Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00582

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00582

 

 

 

Т.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00208 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 38 890 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Т.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Б-тай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 500 000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн. П.Б-т 25 000 000 төгрөгийг түүний 5087123662 тоот дансанд шилжүүлж, гэрээ байгуулсан өдөр 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. П.Б- нь зээлийн хүүнд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 750 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 750 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 500 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дууссанаас хойш 63 хоног хугацаа хэтрүүлсэн. П.Б-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч төлөөгүй. Үндсэн зээл 30 000 000 төгрөгийн 6 сарын хугацааны хүү 7 000 000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-т заасны дагуу алданги 1 890 000 төгрөг, нийт 38 890 000 төгрөгийг П.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч П.Б-аас 38 890 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-ид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 352 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-аас 352 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч П.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс зээлсэн 30 000 000 төгрөгөөс Зөвлөлт Холбоот Улсын иргэн Сергейд 1 857 000 рубль өгсөн боловч тэрээр Корона вирусын улмаас Монгол улсад ирж чадахгүй байгаа. Алданги 1 890 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Т- нь хариуцагч П.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 7 000 000 төгрөг, алданги 1 890 000 төгрөг, нийт 38 890 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн гаргасан тайлбар буюу баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцжээ.

 

Талууд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Т.Т- нь 30 000 000 төгрөгийг зээлдэгч П.Б-т зээлдэх, зээлдэгч нь 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 500 000 төгрөгийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байна. /хх-3/

 

Хэргийн 4 дэх талд авагдсан Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар зээлдүүлэгч Т.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 25 000 000 төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө П.Б-ын эзэмшлийн 5087123662 тоот дансанд шилжүүлсэн байсан ба гэрээ байгуулсан өдөр бэлнээр 5 000 000 төгрөг өгсөн тул гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргээ зээлдүүлэгч гүйцэтгэсэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь нийт 2 000 000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.

 

Гэрээний 3.3-т зээлийн хүүг сарын 1 500 000 төгрөг гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүд 7 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Зээлдэгч П.Б- нь дээрх гэрээний дагуу үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 9 000 000 төгрөг /1 сарын хүү 1 500 000 төгрөг х 6 сар/ нийт 39 000 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөг төлсөн тул 37 000 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж дүгнэнэ.

 

Талууд гэрээний 3.7-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алдангийн заалттай нийцжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дууссан, хариуцагч П.Б- нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Т.Т- нь уг өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацаагаар алдангийг тооцож шаардах эрхтэй. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 37 000 000 төгрөгийг хоногийн 0.1 хувиар тооцвол 37 000 төгрөг болох бөгөөд хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн 63 хоногийн алданги 2 331 000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч алдангид 1 890 000 төгрөгийг шаардсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимд нийцнэ.

 

Хариуцагч П.Б- нь давж заалдах гомдолдоо уг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг гуравдагч этгээдэд өөрөө шилжүүлсэн, цар тахалын улмаас уг этгээд Монгол улсад ирэх боломжгүй гэж тайбарласан нь Т.Т- болон П.Б- нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй. Иймд түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 45 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА