Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/37

 

 

 

   Ц.Дд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Дд холбогдох 2338000700137 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Дайртан овогт Цогтгэрэлийн Д, ….... оны …. дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, …. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн .......  тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн ….. оны …. дугаар сарын…-ний өдрийн …. дугаартай шийтгэх тогтоолоор түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсгийн 248.1.3-д зааснаар хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /Регистрийн дугаар ..................../.

Ц.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 10-15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 47-08 тоотод байх хохирогч Б.Бын эзэмшлийн байшинд нэвтэрч, хохирогчийн 11 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,892,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Дайртан овогт Цогтгэрэлийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Цогтгэрэлийн Дг 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дгийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Даас 2,525,000 /хоёр сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жил 10 сарын хорих ялаар ял оноож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

1. Шүүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгч, хохирогч, нарын шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талуудын нотлох баримтуудыг тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь судалж үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй, ...мэдүүлгийн эх сурвалжийг анхан шатны шүүх тогтоосонгүй, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдийг асуусангүй.

2. ...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт ач холбогдолтой боловч Ц.Дг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй баримт нэг ч байхгүй, хэргийн бодит байдлыг хангалттай тогтоогоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд гэмт хэргийн болон бодит байдлыг бүрэн эцэслээгүй, гэм буруугүй гэмт хэрэг хийгээгүй хүнд хилсээр эрүүгийн ял оноосон шийтгэх тогтоолыг анхан шатны шүүх гаргалаа гэж үзэж байна. Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн үйдлийг тогтоосон баримт энэ баримтуудад огт байхгүй.

3.Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан Ц.Дг гэм буруутай гэж тогтоогдож байгаа үйл баримтуудаас яг энэ баримт 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай тогтоож байгааг шийтгэх тогтоолд дурьдаагүйгээс гадна  хэргийн үйл баримт нь өөрөө түүнд хорих ял шийтгэл халдаахад эргэлзээгүй хангалттай тогтоогдоогүй эцэслэн шалгаагүй байхад зөвхөн эргэлзээтэй нотлох баримтуудыг, эх сурвалжийг судлалгүй үндэслэлгүй хийсвэр байдлаар нотлох баримтуудыг үнэллээ.

4.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б манай гэрээс алдагдсан эд зүйлүүд үнэлгээнд тусгагдаагүй байна, түүний үнэлгээг миний дүү тогтоолгоогүй байна, түүнийг шүүгдэгчээс нэхэмжлэнэ гэсэн боловч шүүх нь үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нэхэмжил, үүнээс илүү мөнгийг нэхэмжлэх юм уу, үгүй юм уу гэж хохирогчийн нэхэмжлэх шаардлагыг нь үгүйсгэж алдагдсан гэх эд зүйлд бүрэн үнэлгээ хийлгэлгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг хохирогч тухайн шүүх хуралдаанд гаргасан мэтээр шийтгэх тогтоолд дурьджээ.

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтуудын эх сурвалжийг үнэлэхэд Ц.Д ганцаараа 32 инчийн зурагт, угаалгын машин, хөлдөөгч, 25 кг гурил зэрэг 11 эд зүйлсийг хулгайлан авсан гэхэд эргэлзээтэй, эзэнгүй үлдсэн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй нэгэн гэмт хэргийг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх нь гэм буруугүй хүнд ял халдааж шийдвэрлэж байгаад гомдол гаргалаа.

6.Шүүгдэгч Ц.Д нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй гэж огт мэдээгүй, захаас уг 2 гоожуур бусад эд зүйлсийг танихгүй 2 хүнээс худалдаж авсан, эхнэр Отгонхүү мөн тэгж мэдүүлсээр атал гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдлийн хохирол хор уршгийг шалтгаант холбоотой гэсэн ойлгомжгүй, шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд боломжгүй нотлох баримтуудыг үнэлсэн гэж үзэж байна.

 Иймд ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 1 дүгээр сарын 10-15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 47-08 тоотод байх хохирогч Б.Бын эзэмшлийн байшинд нэвтэрч, хохирогчийн 11 нэр төрлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,892,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ.

Анхан шатны шүүхийн “...Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, ... хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд сахих” үүрэгтэй.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдал, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн  нотлох баримтаар тогтоох учиртай.

Гэтэл Ц.Дд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй байхад шүүх уг алдааг залруулахгүй хэргийг шийдвэрлэжээ.

 Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, мөн зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн нотлоогүй байна.

Тодруулбал;  Яллах дүгнэлтэд “...байшинд нэвтэрч” гэж тусгасан байх боловч уг байшинд хэрхэн нэвтэрсэн /цонхоор, хаалгаар, бусад газраар гэх мэт/-ийг баримтаар нотлон тогтоогоогүй.

Мөн “...хохирогчийн 11 нэр төрлийн эд хөрөнгийг авсан” гэж дүгнэсэн байх боловч дээрх эд хөрөнгө хохирогчид байсан эсэх, шүүгдэгч хууль бусаар авсан эсэхийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар хангалттай нотлон тогтоож чадаагүй байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд шинжилгээний бодит үр дүнг тусгасан гэж үзэх, дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй тогтоосон гэж дүгнэх  боломжгүй байна.

 Тодруулбал; шинжээч дүгнэлт /хх-ийн 51-54-р хуудас/ гаргахдаа LED/LCD tv 32 инчийн зурагт, хөлдөөгч,  эмэгтэй хүний шуба, монетон ээмэг, хивс, богино савхин куртик зэрэг тухайн шинжилгээний  обьектын хэмжээ, чанар, хийгдсэн материал, ямар үйлдвэрийнх болох талаарх мэдээллийг дүгнэлтэд бүрэн тусгаагүй байх тул уг дүгнэлтээр хохирлын хэмжээ бодитой тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Иймээс шинжээчийн дүгнэлтийг Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага  хангасан  үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох  боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2023ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                            Б.СОСОРБАРАМ