| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2024/0021/З |
| Дугаар | 116/ШШ2025/0002 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 116/ШШ2025/0002
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, *******гийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р багийн Засаг даргаар томилохыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус багийн иргэдийн Нийтийн хурал хуралдаж, иргэдийн нийтийн ээлжит хурлыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагт “ДБЭХС” ТӨХК-ийн Спорт цогцолборын хурлын зааланд хуралдуулахаар товыг тогтоож зарласан.
Улмаар хурал болж багийн Засаг дарга Ж.******* нь 2023 оны 08 дугаар сард тэтгэвэр тогтоолгохын тулд багийн Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар тэтгэврээ тогтоолгосны дараа хууль зөрчиж багийн Засаг даргаар буцаан томилогдсон. Энэ нь хууль бус тул багийн Засаг даргыг шинээр сонгохоор хуралд оролцогчоос санал гарснаар, нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж, ******* овогтой ******* миний бие нэрээ дэвшүүлсэн. Хурлын дарга хуралд оролцогчдоос өөр нэр дэвшигч байгаа эсэхийг асуухад нэрээ дэвшүүлэх хүн байгаагүй. Багийн Засаг даргад нэр дэвшихэд шаардлагатай материалаа өгөхийг надаас хүссэн би E-Mongolia ашиглаж татварын өргүй тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолтуудыг тэр даруй гаргаж өгсөн. Миний бие тухайн сонгуулиар хуралд оролцсон нийт иргэдийн 99 хувийн дэмжлэг авч багийн Засаг даргаар сонгогдсон. Тухайн хуралд оролцохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх материалын шаардлагыг бүрэн хангаж багийн ИНХ-ын дарга Д.*******т өгсөн. Багийн ИНХ-ын дарга Д.******* багийн Засаг даргыг сонгосон хурлын шийдвэр болон бусад материалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хэрлэн сумын Засаг дарга руу томилуулахаар өргөн мэдүүлнэ гэж надад хэлсэн. Нэлээдгүй хугацаа өнгөрсний дараа Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга А.*******т хөрөнгө оруулгын урьдчилсан мэдүүлэг, төрийн албан хаагчийн анкет, дипломын хуулбараа өгсөн. Улмаар хариу ирэхгүй байсан тул миний бие өөрөө очиж Засаг даргатай уулзсан, харин сумын Засаг дарга О.******* хариулахдаа танай багийн хурал 2024 оны төсөв хэлэлцэх хуралтай давхцаж болсон надад зав байгаагүй ачаалалтай байсан, чиний материалыг хүлээж авсан, хараахан танилцаж амжаагүй байна, чиний материалтай танилцаад шаардлага хангасан бол татгалзах зүйлгүй батлах болно чамд хариу хэлнэ гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа сумын Засаг даргатай уулзах гэж очсон боловч гадуур ажилтай шалтгаанаар ажил дээрээ байхгүй байсан, уулзаж чадаагүй. Багийн ИНХ-ын дарга Д.******* намайг Тамгын газрын дарга А.*******тэй очиж уулз гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 21-нд би сумын Тамгын газарт А.******* даргатай уулзсан. Багийн Засаг даргаар томилох бэлтгэл ажлын хүрээнд АТГ-т урьдчилан мэдүүлэг, төрийн албан хаагчийн анкет, бусад материалуудаа нэмж өгсөн /өмнө өгсөн материал олдохгүй байна гэсэн/. АТГ-т өгдөг урьдчилсан мэдүүлгийг зөвхөн Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга А.******* онлайнаар нээж мэдүүлэг бөглөдөг гэсэн тул Хэрлэн сумын хурлын ажилтан *******гийн ажлын компъютер дээр бөглөж дуусгасан. Маргааш нь Чойбалсан хотын захирагч хэлэхдээ “О.*******оо чиний нэр дээр Ж.******* шүүхэд гомдол гаргасан тул би чамайг томилж чадахгүй боллоо” гэж хэлсэн. Шүүхийн маргаан үүссэн талаар надад ямар нэгэн юм мэдэгдээгүй байж байтал хотын захирагч солигдож тодорхой хугацааг бас алдлаа. Шинээр сонгогдсон Засаг даргатай уулзахаар очсон боловч тодорхой хариу хэлэхгүй байсан. Харин багийн ИНХ-ын дарга Д.******* ******* даргатай уулзсан, мөн шүүхийн маргаантай байгаа гэж хэлж байсан гэсэн. ...боловч ямар нэгэн шүүхийн маргаантай асуудал байгаагүй болох нь тодорхой болсон. Миний бие Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.*******д хандсан, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/1637 тоот албан бичгээр шийдвэрлүүлэхээр хандсан асуудлаас тэс хөндлөн байдлаар хариуг ирүүлсэн. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р багийн Засаг даргаар ******* овогтой ******* миний биеийг томилохыг Хэрлэн сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хянагдаж байгаа Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга хариуцагчтай захиргааны хэргийн нэхэмжлэгч бөгөөд хувийн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р багийн Засаг даргаар томилохыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч О.******* нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р багийн Засаг даргаар томилохыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ