Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 319/ШШ2025/00072

 

 

 

 

 

2025         02          13

                               319/ШШ2025/00072

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* ******* ******* ******* оршин суух,******* регистрийн дугаартай, Лхагвахүүгийн Ганболдын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганболд нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Отгон овогт Лхагвахүүгийн Ганболд миний бие нь 2002 онд Хар ямаатынхан овогт Раднаагийн Отгонжаргалтай гэр бүл болж ******* аймгийн ******* ******* ******* ******* мал маллан амьдарсан. Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлж, хүүхдүүд маань эрүүл саруул эсэн мэнд өсч торниж байна. Том хүү, охин хоёр 18 насанд хүрсэн. Бага 2011 онд төрсөн , 2007 онд төрсөн Г. нар маань дунд сургуульд сурч байна.

Миний эхнэр Р.Отгонжаргал нь 2021 оноос хойш бие өвдөж байна, эмнэлэгт үзүүлнэ, хэвтэнэ гээд ойр ойрхон ******* аймаг руу олон, цөөн хоногоор байнга явах болсон. Би татгалзалгүй тухай бүрт нь мөнгө төгрөг хүссэн хэмжээгээр нь өгч, биеэ сайн эмчлүүлээрэй гээд явуулдаг байсан. Энэ явдал ойр ойрхон давтагдсаар 2023 оны 6 дугаар сарын 19-нд Цагаан уул амралтанд хэд хоног амраад ирье гэж аваад буцаж ирэлгүй тэр чигтээ алга болоод одоог хүртэл ирээгүй. Р.Отгонжаргал нь энэ хугацаанд бусдаас мөнгө төгрөг зээлж, хүмүүс нь надаас нэхэхээр би том хүүхдүүдийн хамт өрийг нь төлж барагдуулсаар ирсэн.

Хүүхдүүдийн хүүхдийн мөнгийг мөн авч дураараа захиран зарцуулах болсон. Гэрээс явахдаа миний өвөг ааваас уламжлан надад ирсэн дээр үеийн хийцийн мөнгөн аяга, миний өөрийн мөнгөн аяга зэргийг нууж авч явж хүнд зарсан сураг сонсогдсон. Нэг хүнтэй нийлж ******* аймгийн Буянт ******* Цагаан гол ******* амьдарч байна, хотод байна гэх мэт сураг сонсогддог байснаа сүүлд ******* аймгийн төвд манай ах дүү нартай тааралдсан байдаг.

Бид гэр бүл болоод 20-оод жил амьдрах хугацаанд мал маань өсч 1000 тоо толгой давж ******* аварга малчин болж байсан. Цас зуд, хүүхдийн сургалтын төлбөр, Р.Отгонжаргалын эмчилгээний төлбөрт гэсээр 50 гаруй толгой малтай үлдсэн. Хүүхдүүд сургуульд сурдаг учраас ганц бие эр хүн хөдөө цөөн тооны мал маллахад ар гэр, хоол цайнаас эхлээд давхар хүндрэлтэй байсан тул малаа зарж аймгийн төвд хүүхдүүдийн хамт амьдарч байна.

Хүүхдүүдтэйгээ зөвлөлдөхөд гэрлэлтээ цуцлуул, тэр хүн өөр хүнтэй амьдарч байгаа тул эргэж сэтгэл нь бидэнд гэхгүй гэсэн тул гэрлэлтээ  цуцлуулахаар шийдсэн боловч хаана байгаа нь тодорхойгүй тул шүүхэд хандаж чадахгүй байна.

Ядаж хүүхдүүдтэйгээ ч ганц удаа холбоо барьж, утсаар ярихгүй юм. Миний сонсгол муу, чих хатуу, бичиг үсэгт тааруу тул итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж байна.

Иймд Р.Отгонжаргалыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ

2. Хүсэлт гаргагч Л.Ганболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд миний 35 настай дүү нас барсан. 2020 онд оо гэдэг хүн манайхаар ирээд хоол унд идээд явдаг байсан. 2021 онд ирээд манайхаас 20-оод тооны мал авч явсан. Надад нарны дэлгэц, аккумлятор авч ирж өгсөн. 2022 оны зун 7 сард оо ирээд манайхаас дахин 20-иод мал авч явсан. Уг малны мөнгө төгрөгийг өгөөгүй. Манай эхнэр байнга бие өвдөж байна гээд аймаг руу 7 хоног 2-3 удаа явдаг байсан. Ингэж явдагийг хүүхдүүд ч мэдэж байгаа. Эмч намайг ир гэсэн гээд яваад байдаг байсан. 2023 оны 3 сард мал төллөж байхад манай эхнэр *******од эмнэлэгт хэвтэнэ гэж яваад 4 сар гараад ирсэн. Би хүүхдүүдтэйгээ малаа төллүүлсэн. 2023 онд хэцүү хавар болсон. 2023 оны хавар том залуугийн хонхны баяр болсон. Манай эхнэр хамаатныхаа хүний цайллаганд яваад 3 хоноод ирсэн. Манай эхнэр аймгийн төвд надаас өөр хүнтэй болчхоод яваад байсан байна лээ.  2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Цагаан-Уулын амралтад явна гэхээр нь би эхнэрээ явуулсан. Манай эхнэр тэрнээс хойш ирээгүй. Хүмүүс гудманд өөр хүнтэй явж байна гэж надад хэлсэн. Би том, бага хоёр охиноо эхийгээ олоод ир гээд явуулсан. Би тэвчиж чадахгүй архи уучхаад утасны цаанаас баахан доромжилсон. Хүүхдүүдийн нэр хүнд унагаагаад байдаг. ******* ******* тендерт явдаг жолооч нар мэдэж байгаа. Зардлаа өг гэхээр дансаа өгчих гээд дансыг нь аваад зардлаа хийдэггүй гэсэн. оо гэдэг хүн манай эхнэрийг өөр хүнтэй танилцуулсан гэж ойлгосон. Манай эхнэр миний хөгшин аавын мөнгөн аяга болон миний мөнгөн аягыг зарсан. Сургийг нь гаргахад 7 дугаар цэцэрлэг билүү 7 дугаар сургуулийн манаачид зарсан байсан. Би 4 хүүхэдтэйгээ мал дээр байдаг. Цас ихтэй зутруухан байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Эрэн сурвалжлуулах тухай хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *******т олгосон итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ганболдын Урангоогийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ганболдын гийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Ганболдоос иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Отгонжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч болон Р.Отгонжаргал нар гэрлэсний бүртгэлийн лавлагаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах эрхтэй тул хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу Р.Отгонжаргалыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

5. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Раднаа овогтой Отгонжаргалын талаарх мэдээлэл: Хар ямаатынхан овогт Раднаагийн Отгонжаргал, РД: регистрийн дугаартай, эмэгтэй, ******* аймгийн Жаргалант суманд оршин суух хаягтай,

Хүсэлт гаргагч Л.Ганболдтой холбогдох утас .

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хар ямаатынхан овогт Раднаагийн Отгонжаргал, (РД: )-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хар ямаатынхан овогт Раднаагийн Отгонжаргалыг  эрэн сурвалжилж, түүний оршин суух хаяг, байршлыг олж тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагч Р.Отгонжаргалын оршин суух хаягийг олж тогтоомогц шүүхэд болон хүсэлт гаргагч Л.Ганболдод ()-т нэн даруй мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Р.Отгонжаргалтай холбоотой бүртгэлийн баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт ******* аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ЭРДЭНЭ-ОЮУН