| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2020/01364/И |
| Дугаар | 210/МА2021/00586 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2021/00586
| 2021 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 210/МА2021/00586 |
МПХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02920 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МПХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Н, СТ ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1 814,77 га тариалангийн газрыг МП ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Ш.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагч СТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөлөөгч А.Т, түүний өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: МПХХК нь Сэлэнгэ аймгийн Орхон нутаг дэвсгэрт байрлах олон жил орхигдож атаршсан тариалангийн талбайг өөрийн хөрөнгөөр сэргээн, дахин ашиглах хүсэлт гаргасныг орон нутгийн удирдлага дэмжин Засаг даргын 2007.4.27-ны өдрийн тоот захирамжаар 2004 га тариалангийн газрыг эзэмшиж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Хариуцагч Ш.Нтай 2010.4.10-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд байрлах МПХХК-ийн эзэмшлийн 2016 га газар болон 33 нэр төрлийн эд зүйлийг шилжүүлж өгсөн.
Хариуцагч Ш.Н нь худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч МП ХХК-д 100 000 000 төгрөг шилжүүлэх, гэрээний 6.2, 6.3-д заасан нэхэмжлэгч МП ХХК-ийн ХХААХҮЯгаас зээлсэн тариалангийн үрийн буудай болон дизель түлш зэргийн өр төлбөр болох 397 000 000 төгрөгийг төлж барагдуулах үндсэн үүрэгтэй байсан.
Гэтэл ХХААХҮС нь 2019 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд МПХХК-ийг хариуцагчаар татаж гэрээний үүрэг, алдангид нийт 605 498 212 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Ш.Н нь 2010.4.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч МПХХК-ийн эзэмшлийн газрыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2010.5.3-ны өдрийн дүгээр захирамжаар өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг СТ ХХК-д шилжүүлэн авсан боловч гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд МП ХХК болон Ш.Н нарын хооронд байгуулсан 2010.4.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч СТ ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхонтуул Засаг даргын 2010.5.3-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар шилжүүлсэн 1 814,77 га тариалангийн газрыг нэхэмжлэгч МПХХК-д шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Н шүүхэд гаргасан тайлбартаа: МП ХХК-тай 2010.4.10-д газар тариалангийн салбарыг бүхэлд нь шилжүүлэн авах гэрээ байгуулж, гэрээгээр 100 000 000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн. Үүргээ биелүүлсэн байхад МП ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. ТЭДСнь 2019 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд МП ХХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ТЭДСболон МП ХХК-ийн хооронд төлбөрийн өр байхгүй болсон. Мөн МП ХХК нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч СТ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: СТ ХХК-д газар эзэмших эрх сумын Засаг даргын захирамжийг үндэслэн үүссэн. СТ ХХК нь газрыг эзэмших хугацаандаа тариалангийн талбайд хөрөнгө оруулалт болгож ажилчдын байр, пүүний байр, контор, будааны агуулах,техникийн агуулах, халуун усны байр, үтрэмийн хашаа, польны хашаа зэрэг нийт 326 000 000 төгрөгийн үндсэн хөрөнгийг барьж байгуулсан. Мөн машин механизм, тоног төхөөрөмж, газрын үржил шимийг сайжруулах, хөрсний доройтол үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөрс арчилгааны чиглэлээр 2 314 800 000 төгрөг, нийт 2 640 800 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн тариан талбайд оруулсан.
СТ ХХК-д сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн байхад МПХХК нь тариалангийн газрыг буцаан шилжүүлэхийг шаардах эрхгүй юм. Мөн СТ ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу МПХХК-ийн ТЭДС төлөх ёстой өр төлбөрийг төлнө. Энэ талаар маргахгүй. Тиймээс энэхүү үүргийг шилжүүлэн авч хэзээ, хэрхэн төлөх талаар Хөдөө аж ахуйг дэмжих сантай ярилцаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.Н, МП ХХК нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1814.77 га тариалангийн газрыг МП ХХК-д шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч МП ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 713 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2010.4.10-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 6.2-6.3 дахь хэсэгт заасан заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна... гэж зөв дүгнэсэн атлаа МПХХК-ийг уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн тул хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болно. Хүсэл зоригоо хожим илэрхийлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй атал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй, маргааны үйл баримтын талаар эрх зүйн зөв дүгнэлт хийгээгүй.
Нэхэмжлэгч нь 2010.4.10-ны өдөр Ш.Н тай худалдах-худалдан авах ..... тоот гэрээ байгуулсан, "МП" ХХК-ийн ТЭДС төлөх өглөгийг Ш.Н төлж барагдуулах үүрэг хүлээсэн талаар ТЭДС мэдэгдсэн 2010.9.28-ны өдрийн 09/88 дугаар албан тоот, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйл, машин механизмыг шилжүүлэх албан тоот зэргийг хариуцагчид хүлээлгэн өгч байсан.Ш.Н нь 2010.4.10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу МП ХХК-иас хүлээн авсан тээврийн хэрэгслийг эзэмшил дээрээ шилжүүлж эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, 2017 оноос ашиглалтын шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулах талаар мэдэгдээгүйгээр барахгүй тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж, үр шимийг хүртэж байсан атлаа 2010 оноос хойш нэг ч удаа тээврийн хэрэгслийн албан татварыг огт төлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан Татварын Ерөнхий газрын 2020.7.17-ны өдрийн 09Ү2357 тоот тодорхойлолтоор нотлогддог.
ХХААХҮС нь МП ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.01.10-ны өдөр МПХХК, түүний захирал Ш.Н нараас 555 650 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байдгийг шүүх нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2018.2.21-ний өдрийн 181/ШШ2018/00420 дугаар шүүгчийн захирамжтай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Н нь өгсөн тайлбартаа "МПХХК-иас 500 га газар шилжүүлж авсан, сангийн хуулийн албаны мэргэжилтэнүүд гэнэт 2017 онд МП ХХК-ийн өр төлбөр болох 403 000 000 төгрөгийг төлөх ёстой гэж дарамтлах болсон, өөрийн эзэмшлийн СТ ХХК нь ямар нэгэн өр төлбөргүй болно гэх тайлбарыг өгсөн байдаг бөгөөд МП ХХК нь хариуцагчаар татагдсан талаар огт мэдээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй.
Түүнчлэн ТЭДС нь МП ХХК-д.холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.5.9-ны өдөр 605 498 212 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг боловч 2019.6.7-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. МПХХК нь дурдагдаж буй шүүгчийн захирамжуудын 2020 оны 03 дугаар сард мэдэж Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2020 оны 05 дугаар cap, 2020 оны 06 дугаар сард уулзаж өр төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар болон холбогдох баримтыг гаргуулах зэрэг хүсэлтийг гаргахад сангийн зүгээс 2018.2.21-ний өдрийн шүүгчийн захирамжийн талаар огт мэдээгүй байсан.
СТ ХХК нь МПХХК-ийн өр төлбөрийг хариуцан төлөх талаар 2020.2.18-ны өдөр албан тоот илгээсэн, төлбөр төлөхөөр илэрхийлсэн зүйл огт байхгүй байсан. Хариуцагч нар шүүн таслах ажиллагаанд эргэлзээ төрүүлэх, санаатайгаар саад учруулах санаа зорилгоор СТ ХХК-ийн 2020.2.18-ны өдрийн албан бичгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөхөн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн МПХХК-иас үндсэн зээлийн төлбөрт 403 665 475 төгрөг, алданги 201 332 737 төгрөгийг нэхэмжилсэн 2020.9.11-ний өдрийн нэхэмжлэх, өглөг авлагын дэлгэрэнгүй журнал зэрэг баримтаар нотлогддог.
МПХХК-ийн зээл 403 665 475 төгрөг, алданги 201 332 737 төгрөгийн өглөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зүгээс бусад этгээдэд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа мэдэгдсэн. Сангийн энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.
ТЭДС-г гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч татгалзаж шийдвэрлэсэн, гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх мөн татгалзаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
МПХХК нь хариуцагч Ш.Н, СТ ХХК нарт холбогдуулан 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Сэлэнгэ аймгийн х 1 814.77 га тариалангийн газрыг МПХХК-д буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 30, 35/
Нэхэмжлэгч нь Ш.Нтай 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр худалдах- худалдан авах гэрээ байгуулж, Сэлэнгэ аймаг, уманд байрлах МПХХК-ийн эзэмшлийн тариалангийн газар болон 33 нэр төрлийн эд зүйлийг шилжүүлж өгсөн үйл баримтын хувьд талууд маргаангүй.
Хариуцагч Ш.Н нь дээрх гэрээгээр шилжүүлэн авсан газраа СТ ХХК-д шилжүүлж, газар эзэмших эрх нь сумын Засаг даргын захирамжийг үндэслэн үүссэнд хариуцагч СТ ХХК маргахгүй байна.
Дээрх 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Ш.Н нь МПХХК-д 100 000 000 төгрөг шилжүүлэх, гэрээний 6.2, 6.3- д зааснаар МПХХК-ийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлсэн тариалангийн үрийн буудай болон дизель түлш зэргийн төлбөр болох 397 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн байсан бөгөөд Ш.Н нь МП ХХК-д 100 000 000 төгрөгийг төлсөн, харин 397 000 000 төгрөгийг Тариалан дэмжих санд төлж барагдуулаагүй байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогджээ. /хх 1-2, 6-8,30/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйн улмаас мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж шаардсан үндэслэл тодорхойгүй, гэрээний үүргээ хариуцагч Ш.Н огт биелүүлээгүй, ТЭДС397 000 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласнаас үзэхэд гэрээнээс татгалзаж байгаа эсхүл гэрээ хуульд нийцсэн эсэх талаар мэтгэлцүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар, ТЭДСтөлвөл зохих зээлийг хэн хэрхэн хариуцах талаар маргаантай байна.
Талууд ТЭДСтөлөх ёстой өрийг хэзээ гүйцэтгэх талаар хугацаа заан тохиролцсон эсэх, энэхүү тохиролцоо нь хуульд нийцсэн эсэхэд маргаантай байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох юм. ТЭДСтөлвөл зохих зээлийг хэн хэрхэн хариуцах талаар маргаж байгаа нөхцөлд уг байгууллагыг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах нь ач холбогдолтой байхад анхан шатны шүүхээс Тариалан эрхлэлтийг дэмжих санг гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл болон 25 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх эрхийг зөрчжээ.
Анхан шатны шүүх СТ ХХК нь 397 000 000 төгрөгийг төлөхөөр ХХААС хандсан байгаа болох нь хариуцагч нарын тайлбар, СТ ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг зэргээр нотлогдож байна. СТ ХХК-иас МПХХК-ийн Тариалан эрхлэлтийг дэмжин санд төлөх 397 000 000 төгрөгийн өр төлбөрийг түүний өмнөөс төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргээр дүгнэсэн нь гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн агуулгатай болжээ.
Талуудын хоорондын худалдах-худалдан авах гэрээний үүргийн тохиролцоо нь гуравдагч этгээдээс хамааралтай байдлаар хэрэгжихээр байх бөгөөд уг төлбөрийн үүрэг хэрхэн шилжсэн эсэх асуудал шийдвэрлэгдээгүй тохиолдолд гэрээний үүргийн талаар талуудын тохиролцоо хуульд нийцсэн эсэх, улмаар хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 313 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ш.ОЮУНХАНД