Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 511

 

 

 

 

 

 

 

 

 

А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Б.Ууганбаатар,

          Ялтан А.Отгонбаярын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Тэнгис,

          Ялтан Б.Батболд, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Урт, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Ц.Цэлмэг, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Урт, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, ялтан Б.Батболдын өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 20140108 0479 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Аюушийн Отгонбаяр, 1987 оны 7 дугаар сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн “Цахилгаан түгээх төв”-д ээлжийн инженер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шар хад гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 3 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД87071711/,

 

Чогсом овогт Батжаргалын Батболд, 1982 оны 11 дүгээр сарын 27-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д мэс засал, гэмтэл согогийн эмч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 24 дүгээр байрны 30 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83А байрны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕК82112770/,

 

А.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайхар” баарны гадна иргэн Б.Гантулгатай маргалдаж улмаар хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж нарийн гэдсэнд цооролт хэвлийн хөндийн битүү гэмтэл учруулж санаатай алсан,

Б.Батболд нь 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 8 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын эмчээр ажиллаж байхдаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн ажиллах журмын 3.4-т зааснаар “анхны үзлэгээр амин үзүүлэлт, гэмтлийн шинжүүдийг тодорхойлон, эрэмбэлэн ялгаж шаардагдах яаралтай тусламж үйлчилгээг үзүүлнэ”, мөн 3.9-д зааснаар “өвчний оношийг богино хугацаанд тогтоох боломжгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал нь эмнэлгийн нөхцөлд ажиглалт хийх шаардлагатай, Б.Гантулгын биед үүссэн нарийн гэдэсний урагдал, хэвлий гялтангийн түгээмэл үрэвслийг оношлохдоо Монгол Улсын MNS 5665-6:2006 стандартад заасан цусны ерөнхий шинжилгээ хийх, рентгэнд хэвлий харах, хэвлийд хатгалт хийж оношийг баталгаажуулах шинжилгээнүүдийг хийгээгүй стандарт зөрчиж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Б.Гантулгын амь насыг хохироож хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: А.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар, Б.Батболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас А.Отгонбаярт бусдыг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж, А.Отгонбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Б.Батболдыг эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар А.Отгонбаярыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Б.Батболдын хүний их эмчийн албан тушаал эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар А.Отгонбаярт оногдуулсан 6 жилийн хугацаатай хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Батболдод оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар А.Отгонбаярт урьд цагдан хоригдсон 122 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.1-д зааснаар Б.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар оногдуулсан хүний их эмчийн албан тушаал эрхлэхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5.1-д зааснаар А.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаатай хорих ялаас 2 жилийг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаатай хорих ялаар тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хавтаст хэрэгт үргэлжлүүлэн хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар А.Отгонбаяраас 1.139.690 төгрөг, Б.Батболдоос 1.139.690 төгрөг буюу нийт 2.279.380 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Уртад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Урт нь холбогдох баримтуудаа зохих ёсоор бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, А.Отгонбаярт авсан цагдан хорих, Б.Батболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Уртын өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарж чадаагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан бичгийн баримт, шүүх хуралдаанд орсон гэрч нарын мэдүүлэг, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /хх-ийн 92-94/ талийгаачийн үхэлд хүргэсэн, шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр А.Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу танхайн сэдэлтээр талийгаачийг алсан болох нь тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.7, 91.2.9 дэх заалтуудад энэ талаар маш тодорхой байгаа. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл, хэвлийн хөндийн битүү гэмтэл үхэлд хүргэх шалтгаан болсон. Нөгөөтэйгүүр гэмтэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.9 дэх заалтаар тогтоож өгсөн. Шинжээчийн энэ дүгнэлт нь дараагийн 125, 472 гэсэн дүгнэлтүүдэд үндэслэлтэй байгааг нь тогтоосон. Энэ дүгнэлтээр А.Отгонбаярын буруутай үйлдлээс талийгаачийн биед учирсан хүнд гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар талийгаачийн эхнэр, хууль ёсны төлөөлөгч С.Нас-Урт талийгаачийг гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод хэвтэж байхад хажууд нь байсан. Тэр үед талийгаач өөрийгөө ямар байдлаар гэмтэл авсан гэдгээ тодорхой хэлж байсныг гэрч Туяа гэрчилдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Урт, гэрч Туяа нарын мэдүүлгийн эх сурвалж болсон талийгаач амьд байхдаа хаанаас, яаж, ямар шалтгаан нөхцөлийн улмаас гэмтэл авсан талаар ярьж байсан мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, нотлох баримтын шаардлага хангасан байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. А.Отгонбаярын үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтай байна гэсэн байдлаар прокурорын хяналтад байхдаа нэг удаа, шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж байсан. А.Отгонбаярын үйлдэл нь танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэсэн саналыг гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар А.Отгонбаярын гэм буруутай үйлдэл нь бүрэн тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Батболдын өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Гантулга гэдэг хүн гэмтэл аваад Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд Батжаргал гэх эмчид үзүүлсэн. Батжаргал эмч үзээд 13А маягт бичиж өгөөд явуулахдаа промедол гэх өвчин намдаах тариа хийж явуулсан. Энэ тариа нь маш өндөр 12-24 цагийн өвчин намдаах үйлчилгээтэй. Энэ тариаг хийлгээд 09 цагийн үед Гэмтлийн эмнэлэгт Б.Батболд эмчид үзүүлэхэд промедол гэх тариаг хийсэн учраас өвчнийг оношлох боломж маш бага байсан. Б.Батболд хохирогчийг ЭХО-ны эмчид оношлуулахаар явуулаад Б.Гантулга нь хэвлийдээ шингэнгүй гээд буцаасан. Тэгээд 5-6 цагийн дараа дахин ирж үзүүлээрэй гэсэн бичиг хийгээд явуулсан. Тэгээд өвчтөн Б.Гантулга дахин ирж үзүүлээгүй. Тухайн үед ирж үзүүлэх байсан цагтаа Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байсан. Энэ хугацаанд гэмтэл аваад илрээгүй тохиолдолд өөрсдөө эмчийн өгсөн заавар зөвлөгөөг дагаагүй. Гэмтлийн эмнэлэгт ажиглалт хийх өрөө байхгүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тодорхой байгаа. Мөн Б.Батболд эмчийн ажлын цагаар өвчтөн үзсэн бичиг баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ нь маш их ачаалалтай үед үзээд холбогдох тасагт үзүүлэх бичгийг нь хийгээд явуулсан. Үүний дараа эргэж ирж үзүүлэхэд нь тодорхой дүгнэлт өгч, оношийг тодруулах ажиллагаа хийдэг. Энэ зүйлүүдээс үзэхэд Б.Батболд эмч өвчтөнд анхан шатны эмчилгээ тусламжийг үзүүлсэн, тусламж үзүүлэхээс зайлсхийсэн үйлдэл байхгүй гэж үзэж байна. Ийм учраас Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Батболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр 40-50 хүн өдөрт үзэж асуудлыг шийдээд 4-5 хүн эмнэлэгт хэвтүүлсэн. Бид дэлхийд байхгүй стандартаар ажилладаг. Нэг эмч өдөрт 15-20 хүн үзэх ёстой байдаг. Гэмтлийн эмнэлэгт өдөрт 50-60 хүн үздэг. Ирсэн хүн болгоныг тодорхой хэмжээнд үздэг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар үзэхгүй гэсэн асуудал байхгүй. Тухайн үед өвчтөн байрлалын хувьд идэвхтэй хөдөлгөөнд байсан. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөн нь хязгаарлагдмал, албадмал байдал орсон тохиолдолд арай өөр байх. Тэгээд анх Налайхаас гарахдаа Батжаргал эмч промедол гэх өвчин намдаах тариа хийгээд явуулсан. Хэвлийгээр өвдөх зовиур байна гэж хэлсэн. Тухайн үедээ яг хүчтэй клиник шинж тэмдэг байгаагүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Урт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Отгонбаярт 3 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний хань 26 насандаа харамсалтайгаар А.Отгонбаярын гарт амиа алдаж, би 2 хүүхэдтэйгээ /охин 3 настай, хүү 9 сартай/ өнчирч, хайртай хүнээсээ хагацаж, бидэнд хүнд гарз учирсан. Бидний зүгээс Отгонбаярын буруугаа хүлээсэн, миний хань түүний өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэж өөрийн амаар ярих А.Отгонбаярын дуу хоолойн бичлэг хүртэл нотлох баримтаар нотлогдож байхад үүнийг авч хэлэлцэлгүй шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би бага насны 2 хүүхэдтэй, 1 сарын тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 251.000 төгрөгөөр амь зууж байна. Хүнийг санаатайгаар “чамайг алаад хаячихья” гэж хэлээд хувцсаар хоолойг нь боож, ухааныг нь балартуулж байгаад дэвсэж зодож байхад санаатай аллага биш юу гэх вэ.  Иймд үнэн шударгаар шийдвэрлэж үнэн мөнийг олж өгч, зохих ялыг оноож өгнө үү...” гэв.

 

 

Ялтан А.Отгонбаярын өмгөөлөгч Х.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг өөрчилж зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаах ажиллагааны явцад нэмэлт, давтан, бүрэлдэхүүнтэй гэсэн 6 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр 2 хор уршгийг тогтоож өгсөн. Хохирогч хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу нарийн гэдэсний язарсан урагдал гэсэн хүнд гэмтэл, мөн Гэмтэл согогийн үндэсний төвийн хүлээн авах тасгийн эмч Б.Батболд нь хэвлийн гялтангийн үрэвслийн оношилгоог зөрчсөний улмаас хохирогч нас барах шалтгааныг бий болгосон байна. Амь насыг нь аврах боломжтой байна гэсэн. Хэрэг гардаг өдөр хохирогч 20 цаг 30 минутын үед гэмтэл аваад шөнийн 04 цагийн үед өвдөж байна гээд 07 цагт Налайх дүүргийн эмнэлэгт очоод түргэн тусламжийн автомашинаар 13А маягтыг Батжаргал эмч бичсэн. 13А маягт дээр бичсэн онош талийгаачийн хүндрэл болоод нас барсан онош хоёр хоорондоо таарч байна.  Гэмтлийн эмнэлэгт ирээд 9 цаг хүртэл хохирогчийг үзээгүй. Промедол гэдэг өвчин намдаах тарианы талаар анхан шатны шүүх хуралдаанд яригдсан боловч 12-24 цагийн хугацаанд хүчтэй мэдээ алдуулдаг гэж яриагүй, тухайн хүний зовиураас шалтгаална гэсэн. Гэрч Туяагийн мэдүүлэгт “Б.Батболдоо чи миний дүүгийн даралтыг үзсэн бол ийм асуудал болохгүй байсан” гэж хэлдэг. Гэтэл Б.Батболд эмч /хх-ийн 246/ яаралтай тусламжийн баримтыг нөхөж хийсэн. Даралтыг нь үзээгүй байж, бүх зүйлийг нь хэвийн гээд бичсэн. Гэтэл үүнийг нь үзлэг хийгээд үзэхээр 2014-2015 оны хэмжээнд ганцхан хуудас байсан. Гэтэл энэ хэрэг мөрдөн байцаах ажиллагаа дуусаад анхан шатны шүүх хуралдаан дуусаж байхад тухайн баримт бичиг нь нөхөж гарч ирсэн. Энэ нөхцөл байдал нь ямар ч эмчилгээ хийгээгүй байж түүнийгээ цайруулахын тулд ийм баримт бичиг нөхөн хийж гүйцэтгэснээр Б.Батболд эмч өөрийнхөө үйлдлийг нотолж байна. Тухайн өдөр Б.Батболд эмч хүлээн авахын тасагт ганцаараа гарч байсан. Шинжээчийн дүгнэлтэд ажиглалтын өрөө гэж байхгүй. Эмнэлгийн нөхцөлд байх ёстой гэсэн. Улсын ганцхан эмнэлэгт тухайн нөхцөлийг хүлээн авах тасаг байдаггүй гэж хэлсэн нь худлаа. Тухайн тасагт хэвтүүлэх эрх нь Б.Батболд эмчид байсан боловч хохирогчийг хэвтүүлээгүй. 09 цагт Туяа талийгаачийг дагуулаад ирсэн байсан. 09 цаг 15 минутад ЭХО-д үзүүлсэн. Туяажаргал эмч /хх-ийн 59/ гэдэс нь парезтай буюу хөдөлгөөнтэй байна гэсэн. Шийтгэх тогтоолд энэ талаар дурдсан байсан. Ийм учраас би үүнийг оношилсон гэж үзэж байгаа. Тэр хариуг нь аваад Б.Батболд эмч үзээд та зүгээр байна, явж болно гэсэн. Тэгээд 15 цагт дахиад Норжмаа гэх эмчид үзүүлэхэд хөдөлгөөн байхгүй байна гээд Налайх дүүргийн эрүүл мэндийн төв рүү явсан. Манай үйлчлүүлэгч хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Эмнэлэгт хандалгүйгээр нас барсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн асуудал яригдахгүй. Хохирогч нар ойлгохгүй байж болно. Өмгөөлөгч нь хууль зүйн үүднээс асуудалд хандаасай. Шалтгаант холбоотой гэдэг зүйлийг иргэд ойлгохгүй боловч хууль зүйн шинжлэх ухааны хувьд нарийн авч үзсэн. Нэг хор уршигт 2 хүний үйлдлээс шалтгаалж нас барсан гэж хууль зүйн хувьд дүгнэж болохгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад А.Отгонбаярын урьдчилан цагдан хоригдсон хоног нь 371 хоног байсныг 122 хоног гэж буруу бичсэн байсан. Үүнийг өөрчилж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Ялтан А.Отгонбаярын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын амь насанд хүрсэн байна гэсэн. Хавтаст хэрэгт авагдсан бусдын амь насанд танхайн сэдэлтээр халдсан зүйл байхгүй. Хохирогч гэмтэл авсан байна гэдгээ Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд очоод  тусгай маягтаар Гэмтлийн эмнэлэгт үзүүлж оношоо тодруул гэж явуулсан. Энэ хугацаанд хохирогч бусдын тусламж авалгүйгээр бие нь муудаад нас барсан шалтгаант холбоо байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн танхайн сэдэлт байхгүй. Б.Батболд эмчийн өмгөөлөгчийн зүгээс Гэмтлийн эмнэлэгт тусгаарлах байр байхгүй, стандарт шаардлага хангасан нөхцөл байдал үүсээгүй байсан гэж тайлбарлаад байна. Эмч хүн бол хүний амь насыг аврах үүрэгтэйгээр тангараг өргөдөг. Тийм ч учраас хуульч нар эмч нараас тусгай мэргэжлийн хүрээнд хохирогч ямар гэмтэлтэй байна, ямар эмчилгээ хийгдэж эрүүл болох буюу амь нас нь аврагдах боломжтой вэ гэдгийг хүсэж эмнэлгийн байгууллагад ханддаг. Энэ хандсан үйлдлүүд нь процессын ажиллагаагаар Батжаргал эмчийн хийсэн тариа 12-24 цагийн үйлчилгээтэй, тэр нь өвчнийг намдаахаас гадна харагдах байдлаараа эрүүл байна гэж харагдаж байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Тусгай мэргэжлийн эмч нар өөрсдөө үүнийг гаргаж ирж бий болгох ёстой болохоор шат шатны эмч нарын хийсэн дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтүүдээр ч гэсэн амь аврагдах боломжтой байсан гэдгийг тодорхойлно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, А.Отгонбаярт оногдуулсан ял шийтгэлийг тохирсон гэж үзэж байна. Б.Батболдын хувьд хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, тухайн хүний амь насыг аврах боломж байсан эсэх талаар 6 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээр хохирогчийн амь насыг аврах боломжтой байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа шинжээчийн дүгнэлтээр танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан байна гэдэг нь нотлогдсон гэж яриад байна. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг нь тогтоогдоно уу гэхээс танхайн сэдэлтээр байна уу гэдэг нь тогтоогдохгүй. Мөн өмгөөлөгч Д.Тунгалаг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах давж заалдах гомдол гаргасан. Хэдий хэргийг мөрдөн байцаалтад буцаах гомдол гаргасан боловч яг ямар ажиллагааг хийлгэх нь тодорхой бус байгаа учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна. Б.Батболдын хувьд өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь хангалттай нотлогдсон. Налайхын эрүүл мэндийн төвийн эмч Батжаргал хохирогч Б.Гантулгын биеийг үзээд хэвлийн хөндийн битүү гэмтэл байна гэдгийг шууд оношлоод дараагийн шатны эмнэлэг руу шууд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Батжаргал эмч “Хэрвээ манай мэс заслын тасаг тухайн үед завсарт ороогүй байсан бол би энэ хүнд шууд хагалгаа хийнэ эсвэл хэвлийн хөндийд нь хатгалт хийж үзээд хохирогчийн амь насыг аврах бүрэн боломжтой байсан. Даанч тухайн үед мэс заслын тасаг засвартай байсан тул өөрийнхөө эмч, автомашиныг гаргаад дараагийн шатны эмнэлэг рүү явуулсан” гэж мэдүүлдэг. Ажиглалт хийх өрөө байсан эсэхээс үл шалтгаалаад тухайн өвчтөнд ямар тусламж үйлчилгээг ямар дарааллаар үзүүлэхийг стандартаар тогтоогоод өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр энэ стандартыг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргасан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч А.Отгонбаярын урьдчилан 371 хоног хоригдсон байна гэж нэг бүрчлэн тоолсон мөртлөө тогтоох хэсгийн 5 дахь заалтад 122 хоног цагдан хоригдсон байна гээд буруу бичсэн байгааг зөвтгөх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нас-Урт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Налайх дүүрэгт 2 хүүхэдтэйгээ хадам аав, ээжийн хамт амьдардаг. Миний хань гэр бүлээ авч явдаг хүн байсан. А.Отгонбаярын гарт харамсалтайгаар амиа алдсанд гомдолтой байна. Хүнийг хувцсаар нь хоолойг нь боогоод “чамайг алаад хаячихъя” гэж хэлээд гэдсэн дээр нь дэвсэж байсан хүн  2-3 жилийн хугацаанд шоронд суугаад гарч ирнэ гэдэг нь шударга бус байна. Мөрдөн байцаалтын шатанд батлан даалтаар хэд хэдэн удаа гарч ирсэн. Батлан даалтаар гараад 2 хүүхэдтэйгээ хамт явж байхад миний хоёр хүүхэд надаас аавыгаа нэхээд уйлж байсан. Одоо хүртэл харсан хүн болгоноо ааваа гэж дууддаг. Би хоёр хүүхэдтэйгээ тэжээгчээ алдсаны тэтгэмж 250.000 төгрөг аваад амь зууж байна. Хохирол мөнгө нь гол биш яагаад гэвэл миний хань ихийг хийж бүтээх 26 насандаа танхай хүний гарт харамсалтайгаар нас барсанд гомдолтой байна...” гэв.

 

  •  

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

         Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

       Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн “А.Отгонбаярын үйлдсэн хэргийн сэдэлт санаа зорилгыг буюу хувийн, танхайн сэдэлттэй аль нь болохыг тогтоож хэргийг зөв зүйлчлэх” талаар гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 813 дугаар магадлалын заалт бүрэн биелэгдээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт”-ийг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоогоогүй байх тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар танхайн сэдэлттэй байсан эсэхийг шалган тогтоож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Ялтан А.Отгонбаяр нь 2014 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдан /1-р хх-ийн 104/ шүүгчийн захирамжаар сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдож, түүний цагдан хорих хугацааг 2 удаа сунгаж /1-р хх-ийн 106, 109, 112, 209/ 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахад /1-р хх-ийн 222/ нийт 100 хоног цагдан хоригдсон, 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /2-р хх-ийн 49/, 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр /3-р хх-ийн 234/ хүртэл нийт 257 хоног цагдан хоригдож, 2016 оны 5 дугаар сарын 30-наас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоног буюу нийт 371 хоног цагдан хоригдсоныг анхан шатны шүүх зөв тооцсон байна.

 

            Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтад 122 хоног цагдан хоригдсон гэж буруу бичиж алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн 2014 0108 0479 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол А.Отгонбаярт урьд авсан цагдан хорих, Б.Батболдод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                

                                                                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ