Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0067

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар221/МА2018/0067

Улаанбаатар хот

 

 

Т.Н, С.М нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээд “ГЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 804 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Ц.М нарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Н, С.М нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 804 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4.2, 26 дугаар зүйлийн 26.3.2, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1.9, 27.1.10, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М, Т.Н нарын “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, “ГЭ” ХХК-д манай өвөлжөөний бэлчээр болон манай малчин Т.Н-ын өвөлжөөний эзэмшлийн гэрчилгээтэй газрыг давхардуулан олгосон MV-017590 ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Ц.М нар давж заалдах гомдолдоо: “MV-017590 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчигдөж байхад хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь өргөдөл хүсэлт шийдвэрлэхдээ бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж буй эсэхийг шалгалгүйгээр шууд шийдвэрлэдэг гэсэн тайлбар хийснийг шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэж зөвтгөж байгаад гомдолтой байна.

Мөн төр нь иргэдийн эрхийг зөрчихгүй байх урьдчилсан арга хэмжээг авах ёстой байхад анхан шатны шүүх “Хэрэв эрх зөрчигдсөн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна.” хэмээн зааж, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ашиглах явцад гарч болох үр дагаврыг зохицуулж өгчээ.” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай зөрчилдөж байна. Хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж байгаа төрийн байгууллага, аймаг, сум, багийн Засаг даргын саналыг харгалзахгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн нь өөрөө иргэдийн үндсэн эрхүүдийг ноцтой зөрчиж байна.

Эзэнд нь мэдэгдэхгүйгээр өмчид халдсан гэх үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зөрчин MV-017590 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, асуултад хариулсан байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаар захиргааны актыг хуулийн дагуу гэдгийг нотолж чадахгүй байхад шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0804 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.М, Т.Н нар “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрийн “ГЭ” ХХК-д олгосон ашиглалтын MV-017590 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“ГЭ” ХХК-д Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур нэртэй газарт 3543.06 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр олгосон, улмаар тус даргын 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр 2790.75 гектар талбайг хэсэгчлэн буцаан өгсөн байх бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр 750.79 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.

Нэхэмжлэгчээс “...малчин Т.Н Баяннуур сумын нутаг Хар чулуу гэдэг өвөлжөөний газар дээрээ 7 жил өвөлжиж байгаа, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өвөлжөөний гэрчилгээгээ авсан. Тус компанид тусгай зөвшөөрөл олгохдоо сумын нийт иргэдийн тахилгат “Шахайт” хайрханы орчмын газар болон “Шар тал” багийн малчдын өвөлжөөний бэлчээрийг хамруулж олгосон нь илт хууль бус, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олголгүй Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, 26.9 дэх заалт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.1 дэх заалтыг зөрчсөн ” гэж маргасан байна.

Хариуцагчаас “...ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/106 тоот албан бичиг болон холбогдох бусад баримт бичгийг үндэслэн олгосон нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлажээ.

 Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/604 дүгээр албан бичгээр тус аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт “ГЭ” ХХК-ийн MV-017590 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай 3 иргэний өвөлжөө, хаваржааны газар давхцалтай, уг талбайн эргэн тойронд 237-1675 метр зайд 9 иргэний өвөлжөө, хаваржааны газар байрладаг, түүнчлэн уг талбайгаас 1844 метр зайд Хан шахайт уул байрладаг болох нь тогтоогдсон, давхцал, давхцлын хэмжээний талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Н Булган аймгийн Баяннуур сумын Газрын даамал Г.Н 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргаж, улмаар Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/134 дүгээр шийдвэрийг үндэслэн мөн өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, Т.Н-д Шар тал багийн Хар чулууд 0,5 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр 000430672 газар эзэмших гэрчилгээ олгосон, харин нэхэмжлэгч С.М-ын эцэг Ч.С-ын өвөлжөө маргаан бүхий ашигт малтмалын талбайгаас баруун хойд зүгт гүвээний ар талд байрладаг болох нь шүүхийн үзлэгээр тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баяннуурын барилгын ба өнгөлгөөний чулууны ордод “ГЭ” ХХК нь өөрийн хөрөнгөөр 2009-2013 онд геологи, хайгуулын ажил гүйцэтгэж, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн XX-07-09 дүгээр дүгнэлт гарчээ. Мөн тус дүгнэлтэд “ГЭ” ХХК хайгуулын ажлын зардалд 349.222.000,0 төгрөг зарцуулсан байна гэжээ.

Дээрх дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн н-96 дугаар тушаалаар Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баяннуурын барилгын ба өнгөлгөөний чулууны ордын нөөцийг “ГЭ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-14977 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамааруулан ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байна.

Хэдийгээр хавтаст хэрэгт 1970-1971 он, 1989-1991 он, 1995 онд Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших XY-14977, MV-017590 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн эрлийн ажлын үр дүнгийн тайлан нотлох баримтаар авагдсан хэдий ч Ашигт малтмалын газрын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн C-007 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт “...Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр...750.79 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг танай компанид олгохоор шийдвэрлэлээ. Өргөдөлд дурдсан талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, C зэргээр нөөц тогтоогдон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулан улсын төсвийн хөрөнгөөр гарсан зардлыг буцаан төлөхийг мэдэгдье” гэснээс үзэхэд хариуцагч нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж байсан талбайд гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон байх бөгөөд тус компани хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, 349.222.000,0 төгрөг зардал гаргасан болох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн XX-07-09 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох байсан” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх байхаар, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 24.4.2-д ”... хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” гэж тус тус хуульчилснаас үзэхэд “ГЭ” ХХК хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй байна.

Гуравдагч этгээдээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан холбогдох баримт бичгүүдийг хавсарган өгсний дотор 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Булган аймгийн Баяннуур сумын нутагт барилгын болон өнгөлгөөний чулуу олборлох төслийн баримт бичигт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байх бөгөөд тус төсөлд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай талаар дурьджээ.

Дээрх нарийвчилсан үнэлгээний тайланг үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага болох “ПИГГГ” ХХК-д боловсруулан батлуулсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12/3767 дугаар албан бичиг, мөн тухайн компани хайгуулын ажлын явцад байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэсэн болох нь Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/106 дугаар албан бичгээр нотлогдож байх тул хариуцагчийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн маргаан бүхий газрыг “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн зориулалтаар” эзэмших эрх гуравдагч этгээдэд түрүүлж үүссэн, нэхэмжлэгчийн өвөлжөөний зориулалтаар хүсч гаргасан өргөдөлд тусгагдсан талбайн зарим хэсэг нь давхцалтай байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл бусдын газар эзэмших эрхтэй давхцуулж, иргэдийн шүтэж биширдэг тахилгатай уулыг хамруулан ашиглалтын тусгай зөвшөөрлийг “ГЭ” ХХК-д олгосон гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагааны явцад бусдын...өвөлжөө...барилга байгууламжид гэм хор учруулбал хэрхэн шийдвэрлэх талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0804 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН