Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 400

 

У.М-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, өсвөр насны шүүгдэгч У.М-ийн хууль ёсны төлөөлөгч М.У-, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хаалттай хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 460 дугаар магадлалтай, У.М-эд холбогдох эрүүгийн хэргийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.У-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2001 онд төрсөн, эрэгтэй, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, М овогт У-ын М нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч У.М-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Өсвөр насны шүүгдэгч У.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М-эд энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...өсвөр насны шүүгдэгч У.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М-эд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, У.М-ийн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М-ийн эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, У.М-ийн жинхэнэ эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч У.М-ийн хууль ёсны төлөөлөгч М.У- гаргасан гомдолдоо “...Миний хүү У.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу хорих ангид ял эдэлж байгаа. У.М- нь гэм буруугаа хүлээсэн, хохирогч Ч.М-ын хохирлыг бүрэн барагдуулж эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн. Иймд шүүх эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй. Харин шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргасан. Тухайн гомдолд шүүгдэгчийн хувийн байдал болон арын гэрийн байдлыг тусгаж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар бичсэн байсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасныг журамлан ялыг 2 дахин багасгаж оноосон. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаарх ямар нэгэн санал байхгүй. Гэхдээ хэргийг нэгэнт хэлэлцэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хорих ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй ял оноох талаар заасан. У.М- нь өсвөр насны хүүхэд хэдий ч түүний үйлдсэн гэмт хэрэг нь энэ зүйлд хамаарч байх тул түүнд оногдуулсан ялаас хасах боломж байгаа эсэх талаар санал гаргаж байна.” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...У.М-эд холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Мөн түүний хувийн байдлын хувьд өмнө нь 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. Ял хойшлуулсан энэ хугацаанд У.М- нь дахин гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс өмнө нь оногдуулсан ялыг нэмж нэгтгэн ял оногдуулсан. Мөн давж заалдах шатны шүүх ял нэмэх асуудлыг зөвтгөж шийдвэрлэсэн. Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил илрээгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.У-ын гаргасан гомдлыг үндэслэн У.М-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

У.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 4 дүгээр хэсгийн ... тоотод оршин суух иргэн Ч.М-ын гэрийн ариун цэврийн өрөөний цонхоор нэвтэрч “Dell” загварын зөөврийн компьютер, хөөрөг зэргийг нууцаар авч, нийт 830,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүхүүд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, У.М-эд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.

Харин анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа У.М-ийн өмнө нь ял шийтгүүлсэн буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1067 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр заахдаа насанд хүрсэн этгээдээс ямагт бага буюу 2 дахин бага байхаар зохицуулсан Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээнд нийцүүлээгүй байх боловч энэхүү алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шүүгдэгчийн биеэр эдлэх ялыг тогтоохдоо хууль буруу хэрэглэсэн алдаа гаргаагүй байна.

Түүнчлэн шүүхүүд өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах арга хэмжээг “оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 дахин багасгасны дараа” хэрэглэж байх нь тухайн этгээд дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн тохиолдолд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхэд маргаан үүсгэхгүй, хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд дөхөм болно.

Иймд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.У-ын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 460 дугаар магадлалыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.У-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН