Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00587

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00587

 

 

 

З.Б-ннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00084 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГхолбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б, түүний өмгөөлөгч Д.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одсэлмаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О, түүний өмгөөлөгч С.Ялалт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32019/10316 захирамжаар М.Б-д төлбөр төлөхөөр болсон. Үүнээс 88 000 000 төгрөг төлөхөөс 51 220 000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж, одоо ч үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулсаар байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн миний Ү-000 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 18 дугаар хороо  хаягт байрлалтай мкв орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлүүлсэнд гомдолтой байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Тус орон сууцнаас биш харин мөнгөн хэлбэрээр өр төлбөрөө барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.

Н.О-тэй 2020.4.17-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулан дээрх сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдаж, мөн өдөр төлбөр тооцоогоо дуусган хоёр талаасаа акт үйлдэн баталгаажуулсан.

Н.О байрыг хүлээн авч, цоожийг нь солиод нүүж орж, бодитоор эзэмшилдээ авч хууль ёсны өмчлөгч болсоныг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг байрыг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хууль бусаар явуулсан байна. Энэ үед хууль ёсоор худалдсан, төлбөр тооцоогоо төлж өмчлөгч болсон талаар 2020.5.14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд тэмдэглүүлж, холбогдох гомдол саналыг удаа дараа гаргаж байсан ба 2020.5.22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 5/03 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахгүй талаар бидэнд мэдэгдэж байсан.

Битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулсны улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж, гэрчилгээг гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. КМИББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй, зээл барьцааны асуудлаар шүүхийн шийдвэр гарсан байсан учир энэхүү барьцааг чөлөөлөх гэж Н.О миний өмнөөс төлбөрийг төлсөн.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлмөгц чөлөөлж, Н.О-ийг өмчлөх эрхээ баталгаажуулах нөхцөлийг хангана гэж байсан боловч төлбөрөө төлснийх нь дараа дахин өөр хүний шүүхийн шийдвэртэй гээд битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад сууцыг төлбөр төлөгчийн өмчлөлийн зүйл биш, Н.О-н өмч болсон гэдгийг хэлж байсан. Өмчлөх эрхээ шилжүүлснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдсэн хэр нь бусад этгээдийн өмчлөлийн зүйл дээр явуулж буй хууль бус ажиллагааг зогсоолгүй үргэлжлүүлсэн. Барьцааны зүйл биш хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийх нь анхнаасаа буруу байсан. Н.О-н хууль ёсны өмч болох Улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, м.кв талбай бүхий орон сууцанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд явуулсан битүүмжлэх, хураан авах ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.9.12-ны өдрийн 183/Ш32019/10318 дугаар захирамжаар З.Боос 37 055 000 төгрөгийг гаргуулж М.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019.11.22-ны өдрийн 20290007 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулахад биелүүлээгүй тул харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийх тухай мэдэгдлийг арилжааны банкнуудад хүргүүлэхэд, данс эзэмшдэггүй, үлдэгдэл хүрэлцэхгүй талаар хариу ирүүлсэн байна. Иймд төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2020.5.14-ний өдрийн 20290007/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020.5.22-ны өдрийн 20290007/03 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад З.Б нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 418 000 000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг өгсөн ба төлбөр авагч М.Бнь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг тус тус ирүүлсэн. Иймд тус албаны 2020.6.17-ны өдрийн 6/341 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийг томилж зах зээлийн үнийгээ тогтоолгоход төлбөр төлөгч З.Б-нөмчлөлийн 32а байр 53 тоот хаягт байршилтай 93.17 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 192 199 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2020.6.22-ны өдөр төлбөр төлөгч З.Б-д 9574-5659 утсаар болон биечлэн мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.4, 86.9-д заасныг баримталсан. Нэхэмжлэгчтэй 2 удаа уулзахдаа эрх үүргийг нь танилцуулсан. Мөн 2020.5.22-ны өдөр уулзахдаа эрх үүргийг танилцуулсан эрх үүрэг танилцуулахдаа шийдвэр гүйцэгчдэд үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөх, хөрөнгийг зарж үрэгдүүлсэн бэлэглэсэн, худалдсан бол шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ гэж хэлсэн. Үүний дагуу амаараа яриад байхаар нь төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг авсан. Хөрөнгийн мэдүүлгийг авахад төлбөр төлөгч З.Б-оос үл хөдлөх хөрөнгө байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Бусдын эзэмшилд байгаа өөрийн өмчлөлийн хөрөнгө, ирээдүйд бий болох бусад хөрөнгө байгаа юу гэхэд байхгүй гэж мэдүүлсэн. Мөн шүүхийн шийдвэр гаргаснаас хойш бусдад шилжүүлсэн бэлэглэсэн эд хөрөнгө орлого, хэзээ хэнд бэлэглэсэн шилжүүлсэн эсэх дээр тийм юм байхгүй гэж хөрөнгийн мэдүүлэг дээр дурдсан байгаа.

Н.О-н охин О.Ц-г хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1, 49.2, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О шүүхэд гаргасан тайлбартаа: 2020.4.17-ны өдөр иргэн З.Б-той үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулан нотариатчаар гэрчлүүлж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо,  мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Мөн өдөртөө төлбөр тооцоогоо дуусган төлж, хоёр талаасаа энэ тухай акт үйлдэн баталгаажуулсан. Сууцны үнийг бүрэн төлж, нүүн орж бодитоор эзэмшилдээ авснаар миний бие хууль ёсны өмчлөгч. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа ирж, М.Бгэх хүний өрийг төлүүлэх зорилгоор миний өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх, хураан авах зэрэг ажиллагааг хууль бусаар явуулсан. Энэ үед хууль ёсоор худалдан авсан, төлбөр тооцоогоо төлж өмчлөгч болсон талаар хэлж тэмдэглүүлж, холбогдох гомдол саналыг удаа дараа гаргаж байсан боловч хүлээн аваагүй. Битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулсны улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж, гэрчилгээг гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. З.Быг өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдсэн хэр нь миний өмчлөлийн зүйл дээр явуулж буй хууль бус ажиллагааг зогсоолгүй үргэлжлүүлсэн. З.Б нь М.Бгэх хүнд өр төлбөртэй боловч орон сууцыг барьцаалаагүй. Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авах ажиллагааг хийх нь буруу юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага таныг хууль ёсны өмчлөгч гэж тогтоосон зүйл алга гэх зэргээр үндэслэлгүй тайлбар хэлж байсан. Энэ явдлын улмаас би Сонгинохайрхан дүүргийН иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүхийн 2020.9.15-ны өдрийн 184/ШШ2020/02778 дугаар шийдвэрээр намайг хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон. Иймээс миний хууль ёсны өмч болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 93,17 м.кв талбай бүхий орон сууцанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд явуулсан битүүмжлэх, хураан авах ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өргөдөл өгсний дагуу 2019.12.22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.3.20-ын өдөр мэдэгдэх хуудас ирсэн. З.Б нь Баянгол дүүрэг 18 дугаар хороо тоотод үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Үүнийг бид захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлээд байсан гэсэн. Маргаан бүхийн орон сууцыг 2020.5.14-ний өдөр үл хөдлөх битүүмжлэх тухай тогтоол гарсан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явж байгаа. Гэтэл З.Б гомдол гаргасан уг байрны үнэлгээ хийлгэхгүй бол болохгүй гэхээр нь үнэлгээний төлбөрийг би өөрөөсөө төлөөд тухайн байрыг үнэлүүлсэн. Үнэлгээний байгууллагын үнэлгээг З.Б хүлээн зөвшөөрөхгүй 400 000 000 төгрөгийн үнэтэй байр байсан гээд байгаа боловч Н.Од 2020.4.17-ны өдөр 90 000 000 төгрөгөөр зарсан байдаг.  Талуудын худалдах-худалдан авах гэрээ нь хэрэгт байгаа. З.Б нь 300 000 000 төгрөгөөр хохирох гээд байна гээд байгаа бол яагаад байраа 90 000 000 төгрөгөөр зарсан бэ? Зах зээлийн ханшаар үнэлгээний газар илүү үнээр үнэлсэн байна. Н.О-н хууль ёсны өмчлөлд байсан гээд байгаа. 2020.3.20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад өгсөн хариу мэдэгдэх хуудсанд Н.О биш З.Б гэдэг хүний өмчлөлд байна гэсэн. З.Б-ннэр дээр байсан хөрөнгийг битүүмжлэнгүүт 2020.4.17-ны өдөр Н.О-тэл худалдах худалдан авах гэрээ хийсэн байна. З.Б шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэг удаа ирж 3 000 000 төгрөг өгсөн. Үүнээс өөр төлбөр төлөөгүй. Н.О нь хууль ёсны өмчлөгч байсан бол улсын бүртгэл дээр энэ гарч ирэхгүй байсан гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГхолбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай З.Б-нгаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй болсон. Учир нь 2 жилийн өмнө маргаан бүхий сууцыг 200 000 000 төгрөгөөр Н.Од зарж, үүнтэй холбоотой үүссэн маргааныг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн. Энэ хугацаанд сууцанд Н.О гэр бүлийн хамт амьдарч байсан. Эрүүгийн шүүхийн шийдвэр гарсны дараа талууд 2020.4.17-ны өдөр гэрээ байгуулж Н.О З.Бод 90 000 000 төгрөг өгч тооцоог хаасан. Гэрээ байгуулсны дараа сууцны гэрчилгээг шилжүүлэх гэхэд КМИХХК-ийн өр төлбөрт захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг олж мэдсэн. НШШГ-т гүйцэтгэгч өр төлбөрийг төлөөд чөлөөлөөд ав гэсний дагуу З.Б-нөрийг Н.О төлж барагдуулсан. Чөлөөлөх бичиг хийлгүүлж байх үед М.Бгэх хүнд өртэй байна, төлбөрөө төлвөл чөлөөлөөд өгье гэсэн зүйл хэлсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх, хураан авах ажиллагаа болон гэрч оролцуулах журам зэргийг зөрчсөн. Н.О-н охин О.Ц-г хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхдээ ямар нэгэн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилагдаагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгч хуваарилах үүргээ биелүүлээгүй байхад дурын нэгэн шийдвэр гүйцэтгэгч эрх хэмжээгээ хэтрүүлж ажиллагаа явуулсан. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй. Хариуцагчийг зөвтгөөгүй хэрнээ хийсэн ажиллагааг нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн байгааг зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийг хангаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд маргаан бүхий орон сууцанд хийсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах болон үнэлэх ажиллагааны хүрээнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй болсон байна. Одоогоос 2 жилийн өмнө маргаан бүхий орон сууцыг З.Боос 200 000 000 төгрөгөөр худалдан авч, үүнтэй холбоотой маргааныг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ хугацаанд орон сууцанд амьдарч байсан. Эрүүгийн шүүхээр шийдвэр гарсны дараагаар хоорондын асуудлаа цэгцэлж 2020.4.17-ны өдөр гэрээ байгуулж 90 000 000 төгрөг өгч тооцоог хаасан. Угтаа бол 2 жилийн өмнөөс миний өмч болсон гэдэг тал дээр З.Б огт маргадаггүй. Энэ нөхцөл байдал нь прокурорын байгууллагаас орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эргээд сэргээсэн баримтаар нотлогдоно.

Нэхэмжлэгч 2020 оны 4 сард гэрээ байгуулсны дараа гэрчилгээг шилжүүлэх гэхэд КМИХХК-д өртэй байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг олж мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч өрийг нь төлөөд ав гэсэн тул би З.Б-нөрийг төлсөн. Төлбөр барагдуулах бичиг хийлгүүлж байх үед М.Бгэдэг хүнд өртэй, түүний өмнөөс төлбөрийг нь төлвөл чөлөөлөөд өгье гэсэн зүйлийг мөн шийдвэр гүйцэтгэгч нар хэлсэн. Надад орон сууцны өмчлөх эрх үүссэн байхад түдгэлзүүлсэн асуудлаа шийдвэрлэхийг хүссэн. Удаа дараа гомдол гаргасан. Ийнхүү асуудал болмогц НШШГГ нь манай орон сууцыг битүүмжлэх, хураан авах ажиллагааг яаралтай хийж, холбогдох хууль болон гэрч оролцуулах журам зэргийг зөрчсөн. Охин О.Ц-г хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхдээ ямар нэгэн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилагдаагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгч хуваарилах үүргээ биелүүлэгүй сайхан дурын нэгэн шийдвэр гүйцэтгэгч эрх хэмжээгээ хэтрүүлж ажиллагаа явуулсан байсан. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй. Хариуцагчийг зөрчөөгүй хэрнээ хийсэн ажиллагааг нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн байгааг зөв боломжгүй байна.

З.Б-н хувьд нэгэнт өөрийн өмчлөлийн зүйл биш болсон гэдгийг хэлсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан. Шийдвэр гүйцэтгэгч н.О-н хувьд орон сууцтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг сайтар мэднэ. Би маргааны бүхий орон сууцны өмчлөгч гэдгээ шүүхэд хандаж тогтоолгосон. Уг шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Энэ орон сууцыг худалдан аваад 2 жилийн хугацаанд эрүүгийн шүүхээс эхлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд олон бэрхшээлтэй тулгарсан. Өөр хүний өрийг хүртэл төлж үзлээ. Ийм хүн нөхцөл байдлын эцэст манай гэр бүл дахиад өөр хүний өрийг төлөх байтугай хоногийн хоол залгуулах санхүүгийн боломжгүй болсон. Нэхэмжлэгчид анх 200 000 000 төгрөг, нэмж 90 000 000 төгрөг өгсөн. Банк бус санхүүгийн байгууллагад 28 000 000 төгрөг төлсөн.

Дээрх дурдсан нөхцөл байдлыг харгалзан шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийг хангаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд маргаан бүхий орон сууцанд хийсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч НШШГГ холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2019/10318 дугаар захирамжаар З.Б 36 780 000 төгрөгийг М.Б-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх бөгөөд гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь төлбөр төлбөгч З.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, тоотод байрлах, 93,17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 14ий өдрийн 20290007/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн үйл баримт тогтоогдсон. /хх 17-18, 50/

 

Нэхэмжлэгч нь гомдлын үндэслэлээ Н.О-тэй  2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 93,17 м.кв талбай бүхий орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдсан. Уг сууц М.Б-н төлбөрийн барьцаанд анхнаасаа байгаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бусдын буюу Н.О-н өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн нь буруу гэж тодорхойлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О дээрх сууцыг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай ижил агуулгаар бие даасан шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэх агуулгаар хүлээн авахаас татгалзсан байна./хх 136-140, 192-194, 201/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д төлбөрт гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухай эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах болон чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Н.О-н бие даасан шаардлагыг хүлээн авч үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцүүлснээр хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үндэслэлтэй явагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжтой болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт зааснаар гуравдагч этгээд нь зохигчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг тул анхан шатны шүүх Н.О-н бие даасан шаардлагыг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.

 

Харин бие даасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол хүлээн авахаас татгалзах эсэхийг шүүх шийдвэрлэх боломжтой.

 

Мөн анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2019/10318 дугаар захирамж хэрэгт дутуу авагдсан, шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаар үнэлжээ. /хх 19/

 

Шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан боловч шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх талаар талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцуулж, мэтгэлцүүлээгүй гэж үзнэ.

 

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О-н давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00084 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.О-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД