Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 30

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 1704000780040 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Наранжаргал

 Улсын яллагч                                            Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Л.Ганганбарс

 Шүүгдэгч                                                Д.О нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр Ж.М,  4-9 насны 2 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: Говь-Алтай аймгийн .. сум, .. дугаар баг.../, одоо Багануур дүүргийн .. дүгээр хороо, ...дүгээр гудамжны ..тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Д-ийн О

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.Мыг байнга буюу 2015 оны намар гэртээ ирж хоносонгүй, машин мөргүүлсэн байна гэж уурлан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон,

2017 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Ж.Мыг айлд ороод удлаа гэж уурлан гараараа мөр, хөл ууц нуруу руу нь цохиж, өшиглөж зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Даншиг наадмын урд өдөр малаа айлын малтай нийлүүллээ гэж уурлан зодож түүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2015 оны намар хөдөөнөөс Багануурт гэртээ ирэхэд эхнэр хүүхдүүд байхгүй байсан. Харин манай эхнэр хүүхдүүдтэйгээ өглөө гэртээ ирэхээр нь машин мөргүүлсэн байна, гэртээ хоносонгүй гэж уурлаад гараараа мөр лүү нь хоёр удаа цохиж, нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед архи уучихсан байсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр буюу Даншиг наадмын урд өдөр манай эхнэр малаа айлын малтай нийлүүлснээс болж уурандаа гараараа хоёр удаа цохьсон бөгөөд би архи уусан байсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай эхнэр хүүхэддээ хувцас авна гээд хот явж ирчихээд утсаар ярьж байснаа гараад явсан. Тэгээд 30-40 минутын дараа гэртээ орж ирэхээр нь бид хоёр маргалдаж, хардаад 2-3 удаа цохиж өшиглөсөн. Саяын хэд хоног их зүйл ойлголоо, гэмшиж байна...” гэжээ. /хх-ийн 35-37, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Мын мэдүүлсэн: “...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотоос Багануурт гэртээ ирсэн. Намайг ирэхэд нөхөр О байсан. Би хотоос ирэхдээ толгой өвдөөд байсан учир урьд нь толгой бариулж байсан ахаар толгойгоо бариулчихаад ороод ирэхэд нөхөр “чи хаачаад ирж байгаа юм бэ” гээд хамар амыг маань нэг гараараа дараад нөгөө гараараа багалзуурдаж байгаад зодсон. Үг хэлэх болгондоо хөлөөрөө өшиглөж цохиод байсан. Тэгээд шөнөжин хэрэлдэж, намайг цохиж зодож унтуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №09шэ/226 дугаартай дүгнэлтэд: ”Ж.Мын биед тархины доргилт, баруун болон зүүн гарын бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр биедээ учруулсан байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 12/,

 

Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин “Өндөр” гэжээ. /хх-ийн 16-17/,

 

Нийгмийн ажилтны Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтэд “Байнгын дарамтнаас болж биеэ хянах чадвар муудсан нь өөрийгөө хохирогч болгох, улмаар ямар ч хяналтгүй үйлдэл хийх, эрсдэл учруулж болзошгүй, нөхрийн гарт бэртэх гэмтэх, амь насаа эрсдэлд учруулж болзошгүй” байна гэжээ. /хх-ийн 23-37/,

 

2017оны 8 сарын 25-ны өдөр хохирогч Ж.Мын биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4/,

 

Шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх мэдээллүүд /хх-ийн 42-46/,

 

Шүүгдэгч Д.О нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 39/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/226 дугаартай дүгнэлт, Аюулгүйн зэргийн болон Нөхцөл байдлын үнэлгээний үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

           Шүүх хуралдаанд прокуророос шүүгдэгч Д.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 9 дүгээр гудамжны 4 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Ж.Мыг “айлд ороод удлаа” гэж уурлан гараараа толгой, мөр лүү нь цохиж, хөл рүү нь өшиглөсний улмаас түүний биед тархины доргилт, баруун болон зүүн гарын бугалга, баруун зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би эхнэрээ айлд удахаар нь хардаад зодсон” талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Мын “...2017 оны 8 дугаар сард айлд толгойгоо бариулаад ирэхэд манай нөхөр намайг  зодсон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 2-ний өдрийн 09 шэ/226 тоот актын “Ж.Мын биед тархины доргилт, баруун болон зүүн гарын бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 12/, хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цагдаагийн алба хаагчийн хийсэн Аюулын зэргийн үнэлгээгээр “эрсдлийн түвшин-Өндөр” гэсэн үнэлгээ /хх-ийн 16-17/, нөхцөл байдлын үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нь эхнэр Ж.Мыг  бусадтай хардсаны улмаас тэдний дунд таарамжгүй харилцаа үүсч, улмаар хохирогчийн биед халдсан үйлдэлдээ санаатай ханджээ. Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал эр, эмийн хардлагатай холбоотой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд Д.О нь гэм буруугийн талаар маргаагүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.

 Шүүгдэгч, хохирогч нар нь 2007 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэр бүл болсон нь 2007 оны 9 сарын 17-ны өдрийн №28 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-н 74/

Д.Оийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлжээ.

Иймд Д.Оийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 40/

Хохирогч Ж.М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний /15.000/ төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасч тооцох бөгөөд Д.Оийн цагдан хоригдсон 69 хоног нь 1.035.000 төгрөгтэй тэнцэж байна. Иймд Д.Оийг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэн гэж үзнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Боржигон овгийн Д-ийн О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Боржигон овгийн Даржаагийн Оийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Д-ийн О-ийг 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх болон 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.О нь 69 хоног цагдан хоригдсон ба Д.Оийг 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцсугай.
  5. Хохирогч Ж.М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Д.Од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАЙГАЛМАА