Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/36

 

 

  

 

 

 

 

   С.Нт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам,  шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч: С.Н /онлайн/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг эс шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлоор С.Нт холбогдох 2309000000948 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бүрээч овогт Сүхээгийн Н, ..... оны .... дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цсумын Жаргалант багийн ...............тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн ............................... дугаартай/.

С.Н нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Физик технологийн сургуулийн физик математикийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2012 онд төгссөн гэх бакалаврын зэргийн .....................дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цсумын ерөнхий боловсролын сургуульд физик математикийн багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бүрээч овогт Сүхээгийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхээгийн Нийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Цсумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч С.Нийг Хөвсгөл аймгийн Цсумаас гадагш зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.Нт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нээс 33,449,325.76 /гучин гурван сая дөрвөн зуун дөчин есөн мянга гурван зуун хорин тав төгрөг, далан зургаа мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D201213039 дугаартай хуурамч диплом, шүүгдэгчээс хэрэгт хавсаргасан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Оюутны сурлагын дэвтэр зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: ...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь дээрх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шалтгааны улмаас шүүгдэгч Сүхээгийн Нийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна. Үүнд:

Нэг. С.Нт оногдуулсан ял шийтгэл нь хуулийн зорилт, зарчимд нийцээгүй.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монголын ард түмэн бид “...хүмүүнлэг...нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно...” хэмээн зарлан тунхагласан байдаг. Тэр ч утгаараа мөн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 7 дахь хэсэгт “сурч боловсрох эрхтэй” гэж Монгол улсын иргэн бүрийн баталгаатай эдэлбэл зохих үндсэн эрх, эрх чөлөөг хуульчилсан болно.

Гэтэл анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгч С.Нийн шүүх хуралдаанд тайлбарлаж байсан “...Би сургуульдаа суралцах гэж байгаа. Намайг намраас ирээд суралцаж болно гэсэн...” гэх хүсэл зоригийг үл хайхарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд үл нийцэх шийдвэрийг гаргасан байна.

Анхан шатны шүүх дүгнэхдээ “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ...6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв...” гэсэн нь өрөөсгөл.

Учир нь миний үйлчлүүлэгчийн хувьд ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд өрх гэрээ тэжээн тэтгэдэг, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилгын тухайд ч гэсэн “цалин хөлстэй больё” гэсэн шунахайн сэдэлтээс илүүтэй “ажил, хөдөлмөр эрхэлье” гэсэн залуу хүний хүсэл эрмэлзэл нөлөөлсөн талаар өмгөөлөгчдөө учирлан тайлбарлаж ярьдаг.

Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх...” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн миний үйлчлүүлэгч С.Нийн Улаанбаатар хотод үргэлжлүүлэн суралцах боломжийг олгож, торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулахаар зааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан 33,449,325.76 төгрөгийг шүүгдэгч С.Нээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж дүгнэхдээ миний үйлчлүүлэгчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байсан “...Манай сургуулийн захирлын зүгээс гомдол, санал болон нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбарласан. Мөн ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй сайн ажилласан учраас тухайн хохирлын мөнгийг ажиллаж байсан хугацаанд тооцож өгнө үү ...” гэх хүсэл зоригийг нь ойшоосонгүй.

Мөн дээрх хүсэлтийг нь ямар шалтгааны улмаас хүлээн авах боломжгүй талаараа дурдан тайлбарлаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалт зөрчигдөх нөхцөл байдлыг үүсгэжээ.

Иймд миний үйлчлүүлэгч С.Нийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцож, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн шийдвэрийг хууль, журамд нийцүүлэн гаргаж өгөхийг хүсье.

Өөрийн үйлчлүүлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн гаргасан өмгөөлөгч миний давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох хэн нэгний боломжийг хулгайлаагүй, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Миний үйлчлүүлэгч С.Нийг Улаанбаатар хотод үргэлжлүүлэн суралцах боломжийг олгож, торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч С.Н нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Физик технологийн сургуулийн физик математикийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2012 онд төгссөн гэх бакалаврын зэргийн ......................дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цсумын ерөнхий боловсролын сургуульд физик математикийн багшаар ажилд орохдоо ашигласан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

“Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна. 

Шүүгдэгч С.Нийн дээд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цсумын Ерөнхий боловсролын сургуульд физик математикийн үндсэн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн өдрөөс эхэлж, улмаар түүнийг ажлаас чөлөөлөх хүртэл буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл үргэлжилсэн гэж үзэхээр байна.

Тэрээр дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.

Анхан шатны шүүх С.Нийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан 33,449,325.76 /гучин гурван сая дөрвөн зуун дөчин есөн мянга гурван зуун хорин тав төгрөг, далан зургаа мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх...” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн миний үйлчлүүлэгч С.Нийн Улаанбаатар хотод үргэлжлүүлэн суралцах боломжийг олгож, торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулахаар зааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөх, миний үйлчлүүлэгчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байсан “...Манай сургуулийн захирлын зүгээс гомдол, санал болон нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбарласан. Мөн ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй сайн ажилласан учраас тухайн хохирлын мөнгийг ажиллаж байсан хугацаанд тооцож өгнө үү” гэх хүсэл зоригийг нь ойшоосонгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь дээрх хуулийн зорилгод нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ялаас ямар төрөл, хэмжээний ял сонгон оногдуулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал учир шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутгах боломжгүй.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйл /Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх/, 174 дүгээр зүйл /Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчлөх/-д заасан журмын дагуу өөрчлүүлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлжээ.

С.Н нь дээрх хугацаанд ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан “...С.Нт оногдуулсан ял шийтгэл нь хуулийн зорилт, зарчимд нийцээгүй, Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Л.ЭРДЭНЭБАТ