Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00584

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00584

 

 

 

П.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/00209 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.О-н нэхэмжлэлтэй хариуцагч Э.Н-д холбогдуулан гаргасан 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн БЭ  ХХК-ийн 50 хувийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, компанийн эзэмшлийн 1 925 000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг өөрийн нэр дээр буцаан авах, компанийн гэрчилгээ, дүрэмд зохих өөрчлөлт оруулан, татвар, нийгмийн даатгал, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлага, өр төлбөргүй байдлаар хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О түүний өмгөөлөгч С.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул, түүний өмгөөлөгч К.Бауиржан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хүүхэд, хүүхдийн мэдрэлийн үзлэг, оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БЭ ХХК ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцааг дангаар эзэмшиж байсан. Э.Н-тэй 2017 онд тохиролцож өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувь буюу нэг бүр нь 3 850 төгрөгийн үнэтэй 50 ширхэг нийт 1 925 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг бэлэглэж,компанийг 50:50 хувиар эзэмшиж, хамтран ажиллахаар болсон.

Гэтэл Э.Н нь нэхэмжлэгчийн компанийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж, компани байрлаж байгаа байранд нэвтрүүлэхгүй байх, албан өрөөнд орж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан бланс, холбогдох материалыг нууж, нэхэмжлэгчийн нэрээр худал тайлан мэдээ гаргаж, дуудлагаар хүн үзэх гэх мэт үйл ажиллагааны үндсэн чиглэлд үл нийцэх үйлчилгээ явуулах байдлаар удаа дараа гэрээгээр тохирсон үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгчийн хувьд компанийхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах, хэвийн байдлаар үйл ажиллагааг нь эрхлэн явуулахад оролцох, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, ноцтой гомдоосон учир Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 болон талуудын хооронд 2017.08.07-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардлага гаргасан. Гэрээг хүчингүй болгосонтой холбоотойгоор дээрх компанийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг П.О-н нэр дээр буцаан шилжүүлж, татвар, нийгмийн даатгал, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлага, өр төлбөргүй байдлаар БЭ ХХК-ийн гэрчилгээ дүрэмд зохих өөрчлөлт оруулан хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие өөрөө мэргэжилтэй, 2017.1.2-ны өдрөөс гэр бүлээрээ эрүүл мэндийн лавлах -------дугаарыг ажиллуулж, энэхүү утсаар хүүхдийн эрүүл мэндийн талаарх зөвлөгөө мэдээллийг өгч, шаардлагатай тохиолдолд гэрээр үзлэг хийдэг байсан ба энэхүү ажлаа өргөжүүлэх, хүүхдийн хувийн эмнэлэг нээх зорилгоор баримт материалаа бүрдүүлж байх явцдаа БЭ ХХК ХХК-ийн захирал П.О эмчийн тавьсан 2017.7.26-ны өдрийн фейсбүүкийн Монголын эрүүл мэндийн салбарын нэгдсэн группийн пэйж хуудсан дах хүүхдийн хувийн эмнэлэг байгуулах хүсэлтэй эмч байна уу байвал чатаар холбогдоорой гэсэн зарыг олж үзээд 2017.7.31-ний өдөр нөхөр Б.У-н хамт  уулзахад компаний тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа, нас өндөр болж байгаа, бас ар гэрийн гачигдалтай, өөрийн бие муу байгаа, мөн энэ ажлыг залгамжлаад явах үр хүүхдүүд надад байхгүй тул эхлүүлсэн ажлаа ингээд бүү дуусаасай, энэ компанийг маань цааш нь үргэлжлүүлээд, тусгай зөвшөөрлийг нь сунгуулаад аваад явах хүн байвал өгчих юмсан гэсэн хүслээр зар тавьсан. Зарын дагуу хоёр, гурван ч хүн ирж уулзсан. Таалагдах хүн байсангүй ээХарин та 2 маань их буянтай ажил эхлүүлсэн явж байгаа юм байна. Хүүхдийн эмнэлэг байгуулахаар нэгэнт шийдээд хөөцөлдөөд явж байгаа юм бол миний компанийг аваад үйл ажиллагаагаа өргөжүүлээд яваа. Би та хоёрыг цаашид амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэж байгаа учраас компаниа 100% үнэ төлбөргүй бэлэглэмээр байна гэж байсан. 

Ийнхүү ажил алба, ахуй амьдралаа харилцан ярилцсаны эцэст манай том хүүтэй нас чацуу, ирээдүйд эмч болгох хүсэлтэй Б.С гэх зээ хүүтэйг нь мэдээд манай нөхөр Б.У-н таны сайхан сэтгэлд талархаж байна аа. Гэхдээ бид таны эхлүүлсэн зүйлийг зүгээр авахыг хүсэхгүй байгаа тул худалдаж авмаар байна аа. Эсвэл ирээдүйд зээ хүү Б.Сийг тань эмч болох үед 50 хувийн хувьцааг нь шилжүүлж өгөх саналтай байна. Та гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад хариугаа өгөөрэй гэсэн саналын дагуу харилцан тохиролцоод хамтарч ажиллахаар болсон ба ингэхдээ БЭ ХХК-ийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг сунгуулж, эмнэлгийн зориулалтын байртай болох, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, нэр хүндийг өсгөх зорилгыг өмнөө тавьж П.О эмч хүссэнээр, манай нөхөр Б.У-н санал тавьснаар, БЭ ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2017.8.7-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн. 

Анх тус компани нь П.О эмчийн нэр дээр 100 хувь бүртгэлтэй ч мэдрэлийн эмчийн үзлэгээс өөр ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, тогтвор суурьшилтай ажиллах байр, тоног төхөөрөмж байхгүй байсан ба бид 2 харилцан ярилцаад компанийг өргөтгөх, компаний нэрээр өөр өөрийн үйл ажиллагааг тус бүртээ явуулахаар тохирсонИнгэхдээ П.О эмчийн хүсэлтээр түүний саналаар БЭ ХХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаал, тамга тэмдэг, эрхийг надад шилжүүлж үйл ажиллагааг нь хариуцан авч явахыг зөвшөөрсөн.  Нөхөр Б.У-н эзэмшлийн ИЭХХК-ийн нэр дээр БЗД-ийн 25 дугаар хорооны 8 м.кв талбайтай байрыг түрээслэн авч, эмнэлгийн зориулалтаар засаж тохижуулан И-ЭХХК-ийн эзэмшлийн тусгай дугаар, эмнэлгийн тоног төхөөрөмж, машин техникийг ашиглаж, БЭ ХХК-ний тусгай зөвшөөрлийг хүүхдийн өвчний оношлогоо, эмчилгээ чиглэлээр сунгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 Энэ хугацаанд БЭ ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулан компаний нэрээр үзүүлсэн үйлчлүүлэгч нарыг бүртгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн олсон орлогыг компаний данс тооцоонд бүртгэн, холбогдох тайланг зохих журмын дагуу гаргаж, татвар хураамжийг цаг тухайд төлөөд явж байсан. ХаринП.О эмч бид хоёр БЭ ХХК-ийн нэрээр тус тусдаа мэргэшсэн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж, олсон орлогоо тус бүртээ авахаар тохирсон баП.О эмчийн хувьд хүүхдийн мэдрэл чиглэлээр эмчилгээ үйлчилгээг бие даан явуулж, олсон орлогоо хувьдаа авдаг, компанид ямар нэг орлого тушаадаггүй, түрээс болон хэрэглээний зардал төлдөггүй байсан. П.О эмчийн ажилд хөндлөнгөөс оролцоод үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан удаа байхгүй, хувьцаа эзэмшигчийн эрх нь нээлттэй, компаний өдөр тутмын үйл ажиллагааг мэддэг байсан ба хүссэн үедээ ажилдаа ирж очиж, ажлаа ямар нэг саадгүй хийж, ашиг орлого олж байсан нь компаний өдөр тутмын үзлэгийн бүртгэлээс тодорхой харагдана. П.О эмчийг гомдоогоогүй, эрхийг нь хязгаарлаагүй, харин ч ажиллах нөхцөл бололцоогоор нь бүрэн хангаж байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.2-т зааснаар 2017.08.07-ны өдрийн БЭ ХХК ХХК-ийн 50 хувийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, БЭ ХХК-ийн эзэмшлийн 1.925.000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг хариуцагч Э.Н-гээс гаргуулж нэхэмжлэгч П.О-н нэр дээр буцаан шилжүүлж, компанийн гэрчилгээ, дүрэмд зохих өөрчлөлт оруулан татвар, нийгмийн даатгал, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлага, өр төлбөргүй байдлаар хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчП.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч Э.Нгээс 115.950 төгрөгийг гаргуулж П.От олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан 2017.8.7-ны өдрийн БЭ ХХК-ийн 50 хувийн хувьцааг бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ компаний 50 хувийн эзэмшигч нэхэмжлэгч П.О нь өөрийн байгуулсан компанийхаа 50 хувийг үнэ төлбөргүйгээр бэлэглэсэн байхад түүнийг компаний үйл ажиллагаанд оролцуулахгүй, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй, өөрийнх нь асуулт, хүсэлтэд хариу өгөхгүй байх зэргээс нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтууд бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйл баримт мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөнгүй. Компаний гүйцэтгэх удирдлагыг Э.Н нь хэрэгжүүлж, компаний үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдийн өвчний оношлогоо, эмчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авч ажиллаж байсан.П.О-т зориулан хүүхдийн мэдрэлийн өвчний оношлогоо, эмчилгээ явуулах шаардлага хангасан, ажиллах боломжийг бүрдүүлсэн ажлын байрыг үнэ төлбөргүй, түрээсийн төлбөргүйгээр бэлдэн өгч, олсон орлогоо компанид биш хувьдаа авах нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч байсныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

П.О нь компаний үйл ажиллагаанд оролцуулдаггүй, компаний санхүү татварын болон үйл ажиллагааны тайлан баланс, холбогдох баримтыг нууж миний нэрээр татварын тайлан зэргийг худлаа гаргаж байсан, тусгай зөвшөөрөлгүй атлаа гэрийн дуудлагаар өвчтөн үзэж, үйл ажиллагааны чиглэлд үл нийцэх ажиллагаа явуулах зэргээр удаа дараа гэрээгээр тохирсон үүргээ зөрчиж байсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан байдаг. Хариуцагч талаас нэхэмжлэгч П.О-ыг гомдоосон ноцтой үйлдэл хийж байгаагүй гэдгээ нотлохоор холбогдох баримтуудыг гарган өгсөн бөгөөд шүүх хянан үзээд нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна гэсэн хэд хэдэн үйл баримтыг сонгон авч бэлэглэгчийн ноцтой гомдоосон гэж дүгнэсэн.

Ингэхдээ шүүх бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч нарын хооронд үүссэн ямар харилцаа, ямар үйлдэл нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл байсан гэдэгт үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй ба харин БЭ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хувьд түүний явуулсан үйл ажиллагаа хуульд нийцээгүй гэсэн байдлаар дүгнэж үүнийгээ бэлэглэгчийг гомдоосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Шүүх Компаний тухай хууль болон БЭ ХХК-ийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчийн эрх үүргээ хэн аль нь хэрхэн биелүүлж байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй, Компаний тухай хууль болон бусад хууль зөрчсөн эсэх асуудал нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарч байгаа эсэхэд зөв дүгнэлтийг өгөөгүй болно.

Гэтэл нэхэмжлэгч П.О нь 2020.9.21-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа бэлэг хүлээн авагч Э.Н нь түүнийг гомдоож байгаагүй, гомдоосон ноцтой үйлдэл хийж байгаагүй, харин Э.Н-гийн нөхөр болох Б.У-н гэгч өөрийг нь гомдоож байсан талаар тайлбарлан мэдүүлж байсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Шүүх нэхэмжлэгч П.О-н нэхэмжлэлд дурдсан үйл баримтын цаг хугацааг тодорхойлоогүй буюу бэлэглэгчийг гомдоосон гэх ноцтой үйлдлүүд хэзээ хийгдсэн эсэх, шаардах эрх хэзээ үүссэн эсэхийг огт тодруулж, тогтоогоогүй энэ талаар хууль зүйн дүгнэлтийг өгөөгүй нь хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Компаний үйл ажиллагаанд оролцуулдаггүй, компаний санхүү татварын болон үйл ажиллагааны тайлан баланс, холбогдох баримтыг нууж миний нэрээр татварын тайлан зэргийг худлаа гаргаж байсан, тусгай зөвшөөрөлгүй атлаа гэрийн дуудлагаар өвчтөн үзэж, үйл ажиллагааны чиглэлд үл нийцэх ажиллагаа явуулах зэргээр удаа дараа гэрээгээр тохирсон үүргээ зөрчиж байсан гэсэн атлаа эдгээр зөрчлүүдийг хэзээ гаргасан гэдгийг тодруулаагүй. Харин тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа гүйцэтгэх удирдлагыг шилжүүлсэн тул компаний үйл ажиллагаанд огт оролцдоггүй байсан талаар мэдүүлсэн нь тэрээр өөрөө компаний санхүүгийн тайлан баланс хэрхэн гаргадаг байсан, ямар байдлаар тайлагнаж байсанд огт санаа тавьдаггүй, энэ талаар ямар нэг шаардлагыг гүйцэтгэх удирдлагад 2017 оны 8 дугаар сараас хойш хүргүүлж байгаагүй болохоо хүлээн зөвшөөрч байгаа хэрэг бөгөөд нөгөө талаас БЭ ХХК нь -------дугаарын утас ашиглан гэрийн дуудлагын үйлчилгээг үзүүлдэг байсныг өмнө мэдэж байсан атлаа хуульд нийцэж байгаа эсэх болон хууль зөрчиж байгаа эсэх талаар ямар нэг шаардлагыг компаний удирдлага болон эрх бүхий этгээдэд хүргүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Э.Н-д холбогдуулан талуудын хоорондын 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн БЭ ХХК-ийн 50 хувийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, компанийн эзэмшлийн 1 925 000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг өөрийн нэр дээр буцаан авах, компанийн гэрчилгээ, дүрэмд зохих өөрчлөлт оруулан татвар, нийгмийн даатгал, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлага, өр төлбөргүй байдлаар хүлээлгэн өгөхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./1-р хх 1-2, 20-23/

Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлээ хариуцагч түүнийг ноцтой гомдоосон гэж тодорхойлжээ. Ноцтой гомдоосон гэх үйлдлүүдэд компанийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж, компанийн байранд нэвтрүүлэхгүй байх, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан баланс, холбогдох материалыг нууж, нэхэмжлэгчийн нэрээр худал тайлан мэдээ гаргаж, дуудлагаар хүн үзэх гэх мэтээр үйл ажиллагааны үндсэн чиглэлд үл нийцэх үйлчилгээ явуулах байдлаар удаа дараа гэрээгээр тохирсон үүргээ зөрчсөн.

П.О-н компанийхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах, хэвийн байдлаар үйл ажиллагааг нь эрхлэн явуулахад оролцох, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Түүнийг Америкийн нэгдсэн улс руу яваад ирэхэд өрөөндөө оруулаагүй. Дараа нь хүүхэд үздэг жингээ авах гээд очиход П.О-н юм биш гэж хэлээд эндээс юу ч авах ёсгүй. Энэ өрөөнөөс хугархай чүдэнз ч авч гарах ёсгүй гээд эмч нарын хажууд намайг доромжилсон. Интернет орж Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Татварын ерөнхий газарт өгсөн тайланг нь харахад Татварын ерөнхий газарт 3 жил шахам хугацаанд миний нэрээр тайлан өгсөн байсан.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.5 дэх хэсэгт зааснаар тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно.Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно. Энэ хуулийн 279.1 дэх хэсэгт заасан болзол буюу зорилго нь бусдын, эсхүл нийтийн ашиг тусын тулд зориулагдаж болно. Энэ тохиолдолд уг болзол, зорилгыг гүйцэтгэхийг бэлэглэгч болон сонирхогч этгээд шаардах эрхтэй. Бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага нь компанийн 50 хувьцааг буцаан авах шаардлага байна. Талууд бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон эсэх үйл баримтын талаар мэтгэлцэхдээ голдуу компанийг зохих ёсоор удирдан үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд гэрээнд заасан зорилгоор авч явсан эсэх, П. О-г хувь хүнийх нь хувьд гомдоосон үйлдэл байгаа эсэхэд маргасан байна.

Гэрээний 3.1-д компаний үйл ажиллагааг өргөжүүлэх гэсэн зорилгоор талууд хувьцаа бэлэглэх гэрээг байгуулжээ./1-р хх 13/

Бэлэглэгч гэрээнээс татгалзаж байгаа эсэх асуудлаар талууд анхан шатны шүүхэд хангалттай мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Компанийн тухай хуулиар ногдуулсан үүргийг хариуцагч зөрчсөн гэж тодорхойлж байгаа нөхцөлд компанийн хувьцаа эзэмшигчийн өөр хоорондоо тавих шаардлагын асуудлаар талууд мэтгэлцэх шаардлагатай байна.

Мөн компанийн хувьцаа эзэмшигчийн маргаанаас гадна компанийн үйл ажиллагаа өргөжүүлсэнтэй холбоотой тодорхой хөрөнгө энэ хугацаанд бий болсон эсэх, компанийн хөрөнгөд ямар хөрөнгө үлдэж байгаа, тайлан балансад хэрхэн тусгагдсан талаар талуудаас тодруулах нь зүйтэй.

Ямар тохиолдлыг ноцтой гомдоосон гэж үзэх байгаа, тухайн этгээдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьд хэрхэн сөргөөр нөлөөлсөн, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноос гарах эрх зүйн үр дагаврыг бэлэглэгч хэрхэн тодорхойлж байгаа, ноцтой гомдоосон гэх үйлдлийн цаг хугацаа зэргийг анхаарах нь зүйтэй юм.

Дээрх үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс тогтоох боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-т, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/00209 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД