Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 14-ний өдөр                Дугаар 2023/ДШМ/45                                 Өвөрхангай аймаг

 

 

И.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Т.Батсүх /цахимаар/

Яллагдагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг

Яллагдагч И.Б

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг            оролцуулан     

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/212 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч И.Б-д холбогдох эрүүгийн  2227000730154 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Алт, мөнгөний дарханы ажил хийдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ... сумын Ганган Орхон баг Дэнжийн ... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд Хархорин сум дахь Сум дундын 2-р шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ******* овгийн И.Б /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

И.Б нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Эрдэнэзуугийн гудамж 1-48 тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Ц.А-г хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

И.Б-ийн үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч ******* овгийн И.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000730154 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаах ажиллагааг хийлгэхээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл  уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Т.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөр эрүүгийн 2227000730154 дугаартай И.Бд холбогдох хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 126А дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хархорин сум дахь Сум дундын шүүх 2023 оны 06 сарын 30-ны өдөр хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж 2023/ШЗ/212 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байна гэж дүгнэжээ. Шүүгчийн захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 47 минутад хүлээн авч танилцаж хянаад энэхүү шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар захирамжид хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгахыг дурдсан байхад ямар ч ажиллагаа хийгээгүй гэжээ. Уг 58 дугаар захирамжид гэрч Ч.С-ын ирсэн гэх автобус Хархоринд хэдэн цагт ирсэн талаар тодорхойлолт гаргуулах, хохирогч гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ... гэсэн байна. Энэ өгүүлбэрээс харахад гэрч Ч.С-ын мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй зөрсөн гэж ойлгож болохоор байна Хохирогчийн ямар мэдүүлэг хэн гэдэг гэрчийн ямар мэдүүлэгтэй хэрхэн зөрж байгаа, тэр нь хэрэгт ямар ач холбогдолтой /ямар нөхцөл байдлыг нотлох эсхүл үгүйсгэх/ болох түүний агуулга үндэслэлийн талаар захирамжид огт дурдаагүй ба шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой.

Энэ хэрэг үйлдэгдэхэд хохирогч Ц.А, гэрч О.А гэсэн хоёр оролцогч хэргийн газарт хамт байсан байдаг ба тэднийг шүүх хуралдаанд оролцуулан ямар мэдүүлэг нь хэрхэн зөрж байгааг асууж мэдүүлгийн зөрүүг гаргах бүрэн боломжтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх ажиллагаа байна. Бусад гэрчүүд энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойшхи үйл явдлыг үзэж харсан бусдаас сонссон буюу дамжлам нотлох баримтын эх сурвалж болдог.

Хохирогч гэмт хэрэг гарах үед хаанаас хаа хүртэл явсан маршрутыг тогтоогоогүй гэсэн нь үндэслэл муутай байна. Гэмт хэрэг гарснаас хойш хохирогчийн явсан гэх маршрутыг тогтоосноор ямар үйл баримтыг нотлох эсхүл үгүйсгэхэд ямар ач холбогдолтой талаар захирамжид дурдаагүй нь ойлгомжгүй байна. Хохирогч нь яллагдагчийг намайг өшиглөсөн гэдгийг өөрөө мэдүүлж зааж байхад /туршилтаар ч зааж өгсөн/ гэмт хэрэг гарснаас хойшхи түүний явсан замыг тогтоох нь яллагдагчийн гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолгүй юм. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт бичсэн бөгөөд үүнийг тогтоох, эсхүл үгүйсгэх эрх үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарна. Харин эрүүгийн хэрэгт нотлох баримт дутуу байна гүйцэд хийж ир гэж буцаах буюу нотлох баримт цуглуулах чиг үүргийг шүүх хэрэгжүүлэх нь эрүүгийн эрх зүйн онолын өнөөгийн чиг хандлагад нийцэхгүй юм.

Хүнд гэмтэл авснаас хойш хохирогч хэдий хугацаанд хөлөөрөө яваад байх боломжтой эсэхийг шинжээчээс тодруулж гэрчээс мэдүүлэг авах гэсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байна. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж энэ талаар мэдүүлэг авч дүгнэлт хийж болно.

Яллах дүгнэлтэд яллагдагчийн ял шийтгэл эдэлж байсан байдлыг буруу бичсэн гэж буцаах үндэслэл болгожээ. Яллагдагч И.Б нь 2013 оны 11 сарын 28-ны өдрийн 20а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцогдож 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдсан байна. Энэ нь түүнийг ял эдэлсэн гэдгийг биш, харин тухайн төрлийн хэрэгт гэм буруутайд тооцогдож байсныг нотлох баримт юм. Энэ талаар шүүх хуралдаанаар залруулах, шаардлагатай бол уг шийтгэх тогтоолын хуулбарыг нотлох баримтаас хасах боломжтой ажиллагаа байна.

Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон өөр баримт хэрэгт байхгүй байгаа нь нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй гэж үзнэ гэжээ. Яллагдагчийн ямар хувийн байдлыг тогтоосон ямар баримтыг авахыг захирамжид тодорхой заагаагүй буюу биелүүлэхэд эргэлзээтэй болсон байна. Энэ нь яллагдагч нь хохирогчийг өшиглөж хүнд хохирол учруулсан эсэхийг хэрхэн яаж нотлох, эсхүл үгүйсгэхэд ямар ач холбогдолтой болох, нотолбол зохих байдалд хэр хүртээмжтэй болох нь ойлгомжгүй байна.

Дээрх үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 212 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Прокурорын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай эсэргүүцэлтэй танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Эсэргүүцэлд шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаартай захирамжид хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгахыг дурдсан байхад ямар ч ажиллагаа хийгээгүй гэжээ. Уг 58 дугаар захирамжид ... гэрч Ч.С-ын ирсэн гэх автобус Хархоринд хэдэн цагт ирсэн талаар тодорхойлолт гаргуулах, хохирогч гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах... гэсэн байна. Үүнээс гэрч Ч.С-ын мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй зөрсөн гэж ойлгож болохоор байна. Хохирогчийн ямар мэдүүлэг нь хэн гэдэг гэрчийн ямар мэдүүлэгтэй хэрхэн зөрж байгаа, тэр нь хэрэгт ямар ач холбогдолтой /ямар нөхцөл байдлыг нотлох эсвэл үгүйсгэх/ болох түүний агуулга, үндэслэлийн талаар Захирамжид огт дурдаагүй ба шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой гэх Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 491 дүгээр тогтоолыг зөрчсөн гэж дурдсаныг зөвшөөрөхгүй байна.

Учир нь өмгөөлөгч миний зүгээс урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.15-т зааснаар шүүх хуралдааныг товлуулах хүсэлт гаргасан. Өмнө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/58 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжид гэрч Ч.С-ын “гэртээ 2022 оны 03 дугаар сарын 27-ны 01 цагт бууж 01 цаг 10 минутад гэртээ ороход нөхөр ганцаар байсан, гэрт хүмүүс маргаан хийсэн зүйл байгаагүй, эд зүйл эмх цэгцтэй байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Дэлгэрмаагийн 00 цаг өнгөрч байхад Билгээ нь Ц.Ч ах манайхаас гараад явлаа, та өмнөөс нь гараарай гэхээр нь дээд өргөн чөлөө рүү явсан юм байна гэж бодоод унтаад өгсөн. Нэг сэрэхэд хаалга нүдээд байхаар нь онгойлгоход Ц.Ч-ийн хувцас нь битүү шороо болчихсон зогсож байсан, цаг харахад 04 цаг болж байсан. Нэг сэрэхэд Ц.Ч босчихсон миний хиймэл шүд болон эд зүйл алга байна гээд явсан. Би эхлээд гудамд явж байгаад залуучууд зодчихсон гэж итгэсэн байсан гэх мэдүүлэг. Хохирогч Ц.Ч-ийн “гэр лүүгээ алхахад амьсгал бөглөрчих гээд байсан. Гэртээ ороод цаг харахад 01 цаг өнгөрч байсан” гэх мэтээр эрүүгийн хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрөөтэй байсан. Эдгээр мэдүүлгүүдийн зөрөөг арилгах, эхнэр нь Л.Дэлгэрмаагийн мэдүүлэг үнэн зөв буюу Ц.Ч нь И.Бийнхээс 01 үед гарсан гэдгийг гэрч буюу С.Соёлзулын Улаанбаатар хотоос сууж ирсэн автобус Хархорин суманд 01 цагт ирсэн гэдэг нь хөндлөнгийн баримтаар тогтоогдвол гэрч Л.Д-ийн 04 цагт гэртээ ирэхдээ бүх хувцас нь тоос шороо болсон, залуучуудад зодуулсан гэж итгэсэн гэх мэдүүлэг нь үнэн зөв болох нь нотлогдож хэрэгт чухал ач холбогдол бүхий үзэж байна.

Эсэргүүцэлд хохирогч Ц.А-тэй хэрэг гарах үед хамт байсан гэрч О.Алзахгүйгээс дахин мэдүүлэг авах, Ц.Ч-ийн хэргийн газрын үзлэг болон туршилтад оролцохдоо шилэн лангууг түшиж зогсож байгаад өшиглөсөн гэж буйг гэрчлүүлэх үүднээс хэргийн газарт байсан эд зүйлийг О.Алзахгүйгээр заалгах, шилэн лангууг Ц.Ч-ийн хэлж зааж мэдүүлж буй газарт байрлаж байсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байгаа болно. О.Алзахгүй нь шүүх хуралд ороод дээрх байдлыг гэрчлэх боломжгүй байгаа тул шүүгчийн захирамжид заасан нэмэлт ажиллагааг хийлгүүлж өгнө үү.

Эсэргүүцэлд хохирогчийг гэмт хэрэг гарах үед хаанаас хаа хүртэл явсан маршрутыг тогтоогоогүй гэсэн нь үндэслэл муутай байна гэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн зүйлд гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон бусад байдлыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу эргэлзээгүй баримтаар нотлон тогтоох ёстой.

Гэтэл хохирогч нь гэмтэл аваад шууд ухаан алдсан гэснээ ухаан алдаагүй явж байсан гэх зөрүүтэй мэдүүлдэг. Иймээс хүнд гэмтэл авсан даруй гарч явах боломжтой эсэх, хэрэг гарсан газраас явсан гэх газруудын хоорондох зай ямар болох, хүнд гэмтэлтэй хүн ямар хугацаанд тэдгээр замыг туулж өөрийн гэртээ очих боломжтойг тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой байгааг анхаарч үзнэ үү.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Т.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах гэдэг нь хэний мэдүүлгийн зөрүүг, яаж арилгах талаар шүүгчийн захирамжид тодорхой заагаагүй. Гэхдээ гэрч Ч.С-ын мэдүүлэг нь хохирогч болон Д-ийн мэдүүлэгтээ зөрж байгаа юм болов уу гэж харсан. Хохирогч Ц.А-ийн мэдүүлэгт би ухаан алдсан, нэг сэрэхэд дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан, тэндээс гэр рүүгээ алхаад гэртээ ороод цаг харахад 1 цаг болж байсан гэдэг. Яллагдагч И.Б-ийн мэдүүлэгт 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед анх согтуу орж ирсэн. 00 цаг өнгөрч байхад эхнэр Дэлгэрмаа руу залгаж Ц.Ч ах манайд согтуу байна, хэрүүл гуйгаад олон юм яриад байна, та ирж ав гэхэд наадах чинь гэрээсээ гараад 7, 8 хонож байгаа тэгж байгаад ирнэ биз гэсэн.

Шөнийн 00 цаг өнгөрсөн байна гэдэг нь шөнийн 24 цаг өнгөрчихсөн байгааг харуулж байна. Гэрч Дэлгэрмаагийн мэдүүлэгт 00 цаг өнгөрч байхад утас дугараад Ц.Ч ах манайхаас гараад явлаа, та өмнөөс нь гараарай гэхээр нь дээд өргөн чөлөө рүү явсан гэж бодоод унтаад өгсөн гэдэг. Өөрөөр хэлбэл 00 цаг өнгөрч байхад буюу 24 цаг өнгөрч байхад Ц.Ч, И.Б-ийн гэрээс гарч явсан болох нь тогтоогддог. Ингээд шөнийн 01 цаг болж байхад гэртээ орж ирсэн байгаа.

Ц.Ч нь 30, 40-н минут орчим, эсхүл хамгийн уртаар бодоход 60-аад минутын хугацаанд дээд өргөн чөлөө, Морин жим орчмоор байж байгаад гэртээ орсон. Соёлзулын мэдүүлэг мөн үүнийг нотолж байгаа. 27-ны өдрийн 01 цагт автобуснаас буусан. Шөнийн 01 цаг 10 минутад гэртээ ороход нөхөр нь ганцаараа байсан, манай гэрт хүмүүс маргаан хийсэн зүйл байгаагүй, эд зүйл эмх цэгцтэй байсан гэдэг. Энэ 4-н хүний мэдүүлэг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоож байгаа. Гэмт хэрэг үйлдэгдээд Ц.Ч, И.Бийн гэрээс гараад явчихсан, эргээд гэртээ ороход Соёлзул мөн адил гэртээ ирсэн. Тэгэхээр Соёлзулын мэдүүлэг өөр нэг хүний мэдүүлэгтэй зөрсөн гэдгийг нотлоход ач холбогдолгүй. Ц.Ч-ийн мэдүүлэгтээ таарч байгаа. Тэр гэрт болсон үйл явдлын талаар Ц.Ч ямар нэгэн өшиглөсөн, зодолдсон зүйл болоогүй нэг л удаа өшиглөсөн гэж мэдүүлдэг. Нэг удаа өшиглөчихөөд гараад явчихсан болохоор гэр дотор эмх цэгцтэй байна. Ц.Ч00 цаг өнгөрч байхад гарснаас хойш 01 цаг хүртэл гэрт өөр ямар нэгэн маргаан, зодоон үүссэн асуудал тогтоогддоггүй. Гэр эмх цэгцтэй байсан гэх Соёлзулын мэдүүлэг үнэн зөв. Уг мэдүүлэг нь өөр хүмүүсийн мэдүүлэгтэй зөрөөд хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн ач холбогдолтой зүйл байхгүй.

Ц.Ч ч гэсэн би хохирлын хэдэн төгрөгийг л И.Б-ээс авчихвал болно. Энэ хүнийг ял шийтгэх эсэх асуудал надад хамаагүй гэдэг. Тэр хүн эрүүл мэндээрээ хохирсон, улмаар түүнтэй холбоотой хор уршиг учирсан. Тиймээс уг хохирол, хор уршгийг арилгаад өгөөч гэсэн хүсэлт гаргаад байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлд шаардлагатай гэвэл хэрэг гарсан газар, орон байранд талуудыг оролцуулан шүүх үзлэг хийх боломжтой. Морин жим, И.Б-ийн гэр гэж аль юм гээд үзвэл нэг хашаа дотор байгаа залгаа байшин. И.Б-ийн гэрт өшиглүүлээд, гараад Морин жимийн дэргэд хэвтсэн гэсэн нь 5, 10 минутын дараа хэвтэж байгаа ойлголт. Хажуу талынх нь замыг өргөн чөлөө гэдэг. Хэрэгт байгаа Алзахгүйн мэдүүлэг зөрөөд өшиглөсөн, өшиглөөгүй гэх асуудал яригдаж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлд зааснаар хэргийн газар шүүх хуралдааны явцад үзлэг хийх эрх зүйн зохицуулалт байна. Хэн, хаана суусан, ямар байдлаар өшиглөсөн гэдгийг сэргээх боломжтой. Шүүх, прокурор агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг нь хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэдгийг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ сэргээн тогтоох үүрэгтэй.

Энэ хэрэгт агуулгын хувьд илт зөрүүтэй мэдүүлэг Ц.А, А хоёрын мэдүүлэг л байдаг. А болохоор би гараад явчихсан, тэр хоёр хэрэлдээд байсан гээд хэрүүл болсныг нотолж байна. Харин өшиглөснийг нь хараагүй гэдэг. Анх Ц.Ч ч гэсэн И.Б-ийг нуусан. Залуучуудад зодуулсан гэдэг. И.Б-ийн ахыг нь таньдаг болохоор би нуусан гэдэг. Үүнтэй адил А ч гэсэн үйл явдлын талаар И.Б-ийг хүндлээд хэлэхгүй байх боломжтой. Гэхдээ үүнийг нотлох баримтаар үнэлнэ. Шүүх хуралдаанд А.г оролцуулбал энэ асуудал бүрэн тодорхой болно.

Шөнийн 00 цагаас 01 цаг хүртэлх нэг цаг орчмын хугацаанд Ц.Ч-гадаа хэвтэж байгаад гэртээ орж ирсэн, олон цаг яваагүй. Энэ нь тогтоогдож байгаа учир маршрутыг тогтоож, хохирогч гэмт хэрэг гарах үед хаанаас хаа хүртэл тогтоох шаардлагагүй. Хэн ямар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шууд нотолсон агуулга бүхий мэдээллийг шууд нотлох баримт гэдэг. Энэ хэрэг дээр хохирогч шууд зааж байгаа. Харин хохирогчийн мэдүүлэгт хэвлий рүү өшиглөсөн, миний ухаан балартсан гэж хэлдэг. Хохирогч хоёр удаа хэвтэж босоод гэртээ орсон, намайг тэр хугацаанд хэн ч зодоогүй, өөр хэн нэгэн хүнд өшиглүүлээгүй гэж мэдүүлсэн. Гэрт орсон чинь болохгүй байхаар нь босож ус уусан гэдэг. Эхнэр Дэлгэрмаа нь ч гэсэн дахин дахин босоод, ёолоод байсан гэдэг. Цай чанаад өг гэхээр нь цай чанах гэтэл ус байхгүй болохоор усанд яваад ирэх хооронд эмнэлэг рүү явчихсан байсан. Энэ хүн гэмтэл авснаас хойших үйл явдлаа бүгдийг нь мэдэж байгаа. Нэг хэсэгтээ ухаан балартсан гэж хэлдэг. Дуудлага өгөөд эмнэлэгт хэвтэх хүртэл үйл явцыг хохирогч өөрөө шууд зааж байгаа. Дашцэрэнгийн бусдад зодуулсан гэх мэдүүлэг, Амарбат, Дэлгэрмаа, Соёлзул нарын мэдүүлгүүд энэ хэргийг бүхэлд нь зүйрлэж ярьж байгаа мэдүүлэг болохоос гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шууд зааж байгаа нотлох баримт биш. Хохирогч Ц.Ч би ер нь амь насанд аюултай хүнд гэмтэл авсан гэж бодоогүй. Тийм учраас И.Б-ийг хамгаалсан. Ахтай нь найз нөхдийн холбоотой учир нэрийг нь хэлээгүй гэдэг. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Морин жим болон И.Б-ийн гэр хоёр үргэлжилсэн байшин, нэг хашаанд байдаг бөгөөд схем зураг үйлдээд шүүх хуралдаанд үзүүлж болно. Морин жим, И.Бийн гэр дээд өргөн чөлөө, Ц.Ч-ийн гэр хүртэлх схем зураг үйлдээд харуулж болно. Хүнд гэмтэл авснаас хойш хохирогч хэдий хугацаанд хөлөөрөө явах боломжтой эсэхийг шинжээчээс тодруулах шаардлагатай гэсэн. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж асуух бүрэн боломжтой. 00 цаг өнгөрч байхад гараад 01 цаг хүртэл яваад гэртээ очсон. 5 цаг хүртэл гэртээ байсан. Энэ бүх хугацаанд хохирогч явж л байсан.

Яллах талаас яллагдагчийн өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан эсэх хувийн байдлыг оруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсныг л харуулж байгаа. Түүнээс биш тэр ялыг эдэлж байсан гэдгийг харуулах гээгүй. Уг ял шийтгэлийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэхүү магадлалыг өмгөөлөгч шүүхэд гаргаж өгөх боломжтой. 2013 оны 20а гэсэн шийтгэх тогтоолтой холбоотойгоор энэ хэргийг шийдвэрлэж болохгүй асуудал байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нотлох баримтыг заавал хэрэгт хавсаргах үүрэг бид нарт байхгүй. Гэхдээ яллах талаас уг нотлох баримтыг оруулж болно гэж бодож байна. Өмнө нь ял шийтгүүлж байсан нөхцөл байдал болон одоогийн хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй. Мөн өмгөөлөгч хохирогчийн найз нөхөд, төрөл садангаас нь нотлох баримтууд цуглуулж шүүхэд өгч болно. Өмнө нь ял шийтгэл эдэлж байснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлээд, биеэ зөв авч явж байгаа, сумын, багийн Засаг дарга нарын тодорхойлолт гаргуулж шүүх хуралдаанд гаргаж өгөхөд болохгүй зүйл байхгүй. Ийм учраас хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс яллагдагч гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтууд хэрэгт цугларсан. Гэрч Алзахгүй болон шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд заавал оролцох шаардлагатай. Эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад үзлэг хийлгэх боломжтой. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх  хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор хохирогч Ц.Ч-ийн эрх ашиг маш их хохирч байгаа, хохирогч яллагдагчийн ахыг таньдаг болохоор хэдэн төгрөг л авчихвал болно. Ял шийтгэл хүлээх эсэх нь хамаагүй гэж байна. Прокурор яг хажууд нь байсан юм шиг хоёр удаа унаад, босоод яваад байсан гэж яриад байна. Хамгийн гол нь Соёлзулын автобус 1 цагт ирснийг тогтоох нь ач холбогдолгүй, мэдүүлэг нь зөрүүгүй гэж ярьж байна. Гэтэл Ч.С-ын ирсэн автобус Хархорин суманд хэзээ ирсэн гэдгийг тогтоох ёстой. Энэ мэдүүлэг Дэлгэрмаагийн мэдүүлгээс зөрж байгаа. Өөрөөр хэлбэл 1 цагт автобус ирсэн гэдгийг хөндлөнгийн баримтаар тогтоолгох гээд байгаа юм. Эдгээр хүмүүс нь эхнэр нөхөр, гэр орноороо орж гардаг хүмүүс юм байна лээ. Тэгэхээр 1 цагт автобус нь ирээд 1 цаг 10 минутад гэртээ ороход тэр хүн гараад явсан юм байна. Тиймээс Ц.Ч гэртээ ороход 01 цаг дөнгөж өнгөрч байсан гэсэн. Энэ хооронд дахь маршрутыг тогтоох шаардлагатай. И.Б-ийн гэрээс гараад Ц.Ч-ийн гэр хоёрын хооронд ямар хэмжээний зайтай эсэх, хүнд гэмтэл авсан хүн дунд нь 2, 3-н удаа ухаан алдаад ямар хугацаанд явах эсэх. Морин жим гэдэг нь үнэхээр хажуу талд нь 5, 6 метрийн зайд байдаг юм байна лээ. Хохирогч Морин жимийн хажууд, нэг бол Дэлгэрэх дэлгүүрийн хашааны буланд, дээд өргөн чөлөөнд сэрсэн гэдэг. Дээд өргөн чөлөө, Дэлгэрэх дэлгүүр гэдгийг нь машинтай яваад үзэхэд нэлээн зайтай байдаг юм байна лээ. Прокурор үүнийг тайлбарлахдаа дандаа өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байна. Гэтэл хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхойлж, мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотолсон байх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг хэдийд, яаж үйлдэгдсэн эсэхийг эргэлзээгүй нотлох баримтаар тогтоох ёстой. Хохирогч яагаад 3-н газар сэрээд байгаа юм. Нэг сэрэхэд л би Морин жим дээр хэвтэж байсан, нэг сэрэхэд л Дэлгэрэх дэлгүүрийн хашааны буланд сэрсэн, нэг сэрэхэд л дээд өргөн чөлөөнд сэрсэн гээд байгаа. Дээд өргөн чөлөө гэдэг нь нэлээд хол газар. Хохирогч сууж байгаад босож ирж өшиглөсөн, нэг бол тийрсэн гэж мэдүүлсэн. Гэрт нь үзлэг хийхэд шилэн лангуу түшиж зогсож байгаад намайг ирээд өшиглөсөн гээд байгаа. Ингээд байрлалаа өөрчлөөд байгаа. Тэр шилэн лангуу гэдэг нь яллагдагчийн гэрт байдаггүй. И.Б-ийн гэрт шилэн лангуу гэвэл хойд талын хана дагасан лангуу байдаг. Хананд тулгаад тавьчихсан хүн түших хэмжээний лангуу биш. Гэрт нь ингэж үзлэг хийхдээ А-г оруулаач ээ, А намайг зодож, цохиж, цээж рүү өшиглөж байхад байсан гэдэг. Тэгтэл Алзахгүй болохоор би гараад явчихсан гэдэг. Тиймээс А гэдэг хүнийг хэргийн газрын үзлэг хийхдээ байлгаад, таныг орж ирэхэд энэ хүмүүс яг хаана сууж байсан гэдгийг асуух ёстой. Өөрийнх нь сууж байсан байрлал бол хойд талын өрөөний ямар ч зайгүй хажуу талдаа том машины сандал тавьсан газар байдаг. Тэгэхээр эдгээр бүх байдлыг нотлохын тулд А-г хэргийн газрын үзлэгт оруулж ямар эд зүйлүүд хаана, хаана ямар байрлалтай байсныг тогтоолгомоор байна.

Прокурор, мөрдөгч нарт хүсэлт өгөхөөр хүлээж авдаггүй. Гэрчүүдийн мэдүүлгүүд чинь ач холбогдол бүхий мэдүүлгүүд. Хохирогч эхлээд би хэдэн залуучуудад зодуулсан гэдэг. Тэр залуучуудын содон тэмдэг нь юу вэ гэхэд би юу ч мэдэхгүй, санахгүй байна, хэдэн залуучууд намайг зодсон гэдэг. Эхнэртээ бас гудамжинд хүмүүст зодуулчихлаа гэсэн байдаг. Тэгээд И.Б-ийг та яасан бэ гээд яваад очсон чинь ах нь ёстой санахгүй байна гэдэг. Мөн Дуламсүрэнд ах нь хүнд зодуулчихсан юм шиг байна, түргэн дуудаад өгөөч гэсэн байдаг. Ингээд 4, 5-н гэрчид юу ч санахгүй, гудамжинд хүнд зодуулсан талаараа хэлсэн. Ингээд 11-н хоногийн дараа санадаг, хаана ямар гэмтэл авсан гэдгээ Улаанбаатар хотод очоод мэс засал хийлгээд өөрийн авсан гэмтлийн талаар мэдэнгүүтээ энэ хүн намайг тийрсэн гэдэг. Гэтэл өнөөдөр би зөвхөн мөнгө л авах шаардлагатай байна, тэгвэл би И.Бийг шоронд явуулмааргүй байна гэж байгаа. Өөрийнх нь хэлж байгаагаар Дэлгэрэх дэлгүүрийн хашааны буланд сэрсэн, дээд өргөн чөлөөнд очоод шүдээ олсон гэдэг. Зөрүүтэй мэдүүлэг байгаа талаар өмнөх прокурорт буцаасан шүүгчийн захирамж дээр тодорхой заасан. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр миний гаргасан хүсэлтийг шүүх хүлээж аваад 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаартай захирамжид тодорхой бичсэн. Гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах ёстой. Хэрэгт дутуу байгаа дугааруудын жагсаалтыг авмаар байна. Алзахгүйг хэргийн газрын үзлэгт эд зүйл ямар ямар байрлалтай байсныг тогтоож болно. 11-н хоногийн дараа бүх зүйлээ мэдээд заагаад байгаа учир хэргийг прокурорт буцаасан. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжид өмнөх 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамж биелэгдээгүй байна гэж дурдсан.

2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай магадлалаар шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хий, Соёлзул хэзээ ирснийг тогтоо гэсэн. Шинжээчийг оролцуулж, маршрутыг тогтоож 2, 3-н удаа ухаан алдаад явах боломжтой эсэх тогтоох нь чухал. И.Б-ийнд Ц.Ч ухаан алдаагүй зүгээр гараад явсан гэдэг. Хохирогчийн мэдүүлэгт миний дотор бачимдаад байсан, тэгээд гэртээ орсон гэж байснаа сүүлдээ ухаан алдсан болгосон. Тэгэхээр хохирогчийн өгсөн мэдүүлгүүдийг өөр бусад нотлох баримтуудаар нотолж байж И.Бийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүний эрх ашгийг хамгаалж байгаагийн хувьд хэргийг эргэлзээгүй нотолж, ийм ийм ажиллагаануудыг хийж өгөөч гэж урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан. Прокурорт энэ талаар хүсэлт гаргаж байсан. Мөн Улсын дээд шүүхийн 05 дугаар сарын 08-ны өдрийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хуралдсан хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрвээ үнэхээр эргэлзээгүй нотлох баримт байгаа бол ял шийтгэл оногдуулна. Түүнээс эргэлзээтэй нөхцөл байдал байгаа бол яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэ гэсэн тогтоол гарсан. Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийж байж тогтоох ёстой учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч И.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй, өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/58 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байх ба захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй. Шүүгчийн захирамжид хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгахыг дурдсан байхад ямар ч ажиллагаа хийгээгүй, яллах дүгнэлтэд яллагдагчийн ял шийтгэл эдэлж байсан байдлыг буруу бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй. Хохирогч гэмт хэрэг гарах үед хаанаас хаана хүртэл явсан маршрутыг тогтоогоогүй, хүнд гэмтэл авснаас хойш хэдий хугацаанд хохирогч хөлөөрөө явсан байх боломжтой эсэхийг шинжээчээс тодруулж гэрчээр мэдүүлэг авах болон бусад ажиллагааг хийх, яллагдагчийн ял эдэлж байсан талаарх тогтоолуудаас өөр хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт байхгүй байгаа нь нотолбол зохих ажиллагааг бүрэн нотолж тогтоогоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Прокуророос ... 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар захирамжид гэрч Ч.С-ын ирсэн гэх автобус Хархоринд хэдэн цагт ирсэн талаар тодорхойлолт гаргуулах, хохирогч гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах тухайд энэ хэрэг үйлдэгдэхэд хохирогч Ц.А, гэрч О.А гэсэн хоёр оролцогч хэргийн газарт хамт байсан байдаг ба тэднийг шүүх хуралдаанд оролцуулан ямар мэдүүлэг нь хэрхэн зөрж байгааг асууж мэдүүлгийн зөрүүг гаргах бүрэн боломжтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх ажиллагаа байна.

Хохирогч гэмт хэрэг гарах үед хаанаас хаа хүртэл явсан маршрутыг тогтоогоогүй тухайд хохирогч нь яллагдагч И.Б намайг өшиглөсөн гэдгийг өөрөө мэдүүлж зааж байхад /туршилтаар ч зааж өгсөн/ гэмт хэрэг гарснаас хойшхи түүний явсан замыг тогтоох нь яллагдагчийн гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолгүй.

Хүнд гэмтэл авснаас хойш хохирогч хэдий хугацаанд хөлөөрөө яваад байх боломжтой эсэхийг шинжээчээс тодруулж гэрчээс мэдүүлэг авах боломжтой. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж энэ талаар мэдүүлэг авч дүгнэлт хийж болно.

Яллах дүгнэлтэд яллагдагчийн ял шийтгэл эдэлж байсан байдлыг буруу бичсэн тухайд энэ талаар шүүх хуралдаанаар залруулах, шаардлагатай бол уг шийтгэх тогтоолын хуулбарыг нотлох баримтаас хасах боломжтой.

Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон өөр баримт хэрэгт байхгүй байгаа тухайд яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон ямар баримт авахыг захирамжид тодорхой заагаагүй буюу биелүүлэхэд эргэлзээтэй болсон байна.

Иймд дээрх үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/212 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн гэмт хэрэг гарах үед хаанаас хаа хүртэл явсан маршрутыг тогтоох нь яллагдагчийн гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолтой, шинжээчээс хэрэгт гэрчээр мэдүүлэг, тайлбар аваагүй байхад шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчих ба мөрдөн шалгах ажиллагаанд яллах болон цагаатгах талын нотлох баримт, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлон тогтоохоор хуульчлагдсан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хэргийг прокурорт буцаан хийлгэх шаардлагатай гэж дүгнэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын бичсэн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/212 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/212 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.