Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/34

 

 

 

 

 

  

 

   Э.Мд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам,  шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Уламбаяр,

Шүүгдэгч: Э.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Нацагдорж /онлайн/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Эрдэнэчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Энхтүвшин,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолыг эс шүүгдэгч Э.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Мд холбогдох 2138001060052 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Онход ван овогт Эийн М, 1.... оны .... дугаар сарын .....-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ч сумын “Х” хороололд оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн .......................дугаартай/.

Шүүгдэгч Э.М нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Чсумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 14- ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгох, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэвэр олгох нөхцлийг бүрдүүлж, тэдгээрт давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Онход ван овогт Эийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эийн Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Мд тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.М нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ................... тоот дансанд тушаасан 42,980,834 /дөчин хоёр сая есөн зуун наян мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Г.Н нар давж заалдах гомдолдоо: “... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна:

1. Хэргийн тухайд “Тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэврийг олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа.

Гэвч тэтгэвэр тогтоолгохдоо иргэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн даатгалын байцаагчид буюу Э.Мд өргөдлийн хамт өгсөн. Түүнийг тэрээр хүлээн авч хянаад хуульд заасан шаардлага болзол нөхцөл хангасан бол тэтгэврийн хувийн хэрэг нээж, бодолт хийж, албажуулсны дараа аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгохоор материалыг ирүүлнэ. Тэтгэврийн хувийн хэргийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэргийн ажилтан хүлээн аваад тэтгэвэр тогтоолтын байцаагчид шилжүүлэн өгнө. Тэтгэвэр тогтоолтын байцаагч нь сумын нийгмийн даатгалын байцаагчийн бодолт, баримт материалын иж бүрдэл, үнэн зөв эсэхийг хянаад хуулийн шаардлага хангасан бол цахим мэдээллийн санд мэдээллийг оруулж тэтгэврийг тогтооно.

Дараа нь хяналтын байцаагч, үйлчилгээний тасгийн дарга, Санхүү бүртгэлийн тасгийн дарга, хэлтсийн дарга гэсэн албан тушаалтнууд дахин хянаж хуулийн шаардлага хангасан бол Үндэсний статистикийн хорооны даргын 2020.12.25-ны өдрийн А/73 дугаар тушаалаар зөвшөөрсөн Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020.12.30-ны өдрийн 246/А245 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Б-НД-4.4 дүгээр тэтгэвэр тогтоолтын хуудас дээр гарын үсэг зурж хүргүүлдэг. Үүний дараа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогчийн зөвшөөрсний дагуу аймгийн НДХ-ээс сум дахь банкинд байгаа тухайн иргэний дансанд мөнгө шилжиж ордог ба тэд данснаасаа мөнгөө хүлээн авна. Тэгэхээр захиран зарцуулах ямар ч мөнгөгүй Э.М нь тэтгэврийн гэх мөнгийг бусад руу шилжүүлэх ямар ч боломжгүйгээс гадна тийнхүү буюу 66 сая төгрөгийг бусад руу шилжүүлсэн тухай ямар ч баримт хэрэг дотор байхгүй.

Нөгөөтэйгүүр үлгэрлэж авч үзвэл ******* иргэний 60 сая төгрөгийг аймгаас банк руу шилжүүлэхэд 105 иргэн тэтгэвэр авах гэвэл мөнгө дутна, тэгэхээр аймгаас шилжүүлсэн мөнгө, тэтгэвэр авсан иргэний тоо таараад байна гэдэг нь аймгийн НДХ дээр алдаа гарсан болохоос сумын даатгалын байцаагч алдаа гаргасан хэмээн үзэх боломжгүй байна. Түүнчлэн 2021.04.21-аас ажлаа хийгээгүй байхад гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2021.07.05 хүртэл гэсэн нь нотлогдвол зохих байдлыг нотлоогүйгээс гадна хохирлын хэмжээг бодитоор тогтоогоогүй гэх нөхцлийг үүсгэж байгаа болно.

2. Шийтгэх тогтоол /7 дугаар хуудас, дороосоо 3 дахь догол/-д “Шүүгдэгч нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

Урвуулан ашиглах гэдэг нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно хэмээн хуульд өөрт нь тайлбарласан байна. Үйлдлийн зорилго нь албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэмээн тодорхойлсон байна. Гэтэл З.Мд эдийн болон эдийн бус ямар ч ашиг байгаагүй тул хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэдэг нь хамаарахгүй байна.

Харин Нийгмийн даатгалын албаны эрх ашгийн талаар МУ-д үйлчилж буй аль ч хуульд ямар ч байдлаар заагаагүй ба чиг үүргийн талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ба 3-т заасан “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах” гэснийг онцолж байна. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тэтгэмжийг цаг тухайд нь олгох чиг үүрэгтэй ба хойшлуулах, татгалзах чиг үүрэггүй болно.

Шийтгэх тогтоол /10 дугаар хуудас/-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасны дагуу тэтгэвэр тогтоогдоогүй Д*******т олгогдсон 1,174,193 төгрөг,*******д олгогдсон 1,050,*******,*******д олгогдсон 575,600 төгрөг,*******д*******,*******,*******,*******д*******,*******,*******,*******д*******,438,709 төгрөг, ..., нийт 42,980,834 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Маас гаргуулж” гэжээ. Гэвч нэр бүхий иргэд дээрх мөнгөнөөсд олгогдсон 700,*******, П.Бямбадоржид олгогдсон 1,162,903 төгрөг, Ч.Нт*******85,480 төгрөг төлсөн байх тул шүүх хохирлын гэх хэмжээг зөвхөн АНДХ-ээс гаргаж өгсөн бөгөөд өөр бусад этгээд нягталж үзээгүй баримтад тулгуурлан тогтоосон.

3. Яллах дүгнэлтэд Э.Мын зөрчсөн хэмээн эш татсан хуулийн болон ЗХХА-ын холбогдох хэсэг болон заалт нь үндэслэл /гипотез/ заасан хэм хэмжээ байх тул заалт /диспозиц/-ыг зөрчсөн хэмээн дүгнэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр үндэслэл заасан хэм хэмжээ нь заалт болон хариуцлага заасан хэсгийг хэрэглэхэд эх сурвалж болдог болно.

Иймд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан байдал нь санаатай үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Санаатай болон санамсаргүй 66,000,*******ийн хохирол учирсан байхад Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын тасаг юу хийж байсан юм бэ?, энэ асуудалд гомдолтой байна. Эцсийн эцэст би ганцаараа гэмт хэрэгтэн гэх нэр зүүгээд явж байна. Гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэж байгаа бол бүгдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Яллах дүгнэлтэд албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэхийн тулд прокурор 10 гаруй зүйл, заалт иш татсан. Тэр дундаас нэг ч хэсэг, зүйл, заалт нь Э.Мын албан эрх мэдлээ урвуулан ашигласантай холбогдохгүй байхад шүүх энэ яллах дүгнэлтийг үндэслэн шийдвэрээ гаргасан. Мөнгө шилжүүлэх эрх мэдэл Э.Мд байхгүй тул цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хяналт дотоод аудитын газраас хийсэн актын нэгдсэн танилцуулга дээр цаг хугацааны талаар дурдсан байгаа. 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллагааны хугацааны төлбөрийг төлбөрийн актад оруулан тооцоогүй. Хөвсгөл аймгийн Чсумын Хаан банк болон Төрийн банкнаар дамжуулсан тэтгэврийн орлогыг санхүү бүртгэлийн тасгаас тооцоолж, үүнийг аудитын тасгаар баталгаажуулж төлбөрийг тооцоолон гаргасан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Э.Мыг өөртөө ашигтай давуу байдал үүсгэсэн гэх дүгнэлт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд байхгүй гэж гомдолд дурдагдсан. Гэхдээ бусдад давуу байдал үүсгэсэн. Тэгэхээр давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос Э.Мыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Чсумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгох, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэвэр олгох нөхцлийг бүрдүүлж, тэдгээрт давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Э.М болон түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарын гаргасан “...Тэгэхээр захиран зарцуулах ямар ч мөнгөгүй Э.М нь тэтгэврийн гэх мөнгийг бусад руу шилжүүлэх ямар ч боломжгүйгээс гадна тийнхүү буюу 66 сая төгрөгийг бусад руу шилжүүлсэн тухай ямар ч баримт хэрэгт байхгүй.

... Э.Мд эдийн болон эдийн бус ямар ч ашиг байгаагүй тул хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэдэг нь хамаарахгүй байна. ...Гэвч нэр бүхий иргэд дээрх мөнгөнөөсд олгогдсон 700,*******, П.Бямбадоржид олгогдсон 1,162,903 төгрөг, Ч.Нт*******85,480 төгрөг төлсөн байх тул шүүх хохирлын гэх хэмжээг зөвхөн АНДХ-ээс гаргаж өгсөн бөгөөд өөр бусад этгээд нягталж үзээгүй баримтад тулгуурлан тогтоосон.

Яллах дүгнэлтэд Э.Мын зөрчсөн хэмээн эш татсан хуулийн болон ЗХХА-ын холбогдох хэсэг болон заалт нь үндэслэл /гипотез/ заасан хэм хэмжээ байх тул заалт /диспозиц/-ыг зөрчсөн хэмээн дүгнэх боломжгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

2. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор заасан бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилсан ба шүүгдэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарна.

3. Э.М нь албан үүргээ гүйцэтгэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.7, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтууд, холбогдох дүрэм, журмыг ноцтой зөрчсөн байх бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд үйлдэгдсэн гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй, зөв тодорхойлсон байна.

4. Э.М нь тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс И-мэйл хаягаар цахим хэлбэрээр хүргүүлж буй тэтгэвэр олгосон жагсаалтад нэр бүхий 24 иргэнийг нэмэлтээр оруулах замаар эрх олгосон, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж хууль бус санаагаа хэрэгжүүлсэн үйлдэл нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон  албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

5. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж бодит хохирлыг зөв тооцоолжээ.

6. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Э.Мд нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулсан талаар 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 17/45, мөн 17/46 дугаартай “Төлбөр төлүүлэх тухай акт” тогтоосон байх ба тэрээр уг актуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна        /1-р хх-ийн 19-31, 32-40 тал/.

7. Хэрэгт авагдсан актуудын хавсралт /1-р хх-ийн 19-31, 32-40 тал/-д дурдагдсан нэр бүхий иргэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 23,476,509 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлсөн, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөх ёстой 42,980,834 төгрөгийг шүүгдэгч Э.М нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд тушаасан байна.

 8. Прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

9. Шүүхийн шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.М болон түүний өмгөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

гэ