| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2024/0076/З |
| Дугаар | 123/ШШ2025/0006 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 123/ШШ2025/0006
2025 01 14 123/ШШ2025/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б*********н,
Хариуцагч: Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ц.Х***********л, аудитор Т.Х**********р нарын хооронд үүссэн төрийн аудиттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б*********н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Галтаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир /цахим/, хариуцагч Т.Х**********р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ц.Б*********н нь Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ц.Х***********л, аудитор Т.Х**********р нарт холбогдуулан “Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 128-А1970405-ТӨА-2024/89/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах”-аар 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. [1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Төв аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/101 дүгээр захирамжаар Ц.Б*********нг аймгийн Засаг даргын орлогчоор,[2] Төв аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар Ц.Б*********нг Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх үндэслэлээр ажлаас чөлөөлж[3], Б/25 дугаар захирамжаар Ц.Б*********нг аймгийн Засаг даргын зөвлөхөөр томилжээ. [4]
2.2. Төв аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 253-А1970405-ТӨА-2023/34/НА-СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг хүргүүлжээ. [5]
2.3. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө”-г баталсан.[6]
2.4. Улмаар Төв аймаг дахьТөрийн аудитын газрын дарга Ц.Х***********л, аудитор Т.Х**********р нар 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128-А1970405-ТӨА-2024/89/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг үйлдэж, аудитын тайлангаар нэхэмжлэгчийг Засаг даргын орлогчоор томилон ажиллуулсан зөрчилд өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөвлөхийн цалинд 28,340,884 төгрөг олгосон зөрчлийг давтан гаргасан гэж үзэж Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж олгосон цалин 28,340,884.00 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлж, актын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Төв аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, ерөнхий нягтлан бодогч Э.Бүжинлхам нарт хариуцуулсан байна. [7]
2.5. Нэхэмжлэгч Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ц.Х***********л, аудитор Т.Х**********р нарын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128-А1970405-ТӨА-2024/89/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг эс зөвшөөрч, гомдлоо Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Загджавт 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргажээ. [8]
2.6. Монгол улсын Ерөнхий аудитын газрын Чанарын удирдлагын газрын захирал, тэргүүлэх аудитор Ж.Батсайхан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06/2160 дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх тул таны гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгснийг нэхэмжлэгч хүлээн авч танилцаад эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. [9]
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ц.Б*********н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ц.Б*********н миний бие 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Төв аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Уг албан тушаалд томилогдохоос өмнө миний бие Төв аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан ба эдгээр албан тушаалуудад ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргалгүй, хуулийн хүрээнд ажилласаар ирсэн. Гэтэл Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 128-А1970405-ΤΘΑ-2024/89ΗΑ-СТА-ТШЗ дугаартай актаар надад холбогдуулан 28,340,884 төгрөгийн акт тавигдсан тухай Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат нь надад 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02/1533 дугаартай албан бичгээр мэдэгдсэнээр, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн захиргааны акт гарсан талаар олж мэдсэн. Миний хувьд хуулийн дагуу томилогдсон албан тушаалд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэн, цалин хөлсөө авч байсан бөгөөд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 128-Α1970405-ΤӨΑ-2024/89НА-СТА-ТШЗ дугаартай акт гарсан талаар, уг актаар надад их хэмжээний төлбөр төлүүлэх хариуцлага хүлээлгэсэн талаар тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан огт мэдэгдээгүй. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр уг актыг мэдсэн даруйд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх заалтыг баримтлан 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавт хандаж уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Үндэсний аудитын газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06/2160 дугаартай албан бичгээр уг гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Маргаан бүхий актад “... Төрийн хэмнэлтийн тухай хүүлийн 5 дугаар зүйлийн 5.2-6 “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно”, 5.4-т “Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ, 37.1.6-д “Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй байна" гэх үндэслэл зааж, надаас 28,340,884 төгрөгийг гаргуулан, Төрийн сангийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байх ба уг захиргааны акт нь дараах байдлаар хууль зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хүүлиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу болон үг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна”, 11.1.9-д “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч. Улаанбаатар хотын ерөнхий менежер”, 11.1.10-т "улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал", 11.3-т “Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана” гэж тус тус заасан. Иймээс Төв аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай захирамжаар намайг Аймгийн Засаг даргын зөвлөхөөр томилон ажиллуулсан нь өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд орон тооны нэг зөвлөхийг томилон ажиллуулах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн шийдвэр байх тул Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан нэгээс илүү орлогч дарга ажиллуулсан, эсхүл тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаал бий болгосон гэх зөрчилд хамаарахгүй. Миний томилогдон ажиллаж буй зөвлөхийн ажлын байрны чиг үүрэг нь Аймгийн Засаг даргын орлогчийн ажил байдлын тодорхойлолтод зааснаас өөр бөгөөд зөвлөхийн албан тушаал нь аймгийн гадаад харилцаа, аймагт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллах үндсэн зорилго бүхий ажлын байр атал хариуцагч нар нь энэхүү нөхцөл байдлыг тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй байна. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.3-т заасан зөвлөх ажиллуулахыг хориглосон заалт нь Засгийн Газрын агентлаг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хамаарах зохицуулалт байхад уг хуулийн зохицуулалтыг баримтлан иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон акт гаргасанд гомдолтой байна. 3.Хариуцагч нар нь тухайн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д: "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, “25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-т: “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж, тус байгууллагын гаргаж буй шийдвэр нь миний эрх ашгийг хөндөхөөр байхад надад сонсох ажиллагааг огт явуулаагүйгээс гадна мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д: "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", 43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна, Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж заасныг зөрчиж, захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа этгээд болох Ц.Б*********н надад мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу огт хийгээгүй болно. Миний бие хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэсэн учраас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаандаа гомдлоо гаргасан. Иймд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 128-Α1970405-ΤӨΑ-2024/89ΗΑ-СТА-ТШЗ дугаартай захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм. Төв аймаг дахь Төрийн аудитын газраас намайг өөрийгөө тухайн албан тушаалд томилон төрд их хэмжээний хохирол учруулсан мэтээр төлбөр барагдуулах тухай захиргааны акт гаргасанд гомдолтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 128-Α1970405-ΤӨΑ-2024/89НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие төрийн албаны мерит зарчмын дагуу 2020 онд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын орлогчоор томилогдон ажилласан. Төрийн хэмнэлтийн тухай хууль гарсанаар хоёр орлогчтой байж байгаад нэг орлогч болох миний биеийг Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд өөртөө байгаа сул ажлын байр болох зөвлөхийн орон тоонд шилжүүлэн ажлуулсан. Энэ нь хэмнэлтийн хуультай холбогдон гарсан шинэ орон тоо биш. Засаг дарга өөртөө байсан шинэ орон тоогоор миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хуульд заасан үүргээ биелүүлж томилон ажлуулсан гэж үзэж байна. Миний зөвлөхөөр ажилласан хугацааны цалинд төрийн аудитын байгууллагаас акт тавигдсан. Төв аймгийн Засаг дарга өөрийн шийдвэрээр намайг томилон ажлуулж төрийн чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж ажилласан байтал хувь хүн надад энэ актыг барагдуулах үүргийг хүлээлгэсэн явдалд гомдол гаргаж энэ актыг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлт, гомдлыг шүүхэд гаргаж байна” гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галтаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийн хувьд хариуцагч байгууллагаас уг төлбөр барагдуулах тухай актыг гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Ц.Б*********нд танилцуулж, тайлбар авах хуульд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй. Энэ талаар нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан бичгээр мэдээд маргаан бүхий актын хуулбарыг олж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхий аудиторт тухайн актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч уг гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, асуулт хариултын шатнаас ямар дүгнэлт гарсан бэ гэвэл хариуцагч байгууллагын хувьд хяналт шалгалт явуулах эрхтэй юу гэвэл эрхтэй, буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой. Аудитын газарт албан шаардлага буюу мэдэгдэл өгөх эрх нь байгаа. Буруутай этгээдэд хариуцлага ногдуулахдаа гагцхүү хуулиар хүлээлгэсэн байгаа. Захиргааны ерөнхий хууль, төрийн хяналт шалгалтын тухай хууль гэх мэт. Энэ дээр төлбөр барагдуулах акт нь Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг шалгаж байж түүн дээр алдаа дутагдал илрүүллээ гэхэд тухайн Засаг даргад хариуцлага ногдуулах ёстой байтал иргэн Ц.Б*********нд авсан цалингын хэмжээгээр тэр мөнгийг буцаан гаргуулах акт гаргасан байгаа харагдаж байна. Аудитын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчихөөр бол заавал мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар тухайн эрх ашиг нь хөндөгдсөн хүнд албан ёсоор мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор зохицуулсан. Энэ ажиллагааг хариуцагч байгууллагын зүгээс огт хийгээгүй. Энэ актыг гарах гэж байгаа болон гардуулсан талаар ямар нэгэн баримт байхгүй. Асуулт хариултын шатанд хариуцагч байгууллага өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Ц.Б*********н гэдэг хүнтэй бол харьцаагүй. Нягтлан бодогчид хэлсэн гэдэг. Сонсох ажиллагааны хувьд бол хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан байна. Үүнийг нэхэмжлэгчид биш Засаг даргад хаягласан байна. Маргаан бүхий акт нь хууль заасан дүрэм журмыг зөрчиж гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр барагдуулах тухай акт нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гарсан хууль бус захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт. Төлбөр барагдуулах тухай акт нь Төрийн аудитын тухай хуульд зааснаар холбогдогч этгээд бол Засаг даргын Тамгын газар байдаг. Шалгагдагч этгээдэд мэдэгдэх асуудал нь хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд буюу хоёр өөр асуудал. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хаяглагдсан этгээдэд мэдэгдэх гэдэг бол эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгддэг. Төлбөр барагдуулах тухай акт нь нэхэмжлэгч Ц.Б*********нгийн бүтэн жил ажилласан хөдөлмөрийн хөлсийг төр хурааж авах захиргааны акт. Ц.Б*********н нь зөвлөхийн ажилд өөрөө өөрийгөө томилоогүй ба аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар Засаг даргын зөвлөхөөр томилогдсон. Төрийн аудитын газрын ирүүлсэн хариу тайлбарт хариуцагч тал маргаан бүхий актын талаар Тамгын даргаар дамжуулж мэдэгдсэн гэж байна. Хаяглагдсан этгээд маань өөрөө Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээд. Өөрөөр хэлбэл энэ нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Хөдөлмөрлөсөн бол цалин хөлсөө авах нь хүний үндсэн эрх. Тухайн этгээдийн субъектив эрх зөрчигдөж байгаа тохиолдолд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд гэж үзэж энэ этгээдэд даалгаж байгаа. Түүнээс биш аймгийн Засаг дарга эсхүл аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж байгаа асуудал биш байна. Захиргааны акт шууд чигэлсэн. Төлөөлөх ёстой этгээд нь Ц.Б*********н гэж зөвтгөж тавьсан. Энэ актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар гардууулах ёстой юм. Гардуулахдаа гардаж авсан этгээдээр гарын үсгийг зуруулж, баталгаажуулах ёстой. Иймд захиргааны актыг гардуулсанаар мэдэгдсэнд тооцно. Иймд миний үйлчлүүлэгчид захиргааны актыг мэдэгдээгүй. Хоёрт сонсох ажиллагаа огт хийгээгүй. Төв аймаг дахь Төрийн аудитын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийх ёстой. Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд бол Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд гээд тодорхойлж өгсөн. Төв аймаг дахь Төрийн аудитын газар хэнийг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй асуудал болсон. Сонсох ажиллагааны хувьд сонсох ажиллагааг огт хийгээгүй. Хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх ёстой байсан. Сонсох ажиллагаа огт хийгээгүй үүний дараа мэдэгдэх ажиллагаа хийгээгүй. Дараагаар нь захиргааны акт гаргаж Засаг даргын Тамгын газар руу хүргүүлсэн байдаг. Засаг даргын Тамгын газар энэ актыг мэдэгдэх үүрэгтэй, үүрэг хүлээхийг Захиргааны ерөнхий хуульд заасан. Тухайн актыг гаргасан захиргааны шийдвэр гарсан мөртлөө тухайн байгууллага энэ актыг дахин мэдэгдэх ёстой. Энэ акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Хууль бус захиргааны акт болох нь тогтоогдоно. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд Ерөнхий аудиторт нэхэмжлэгч хандсан ба Үндэсний аудитын газраас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариу өгсөн. Захиргааны актыг огт мэдэгдээгүй этгээдэд хөөн хэлэлцэх асуудал яригдахгүй. Хэзээ мэдсэнээс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Яагаад гэвэл захирамж шийдвэр гаргасан байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд мэдэгдээгүй байгаа тохиолдолд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм уу. Миний үйлчлүүлэгч Засаг даргын Тамгын газраас мэдсэн гэдгээ нотлох баримтаар нотлож анх мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага буюу Үндэсний аудитын газарт гомдол гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу хийгдсэн. Иймд маргаан бүхий Төв аймаг дахь Төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актын шинжийг хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.4. Хариуцагч Т.Х**********р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугармаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны “Аудитын сэдэв батлах тухай” 08 дугаар тогтоол, Монгол улсын Ерөнхий аудиторын 2023 оны “Аудитын жилийн төлөвлөгөө батлах тухай" А/162 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын 2024 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөө болон Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны 01 дүгээр “Төлөвлөгөө батлах тухай” тушаалыг үндэслэн аудитор Т.Х**********р нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж гүйцэтгэсэн ба Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайланд аудит хийх явцад Засаг даргын орлогчийг зөвлөхөөр томилон ажиллуулсан зөрчилд өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөвлөхийн цалинд 28,340.8 мянган төгрөг олгосон зөрчлийг гаргасан. Өмнөх оны аудитаар Төв аймгийн Засаг дарга нь Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон хоёр орлогчтой байсан ба уг зөрчлийг таслан зогсооно уу гэсэн албан шаардлагыг 2023 онд өгсөн байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шалгагдагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчлүүдэд сонсох ажиллагаа явуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн. Тус мэдэгдлийн 1-д “Захиргааны шийдвэр гаргах талаарх мэдээлэл, үндэслэл: Төсвийн шууд /төвлөрүүлэн, ерөнхийлөн захирагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар өмнөх оны аудитаар Засаг даргын орлогчийг зөвлөхөөр томилон ажиллуулсан зөрчилд өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагуй, зөвлөхийн цалинд 28,340.8 мянган төгрөг олгосон зөрчлийг гаргасан. Энэ нь төлбөрийн акт тогтоох, аудитын тайланд зөрчлийг тусгаж баталгаажуулах зэрэг таны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа захиргааны шийдвэр гаргах талаар 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 00 минутад аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэлийг танилцуулж, сонсох ажиллагааг төлөөлөгчөөр дамжуулан санал авах хэлбэрээр хийх болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128-А1970405-ΤΘΑ-2024/89НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актад дурдсан зөрчлийн талаар нэхэмжлэгч Ц.Б*********нд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэж, сонсох ажиллагааг “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу шалгагдагч байгууллагын нягтлан бодогчоор дамжуулан 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутын үед ерөнхий нягтлангийн өрөөнд нь орж танилцуулан нягтлан бодогчоор гарын үсгээ зуруулан баталгаажуулсан байдаг. Иймд нэхэмжлэгч Ц.Б*********нд дээрх төлбөрийн актын талаар мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн маргаж буй 128-А1970405-ΤΘΑ-2024/89НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталгаажуулж, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, ерөнхий нягтлан бодогч Э.Бүжинлхам нарт буюу актын биелэлтийг хариуцах этгээдүүд гардуулан өгсөн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул Ц.Б*********нгийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бидний ойлгож байгаагаар нэхэмжлэгч нь энэ асуудлыг мэдэхгүй байж байгаад 2024 оны 09 дүгээр сард Засаг даргын Тамгын газрын даргын албан бичгээр олж мэдээд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна. Энэ бол 2024 оны 09 дүгээр сард гэнэт гарч ирсэн асуудал биш. Энэ асуудал 2022 онд орлогчийн албан тушаалаас чөлөөлөгдөж зөвлөхөөр томилсон үед 2023 онд хийгдсэн санхүүгийн аудитын тайлангаар энэ бол Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байгаа учир энэ зөрчлийг таслан зогсооно уу гэсэн албан шаардлагыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч болон Төв аймгийн Засаг дарга нарт албан шаардлагыг хариуцуулж өгсөн байдаг. Албан шаардлагын хэрэгжилтийг дараа жил нь шалгах үед хэрэгжээгүй зөрчил давтагдан гарсан байсан. Ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсан учраас 2023 оны санхүүгийн тайлан буюу 2024 оны 4 дүгээр сард төлбөрийн актыг тогтоосон. Уг төлбөрийн актыг тогтоохдоо 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу байгууллагын төсвийн шууд захирагч болон нягтлан бодогчид асуудал нэг бүрээр танилцуулан тайлбарыг авсан. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг нягтлан бодогчоор хүргүүлсэн боловч танилцсан гэх гарын үсэг зурахаас татгалзсан. Ийм учраас нягтлан бодогч нь хүлээн зөвшөөрөхгүй гээд тэмдэглэл гараар үйлдэж баримтжуулсан. Нэхэмжлэгч Ц.Б*********нд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхэд би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй учраас танилцуулах гэж орсон нягтлан бодогч маань хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй гэсэн тэмдэглэл хөтөлж нягтлан бодогч өөрөө гарын үсэг зурж он сарыг тавьсан. Яагаад гэвэл өмнөх албан шаардлагыг 2022 оны санхүүгийн тайлангын аудитаар өгсөн албан шаардлага болон өмнөх санхүүгийн тайлангын аудитын үед энэ асуудлын бүртгэлийг танилцуулж байх үед яригдаагүй байна гэж байхгүй. Нягтлан бодогчоор дамжуулан сонсох ажиллагааг явуулна гэж сонсох ажиллагааны мэдэгдлийг нягтлан бодогчид хүргүүлсэн. Сонсох ажиллагааны талаар тусдаа заасан байдаг. Сонсох ажиллагааг төлөөлөгчөөр дамжуулан санал авах хэлбэрээр явуулна гэж, энэ сонсох ажиллагааг өмнө нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутын үед өрөөнд нь орж танилцуулсан болно гээд нягтлан бодогч нь гарын үсэг зурж танилцуулсан байдаг. Нэхэмжлэгч Ц.Б*********н нь Засаг даргын зөвлөх гэх албан тушаалтай учраас маш их ажилтай байдаг байх. Манай аудитор хэд хэдэн удаа очиж уулзах гээд очиход байхгүй байсан учраас 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн нягтлан бодогчоор дамжуулан мэдэгдлийг ийм акт тогтоох гэж байгаа талаарх илэрсэн зөрчил зэргийг танилцуулаарай гэж хүргүүлсэн. Санхүүгийн аудитор нь шалгагдагч байгууллагын дарга болон нягтлан бодогч байгууллагыг төлөөлж төрийн аудитортой харьцдаг. Нягтлан бодогчид танай байгууллагад цалингийн ийм зөрчил илэрлээ гэдгийг дамжуулж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдсэн. Нэхэмжлэгч өөрөө сонсох ажиллагаанд оролцоос татгалзаж баримт дээр гарын үсэн зураагүй. Бид хуульд заасан журмын хүрээнд буюу хуульд заасан эрхийнхээ хүрээнд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх ажиллагааг хийсэн. Манай зүгээс сонсох ажиллагааг 2024 оны 4 дүгээр сард мэдэгдсэн учраас нэхэмжлэгч нь 9 дүгээр сард Тамгын газрын даргын албан тоотоор мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандахад хуульд заасан хариу буюу Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учир гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Ц.Б*********нгийн нэхэмжлэлтэй, Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ц.Х***********л, аудитор Т.Х**********р нарт холбогдох захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Төв аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 253-А1970405-ТӨА-2023/34/НА-СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгах тухай” албан шаардлагаар Засаг даргын орлогчийн зөвлөхөөр томилсон зөрчлийг арилгаж, биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Төв аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, ерөнхий нягтлан бодогч Э.Бүжинлхам нарт даалгажээ. [10]
3. Маргаж буй Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ц.Х***********л, аудитор Т.Х**********р нарын гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128-А1970405-ТӨА-2024/89/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар нэхэмжлэгч Ц.Б*********нг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.8 дахь хэсэгт заасныг үндэслэн “Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж олгосон цалин 28,340,884.00 төгрөгийг Засаг даргын зөвлөхөөр төлүүлэн Төв аймгийн Төрийн сан дахь Тө.Хүү тогуулийн орлогын 100140000988 тоот дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Төв аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, ерөнхий нягтлан бодогч Э.Бүжинлхам нарт хариуцуулж шийдвэрлэжээ.
4. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын “санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө”-ний зорилго нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг бүх материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж үнэн зөв толилуулсан эсэхэд санал дүгнэлт өгөхөд чигэлжээ. [11]
5. Төрийн аудитын тухай хуулийн 4.1.4 дэх хэсэгт “шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг” гэж тодорхойлсон ба "аливаа этгээд" гэснийг шалгагдагч этгээд тэдгээрийн холбогдох албан тушаалтныг ойлгоно” гэж , 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж хуульчилсан.
6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шалгагдагч этгээд нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон Төв аймгийн Засаг дарга байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б*********н нь “шалгагдагч этгээд” биш байна.
7. Тодруулбал Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Дараахь албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна:”, 14.1.20 дахь хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн” гэж зааснаас үзвэл аймгийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, болон Зөвлөл, Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцах үүрэгтэй, төсвийн талаар бие даан захиргааны акт гаргах субьект байна.
8. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Засаг даргын орлогч (хоёроос илүүгүй)” гэж Засгийн газрын 2022 оны 263 дугаар тогтоолоор өөрчлөлт орсуулснаас үзэхэд аймгийн Засаг дарга нэг орлогчтой байхаар хууль, журамд тусгажээ.
9. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоосон ба тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласны дагуу Төв аймгийн Засаг дарга нь 377 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Ц.Б*********нг 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлжээ.
10. Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч Ц.Б*********нг 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын зөвлөхийн орон тоог бий болгон томилсон нь Төв аймгийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа байна.
11. Хариуцагч Төв аймгийн Төрийн аудитын газраас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан акт тавилгүй, нэхэмжлэгч Ц.Б*********нд акт тавьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
12. Түүнчлэн Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан зарчимд нийцээгүй байна.
13. Хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь уг заалт нь төрийн албан хаагчид дээд шатны албан тушаалтнаас ажил үүргийнх нь хувьд тавьсан шаардлагатай холбоотой болохоос “томилогдохгүй байх” гэсэн ойлголтод хамаарахгүй.
14. Түүнчлэн хариуцагчаас 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр албан шаардлагыг аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт хүргүүлсэн атлаа төлбөр барагдуулах актыг Ц.Б*********нд холбогдуулан тавьсан нь ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны актыг нэхэмжлэгчид хүргүүлээгүй байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
15. Иймд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Ц.Х***********л, аудитор Т.Х**********р нарын 128-А1970405-ТӨА-2024/89/НА-СТА-ТШЗ дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүх шийдвэрлэв.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*********нд олгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б*********нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 128-А1970405-ТӨА-2024/89/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Төв аймаг дахь Төрийн аудитын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*********нд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] хэргийн 1-4 дүгээр тал,
[2] хэргийн 9 дүгээр тал
[3] хэргийн 10 дугаар тал
[4] хэргийн 11 дүгээр тал
[5] хэргийн 54 дүгээр тал,
[6] хэргийн 70-75 дугаар тал,
[7] хэргийн 52 дугаар тал,
[8] хэргийн 12 дугаар тал,
[9] хэргийн 14 дүгээр тал
[10] хэргийн 54 дүгээр тал,
[11] хэргийн 70-75 дугаар тал,