Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 224

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цийн Бд холбогдох 1708009900108 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа улирлын чанартай ажил эрхэлдэг, ам бүл 4, охин, хүү, зээгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн ...тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Цийн Б /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Н.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 10-ны үеэр би өөрийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хуучин 22-ын товчооны ойролцоо байрлах хашаандаа очиход хашаан дотор байсан 400 ширхэг 4 метрийн урттай хар банзыг манай манаач ажилтай Б нь миний зөвшөөрөлгүйгээр зарж борлуулаад хашаанд байсан гэрийг үлдээгээд өөрийн эд зүйлээ аваад эзгүй үлдээгээд явсан байсан. Б 2017 оны 08-р сарын 01-ний өдөр надтай 88663902 гэх утсаар холбогдоод 8 сарын цалинг урьдчилсан авъя гэсэн, тэр үед цалинг нь шилжүүлсэн, түүнээс хойш гар утас нь холбогдохгүй алга болчихоор нь Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-ын товчооны ойролцоо байрлах хашаанд очиход байхгүй байсан. ...Би гомдолтой байна 400 ширхэг банзыг 1 ширхэгийг нь 8000 төгрөгөөр бодож нийт 3,200,000 төгрөг 8-р сарын урьдчилгаа цалин 300,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 16, 18-19 х/

 

1.2.Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би мөнгөний өр төлбөрт орсон байсан болохоор хашаанд байсан банзнаас 100 ширхэгийг үлдээгээд 400 ширхэгийг зарсан. Тухайн үед Сатай амаар тохиролцож ажилд орсон, 1 сарын 300,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. ...би банз худалдаж авсан хүнийг танихгүй, би өөрийн буруутай үйлдлээр бусдын хариуцуулан үлдээсэн эд зүйлийг дур мэдэн зөвшөөрөлгүй зарж борлуулж ашиг олсондоо гэмшиж байна, цаашид төлбөрөө өгч хохирогчийн хохирлыг нь барагдуулна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.3.Насанд хүрээгүй гэрч Б.Одзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын эхээр байх /сайн санахгүй байна/ үдээс хойш манай аав Б үл таних хүнтэй хамт ирээд хашаанд байсан банзыг цэнхэр өнгөтэй портер машинд ачаад явсан. Аав надад тухайн үед 300,000 төгрөг өгсөн. Уг банзнууд нь Са ахын банз байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 х/

 

1.4.Гэрч Ц.Цэнд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Танина. 2015 оны 05-р сард Ц нь манайд ажилд орж Н.Сын хашаанд манаачаар ажилладаг байж байгаад бие нь өвдөөд ажлаа хийж чадахгүй гэснээр өөрийн хүү Быг манайд манаачаар ажилд оруулах санал тавьсны дагуу ажилд авсан. Б нь 2 өсвөр насны хүүхэдтэй, том охин нь хүүхэд гаргасан ар гэрийн асуудал их байдаг байсан тул бид нар нүүрс түлээ хоол хүнсээр цалингаас гадна хангаж туслаж дэмжиж ажиллан өөрсдийн мөнгөөр 4 ханатай Монгол гэр худалдан авч өгч байсан. ... 2017 оны 08-р сарын эхээр Са бид 2 хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо хуучин 22-ын товчооны ойролцоо байрлах хашаанд очиход банзнууд алга болчихсон, өөрөө нүүгээд явсан байсан болохоор нь мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх 23 х/,

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Ц.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 х/

2.2.Ц.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47 х/

2.3.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 67-68 х/

2.4.Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 53 х/

 

Гурав:Хохирлын баримтууд.

3.1.Хохирогч Н.Сын “......Би гомдолтой байна 400 ширхэг банзыг 1 ширхэгийг нь 8000 төгрөгөөр бодож нийт 3,200,000 төгрөг 8-р сарын урьдчилгаа цалин 300,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 16, 18-19 х/,

3.2.Эд зүйлийн үнэлгээ /хх 7 х/ зэргийг тус тус  шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хуучин 22-ын товчооны орчимд байрлах иргэн Н.Сын эзэмшлийн хашаанд манаачаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 400 ширхэг 4 метрийн хар банзыг өмчлөгч эзнийх нь зөвшөөрлийг авалгүйгээр бусдад зарж борлуулан 3,200,000 төгрөгийн хохирол учруулж бусдын хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ц.Бын “…Би мөнгөний өр төлбөрт орсон байсан болохоор хашаанд байсан банзнаас 100 ширхэгийг үлдээгээд 400 ширхэгийг зарсан. ... би өөрийн буруутай үйлдлээр бусдын хариуцуулан үлдээсэн эд зүйлийг дур мэдэн зөвшөөрөлгүй зарж борлуулж ашиг олсондоо гэмшиж байна, …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Н.Сын “...2017 оны 08 дугаар сарын 10-ны үеэр би өөрийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хуучин 22-ын товчооны ойролцоо байрлах хашаандаа очиход хашаан дотор байсан 400 ширхэг 4 метрийн урттай хар банзыг манайд манаач ажилтай Б нь миний зөвшөөрөлгүйгээр зарж борлуулаад хашаанд байсан гэрийг үлдээгээд өөрийн эд зүйлээ аваад эзгүй үлдээгээд явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 16, 18-19 х/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Одзаяагийн “...2017 оны 08 дугаар сарын эхээр байх /сайн санахгүй байна/ үдээс хойш манай аав Б үл таних хүнтэй хамт ирээд хашаанд байсан банзыг цэнхэр өнгөтэй портер машинд ачаад явсан. Аав надад тухайн үед 300,000 төгрөг өгсөн. Уг банзнууд нь Са ахын банз байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 х/

 

Гэрч Ц.Цэнд-Очирын “... 2017 оны 08-р сарын эхээр Са бид 2 хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо хуучин 22-ын товчооны ойролцоо байрлах хашаанд очиход банзнууд алга болчихсон, өөрөө нүүгээд явсан байсан болохоор нь мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх 23 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Н.Са нь Ц.Быг өөрийн эзэмшлийн аж ахуйн хашааны манаачаар ажиллаж байхад 400 ширхэг хар банзыг итгэмжлэн хариуцуулж өгсөн, Ц.Бын уг банзнуудаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирлын талаар.

Эд зүйлийн үнэлгээ /хх 7 х/-ээр хохирогч Н.Сын итгэмжлэн хариуцуулсан 400 ширхэг 4 метрийн урттай хар банзны 1 ширхэг нь 8000 төгрөгөөр үнэлэгдэж нийт 3,200,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Баас 3,200,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Сад олгох нь зүйтэй.

Харин Н.Сын 8-р сарын урьдчилгаа цалин 300,000 төгрөг нэхэмжилсэн нь энэ гэмт хэрэгтэй хамааралгүй асуудал тул иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой болохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн.

 

                         Эрүүгийн хариуцлагын талаар.

            Ц.Бд холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх боломжтой зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

 

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Ц.Бд тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Цийн Быг Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бд мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Баас 3,200,000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол Монтед 2-21а тоотод оршин суух Н.Са /РД:ОЛ76062878/-д олгож, цалингийн урьдчилгаа төлбөртэй холбоотой асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 5.Ц.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ