| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/08520/И |
| Дугаар | 197/ШШ2025/03686 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/03686
2025 03 19 197/ШШ2025/03686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Угийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У/-д холбогдох,
1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д, хариуцагч А Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Д нь хариуцагч А Тгоос тэжээвэр амьтны учруулсан гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний охин Сидорова Викториягийн гарыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 32 минутанд гадаа орцны үүдэнд хариуцагчийн нохой хазсан. Үүний улмаас охиноо Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд үзүүлж, яаралтай тусламж, авч эмчийн бичиж өгсөн эм, ариутгах бодисыг авсан. Мөн үүнээс хойш нийт 5 тун галзуугийн вакцин хийлгэсэн. Би өөрөө олон удаа ажлаа алдаж эмнэлгээр явсан зардал болон эм, ариутгах бодисын үнэ нийт 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тодорхойлсон.
3.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Манай нохой хэзээ ч хүн хазаж байгаагүй. Би нохой яаж хаздаг талаар мэднэ. Тухайн үед маш олон хүүхэд тоглож байсан, манай нохой хэнийг ч хазаагүй. Би худлаа хэлээгүй. Тухайн зураг дээр гарыг нь зүссэн харагдаж байсан. Нохой хазсан бол өөр харагдана шүү дээ. Нохой хазвал нэвт хазна. Нэхэмжлэгч хоёр дахь удаагаа нохой хазсан гэдэг ийм асуудал үүсгэж байна. Жилийн өмнө бас нохой хазсан гэж байсан. Манай нохой хүн хаздаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
3.3 Зохигчид нэхэмжлэгчийн охин нохойд хазуулсан эсэх, хариуцагчийн нохой нэхэмжлэгчийн охиныг хазсан эсэх үйл баримтууд дээр маргаж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1 Нэхэмжлэгч Дгийн охин нохойд хазуулсан гэх Сидорова Виктория Аовна нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын У*******од төрсөн, 10 настай, Оросын Холбооны улсын иргэн, Монгол улсад байнга оршин суугч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 15-16-р тал/
Хариуцагч А Т нь Оросын Холбооны улсын иргэншилтэй, Монгол улсад байнга оршин суудаг болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д нь 10 настай, Сидорова Виктория Аовнагийн төрсөн эх болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, эхийн иргэний үнэмлэхийн хуулбаруудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн зарим чадамжтай хүүхдээ төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй.
Мөн нохойд хазуулсан гэх 10 настай, Сидорова Виктория Аовна болон хариуцагч А Т нар нь Оросын холбооны улсын иргэншилтэй хэдий ч Монгол улсад байнга оршин суудаг гэж талууд харилцан маргахгүй тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1, 189.2.4 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийг Монгол улсын шүүх харьяалан шийдвэрлэнэ.
4.2 Нэхэмжлэгч нь хариуцагчийн тэжээвэр нохойд хүүхэд нь хазуулснаас үүссэн гэм хорыг хариуцагчаас нэхэмжилж буй тул талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт заасан амьтны учруулсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцаа үүссэн байна.
4.3 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн тэжээвэр нохойн үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгасан болон арилгахтай холбоотой зардлыг шаардах эрхтэй.
4.4 Сидорова Виктория Аовна нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр баруун гарын алга хэсэгт нохойд хазуулсан шарх авсан болох нь Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн яаралтай тусламжийн хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 34-35-р тал/
Харин Сидорова Виктория Аовнаг хариуцагчийн тэжээвэр нохой хазсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний гарган өгсөн си динд үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан боловч Сидорова Виктория Аовнаг хариуцагчийн нохой хазаж байгаа нь тодорхой харагдахгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь нохойд хазуулсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч учирсан хохирлын талаарх баримтаа шүүхэд гарган өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
4.5 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар Дгийн нэхэмжлэлтэй, А Тд холбогдох, 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН