Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 123/ШШ2025/0012

 

 

 

 

 

   2025       02        03                                              123/ШШ2025/0012

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О**********гийн дүгнэлттэй Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Р**********вт холбогдох холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдолд гаргагч Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О**********г, хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Р**********в нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан тус шүүхэд ирүүлжээ.

            Уг эвлэрлийн гэрээнд: “Төв аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.О**********г би тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий албан тушаалтны №0710069 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт холбогдогч “Монгол чех метал” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1-д заасан өөрчлөлтийг оруулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Р**********в би хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. [1]

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О**********г нь “Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Р**********вын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №0710069 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.

Гомдол гаргагч Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О**********г, хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Р**********в нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “... нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4 дэх хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор гомдол гаргагч, хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн болно. [2]

Иймд Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О**********г, хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Р**********в нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О**********гийн дүгнэлттэй, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Р**********вт холбогдох захиргааны хэрэгт “Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Р**********вын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №0710069 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагаа гомдол гаргагч шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт холбогдогч “Монгол чех метал” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэсэн өөрчлөлтийг оруулуулахаар прокурор өөрчилж, өөрчилсөн гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О**********гийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                        Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хэргийн 49 дүгээр тал,

[2] хэргийн 50-51 дүгээр тал,