Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00012 

 

   Ж.К-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01254 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Ж.К-ы нэхэмжлэлтэй, Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, С.Ж-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, хариуцагч С.Х-, түүний өмгөөлөгч К.Ержан, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэлийн шаардлага: Охин Х.А-ийн 2 сарын халамжийн мөнгө 576.000.00 төгрөг, Монгол Улсын Засгийн газраас олгогдсон 2 сарын хүүхдийн мөнгө 169.000.00 төгрөг, нийт 745.000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Ж.К- нь 2000 онд Х.Х-тай гэр бүл болсон. 2001 онд хүү Ж-, 2003 онд А- нар төрсөн. 2 дахь хүүхэд маань тархины саажилттай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй. 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нөхөр болох Х.Х- нь 2 хүүхдийн хамт намайг гэрээсээ хөөж явуулснаас хойш Толбо суманд өөрийнхөө эцэг Ж- байранд амьдарч байна. Урьд нь бид хөдөө суудаг болохоор хүүхдийн мөнгийг хадам аав С.Х-аар дамжуулан авдаг байсан. Биднийг нөхөр Х.Х- хөөж явуулснаас хойш охин Х.А-ийн халамжийн сангаас авдаг 2 сарын асаргаа болон халамжийн мөнгийг хадам аав С.Х- нь надаас авсан итгэмжлэлийн дагуу авсан боловч хүүхдэд маань халамжийн мөнгийг өгөөгүй. Мөн хүүхдийн сар бүр Засгийн газраас олгогддог 100.000 төгрөгийг ч гэсэн С.Х- уг итгэмжлэлийг ашиглан өнөөдөр хүртэлх 5 сарын мөнгийг авсан байна. Хүүхдэд маань зориулагдах уг мөнгийг С.Х- авч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа. Иймд С.Х-аас охин Х.А-ийн 2 сарын халамж болон асаргааны мөнгө болох 822.200.00 төгрөг, 5 сарын хүүхдийн мөнгө 500.000 төгрөг нийтдээ 1.322.600 /нэг сая гурван зуун хорин хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн багасгасан шаардлагад: “Хүүхдийн асаргааны мөнгөний хугацааг 5 дугаар сард сунгуулаагүйгээс болж Төрийн банк дахь дансанд ороогүй болох нь тогтоогдсон. Иймд би хариуцагчаас нэхэмжилж буй асаргааны мөнгөнөөс бүхэлдээ татгалзаж байгаа. Халамжийн тэтгэвэр болох 576.000 мөн хүүхдийн 2 сарын мөнгө нийт 169.000 төгрөг, нийтдээ 745.000 төгрөгийг С.Х-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.” гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: “...Тэрээр нэхэмжлэлдээ охин А-ийн 2 сарын халамж болон асаргааны мөнгө болох 822200 төгрөг, 5 сарын хүүхдийн мөнгө 500000 төгрөг, нийтдээ 1322600 төгрөг гаргуулах тухай дурджээ. Би өөрийн бэр болох Ж.К-ы дээр дурдсан мөнгийг аваагүй. Хүүхдийн асаргааны мөнгийг авах тийм ухамсаргүй хүн би биш ээ. Ач нартаа мөнгө өгнө үү гэхээс тэдний мөнгийг авах хүн би биш. Манай бэр Ж.К- нь өөрөө банканд очиж миний мөнгө авах эрхийг хаалгасан байсан. Иймээс миний хувьд тэр мөнгийг авах угаасаа боломжгүй. Бэр Ж.К- нь дандаа худал ярьдаг маш ёс зүйгүй эмэгтэй. 2020 оны 5 сарын 17-ны өдөр миний хүү Х-ын гэрт манай худ буюу хүүгийн хадам ээж, хадам ах, бэргэн эгч нар нь ирж бидэнд хонь өг гэсэн байдаг. Тухайн үед хонь туранхай байсан. Тэдэнд хонь өгөх боломжгүй тухайгаа хүү хэлсэн байдаг. Гэтэл миний охин их хөгширч ядарсан байна гээд охиноо гэрээс аваад явсан байдаг. Харин нэхэмжлэлдээ бэрийг нөхөр нь хөөж явуулсан гэж бичсэн байна. Энэ мэт бусдыг байнга худал гүтгэж гүжирддэг эмэгтэй юм. Би бэрээ буцаан гэртээ авчрахаар 6 удаа гэрт нь гуйж очсон. Нэг удаа хүүг маань очиход тэд гэрийн багана модоор зодож хөөж гаргасан байдаг. Манай бэр Ж.К- гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд шүүх тэдэнд эвлэрлийн 2 сарын хугацаа олгосон. Үүний дараа бэр Ж.К- давж заалдах шатанд өргөдөл гаргасан. Шүүх хурал дээр энэ өргөдлөөсөө татгалзаж эвлэрэн хэлэлцье гэсэн байдаг. Гэтэл одоо дахин надаас нийт 1322600 төгрөг нэхэмжилж байгааг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01254 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Х-аас охин Х.А-ийн 2 сарын халамжийн мөнгө 576000 төгрөг, Монгол Улсын Засгийн газраас олгогдсон 2 сарын хүүхдийн мөнгө 169000 төгрөг, нийт 745000 /долоон зуун дөчин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.К-д олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч С.Х би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн «анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01254 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр надаас гаргуулан Ж.К-д олгохоор шийдвэрлэсэн 745.000 төгрөг би хариуцах учиргүй юм. Би тухайн мөнгийг банкнаас итгэмжлэлээр авсан үнэн бөгөөд гэтэл би уг мөнгөнүүдийг тухай бүр Х, К нарт өгч байсан. Гэтэл намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруу дүгнэн надаас 745.000 төгрөг гаргуулсанд гомдолтой байна. Би одоо 75 настай өндөр настан бөгөөд одоо бие муутай гэрт байдаг хүн юм. Шүүхээс надад удаа дараа хүмүүс ирж надаас К энэхүү тэтгэмжийн мөнгө гэж 745.000 төгрөг нэхэж байгаа талаар мэдэгдэн танилцуулж байсан бөгөөд би тухайн үед надад хамааралгүй асуудал байх тул шүүх үнэн байдлыг аяндаа тогтоох байх гэж найдан нэг их ач холбогдол өгөөгүй юм. Х-, К- нар нь хөдөө байдаг бөгөөд би аймгийн төвд байдаг болохоор энэхүү мөнгөнүүдийг тэдний өөрсдийн итгэмжлэлээр өөрийн тэтгэврийг авах үед хамтад нь авч өөрсдөд нь хүргүүлэн өгдөг байсан. Гэтэл би зөвхөн итгэмжлэлээр банкнаас тэдний мөнгийг авч өгсөнд буруутан болж байгаад гомдолтой байна. Би зөвхөн банкнаас авч өгдөг болохоос Х-, К- нарын тухайн мөнгийг хэн нь юунд зарцуулах нь тэдний эрх бөгөөд би энэ талаар мэдэхгүй. Гэтэл эхнэр нөхөр хоёрын мөнгө төгрөгөө аль нэг нь илүү дутуу зарцуулсан байдалд намайг буруутган К-д ийнхүү мөнгө гаргуулсанд настай хүний хувьд туйлын гомдолтой байгаа бөгөөд би бусдын өмнөөс хариуцлага хүлээх учиргүй юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01254 дугаар бүхий шийдвэрт өөрчлөлт оруулан Ж.К-ы нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Ж.К- нь хариуцагч С.Х-д холбогдуулан 745.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “...бид хөдөө суудаг болохоор хүүхдийн асаргаа болон халамжийн мөнгийг хадам аав С.Х- нь надаас авсан итгэмжлэлийн дагуу авдаг байсан бөгөөд 2 сарын хүүхдийн мөнгө болон халамжийн мөнгийг итгэмжлэлээр аваад надад өгөөгүй” гэж, хариуцагч “...манай бэр Ж.К- нь өөрөө банканд очиж миний мөнгө авах эрхийг хаалгасан байсан. Иймээс миний хувьд тэр мөнгийг авах угаасаа боломжгүй.” гэж тус тус тайлбарлаж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.К-ы охин Х.А- нь Нийгмийн халамжийн сангаас сар бүр 288.000 төгрөг авдаг, тус мөнгийг болон Засгийн газраас сар бүр олгодог Х.А-ийн хүүхдийн мөнгийг С.Х-д олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч С.Х- банкнаас авдаг байсан талаар талууд маргаагүй.

 

Хэргийн 15, 16 дугаар талд Төрийн банкны депозит дансны хуулга авагдсан байх бөгөөд уг баримтад “Х-ын А-ийн 2020 оны 5 дугаар сарын халамжийн 288.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 6 дугаар сарын халамжийн мөнгө 288.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, хүүхдийн мөнгө болох 69.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, хүүхдийн мөнгө болох 100.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус тус С.Х-д олгосон талаар” агуулга тэмдэглэгджээ.

           

Хариуцагч М.Х- нь “дээрх мөнгийг банкнаас итгэмжлэлээр авсан нь үнэн боловч тухай бүр Х.А-ийн эцэг Х.Х- болон эх Ж.К- нарт өгч байсан” гэж тайлбарласан боловч уг нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно. Хавтаст хэрэгт авагдсан Ж.К-, Х.Х-, Х.А- нараас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаатай Х.Хумарханд олгосон итгэмжлэлд “№0030275 дугаар бүхий дэвтэртэй нийгмийн халамжийн тэтгэмжийн мөнгийг, мөн Х.А-ийн №0030283 дугаар дэвтэртэй нийгмийн халамжийг мөнгийг, групп болон сар бүрийн мөн улирал бүрийн асаргааны мөнгийг...сар бүр болон зээлээр авч байх үйлдэл хийх эрхийг олгож байна” гэж зөвхөн тус халамжийн болон хүүхдийн мөнгийг банкнаас авах үйлдлийг л зөвшөөрсөн байх ба уг итгэмжлэлээр дээрх тэтгэмжийн мөнгийг хариуцагч Х.Хумарханд захиран зарцуулах эрх олгоогүй, тэрээр банкнаас авсан тэтгэмжийн мөнгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч ЫЫ нь  нэхэмжлэгч Ж.К-, Х.Х-, Х.А- нараас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу Х.А-ийн халамжийн мөнгө болох 288.000 төгрөг, Засгийн газраас сар бүр олгодог хүүхдийн мөнгийг сар бүр болон зээлээр авах эрхийг олгосны дагуу 2020 оны 5,6 дугаар сарын халамжийн мөнгө 576.000 төгрөг, Засгийн газраас олгох хүүхдийн мөнгө 169,000 төгрөгийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч Ж.К-ы охин Х.А-ийн халамжийн болон хүүхдийн мөнгө болох 745.000 төгрөгийг гагцхүү банкнаас авах үйлдэл хийх итгэмжлэлийн дагуу хариуцагч Ж.Х- нь авч, нэхэмжлэгчид буцаан өгсөн талаар нотлогдоогүй тул хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байна гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Хариуцагч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтын дагуу хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан хөрөнгөө нэхэмжлэгч талд буцаан төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь “...Х-, К- нар нь хөдөө байдаг бөгөөд би аймгийн төвд байдаг болохоор энэхүү мөнгөнүүдийг тэдний өөрсдийн итгэмжлэлээр өөрийн тэтгэврийг авах үед хамтад нь авч өөрсдөд нь хүргүүлэн өгдөг байсан. Гэтэл би зөвхөн итгэмжлэлээр банкнаас тэдний мөнгийг авч өгсөнд буруутан болж байгаад гомдолтой байна” гэх гомдол гаргасан боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/01254 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22430.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                       

Д.КӨБЕШ