Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Иргэдийн төлөөлөгч: Г.Мөнх-Эрдэнэ,

Хохирогчийн төлөөлөгч: Э.Мөнхтуяа,

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: О.Баяраа,

Шүүгдэгч: Ө.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Тт холбогдох 201716010102 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Холбогдсон хэргийн талаар:                   

Шүүгдэгч Ө.Т нь 2017 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт байх “Гурвансайхан” нэртэй гэр гуанзны үүдэнд Э.Майнбаяртай маргалдан улмаар түүний баруун гуяны дотор дунд хэсэгт хутгаар хатгаж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Т мэдүүлэхдээ:” Би 2017 оны 05 дугаар сарын 29-нд Ганц модноос Цагаан хадруу нүүрс тээвэрлэдэг машинтайгаа гарч ирсэн. Тухайн үед хүүхдийн баяр болох гээд 3 ширхэг дугуй аваад Өмнөговь аймаг руу явуулах гэсэн чинь унаа олдоогүй. Тэр өдөр Цагаан хадан дээр хонохоор болоод байж байсан чинь талийгаач надруу яриад 1 шил архи, 1 пивотой өгөөд явуулаач,  би 3-р постын хойно очерт байна гэсэн. Надад  мөнгө байхгүй гэсэн чинь би мөнгийн нь шилжүүлэе гээд шилжүүлсэн. Дэлгүүрээс 1 шил архи, 1 пиво хоёрыг аваад буцаад Сүрэнхишиг эгчийн махны дэлгүүрт ирсэн. Тэр махны дэлгүүрээ нээх гэж байгаа гээд гэрч Алтанбагана, Сүрэнхишиг, Гантөмөр бид хэд  2,3 шил архи уусан. Архи уугаад байж байхад талийгаач дахиад надруу ярьсан чи хаана байна вэ? би яваад очъё гэсэн би байгаа газраа зааж өгсөн. Тэгээд талийгаач,  найз  Баянбаатартай хамт ирсэн. Талийгаачид 1 шил архи авч өгөөд бид нар уугаад их согтсон.  Тэгээд талийгаач танай ах бол новшийн, хүн чанаргүй гээд над руу дайраад байсан. Архиа ууж дуусаад гарахдаа гадаа  намайг дуудсан. Гараад очсон чинь манай ахыг новшийн, хүн чанаргүй гээд намайг 2,3 удаа боосон. Тэгээд би буцаж ороод хутга аваад эргэж ирээд гуя руу нь 1 хатгасан. Тэгээд талийгаач гүйгээд явчихсан. Би буцаж ороод хутгаа тавьчхаад машиндаа очоод унтсан. Өглөө нь намайг 2 цагдаа ирж барьж авч явсан. Тэгээд би цагдаад болсон явдлын талаар ярьсан “ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Э.Мөнхтуяа мэдүүлэхдээ:  “…Маш их гомдолтой байна. Манай дүүг энэ хүн амь насыг нь хохироосны улмаас 2 хүүхэд өнчин, эхнэр нь ханилсан ханиа алдчихаад байна.  Манай дүүг нас барахад эхнэр нь жирэмсэн байсан. Нас барсны дараа 15 хоногийн дараа хүүхдээ төрүүлсэн.  Нэг хүүхэд нь 2 настай, нөгөө хүүхэд нь 7 сартай 2 хүүхэд байгаа. Гэр бүлээ тэжээж, амьдралаа авч явсан хүнийг энэ хүн амь насыг нь хохироосны улмаас өрх толгойлсон эх, өнчин хүүхдүүд, ямар ч орлого байхгүй, өрх гэрээ авч явахад үнэхээр хэцүү байна. Яагаад энэ хүн манай дүүгийн амь насыг хохироож байгаа юм. Ийм зүйл болоогүй байсан бол 2 хүүхэд нь өнчрөхгүй байсан юм. Хүүхдүүд өвдөөд эмнэлэгт хэвтэхэд нь хоол хүргэж өгөх хүн байхгүй, 2 хүүхдээ хөтлөөд өвлийн хүйтэнд явж байна. Шинийн хоёронд манай талийгаач ахын эхнэр, бэр эгчийн аав нь нас барсан. Тэр хүн ажил явдлын өнгөрөөчхөөд ирж байна. Тэр хүнийг нөхрөө алдаад удаагүй байхад төрсөн эцэг нь нас бараад уй гашуудалтай байхад би энэ шүүх хуралд авч ирэх үү. Бусдаар бол ийм зүйл болоогүй бол би авч ирэх байсан. Танаас болж энэ хүмүүс шаналж, хагацал үзэж байна. Манай аав шүүх хуралдаанд ирэх л байсан. Бас л хүүгээ алдснаас хойш байнга бие нь өвдөж, даралт нь ихэсдэг болсон. Би маш их гомдолтой. 9,10 сар болж байхад ар гэрийнхнээрээ дамжуулаад яаж байна гээд асуусан зүйл огт байхгүй. Хохирлын мөнгөний талаар ярьж хөөрч болно. Тийм санаачлага огт гаргаагүй. Мөнгөгүй байж болно. Аав, ах нь байна. Тэгэхэд огт санаачлага гаргахгүй байгаад гомдолтой байна. 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоно. Хохирлын хэмжээг нэмэгдүүлж, оршуулгын зардлын баримтуудыг сая нэмж шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Учир нь Өмнөговь аймгийн Булган суманд оршуулгийн цайллага болж байхад Дундговь  аймгийн Дэлгэрхангай суманд бас цайллага болдог ёс заншилтай. Ийм зардлууд гарсан. Тэр баримтуудыг нь өмнөх өмгөөлөгч өгөөгүй байсан. Тэрийг нь сая өгсөн. Тэгээд өмнөх хохирлын мөнгө нь дээрээ нэмэгдээд нийт 15,185,312 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн 2 хүүхдийн тэтгэлгийг шийдэж өгнө үү, гэж хүсэж байна.  Заавал гуанз руу эргэж орж хутга авч хутгалахгүйгээр эв зүйгээр ойлголцоод салж болоогүй юм. Манай ахыг доромжилсон гээд хутгалдаг нь ямар учиртай юм. Би энэ хэргийг санаатай үйлдсэн гэж бодож байна. Хүүхэд нь аавыгаа байнга нэхэж байна. Тэр хүүхдэд юу гэж хэлэх юм. Маш их гомдолтой байна. Энэ хүмүүс мөнгө төгрөггүй гэж байна. Амьд хүмүүс аргатай байдаг. Ах эгч нь машин унасан хүмүүс явж байдаг. Сэтгэл гаргавал болохгүй зүйл байхгүй. Манай аав энэ хэрэг гарснаас хойш даралт нь байнга ихсэж, бие нь маш их өвдөж байна. Би аавыгаа алдахад хүрч байна.” гэв.

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-14, 21, 25-р хуудас/

Цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-18-р хуудас /

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл  /хх-ийн 24-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/

Эд баримтаар “...5 ширхэг хутга, хар өнгийн өмд 1 ш, цэнхэр өнгийн цамц1 ш, цэнхэр өнгийн дотоож 1ш, хөх өнгийн 1 хос тавчик зэргийг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 26-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохын өгсөн:”...Би өөрөө хэргийн газарт очоогүй, манай хүү, Мөнх-Эрдэнэ, Мөнхсайхан нарын хэлж байгаагаар миний хүүг баруун гуяны нэлээд дээхнүүр хутгалуулаад цус алдаад айлын гадаа тусламж авч чадаагүй нас барсан байсан гэж надад хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Миний талийгаач хүү 2015 оноос хойш Цогтцэций сум, Ханбогд сумын нутгаар нүүрс тээврийн том оврын ачааны автомашиныг жолооддог ажил хийдэг байсан. Тэр өдөр мөн л ажлаа хийгээд явж байсан. Миний сонсож мэдсэнээр “Дорны өртөө” ХХК-ийн автомашиныг жолоодож нүүрс тээврээт явж байсан. Талийгаач хүү маань өнгөрөхөөсөө 4 хоногийн өмнө надтай яриад манай эхнэр  06  сарын 18-ны өдөр төрөх гэж байгаа тийм учраас би эндээс машинаа өгчхөөд эхнэр рүүгээ Дундговь аймгийн Дэлгэрхангай сум руу явна гэж хэлж байсан. Хамгийн сүүлд тэгж л ярьсан. Талийгаачийн эхнэр нэг хүүхэдтэй байсан. Эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байсан. Ер нь бол 2 хүүхэдтэй гэж хэлж болно. ...Гомдолтой байна. Оршуулганд гарсан зардал болон талийгаачийн эхнэр, 2 хүүхдэд тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Холбогдох баримтыг нь бүрдүүлж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтохын дахин өгсөн:”...би гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардалд болон бусад зардалд нийт 14,082,755 төгрөг гарсан тул дээрх мөнгийг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Цэвэлмаагийн өгсөн:”... Би 2017 оны 05-р сарын 30-ны өглөө үүрийн 05 цаг болж байхад гэрээсээ бие засах гээд гарсан. Тэгээд  манай гэрийн зүүн талд байдаг Сумьяа гэдэг хүний гэрийн зүүн урд талд нь нэг хүн цаашаа хараад хэвтэж байсан. Ойртоод харсан чинь хөл болон бусад бие нь цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай харагдсан. Тэгээд би Сумьяа эгч рүү залгаад танай үүдэнд нэг залуу хүнд зодуулсан юм шиг цусандаа холилдсон аймаар юм хэвтэж байна. Цагдаагийн дугаар байна уу? гэж асуусан. Тэгээд хүнээс дугаар асуугаад надад хэлсэн. Би цагдаа руу дуудлага өгсөн. Тухайн үед Сумьяа эгчийг гэрээсээ гарахгүй байж байгаарай цагдаа дуудсан гэж хэлсэн. Би нүүр царайг нь хараагүй. Би унтаж байсан, нохой гадуур хуцаад байсан намайг гэрт байх үед гадаа хүмүүс зодолдож орилох чимээ бол сонсогдоогүй...“гэх мэдүүлэг /хх-ийн 32-р дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сумьяагийн өгсөн:”...би 2017 оны 05-р сарын 30-ны өглөө гэртээ унтаж байсан чинь 05 цаг 20 минутад Цэвэлмаа над руу залгаад танай гэрийн үүдэнд нэг хүн цусандаа холилдсон хэвтэж байна. Та гэрээсээ битгий гараарай гэж надаас цагдаагийн дугаарыг асуусан. Би үзелийн Эрдэнэтунгалаг руу залгаад цагдаагийн дугаарыг аваад Цэвэлмаад хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд үүд тогшихоор нь хаалгаа тавьсан. Түргэн дуудах уу гэсэн чинь нас барсан байна гэж хэлсэн. ...би тэр хүнийг танихгүй, урьд нь харж байгаагүй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Алтанбаганын өгсөн:”...Би өөрийн жолоодож нүүрс тээвэрлэж яваа 46-28 ӨМӨ улсын дугаартай Нордбенз машинаа 2017 оны 05-р сарын 29-ны орой хилийн очерт байрлуулчихаад 21 цаг өнгөрч байхад Цагаан хад орсон. Цагаан хад руу очихдоо Ттай утсаар ярьж байсан ба Т, Сүрэнхишиг эгчийнд байна гэж хэлэхээр нь би очсон. Сүрэнхишиг эгчийнд Т, Гантөмөр, Сүрэнхишиг эгч, Сүрэнхишиг эгчийн найз эмэгтэй байсан. Би тэнд цай ууж, хоол идсэн. Тэгээд Т, Гантөмөр бид гурав “Сүрэнхишиг эгч энд дэлгүүр шинээр нээж байгаа юм чинь дэлгүүрийн нээлт гэж ёслоод нэг шил архи авч ууя” гэж ярилцаад дэлгүүрээс гарсан. Бид гурав Хангарьд дэлгүүр рүү ороод Т нэг шил 0,75 литрийн Болор архи худалдаж аваад, Сүрэнхишиг эгчийн нээж байгаа дэлгүүр рүү буцаж орсон. ...Тэгээд бид гурав ороод Сүрэнхишиг эгчтэй нийлээд дөрвүүлээ архийг хувааж уугаад талдаа орж байтал талийгаач Майнбаяр, найз нь гээд нэг залуугийн хамт гаднаас ороод ирсэн. Би Майнбаяртай мэндлээд юм ярихад Майнбаяр надад “миний эхнэр төрөх гэж байгаа. Би машинаа урагшаа нь оруулж чадалгүй нутаг руугаа явах болж байна” гэх мэт бид хоёр юм яриад нөгөө архиа ууж байхад миний толгой эргээд, дотор муухайраад бөөлжих гээд байхаар нь би тэр архийг дуусгалгүй унтсан. Өглөө намайг хүн дуудаад байхаар нь сэрсэн чинь цагдаа байсан. ...тэгтэл Гантөмөр надад танай найз Майнбаяр нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Майнбаярын нас барсныг мэдсэн...  “гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Баянбаатарын өгсөн:”...би талийгаач Майнбаяртай хамт нүүрс тээвэрт явдаг. Талийгаач Майнбаяр бид хоёр өчигдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 29-ны орой 23 цагийн орчимд очерт машинаа байрлуулчхаад байж байтал талийгаач “би хүнд юм захисан чинь таксины мөнгө гээд байна. Та надад таксинд өгөх 10,000 төгрөг өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10,000 төгрөг өгөөд явуулсан. Удалгүй талийгаач нэг шил 0,5 литрийн Ерөөл архи, 2 литрийн Нийслэл пиво аваад миний 67-56 ӨМҮ дугаартай машины кабинд ороод ирсэн. Тэр архи, пивийг бид хоёр хуваагаад уусан. ...бид хоёрыг очиход тэр хүмүүс нэг шил архи задлаад ууж байсан ба бид 2 тэр архийг нь хуваагаад уулзаж байх үед талийгаач тэнд байсан Т гэх найзтайгаа маргалдаад байсан. ...тэгтэл талийгаач гаръя гэж Тт хэлсэн. Тэгээд тэр хоёр байшингаас гараад явсан. Би Майнбаярыг авч явъя гэж бодоод араас нь гараад хажуу талын дэлгүүрийн үүдэнд төмөр хашлага дээр сууж байхад талийгаач Т хоёр маргалдаад, талийгаач Тыг барьж аваад байсан. Т болохоор урдаас нь нээх юм хэлэхгүй “болио хөгшөөн” гээд байгаа сонсогдсон. ...цагдаагийн машинд намайг суулгахад урд шөнийн хамт архи уусан хүмүүс байсан. Тэр хүмүүс Майнбаярыг нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гантөмөрийн өгсөн:”...Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед хотоос Цагаан хаданд ирсэн. Би Сүрэнхишиг гэж хүнтэй хамтран амьдарч байгаа ба Сүрэнхишиг Цагаанхаданд махны дэлгүүр нээж байгаа юм. Тэр махын дэлгүүрт тог оруулж, хөргөгч залгах ажлыг хийж өнгөрсөн. ...Ерөөл архийг Алтанбагана, Т, Сүрэнхишиг бид гурав уугаад талд нь оруулаад сууж байсан чинь гаднаас талийгаач Майнбаяр, Баянбаатар гэж хоёр залуу гаднаас ороод ирсэн. Майнбаяр, Т, Баянбаатар нарыг манайхаас гарах үед цаг 00-01 болж байсан байх гэж бодож байна. Намайг унтаж байсан чинь Сүрэнхишиг дуудаад Т хүнтэй муудчихсан бололтой цустай хутга бариад ороод ирлээ гэж хэлээд дуудсан. Тэгэхээр нь би босож очоод Таас яасан бэ? юу болсон юм гэж асуухад “гөлөг чинь гуя руу нь ганц хатгачихсан чинь зугтаачихлаа” гээд зогсож байсан. Би “одоо чи машиндаа очиж амар” гэж хэлээд машин руу нь хүргэж өгөх гээд явсан чинь Сүрэнхишиг миний араас дагаад ирсэн. Нэг мэдэхэд цагдаа нар манай гэрт ороод ирсэн. Өглөө ч болсон байсан. Цагдаа Алтанбагана бид хоёрыг нэг нэгээр нь дагуулаад явсан ба надад “чи энийг таних уу гээд нэг цогцос үзүүлсэн. Тэр нь урьд шөнө хамт архи уусан Майнбаяр гэж Т, Алтанбагана хоёрын найз залуу нь байх шиг байсан. Тэгээд Тын машиныг зааж өг гэхээр нь би зааж өгөх гээд явж байсан чинь Алтанабагана очоод заагаад өгчихсөн байсан. ”гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Сүрэнхишигийн өгсөн:”...Тэгээд би Тт цай чанаж өгөөд байж байхад гаднаас Алтанбагана гэдэг миний таньдаг залуу орж ирсэн. ...тэгээд Алтанбагана, Гантөмөр, Т нар нэг шил Болор архийг гаргаж задлаад урд өрөөнд ширээн дээр сууж басан. ... Т, Майнбаяр гэдэг залуутай инээж хөөрөөд уулзсан. ... тэгээд тэр 2 залуу орж ирээд бид нартай хамт суугаад ууж байсан архинаас хамт уусан. Архи дуусахад талийгаач Майнбаяр, Таас архины мөнгө байна уу? дахиад нэг архи авъя гэж хэлж байсан. Тэгээд Т, талийгаач Майнбаяр гэдэг залуу бас талийгаачийн хамт орж ирсэн залуу тэр гурав манай байшингаас хамтдаа архи авахаар гарч явсан. Тэгээд нэг шил 0,75 граммтай Ерөөл нэртэй архи аваад ороод ирсэн. Тэр архийг бид нар бөөндөө сууж байгаа хувааж уусан... тэгээд удалгүй Т, талийгаач Майнбаяр гэдэг залуу бас талийгаачийн хамт орж ирсэн залуу тэр гурав машиндаа очиж амарлаа гэж хэлээд гараад явсан. ...тэгээд гаднаас хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Т орж ирсэн. Т орж ирэхдээ гартаа хутга барьчихсан, зузаан гуя руу нь нэг удаа хатгачихсан зугтаагаад явчихлаа гэж хэлээд орж ирсэн. Би тэр үед Гантөмөрийн дуудаж сэрээгээд Т хүн хутгалсан гэж байна гэж хэлсэн. ... би тэр үед сандраад Тыг загнаад яаж байгаа юм бэ? тэгээд тэр хүн чинь зүгээр үү гэж асуусан чинь зугтаагаад явчихсан гэж хэлэхээр нь зугатаагаад явчихсан гэж байгаа юм чинь гайгүй юм байлгүй гэж бодсон. ... хойд өрөөний шалан дээр манай хутганы комны жижигэвтэр хутга байсан. Тэр хутга Тын барьж орж ирсэн хутга байсан. Үзүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь би тухайн хутгыг аваад сэжиглээд цэвэр ус дээрээс нь гоожуулаад угаачихсан. ...би тухайн үед сандраад жаахан уйлсан. ...тэгээд би унтаад өгсөн. Намайг унтаж байхад хүн орж ирээд сэрээсэн. Харсан чинь цагдаа манай гэрт орж ирсэн байсан. Тэгээд Гантөмөр бид хоёрыг гэрээс аваад гарсан. Шалган нэвтрүүлэх 3-р постын байранд аваачсан...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52- дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...талийгаач Майнбаярын баруун гуяны дотор дунд хэсэгт үүссэн шарх нь 3 см урттай, ташуу байрлалтай шарх байсан. Ир үзүүр цагийн зүүний 5, мохоо ирмэг 11 дүгээр цагийн түвшинд байрласан эдийн дутагдал бүхий шарх байсан. Уг шарх нь 3 см-с бага өргөнтэй ир үзүүр бүхий зүйлээр үүссэн байх боломжтой.  Дээрх шарх нь 2.2 см өргөнтэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой, учир нь хатгагдаж зүсэгдэх үед ир үзүүр хэсэг  бүхий талыг доош дарж шархны уртыг нэмсэн байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн № 3544 дугаартай шинжээчийн “шинжилгээнд ирүүлсэн өмдөнд уранхай, цоорхой гарсан” байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудын: Хар өмдөнд гарсан 3,5 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна.  Хар өмдөнд гарсан 10х5 мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан цоорхой байна. Шинжилгээний харьцуулах загварт ирүүлсэн 5 ширхэг хутганы аль хутгаар үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Харин хутганы ажлын хэсэгт наалдаж бохирлогдсон зүйлсийг тунгалаг өнгийн наалдамхай туузаар нааж цагаан цаасанд бэхжүүлэн авч дүгнэлтэнд хавсаргав гэс хавсралтын хамт ” гэх дүгнэлт /хх-ийн 63-70-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн № 5659 дугаартай шинжээчийн “...Э.Майнбаяр 30н/эр 2017.05.30 ӨМА ШША” гэж хаягласан цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд 2,8 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №21 дугаартай шинжээчийн “...Талийгаачид баруун гуяны дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий шинэ, баруун бугалганы гадна дээд, дунд хэсэг, цээжинд зулгаралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун гуяны дунд хэсгийн гуяны том артерийн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархнаас болж цус алдаж нас баржээ. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2,8 промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 89-90-р хуудас/,

            Шүүх сэтгэц гэм судлалын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №38/17 дугаартай ”...Өнөхүү овогтой Т нь Өнөхүү овогтой Т нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Ө. Т нь хэрэг хариуцах чадвартай. Ө.Т нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...”гэх дүгнэлт /хх-ийн 94-96-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд хэргийн газрын үзлэгийн явцад зэрэг зургаар бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Ө.Тын хэрэг болох үед өмсөж явсан гэх цэнхэр өнгийн тавчикны улны мөртэй тохирч байна. Хээний зураглал, хэмжээ болон элэгдлүүд гэсэн шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 100-101-р хуудас/

Шүүгдэгч Ө.Тын хувийн байдлыг нотлох:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-р хуудас/,

Шүүгдэгч Ө.Тын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, /хх-ийн 123-р хуудас/,

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын засаг дарга Ц.Санжаагийн тодорхойлолт /хх-ийн 125-р хуудас/

Шүүгдэгч Ө.Тын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 127-133-р хуудас/,

Өнөхүү овогтой Тын сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 150-154-р хуудас /

Өнөхүү овогтой Тын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 146-147-р хуудас/

Өнөхүү овогтой Тын бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 140-142-р хуудас/

Т овогтой Төгстөгөлдөрийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 143-р хуудас/

Ө.Тын цэргийн алба хаасан баримт /хх-ийн 144-145-р хуудас/

Өнөхүү овогтой Тын жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 149-р хуудас/

Юнител ХХК-ийн орсон гарсан дуудлагын лавлагааны хуулбар /хх-ийн 156-163-р хуудас/

Хохирогч Ж.Эрдэнэтогтохын гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримт /хх-ийн 165-185-р хуудас/

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн засаг дарга Ж.Есөн-Эрдэнэтогтохын тодорхойлолт /хх-ийн 186-р хуудас/

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвийн дарга Э.Саруулжаргалын тодорхойлолт /хх-ийн 187-р хуудас/

Мягмардорж овогтой Оюунжаргалын төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 189-р хуудас/

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №139/ШШ2017/00255 дугаартай шийдвэр /хх-ийн 190-191-р хуудас/

Мягмардорж овогтой Оюунжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 192-р хуудас/

Мягмардорж овогтой Оюунжаргалын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 193-р хуудас/

Майнбаяр овогтой Амаржаргал, Азжаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 194-195-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ө.Т нь 2017 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт байх “Гурвансайхан” нэртэй гэр гуанзны үүдэнд Э.Майнбаяртай маргалдан улмаар түүний баруун гуяны дотор дунд хэсэгт хутгаар хатгаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “…Тэгээд би буцаж ороод хутга аваад эргэж ирээд гуя руу нь 1 хатгасан. Тэгээд талийгаач гүйгээд явчихсан. Би буцаж ороод хутгаа тавьчхаад машиндаа очоод унтсан. Өглөө нь намайг 2 цагдаа ирж барьж авч явсан. Тэгээд би цагдаад болсон явдлын талаар ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-119-р хуудас/

Гэрч Э.Гантөмөрийн өгсөн:”...Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед хотоос Цагаан хаданд ирсэн. Би Сүрэнхишиг гэж хүнтэй хамтран амьдарч байгаа ба Сүрэнхишиг Цагаанхаданд махны дэлгүүр нээж байгаа юм. Тэр махын дэлгүүрт тог оруулж, хөргөгч залгах ажлыг хийж өнгөрсөн.Ерөөл архийг Алтанбагана, Т, Сүрэнхишиг бид гурав уугаад талд нь оруулаад сууж байсан чинь гаднаас талийгаач Майнбаяр, Баянбаатар гэж хоёр залуу гаднаас ороод ирсэн. Майнбаяр, Т, Баянбаатар нарыг манайхаас гарах үед цаг 00-01 болж байсан байх гэж бодож байна. Намайг унтаж байсан чинь Сүрэнхишиг дуудаад Т хүнтэй муудчихсан бололтой цустай хутга бариад ороод ирлээ гэж хэлээд дуудсан. Тэгэхээр нь би босож очоод Таас яасан бэ? юу болсон юм гэж асуухад “гөлөг чинь гуя руу нь ганц хатгачихсан чинь зугтаачихлаа” гээд зогсож байсан. Нэг мэдэхэд цагдаа нар манай гэрт ороод ирсэн. Цагдаа Алтанбагана бид хоёрыг нэг нэгээр нь дагуулаад явсан ба надад “чи энийг таних уу гээд нэг цогцос үзүүлсэн. Тэр нь урьд шөнө хамт архи уусан Майнбаяр гэж Т, Алтанбагана хоёрын найз залуу нь байх шиг байсан. Тэгээд Тын машиныг зааж өг гэхээр нь би зааж өгөх гээд явж байсан чинь Алтанабагана очоод заагаад өгчихсөн байсан. ”гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Сүрэнхишигийн өгсөн:”...Тэгээд би Тт цай чанаж өгөөд байж байхад гаднаас Алтанбагана гэдэг миний таньдаг залуу орж ирсэн. Алтанбагана, Гантөмөр, Т нар нэг шил Болор архийг гаргаж задлаад урд өрөөнд ширээн дээр сууж байсан. Т, Майнбаяр гэдэг залуутай инээж хөөрөөд уулзсан. Архи дуусахад талийгаач Майнбаяр, Таас архины мөнгө байна уу? дахиад нэг архи авъя гэж хэлж байсан. Тэгээд Т, талийгаач Майнбаяр гэдэг залуу бас талийгаачийн хамт орж ирсэн залуу тэр гурав манай байшингаас хамтдаа архи авахаар гарч явсан. Тэгээд нэг шил 0,75 граммтай Ерөөл нэртэй архи аваад ороод ирсэн. Тэр архийг бид нар бөөндөө сууж байгаа хувааж уусан. Удалгүй Т, талийгаач Майнбаяр гэдэг залуу бас талийгаачийн хамт орж ирсэн залуу тэр гурав машиндаа очиж амарлаа гэж хэлээд гараад явсан. Гаднаас хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Т орж ирсэн. Т орж ирэхдээ гартаа хутга барьчихсан, зузаан гуя руу нь нэг удаа хатгачихсан зугтаагаад явчихлаа гэж хэлээд орж ирсэн. Хойд өрөөний шалан дээр манай хутганы комны жижигэвтэр хутга байсан. Тэр хутга Тын барьж орж ирсэн хутга байсан. Үзүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь би тухайн хутгыг аваад сэжиглээд цэвэр ус дээрээс нь гоожуулаад угаачихсан.…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52- дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...талийгаач Майнбаярын баруун гуяны дотор дунд хэсэгт үүссэн шарх нь 3 см урттай, ташуу байрлалтай шарх байсан. Ир үзүүр цагийн зүүний 5, мохоо ирмэг 11 дүгээр цагийн түвшинд байрласан эдийн дутагдал бүхий шарх байсан. Уг шарх нь 3 см-с бага өргөнтэй ир үзүүр бүхий зүйлээр үүссэн байх боломжтой.  Дээрх шарх нь 2.2 см өргөнтэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой, учир нь хатгагдаж зүсэгдэх үед ир үзүүр хэсэг  бүхий талыг доош дарж шархны уртыг нэмсэн байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн № 5659 дугаартай шинжээчийн “...Э.Майнбаяр 30н/эр 2017.05.30 ӨМА ШША” гэж хаягласан цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд 2,8 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №21 дугаартай шинжээчийн “...Талийгаачид баруун гуяны дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий шинэ, баруун бугалганы гадна дээд, дунд хэсэг, цээжинд зулгаралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун гуяны дунд хэсгийн гуяны том артерийн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархнаас болж цус алдаж нас баржээ гэсэн дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, нас барсны гэрчилгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын нэг дүгээр  прокурорын газраас шүүгдэгч Ө.Тт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч Ө.Тыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ө.Т нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, талийгаачийн оршуулгын зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ө.Тт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарахад талийгаач Э.Майбаярын зүй бус харьцаа нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан харгалзан үзэв.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг хутга, хар өнгийн өмд 1 ш, цэнхэр өнгийн цамц 1 ш, цэнхэр өнгийн дотоож 1ш, хөх өнгийн 1 хос тавчик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Өнөхүүгийн Тыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Тт 10 /арав/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ө.Тт оногдуулсан 10 /арав/-н жилийн хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 36.8  дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ө.Тын цагдан хоригдсон 273 /хоёр зуун далан гурав/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ө.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Таас хохирол төлбөрт 15,385,312 төгрөгийг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Ж.Эрдэнэтогтоход олгосугай.  

 7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэтогтох  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг хутга, хар өнгийн өмд 1 ш, цэнхэр өнгийн цамц 1 ш, цэнхэр өнгийн дотоож 1ш, хөх өнгийн 1 хос тавчик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  

            9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ө.Тын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ө.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА

                                                  ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА

                                                       ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ