| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0031/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 32
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох эрүүгийн 1704000740006 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгч Б.Б
Шүүгдэгч Э.М
Шүүгдэгч Б.Е
Шүүгдэгч Ж.У
Шүүгдэгч Б.Б, Э.М,
Б.Е нарын өмгөөлөгч Ж.Цэцгээ
Шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш нар оролцов.
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .., .. дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “..” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл .., эхнэр Д, охин нарын хамт У хот, , ..дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоот, Багануур дүүргийн .. дүгээр хороо, Байдлагийн .. дугаар гудамжны .. тоот хашаанд тус тус оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-ны Б
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .., .. төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “...” авто засварын газарт засварчин ажилтай байсан, ам бүл .., эхнэр хүүхдүүдийн хамт, Багануур дүүргийн .. дугаар хороо, Нарийны .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, О. овгийн Э-ын М / /.
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. .. дүүрэгт төрсөн, эрэгтэй, .. настай, дээд боловсролтой, өндөр хүчдэлийн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., аав Б, ээж Г, ах, дүү нарын хамт амьдрах, Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б. овгийн Б-ийн Е
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. аймгийн ..төрсөн, эрэгтэй, .. настай, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ...ажилтай, ам бүл .., ээж Н, ах, дүү болон .. сартай охин нарын хамт, /иргэний үнэмлэхний хаяг: .. хот, .. дүүрэг, .. дүгээр хороо, .. .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Ж-ын У
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:
Яллагдагч Э.М, Б.Е нарыг 2017 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 03 цагийн үед “Багануур зоог”-ийн газрын гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, улмаар иргэн Уыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Яллагдагч Э.Быг 2017 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 03 цагийн үед “Багануур зоогийн” газрын гадна Э.Шг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Яллагдагч Ж.Уыг 2017 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 03 цагийн үед “Багануур зоогийн” газрын гадна Э.М, Б.Е нартай зодолдож хурууг нь хазах, нүүрэн тус газар нь цохих зэргээр хоёр хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Б.Б, Э.М, Б.Е, Ж.У нарт холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв Үүнд:
Хохирогч Э.Шгийн мөрдөн байцаалтад 2017 оны 8 сарын 24-ний өдөр өгсөн:
Би урьд шөнө Багануур зоогийн газар орох гээд найз У, Золжаргал, М нарын хамт зоогийн газрын үүдэнд явж байхад тэндээс 4 залуу 2 эмэгтэй гарч ирэхэд М нэг залууг нь манай нутгийн ах байна гээд мэндийг нь мэдээд, бид Хэнтий аймаг явах гэж байна гэж яриад зогсож байхад халимаг үстэй саарал фудволктай /биеийн тамирын цамц/ намхан нуруутай залуу миний нүүр лүү гараараа цохиход нүдэнд гал бутраад би газар унасан, хамраас маш их цус гарсан. Түүнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Тухайн үед ухаан балартаад хэн хэнийгээ цохисныг мэдэхгүй. Миний хамар хугарсан тул эмчилгээ хийлгэж гайгүй болсон. Б.Б хохиролд 800.000 төгрөг өгсөн, надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2017 оны 8 сарын 24-ний шөнө 02 цагийн үед Багануур зоогийн газар руу найз М, Ш, Шгийн эхнэр Э, миний эхнэр Золзаяа бид нар хоол идэхээр орох гэж байтал М, Ш хоёр Ө гэгчтэй үүдэнд нь яриад зогссон. Гэтэл Б гэгч нь зоогийн газраас гарч ирмэгцээ Шг гараараа нүүрэнд нь цохиод унагаасан. Би Шг авах гэж Быг холдуулахаар таттал Е намайг зуурч авсан. М араас татаж салгатал Е миний нүүр лүү гараараа цохиход би нүүр лүү нь цохисон. Энэ үед М намайг барьж аваад газар унагааж заамдаад зуурахаар нь гараас нь хазсан. Миний хамрын яс хугарсан, биеийн олон хэсэг газраа гэмтсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2017 оны 08 дугаар сарын 23-ны 23 цагт Багануур зоогийн газарт Ө, М, Е бид нар орж 1 шил архи ууж сууж байгаад зоогийн газраас гарцгаасан. Би Өын араас гарч ирэхэд тэр Ш, М, У нартай зогсож байсан. Ш Өыг цохих гэж байх шиг болохоор нь би Шгийн нүүрэнд гараараа нэг удаа цохиход тэр газар унасан. М, Е хоёр ирээд бөөнөөрөө зодолдсон. Би Шг цохисондоо буруутай. Би гэмтээгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.Еийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Зоогийн газрын гадаа Б Шг цохиход тэр газар унасан. Намайг очиход М У хоёр зууралдаж байхаар нь би Уыг татахад намайг нүүрэнд цохисон би буцааж түүний нүүр лүү цохисон. Миний хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхи хөхөрч гэмтсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Э.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Зоогийн газрын гадаах бие засах газраас ирж байтал Е, У хоёр зууралдсан байхаар нь салгах гэхэд У намайг 2 удаа хий цохисон. Тэгээд л зууралдаад дахин зодолдоогүй. Миний баруун гарын долоовор хуруу гэмтсэн. Өөр гэмтэлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2017 оны 8 дугаар сарын 23-ны орой Уын төрсөн өдрөөр би Ш болон түүний эхнэр Э нартай Уынд очиж пиво уусан. Би эхнэр хүүхэддээ очоод ирье гээд бид бүгдээрээ Хэнтий аймаг явахаар гарч замдаа хоол идье гээд Багануур зоог руу орохоор хаалганд нь дөхөж иртэл нутгийн зүс таних ахтай /Ө/ таарч мэнд мэдээд Хэнтий явах гэж байгаагаа яриад зогсож байсан Ш ирээд “та Хэнтий аймгийн хүн юм уу, би бас Хэнтийнх” гээд ярьж байтал намхан залуу ирээд яагаад байна гээд намайг түлхсэн. Ш миний урдуур ороход түүнийг цохиод унагаасан. Гэтэл цуг явсан залуучууд нь /М, Е/ ирээд Утай зууралдаад түүнийг чирээд овооролдоод байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Ч.Э мөрдөн байцаалтад өгсөн:
“Найз У, түүний эхнэр Золжаргал, М, нөхөр Ш нарын хамт Багануур зоогийн газрын хаалгаар орох гэж байхад урдаас 4 залуу 2 эмэгтэй гарч ирсэн. М цэнхэр өнгийн жинсэн яктай /хүрэм/ залуутай мэнд мэдээд бид нар Хэнтий явах гэж байна гэж хэлээд зогсож байтал хамт явсан саарал өнгийн фудволктай /биеийн тамирын цамц/ дунд зэргийн нуруутай махлаг залуу юу ч хэлэхгүй Шгийн нүүр рүү маш хүчтэй цохиод газар унагасан.Тэдгээр залуучууд Уыг зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ий 21 дүгээр хуудас/
Шинжээч эмч Ө.Ш-ийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09шэ/218 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Э.Шгийн биед баруун нүдний ухархайн дотор хананын хугарал, хамар ясны шинэ цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт, баруун талын хоншоор, чамархайн, нүдний эргэн тойронд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр биедээ учруулсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Ө.Ш-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09шэ/220 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Ж.Уын биед хамар ясны шинэ хугарал, ар нуруу, баруун талын суга, баруун болон зүүн өвдөгний өмнөд хэсэгт зулгаралтуудтай, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр биедээ учруулсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ө.Ш-ийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09шэ/223 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Э.Мгийн биед баруун гарын долоовор хуруунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Ө.Ш-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09шэ/222 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Б.Еийн биед хамар ясны шинэ хугарал, зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт, баруун болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 48 дугаар хуудас/,
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь
“2017 оны 8 дугаар сарын 24-ний шөнийн 03 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Багануур зоог”-ийн газрын гадна үүдэнд Э.Б нь Ө гэгчтэй яриад зогсож байсан иргэн Э.Шг гараараа нүүр лүү нь нэг удаа цохиж газар унагаан баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун талын хоншоор, чамархай, нүдний эргэн тойронд зөөлөн эдийн гэмтэл учруулсан болохыг,
Э.М, Б.Е нар нь Шд цохиулаад газар унаад байсан Шг босгож авахаар Быг холдуулах гэж татсан Ж.Уыг М барьж авч нүүр лүү нь гараараа цохиж, газар унагаан чирэх өшиглөх зэргээр Е нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож бие махбодид нь хамар ясны хугарал, ар нуруу, баруун талын суга, баруун болон зүүн өвдөгний өмнөд хэсэгт зулгаралтууд, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтлүүд учруулсан болохыг,
Ж.У нь бусдын /Бын/ хууль бус халдлагат өртсөн Шг газраас босгож авахаар очиход Э.М Б.Е нар түүнийг барьж авч нүүр лүү нь гараараа олон удаа цохих, газар унагааж чирэх зэргээр зодож байхад өөрийгөө хамгаалж Еийн нүүр лүү гараараа нэг удаа цохих, Мгийн гарыг тавиулах гэж хурууг нь хазах зэргээр Еийн биед хамар ясны хугарал, хамрын зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл, Мгийн баруун гарын долоовор хуруунд язарсан шарх гэмтэл учруулсан болохыг тус тус нотолж байна.
Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн товч агуулгыг тодорхойлохдоо зөвхөн зодож гэдэг үгээр илэрхийлсэн байна. Гэвч шүүх хуралдааны дүгнэлтийн үед хэн хэнийг хэрхэн яаж зодсоныг прокурор тодорхой дүгнэсэн. Иймд прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг нотолно” гэсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцэж байна гэж дүгнэлээ.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, зодоон болох үед гэрч хохирогч нар бүгд байсан нь тогтоогдож байгаа тул мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан мэдүүлэгтээ “хамт явсан Өлзий ахыг цохиод авсан залууг би цохиж унагаасан” гэж мэдүүлсээр байсан хэдий ч хохирогч Ш, гэрч М, Э нарын мэдүүлгээр бодитой шалтаг шалтгаангүйгээр Шг цохиж унагааж зодооныг эхлүүлсэн нь тогтоогдсон. Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “би Өлзий ахыг цохих гэж байх шиг байна гэж бодоод Ш гэгчийг цохиж унагаасан” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Б.Е нь хохирогч болон сэжигтнээр мэдүүлэхдээ “У эхлээд нүүр лүү цохисон” гэж мэдүүлсээр байсан ба энэ нь Уын “М намайг зуурсан байхад Е миний нүүр лүү цохих үед би түүнийг цохисон” тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Еийн яллагдагчаар өгсөн “Би У, М хоёрыг салгах явцдаа Уыг ганц нэг цохисон байж магадгүй” гэсэн мэдүүлэг, гэрч М, Э нарын “тэдгээр залуучууд Утай зууралдаж чирээд овооролдоод байсан тухай мэдүүлэг зэргээр няцаагдсан.
Шүүгдэгч М нь сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Би У гэгчтэй зууралдаж, У миний хурууг хазсанаас өөрөөр намайг зодсон хүн байхгүй, би Уын толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохисон” хэмээн үйлдлээ хүлээн мэдүүлсэн нь гэрчүүд болон шүүгдэгч Уын мэдүүлэг зэргээр давхар батлагдсан
Гэрч Өын “танил Мийн хамт явсан залуучууд над руу онгироод нэг нь надыг цохих гээд дайрахад Б болиоч гээд дундуур орж салгахаар маргаж байгаад нэгийг нь цохиж унагаасан гэж мэдүүлж байснаа дараагийн өгүүлбэрт нь нэг нь надыг цохиод авсан, гэхдээ ямар нэг гэмтэл надад учраагүй” /хх-27/ гэж мэдүүлсэн. Хохирогч Ш, гэрч М нарын “бид Өтай яриад зогсож байсан” гэсэн мэдүүлгээс тэс өөрөөр мэдүүлсэн гэрч Өыг дахин байцаагаагүй байх ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Өын хаяг тогтоогдоогүй холбогдох боломжгүй тухай баримт үйлдэгджээ. Прокурор шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Өаас дахин мэдүүлэг авах гэсэн боловч хаягтаа байхгүй олдоогүй” гэсэн байна. Гэвч Өын мэдүүлэг нь гэрч М, Э нарын мэдүүлгээр болон шүүгдэгч Бын “Өыг хэн нэгэн цохиж байхыг хараагүй, би тэгж бодсон юм” гэсэн мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/, хохирогч Шгийн “М Ө гэгчийг нутгийн ах байна гээд мэнд мэдээд яриад зогсож байхад халимаг үстэй намхан нуруутай залуу нь миний нүүр лүү гараараа цохисон” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн зэргээр няцаагдаж байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэв.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б, Э.М, Б.Е нар нь “Багануур зоог” гэсэн нэртэй Зүүн чиглэлийн мянганы замд байдаг нийтийн хоолны үйлчилгээний газрын үүдэнд нийтээр тогтоосон хэв журмыг үл тоомсорлон Ш, У нарт хүч хэрэглэж догшин авирласан үйлдэлдээ бусдыг айлгах, хүч чадлаа харуулах сэдэлтээр санаатай хандсан. Энэ үйлдлээрээ хохирогч нартай хамт явсан гэр бүлийн болон найз нөхдийн улмаар зам зуур явж байгаад тухайн газарт үйлчлүүлэхээр орж гарч байгаа хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.
Шинжээчийн дүгнэлтэд “Хохирогч Э.Шгийн болон Ж.У, Б.Е, Ж.М нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн тул тэдний гэмтлийг хөнгөн хохирол гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Е, Б.Б, Э.М нар “Багануур зоог” нэртэй газарт 2 шил архийг хувааж хэрэглэсэн тухайгаа хүлээн мэдүүлдэг ба гэмт хэрэгт холбогдох үедээ согтуурсан байсан байна. Согтуурсан байдал нь үйлдлээ удирдан жолоодох, өөрийгөө хянах чадварыг бууруулж хууль бус үйлдэл гаргахад нөлөөлсөн гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалт нь Б.Б, Э.М, Б.Е нарыг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэх үндэслэл болно.
Тэд иргэн Ш, У нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Эдгээрийг үндэслэн Б.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Э.М, Б.Е нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна.
Б.Бын үйлдлийг Э.М, Б.Е нартай бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалт зөрчигдөнө. Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэснийг тэмдэглэе.
Ж.Уын шүүгдэгч Е, М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь өөрийн амь нас, эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг хийсэн шинжтэй тул түүнд холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн /хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/ хэргийг гэмт хэрэгт тооцохгүй.
Учир нь: Уын “шүүгдэгч нарт зодуулж байхдаа Еийг нүүр лүү нь нэг удаа цохисон, газар унаад зодуулж байхдаа Мгийн гарын нэг хурууг хазсан /нэг удаа/ зэрэг” үйлдлийг хууль бус гэмт үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл мөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч нарын довтолгоон бодитой эхэлсэн үед Уын үйлдэл хийгдсэн, шинжээчийн дүгнэлтэд дурдсан Уын хамар, уруул, ар нуруу, суга, баруун болон зүүн өвдөг зэрэг биеийн бүхий л хэсгүүдийг хамарсан олон тооны гэмтэл учирсан байх ба гэрчүүдийн “тэдгээр залуучууд Утай зууралдаад, чирээд овооролдоод байсан” гэсэн мэдүүлэг зэргээс харахад бүлэглэн олон удаагийн үйлдлээр зодсон нь тогтоогдсон. Түүнийг газар унагаахын өмнө шүүгдэгч Э.М “Ж.Уыг нүүр толгой хавьд нь гараараа олон удаа цохисноо мэдүүлсэн байдаг ч газар унагааж хэрхэн яаж зодсоноо мэдүүлээгүй, гэрчүүд ч тодорхой харж чадаагүй зөвхөн газар унагаад чирээд овооролдоод байсан гэж мэдүүлсэн байна.
Ж.Ут бусдад хүч хэрэглэх гэмт санаа байгаагүй нь дээр тогтоогдсон нөхцөл байдлаас харагдаж байх тул гэм буруу нь үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Ж.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгавал зохино.
Ял шийтгэлийн үндэслэл
Шүүгдэгч нарын үйлдэлд ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэвч шүүгдэгч нар нь урьд хэрэг болон зөрчилд холбогдож байгаагүй, эхнэр хүүхдүүдээ тэжээдэг, хувийн зан, амьдрал тогтвортой зэрэг нь ял шалгасан баримт, хувийн байдлуудыг тодорхойлсон гэрч Т.Төмөрсүх, Б.Билгүүн, Б.Галмандах нарын мэдүүлгээр тогтоогдлоо.
Шүүхийн өмнөх шатанд хохирогч Э.Ш эмчилгээний зардал 800.000 төгрөгийг Б.Баас нөхөн авсан, уг зардлын баримт хэрэгт авагдаагүй байна. Хор уршгийн хэр хэмжээг тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтын үед хийгээгүй байна. Гэвч талууд тохиролцоод уг зардлыг зөвшөөрөлцөж цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-ийн 101 дүгээр хуудас/баримт авагджээ.
Ж.У нь яллагдагч Э.М, Б.Е нараас хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэсэн баталгааг /хх-ийн 102 дугаар хуудас/ бичсэн байна.
Иймд Б.Б, Э.М, Б.Е нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй. Э.М, Б.Е нарт гэмт үйлдлийн аюулын шинж байдал болон хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглохоор эрх хязгаарлах арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 болон 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ