Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 319/ШШ2025/00126

 

 

 

 

 

 

2025               03           18                                         319/ШШ2025/00126

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Наранцогт оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: М.Наранцогт миний бие 1970 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1978 онд орж, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8 дугаар анги төгсөж, илгээлтээр эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирсэн.

Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр албан бичиг, цалин хөлсний цэс/М.Наранцогт/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08/133 дугаар лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа/М.Наранцогт/, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа/М.Наранцогт, /

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29/111 дүгээр албан бичиг, регистрийн карт/М.Наранцогт/, хаягийн хуудас/М.Наранцогт/, гэрлэснийг бүртгэх анкет/М.Наранцогт, /

******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/137 дугаар албан бичиг, гэрч , нарын мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч М.Наранцогт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.1. Цалин хөлсний цэс:

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр албан бичигт “******* аймгийн ******* сумын *******-Амьдрал нэгдлийн ******* бригадын 1986-1988 онуудын 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв” гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт ******* аймгийн ******* сумын *******-Амьдрал нэгдлийн ******* бригадын 1986-1988 онуудын цалин хөлсний цэсэнд хүсэлт гаргагч М.******* нэр, сар бүрийн цалин хөлсний үнийн дүн тусгагджээ.

2.2. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа:

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08/559 дугаар архивын “******* Наранцогт нь ******* аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэрэгт татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад Улсын аюулгүй байдлын ерөнхий газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргээс халагдсан”-ыг тодорхойлжээ.

2.3. Боловсролын лавлагаа:

******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар албан бичигт “******* Наранцогт нь 1978-1986 онуудад тус сургуулийн 8в анги төгссөн үнэн” гэжээ.

2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29/111 дүгээр албан бичгийн хавсралт хүн амын регистрийн картад “******* Наранцогт, 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ******* сумын *******-Амьдрал нэгдэлд хоньчин ажилтай”, гэрлэснийг бүртгэх анкет “М.Наранцогт нь *******-Амьдрал компанид малчин ажилтай” гэжээ.

2.5. Гэрчийн мэдүүлэг:

Гэрч гийн мэдүүлэгт “Би 1988 онд 10 дугаар анги төгссөн. 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 оны 10 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1990-2000 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* багт малчин хийсэн.

М.Наранцогт нь 1986 дунд онд 8 дугаар анги төгссөн. 1986-1988 онуудад ******* аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд ажиллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд халагдаж ирсэн. М.Наранцогт ******* аймгийн Булган сумын хилийн цэрэгт цэргийн алба хаасан.

Бид ******* аймгийн ******* сумын ******* бригадад бага наснаасаа хамт мал маллаж байсан. М.Наранцогт нь эх болон дүүгийн хамт малладаг байсан. 1992 онд Д.Байгалмаатай гэр бүл болсон. 4 хүүхэдтэй. М.Наранцогт нь эхээрээ овоглодог...гэжээ.

Гэрч Д.Дариймаагийн мэдүүлэгт: “Би ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1987 онд төгссөн. 1991 онд гэр бүл болсон. 1991-1999 онуудад ******* аймгийн ******* сумын ******* ******* ХК-д мал малласан.

М.Наранцогт нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. Эх болон дүүгийнхээ хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд мал маллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаад 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд ******* аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд ажилласан. 1991 онд ******* ******* нэгдэл ******* ******* ХК болсон. М.Наранцогт нь ******* ******* ХК-д малчин байсан...

М.Наранцогт бид хоёр бага наснаасаа хамт байж мал малласан. Эхнэрийг нь Д.Байгалмаа гэдэг. М.*******х 4 хүүхэдтэй. Одоо хүртэл ******* аймгийн ******* сумандаа малаа маллаж байгаа. Сумын сайн малчин болж байсан...” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу цалин хөлсний цэс, цэргийн алба хаасан лавлагаа, боловсролын лавлагаа, регистрийн карт, гэрлэсний бүртгэх анкет, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг  хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч М.Наранцогт нь 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч М.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч М.******* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

Хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч М.Наранцогтод үүссэн нь түүний тайлбар, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч М.Наранцогт онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* Наранцогтыг “1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* бригадад малчнаар” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч М.******* онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАТ