Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 35

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

      Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал би Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, “ТОУУ” ХХК-ийн “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаар тогтоол болон тогтоолын хавcралтаар батлагдсан шалгалтын удирдамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч, “ТОУУ” ХХК-ийн захирал Н.Төмөрчөдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ТОУУ” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р багийн нутагт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, олборлолт, борлуулалтын чиглэлээр 2009 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс манай компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр батлагдсан 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу хэрэглэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн байна. Дээрх тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.13 дахь заалтуудыг буруу ойлгож хэрэглэсэн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хуульд заасан журмын дагуу судлан шийдвэрлэх эрхтэй боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг судлан шийдвэрлэх зорилгоор шалгалт явуулах ажлын хэсэг байгуулах тогтоол гаргах эрхтэй субъект биш юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2  дахь  хэсэгт  зааснаар  аймгийн  Засаг  дарга  харъяалах  нутаг  дэвсгэртээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой гомдлыг хянан шалгах, гомдлын мөрөөр ажлын хэсэг байгуулах, зөрчлийг таслан зогсоох эрхийг эдэлдэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Анх зөвшөөрөл өгсөн субъект нь хяналт, шалгалт явуулах эрхтэй байхаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд зохицуулсан байна. ...Иймд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаар тогтоол болон түүний хавсралтаар батлагдсан шалгалтын удирдамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдсон нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байгууллага бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. ...Ажлын хэсэг байгуулах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаар тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаар тогтоолоор хүчингүй болгосон гэжээ.

        Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ТОУУ” ХХК-ийн захирал миний бие Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаар тогтоолоор 86 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “ТОУУ” ХХК-ийн захирал Н.Төмөрчөдөр “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаар тогтоол болон тогтоолын хавcралтаар батлагдсан шалгалтын удирдамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дээрх тогтоолыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ТОУУ” ХХК нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаар тогтоол болон тогтоолын хавcралтаар батлагдсан шалгалтын удирдамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТОУУ” ХХК-д олгосугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татагалзсан этгээд нь  уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            П.АМАРЖАРГАЛ