| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0004/З/Т |
| Дугаар | 123/ШШ2025/0003 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 123/ШШ2025/0003
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, нэхэмжлэгч “Ч” ХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ч” ХК-ийн захирал Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “2012 оны 08 сарын 06-ны өдрийн 272 тоот захирамж, 2011 оны 04 сарын 20-ны өдрийн 80 тоот захирамжуудын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзаж болно. 2012 оны 08 сарын 30-ны өдрийн 272, 2011 оны 04 сарын 20-ны өдрийн 80 дугаар захирамжуудаар ланд менежер мэдээллийн сангаас шинэчилж e-gazar.gov.mn санд болон мэдээллийн санд бүртгэж нэхэмжлэлийг хангасан учир зарим нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 123/ШЗ2025/0028 дугаар захирамжаар “Ч” ХК-ийн нэхэмжлэлтэй, Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргээс “Х сумын Засаг даргын 2011 оны 04 сарын 20-ны өдрийн 80 тоот захирамжийн 2 дахь хэсгийн Ч ХК-д холбогдох заалтыг, мөн сумын Засаг даргын 2012 оны 08 сарын 06-ны өдрийн 272 дугаар захирамжийн 2 дахь хэсгийн Ч ХК-д холбогдох заалтуудыг хэсэгчлэн хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч “Ч” ХК-ийн захирал Ц нь “...манай газрыг ланд менежер мэдээллийн сангаас шинэчилж e-gazar.gov.mn санд болон мэдээллийн санд газрыг бүртгэж нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Х сумын Засаг даргын 2011 оны 04 сарын 20-ны өдрийн 80 дугаар захирамжийн 2 дахь хэсгийн Ч ХК-д холбогдох заалтыг, мөн сумын Засаг даргын 2012 оны 08 сарын 06-ны өдрийн 272 дугаар захирамжийн 2 дахь хэсгийн Ч ХК-д холбогдох заалтуудыг хэсэгчлэн хүчингүй болгуулах тухай бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан” тухай тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа ...татгалзсан тохиолдолд ....баталж...” гэж, 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрсөн болно. Иймд, “Ч” ХК-ийн “Х сумын Засаг даргын 2011 оны 04 сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 80 тоот захирамжийн 2 дахь хэсгийн, мөн сумын Засаг даргын 2012 оны 08 сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 272 дугаар захирамжийн 2 дахь хэсгийн Ч ХК-д тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ч” ХК нь “Төв аймгийн Х сумын Засаг даргын 2011 оны 04 сарын 20-ны өдрийн 80 дугаар захирамжийн 2 дахь хэсгийн Ч ХК-д холбогдох хэсэг, тус сумын Засаг даргын 2012 оны 08 сарын 06-ны өдрийн 272 дугаар захирамжийн 2 дахь хэсгийн Ч ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, тухайн нэхэмжлэлийн шаардлага бүхий Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН