Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 102/2020/04271/И |
Дугаар | 210/МА2021/00604 |
Огноо | 2021-04-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2021/00604
2021 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2021/00604 |
МАГАДЛАЛ
2021.04.
С.С-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00470 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.М-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 27 180 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагч Н.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч С.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.М-тай 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1047 дугаар зээлийн гэрээ байгуулж 18 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 1 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний 3.1-т зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор зээлээ төлөх үүрэгтэй боловч төлбөрөө төлөөгүй. Зээлдүүлэгч 18 000 000 төгрөгийг ХААН банк ХХК дахь Н.М-ын эзэмшлийн 5007864785 тоот 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Зээлийн гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан. 1 сарын хүү 180 000 төгрөг, 402 хоногийн алданги 9 000 000 төгрөг нэхэмжлэх эрх үүссэн. Хариуцагчийн тайлбарт дурдсан зүйл үндэслэлгүй. Иймд Н.М-аас үндсэн зээл 18 000 000 төгрөг, сарын хүү 180 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 180 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.М- шүүхэд гаргасан тайлбартаа: С.С-той 2019 оны 9 дүгээр сард Наби Серхан, Хамшибайн Ахметали нарыг түрээсийн байранд оруулж өгөх талаар ярилцсан. Энэ талаар С.С- мэдэж байгаа нь бид хоёрын хооронд харилцсан зурвасуудаар нотлогдоно. Наби Серхан, Хамшибайн Ахметал нарыг түрээсийн байранд оруулж өгөхөөр тохиролцож нотариат дээр очиж 18 000 000 төгрөгийг шилжүүлье гэсэн боловч энэ утгаар гэрээ байгуулах боломжгүй гэж хэлсэн тул зээлийн гэрээ байгуулсан. Миний бие С.С-оос 18 000 000 төгрөгийг дансаар авсан. Л.Наранцэцэг түрээсийн байранд оруулж өгнө гэсэн тул дээрх мөнгөнөөс 16 000 000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан өгсөн. Түрээсийн байранд оруулах асуудалд 2 хүнийг холбож өгснөөс биш зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.М-аас 27 180 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 850 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 293 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Н.М- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ гэж зөв дүгнэсэн атлаа гэрээгээр талуудын хүлээх эрх, үүргийг буруу тодорхойлсон. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 26 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй. Зээлийн гэрээний нийт хугацаа 1 сар байсан. Гэрээний 4.2-т ...зээлдэгч эд хөрөнгийн болон санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй гэрээний хугацаанаас өмнө шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нь тодорхой болсон байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж улмаар 402 хоногийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Мөн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие энэхүү нөцхөл байдлыг нотлохоор 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн туслахтай уулзаж өмгөөлөгч авч шүүх хуралд оролцох хүсэлттэй талаар хэлэхэд ... та шүүх хуралд хүсэлтээ өгөөрэй гэсэн. Шүүх хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагт болно гэж шүүхээс мэдэгдсэн. Миний бие мөн өдрийн 14:41 цагт анхан шатны шүүхэд очиход шүүх хурал 14:30 цагт эхэлсэн гэж шүүх хуралд оруулаагүйгээс өөрийн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргах, өмгөөлөгчтэй оролцох эрх хангагдаагүй. Шүүх хуралдаан 15:13 цагт эхэлсэн нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдож байна. Энэхүү бичлэгээс харахад тухайн цаг хугацаанд миний бие шүүхийн коридорт байхад шүүх хуралдаан болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч Н.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, зээлийн хүү 180 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт ... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбогдуулан шүүгч захирамж гаргана гэж тус тус зааснаар шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн гаргаж байгаа хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ тогтоол, захирамж гаргах ёстой.
Хэргийн 37-38 дахь талд авагдсан шүүх хуралдаан 14 цаг 36 минутад эхлээд 47 минутад дуусан гэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад ...хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай энэ хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, захирамж гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн зохигч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцсан талаар баримт хэргийн 25 дугаар талд авагдсан бөгөөд үүний дараа хариуцагч нь тайлбар болон 7 хуудас бүхий мессежний зурвасыг нотлох баримтаар ирүүлснийг шүүх талуудад танилцуулах, эсхүл уг баримт нь хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангахгүй бол хэргийн нотлох баримтаас хасах эсэх, эсхүл нотлох баримттай холбоотойгоор хэргийн оролцогчийн хүсэлт байгаа эсэх зэрэг байдлыг тодруулаагүйгээс хэргийн оролцогчийн нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрх хангагдсан гэж үзэхгүй юм. /хх 26-33/
Ийм учраас давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 293 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА