| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2025/0001/З |
| Дугаар | 116/ШШ2025/0001 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 116/ШШ2025/0001
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, *******ийн *******ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2006 онд нөхөр Б.*******тэй амьдарч, 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй гэрлэсэн ба хоёр хүүхдээ өөрсдийн овог нэрээр нэрлэх хүсэлтэй байсан учраас Хэрлэн сумын тамгын газрын ажилтан дээр очиж *******ийн *******г *******гийн ******* болгосон. Хүү *******гийн *******гийн эх *******гийн *******ийг *******ийн ******* болгон өөрчлөх хүсэлтэй байсан. Хүү маань 16 насанд хүрч иргэний үнэмлэх авсан. Түүнээс хойш гэрчилгээгээ ашиглаагүй, хэзээ хаана алга болгосноо мэдээгүй өдийг хүрсэн. 2020 онд би 4 хүүхдээрээ тэтгэвэрт гарах болсон чинь хүү *******гийн гэрчилгээ алга болсныг мэдээд шинээр гэрчилгээ авсан, тэгээд 666 бүртгэлийн дугаартай гэрчилгээ өгсөн, түүнийг нь аваад хүүхдийн тоогоороо тэтгэврээ тогтоолгосон. Гэтэл 2024 оны 11 сард Нийгмийн даатгалын байцаагч намайг дуудаж Б.*******гийн гэрчилгээний хуулбарыг авчир гэсэн. Сүүлд шинээр авсан гэрчилгээгээ олдоггүй. Ядаад хүүгээ дагуулаад хурууны хээгээр нь лавлагаа авахад эхийн овог хуучнаараа буюу ******* овогтой ******* гэж гарч ирсэн ба байцаагч “танай хүүгийн эхийн овог нэр зөрж байна, үүний учрыг олохгүй бол танд төлбөр тавигдана” гэсэн. Ингээд Улсын бүртгэлийн хэлтэст хандаж гомдол гаргахад эхийн овог нэрийг өөрчлөлтөөр сольдоггүй, үрчлэлтээр сольдог, овог нэр сольсон захирамж гараагүй байна, охин чинь ч гэсэн захирамжгүй байна, үүнийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн. ...Энэ олон жил /17 жил/ яагаад хяналт шалгалтаар илрүүлээд залруулж болдоггүй байсан юм болоо. Одоо болсон хойно гэнэт биднийг хохирооход хүргэж байгаад гомдолтой байна. Иймд Б.*******гийн эхийн овгийг өөрчилж өгөхдөө хууль зөрчиж, хийвэл зохих ажиллагаа хийгээгүй буруу ажиллагаа хийж *******ийн ******* гэж өөрчилсөн овог нэр өөрчлөх бүртгэлийг хүчингүй болгож, овог нэр өөрчлөх бүртгэлийг хуулийн дагуу тухайн оноор үрчлэлтийн бүртгэлээр нөхөн оруулж бүртгэхийг даалгуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн О.*******, Б.******* нар 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд анхны гэрлэлт, гэрлэхээс өмнө нэг, нэг хүүхэдтэй гэж бүртгүүлсэн байна. Улмаар 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.*******гийн овог нэрийг өөрчлөх хүсэлт гаргасан байна. 1999 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг өргөдөл гаргагчийн оршин суугаа, эсхүл оршин байгаа болон төрснийг бүртгэсэн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан Засаг даргын захирамжийг үндэслэн бүртгэнэ” гэж заасан байна. Гэтэл тухайн үеийн Хэрлэн сумын улсын бүртгэгч нь Засаг даргын захирамж гараагүй байхад иргэдийн гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн бүртгэлийг бүртгэсэн байна. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Иргэний бүртгэлийн ажилтан иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох тухай шүүхийн, эсхүл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгоно” гэж зааснаар Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэн Б.*******гийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн овог, нэр өөрчлөх бүртгэлийг хүчингүй болгох боломжтой юм. Гэвч иргэн О.*******ийн эрх зүйн байдал хөндөгдөж байгаа тул дараагийн шатны байгууллагад хандах тухай зөвлөсөн болно. Тус хэлтэс нь Б.*******гийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн овог, нэр өөрчлөх бүртгэлийн зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа тул зохих журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.******* нь “Б.*******гийн эхийн овгийг өөрчилж өгөхдөө хууль зөрчиж, хийвэл зохих ажиллагаа хийгээгүй буруу ажиллагаа хийж *******ийн ******* гэж өөрчилсөн овог нэр өөрчлөх бүртгэлийг хүчингүй болгож, овог нэр өөрчлөх бүртгэлийг хуулийн дагуу тухайн оноор үрчлэлтийн бүртгэлээр нөхөн оруулж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: ... Хүү *******гийн *******гийн эх *******гийн *******ийг *******ийн ******* болгон өөрчлөх хүсэлтэй байсан. Хүү маань 16 насанд хүрч иргэний үнэмлэх авсан. Түүнээс хойш гэрчилгээгээ ашиглаагүй, хэзээ хаана алга болгосноо мэдээгүй өдийг хүрсэн, хурууны хээгээр нь лавлагаа авахад эхийн овог хуучнаараа буюу ******* овогтой ******* гэж гарч ирсэн... Нийгмийн даатгалын байцаагч “танай хүүгийн эхийн овог нэр зөрж байна, үүний учрыг олохгүй бол танд төлбөр тавигдана” гэсэн. ...Улсын бүртгэлийн хэлтэст хандаж гомдол гаргахад эхийн овог нэрийг өөрчлөлтөөр сольдоггүй, үрчлэлтээр сольдог, овог нэр сольсон захирамж гараагүй байна гэсэн гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “Б.*******гийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн овог, нэр өөрчлөх бүртгэлийн зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа тул зохих журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэж бичгээр тайлбар, хүсэлт гарган шүүхэд ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн” нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч *******ийн *******ийн, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан, “Б.*******гийн эхийн овгийг өөрчилж өгөхдөө хууль зөрчиж, хийвэл зохих ажиллагаа хийгээгүй буруу ажиллагаа хийж *******ийн ******* гэж өөрчилсөн овог нэр өөрчлөх бүртгэлийг хүчингүй болгож, овог нэр өөрчлөх бүртгэлийг хуулийн дагуу тухайн оноор үрчлэлтийн бүртгэлээр нөхөн оруулж бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ