг үндэслэн шийдвэрлэхийг зөвлөсөн. Иймд аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар 9 гишүүнээс 7 гишүүн оролцож 75.0 хувийн саналаар “Цтэй холбогдох зарим тогтоолын хавсралт дахь хэсгийг хүчингүй болгох тухай" 28 дугаар тогтоол баталсан. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Ардчилсан намаас аймгийн Сонгуулийн хорооны зарим гишүүдтэй уулзаж "Шаардлага хүргүүлэх тухай "2024 оны 10 сарын 23-ны өдрийн 69 дүгээр албан бичгийг хүргүүлсэн байна. Мөн 2024 оны 10 дугаар сарын 24-нд Төв аймгийн Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй зарим гишүүд Мөнх-Алдарын талбай дээр жагсаал хийж, Сонгуулийн хорооны өрөөнд Мөнх-Эрдэнэ. Н.Эрдэнэ хүмүүсийн хамт орж ирэн Сонгуулийн хорооны гишүүдийг цахим орчноор олон нийтийн дунд нэр төр гутаах үйлдэл хийсэн. Үүний улмаас Сонгуулийн хорооны гишүүд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн, гишүүдийн 85.7 хувийн саналаар 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тогтоолоо 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн "Тогтоолыг хүчингүй болгох тухай" 29 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ[8].

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Т нар шүүхэд ирүүлсэн[9], шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х  сумын иргэн М аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Ардчилсан намаас Х  сумын 6 дугаар тойрогт нэр дэвшигч Цтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөний талаарх гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сонгуулийн хороонд гаргасан. Нэр дэвшигч Цтэй холбоотой лавлагаа мэдээллийг аймгийн Сонгуулийн хороо хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул холбогдох хууль хяналтын байгууллагад хандах талаар 2024 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрийн 43, 49 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн. Аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 10, 12-ны өдөр хуралдаж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж ирүүлсэн материалууд нь хуулийн шаардлагад нийцсэн Ардчилсан намын 38 нэр дэвшигчийн жагсаалтыг хавсралтаар баталж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхээр бүртгэсэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоол батлан гаргасан. Энэхүү тогтоолд иргэн М нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 "Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 19-ний дотор гомдол гаргах ёстой байсан бөгөөд иргэн М нь тухайн хугацаанд гомдол гаргахгүй 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Аймгийн Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт "18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй" гэж заасны дагуу Ардчилсан намаас Х  сумын 6 дугаар тойрогт нэр дэвшигч Ц-ийг нэр дэвшигчээр бүртгэж 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 13, 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоолоор Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Аймгийн Сонгуулийн хороо нь иргэн М-ийн Үндсэн хуулинд заасан сонгогдох эрхийг зөрчөөгүй. аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 10, 12-ны өдөр хуралдаж 12 дугаар тогтоолын хавсралтаар Х  сумын 6 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч М-ийг нэр дэвшигчээр бүртгэж сонгогдох эрхийг нь хангаж ажилласан. Нэхэмжлэлийн шаардлага нь сонгуулийн дүнгээр сонгогдсон Ц-ийг баталгаажуулсан бүртгэсэн тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэж байгаа болохоос биш сонгуульд хэн ялах нь сонин биш маргахгүй гэдэг тайлбар өгөөд байдаг. Энэ нь өөрөө нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагыг ойлгомжгүй байдлыг төрүүлсэн. Мөн нэр дэвшигч М-ийг Х  сумын иргэд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгоогүй сонголт нь аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрээс болоогүй гэдэг нь тодорхой байна. Учир нь Х  сумын сонгогч нар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.5 дах хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 , 7.6 дах хэсэгт тус бүр заасны дагуу орон нутгийн сонгуульд хуульд заасан эрхийнхээ хүрээнд оролцож, саналаа өгснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд аймгийн Сонгуулийн хороо иргэн М-ийн сонгогдох эрх болон Х  сумын иргэдийн сонгох эрхийг ноцтой зөрчөөгүй...Гуравдагч этгээдийн хувьд нэг талаас сонгуульд өрсөлдөж нэр дэвшигчээр тодорхойлогдсон. Мөн сонгогдох эрхээ хангасан. Мөн 460 орчим Х  сумын иргэдийн эрх хөндөгдөж байна гэж харж байна...Сонгууль хороо шийдвэр гарангуут нь нийтэд шууд мэдээлж байсан, Сонгуулийн хорооны шийдвэртэй холбогдуулаад баримттай танилцах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Тав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар, үндэслэлийн талаар:

5.1. Гуравдагч этгээд Ц тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар[10] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, хуулиар тогтооно гэсэн эрхээ эдэлж, 2024 оны Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 6-р тойрог буюу Х  сумаас өрсөлдөхдөө Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өрсөлдөж ямар нэгэн алдаа, дутагдал гаргалгүй, иргэдийн саналыг шударгаар авч, хуулийн дагуу өрсөлдөж 432 иргэдийн саналаар ялалт байгуулж сонгогдсон билээ. Дээрх сонгуульд надад санал өгч сонгосон 432 иргэдийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар сонгох эрхээ эдэлж, надад итгэл найдвар хүлээлгэсэн иргэдийн сонгох эрх нь давхар хөндөгдөж байна гэж үзэж байна. Миний бие Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт оршин суух хаягтай бөгөөд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу материал хүргүүлж, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөх эрх Төв аймгийн сонгуулийн хорооны тогтоолоор баталгаажсан байдаг. Мөн хуулийн дагуу Х  сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд давхар нэр дэвших хүсэлт гаргасан ч Х  сумын сонгуулийн хороо нь намайг Х  сумын оршин суугч биш гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсаныг нь би хүлээн зөвшөөрч, аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд оролцсон. Сонгуулийн хуулийн 31 дүгээр зүйлд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг дурдсан байх бөгөөд миний бие тус хуулийн дагуу бичиг баримтаа бүрэн бүрдүүлэн өгсөн. Хэрэв миний бүртгэлтэй холбоотой ямар нэгэн зөрчил байсан гэж үзсэн бол нэхэмжлэгч бүртгэлтэй холбоотой гомдлыг хуульд заасан хугацааны дагуу гаргах боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн дүүрэн эдэлж, олон нийтийн итгэлийг авч чадаагүй нь түүний эрх ашиг хохирсон гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгуульд өрсөлдөж ялагдчихаад түүнтэй өрсөлдөж ялсан надад хаягийн бүртгэлтэй холбоотой маргаан байна гэж гомдол гаргаж байгаа нь шударга ёсонд болоод итгэл хүлээх зарчимд үл нийцэж байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81-р зүйлийн 81.4.-т “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй”, мөн Захиргааны ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй” гэсний дагуу хэрэг, маргааны хөөн хэлэлцэх хугацааг хуулиар зааж өгсөнтэй үл нийцэж байна. Би сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Төв аймгийн Х  суманд шилжин ирж бүртгүүлэхээр 2 сарын 14-нд очиход бүртгэлийн ажилтан зайнаас ажиллаж байгаа гээд ажил дээрээ байгаагүй учраас Зуунмод суманд ирж бүртгүүлсэн...Миний бие Төв аймгийн ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлж сонгуулийн хороо 2024 оны 09 сарын 12 өдөр тогтоол гаргаж нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг...Нэхэмжлэгч М нь аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд мөн Х  сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд давхар нэр дэвшин өрсөлдөж, эрхээ бүрэн дүүрэн эдэлсэн байдаг. Гэвч олны итгэлийг авч сонгогдож чадаагүй байдал нь ард нийтийн итгэлийг аль аль шатанд хүлээж чадалгүй аймгийн хурлын төлөөлөгчийн сонгуульд, мөн сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд ялагдсан нь түүнийг эрхээ эдэлж чадаагүй, эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэхгүй байна. Тиймээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

5.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд хуульд заасан материалыг холбогдох сонгуулийн хороонд хүргүүлсэн. Аймгийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу гуравдагч этгээдийг бүртгэж авсан. Бүртгэж авч нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон. Сонгуульд оролцсон. Х  сумын сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан асуудлыг ярьж байна. Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай давхцаж байна. Яагаад гэхээр Х  сумын сонгуулийн хороо тухайн орон нутагт байдаггүй гэсэн харьяаллын асуудал ярьсан. Харин илт хууль зөрчсөн гэдэг зүйл гуравдагч этгээдийн хувьд яриагүй. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшсэн. Сонгуулийн сурталчилгаа явуулсан, ялалт байгуулсан. Ялалт байгуулсны үр дүн дээр аймгийн сонгуулийн хороо тогтоол гаргасан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн сонгуулийн хороо гуравдагч этгээдийг өргөн мэдүүлсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Ц-ий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр бүрэн эрхийг баталгаажуулсан. Энэ нь хууль болон бусад журамд заасны дагуу явагдсан үйл ажиллагаа. Иргэний сонгох сонгогдох эрхтэй холбоотой ийм нэхэмжлэл гаргаж явж байгаа нь ойлгомжгүй. ... Хэрвээ нэхэмжлэгчийг аймгийн сонгуулийн хороо бүртгэж аваагүй бол нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулаагүй байгаа бол одоо энэ хүнийг Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг нь зөрчөөд байгаа юм. Гэтэл нэр дэвшигчээр бүртгэж авч, үнэмлэхийг нь өгч Номин-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ гэх хоёр хүн өрсөлдөж 400 гаруй хүн санал өгөөд Номин-Эрдэнэ гэдэг хүнийг сонгосон байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч М-ийн “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 12-ны өдрийн ... дугаартай Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаар тогтоолоор[11] Төв аймгийн Сонгуулийн хороог татан буулгаж, тухайн захиргааны хэрэгт эрх залгамжлагчаар оролцох хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 672 дугаар захирамжаар, М-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн хариуцагч Төв аймгийн Сонгуулийн хорооны эрх залгамжлагчаар Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Нэг. Нэхэмжлэгч М-ийн “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 12-ны өдрийн ... дугаартай Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

1.1.Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд Х  сумын 6 дугаартай, нэг мандаттай тойрогт нэхэмжлэгч М Монгол ардын намаас нэр дэвшиж, холбогдох материалаа Төв аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлснээр, түүнийг тус хорооноос 2024 оны 09 сарын 12-ны өдрийн 12 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн байна[12].

1.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн...иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасныг зөрчиж, 2024 оны 02 сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд шилжиж ирсэн Ц-ийг нэр дэвшигчээр бүртгэж, өрсөлдүүлсэн нь миний Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн, миний бие хууль зөрчсөн үйлдлийг мэдэх боломжгүй байсан, сонгуулийн дараа иргэдийн аман ярианаас сонссон” гэж тодорхойлон маргаж байна.

1.3. Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9-т заасныг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр ирүүлсэн материалууд нь хуулийн шаардлагад нийцсэн гэсэн үндэслэлээр Ардчилсан намаас нэр дэвшигчдийг ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн, уг тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ц- Х  сум 6-р тойрог, мандатын тоо-1” гэж заажээ[13].

1.4. Гуравдагч этгээд Ц нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “Зуунмод сумын 1-р багт шилжин ирж байгаа тул бүртгэл хийж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаснаар, тухайн өдөр түүнийг Нийслэлийн Хан-Уул дүүргээс Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт шилжүүлсэн бүртгэсэн[14].

Х  сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд оролцохооор Ардчилсан намаас нэр дэвшигчдээс хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь.... хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр Ц-ийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан[15], тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Ц дахин нэрээ дэвшүүлээгүй, тухайн сонгуульд оролцоогүй зэрэг нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй болно.

1.5. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-т “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заасан.

Монгол улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байх”-аар тогтоосон.

Дээр дурдсан, хууль тогтоомжид заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооноос, 2024 оны 09 сарын 26-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж[16], нийтэд мэдээлсэн, тодруулбал, сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигчээр М, Ц нарыг бүртгэж, үнэмлэх гардуулан нийтэд мэдээлсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчдийн тайлбараар нотлогдож байна.

1.6. Төв аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийг нийтэд мэдээлснээр М нь Ц-ийг тухайн Хурлын сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшиж байгааг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

1.7. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Нэр дэвшигч өөрт шаардлагатай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу гаргуулан авч болно” гэж, 40 дүгээр зүйлийн 40.11-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэр дэвшигчийн танилцуулга, намтар, нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хэвлэж, сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно” гэж тус тус зааснаар нэр дэвшигч нар нь өөрт шаардлагатай мэдээлэл, лавлагаа, тодруулбал нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй бусад нэр дэвшигчийн талаарх мэдээллийг Сонгуулийн хорооноос, мөн тухайн нэр дэвшигчийг дэвшүүлсэн нам, эвслээс шаардан гаргуулах эрхтэй байна.

1.8. Хуулийн дээр дурдсан зохицуулалтуудын дагуу, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн М нь тухайн тойрогт нэр дэвшигч Ц-ийг хуульд заасан шаардлага хангасан эсэх, Төв аймагт оршин суух бүртгэлтэй эсэх, хуульд заасан хугацаанд тухайн орон нутагт шилжин ирсэн эсэх зэргийг Төв аймгийн Сонгуулийн хорооноос, мөн түүнийг нэр дэвшүүлсэн Ардчилсан намаас шаардан гаргуулах эрхтэй байх бөгөөд М нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй, эдгээр байгууллагаас энэ талаар лавлагаа аваагүй, шаардаагүй нь хэрэгт цугларсан баримтууд болон нэхэмжлэгчийн “Ц-ийг хууль зөрчиж нэр дэвшигчээр бүртгэснийг сонгуулийн санал хураалтын дараа иргэдийн аман ярианаас мэдсэн” гэсэн тайлбар, “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Аийн “Сонгууль хороо шийдвэр гарангуут нь шууд мэдээлж байсан, шийдвэртэй холбогдуулаад баримттай танилцах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

 1.9. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгч М нь сонгуулийн 6-р тойрогт Ц нэр дэвшиж байгааг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдсэн байх бөгөөд Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.11-т заасны дагуу Ц Төв аймагт оршин суух бүртгэлтэй эсэх, хуульд заасан хугацаанд тухайн орон нутагт шилжин ирсэн эсэх лавлагаа, холбогдох баримт зэргийг Төв аймгийн Сонгуулийн хорооноос, мөн түүнийг нэр дэвшүүлсэн Ардчилсан намаас шаардан гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн “Ц-ийг хууль зөрчиж нэр дэвшигчээр бүртгэснийг сонгуулийн санал хураалтын дараа мэдсэн, Сонгуулийн хорооноос ирүүлсэн албан тоот, бүрдүүлсэн материал дээр танилцах эрхгүй байдаг учраас мэдээгүй байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

1.10. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан.

1.11. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч М нь сонгуулийн 6-р тойрогт Ц нэр дэвшиж байгааг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдсэнээс хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

1.12. Нэхэмжлэгч тус шүүхэд 2024 оны 10 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан[17] нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй, нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.

1.13. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, нэхэмжлэгч нь Төв аймгийн Сонгуулийн хороонд 2024 оны 10 сарын 14-ний өдөр[18], мөн 2024 оны 10 сарын 17-ны өдөр гомдол гаргасан, тус хорооноос 2024 оны 10 сарын 17, 18-ны өдрийн 43, 49 тоот албан бичгээр дугаар албан бичгээр “... хууль хяналтын байгууллагад хандана уу”[19] гэсэн, “хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлнэ үү”[20] гэх хариуг өгч, түүний гомдлыг шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

1.14. Иймээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, ...нэхэмжлэлийг буцаана” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

1.15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу М-ийн “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай “Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

1.16. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “Ц 02 дугаар сарын 15-ны өдөр шилжиж очсон гээд баримтаа гаргаж өгөөд байхад аймгийн Сонгуулийн хороо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар илт хууль бус захиргааны акт гаргасан, маргаж байгаа захиргааны актыг Улсын Дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоолын дагуу илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжтой. Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.6 дахь заалтад “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаас авч үзвэл, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх” талаар ямар нэг хуульд заагаагүй байхад аймгийн Сонгуулийн хорооноос “нэр дэвшигчээр бүртгэх” тухай шийдвэр гаргасан бол уг захиргааны актыг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” байхад гаргасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх талаар хуульд ийнхүү зохицуулсан байна.

Харин, Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9 дэх заалтад Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана хэмээн зааж, Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлийг тухайн хуульд заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хоёр. Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т тус тус заасныг зөрчиж нэр дэвшсэн Ц-ийг Төв аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 09 сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолоор бүртгэж, хуулийн шаардлага хангаагүй хүнийг хууль бус шийдвэр гаргаж өрсөлдүүлсэн нь миний Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн, ...сонгуулийн процесс болон түүний үр дүнгийн талаар маргаагүй...” хэмээн тайлбарлажээ.

2.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 12-ны өдрийн ... дугаартай тогтоол”-оор Ц-ийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн, тухайн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон, мөн хүчингүй болгож шийдвэрлэсэн эрх зүйн акт гараагүй бөгөөд тухайн акт хүчин төгөлдөр байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.3. Нэхэмжлэгчээс “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 12-ны өдрийн ... дугаартай тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /1.23-д/ “хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй” үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон болно.

2.4. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсэгт “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдсэн нэхэмжлэгч М, гуравдагч этгээд Ц нар нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдөж, Ц 432 сонгогчийн санал буюу хамгийн олон санал авсан. Уг санал хураалтын дүнг үндэслэн Төв аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоолоор Ц-ийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тооцож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана” гэж, 73.3 дахь хэсэгт “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ” гэж заасанд нь Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар тогтоолын Цд холбогдох хэсэг нийцэж байна.

2.6. Иймээс, нэхэмжлэгчийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т тус тус заасныг зөрчиж нэр дэвшсэн Ц-ийг Төв аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 09 сарын 12-ны өдрийн ... дугаартай Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолоор бүртгэж, хуулийн шаардлага хангаагүй хүнийг хууль бус шийдвэр гаргаж өрсөлдүүлсэн нь миний Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн” гэсэн тайлбар үндэслэлгүй байх тул Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.7. Үүнээс гадна, Төв аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тогтоолоор[21], “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолын Цтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн. Уг тогтоолыг тус Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор[22] хүчингүй болгож шийдвэрлэснээр, Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолын Цд холбогдох хэсэг хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тогтоолтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг дурдаж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2, 1... дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М-ээс Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 12-ны өдрийн ... дугаартай Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9, 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М-ээс Төв аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

 

[1] Х.х-1, 10-12 дах талд

[2] Х.х-1, 15-16 дах талд

[3] Х.х-1, 17 дах талд

[4] Х.х-1, 13 дах талд

[5] Х.х-1, 49 дэх талд

[6] Х.х-1, 43 дах талд

[7] Х.х-1, 44 дэх талд,

[8] Х.х-1, 35-36 дах талд

[9] Х.х-1, 155-159 дэх талд

[10] Х.х-1, 144-147 дах талд

[11] Х.х-1, 142 дах талд

[12] Х.х-1, 7-9 дэх талд

[13] Х.х-1, 37-39 дэх талд

[14] Х.х-1, 48 дах талд

[15] Х.х-1, 165-166 дах талд

[16] Х.х-1, 111-114 дэх талд

[17] Х.х-1, 1-3 дах талд

[18] Х.х-1, 15-16 дах талд

[19] Х.х-1, 13 дах талд

[20] Х.х-1, 14 дэх талд

[21] Х.х-1, 43 дах талд

[22] Х.х-1, 44 дэх талд,