| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0027/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Шүүгдэгч М.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Мөнхөөгийн От холбогдох 1729000600010 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Ухаа худгаас Ганц мод чиглэлийн хатуу хучилттай авто замын 119 км-т 78-58 УНЗ улсын дугаартай Фотон маркийн ачааны авто машин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д зааснаар “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” мөн дүрмийн 11.7-д зааснаар “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 03-54 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл түүний араас мөргөж зам тээврийн осолд орж Т.Батсайханы биед хүнд гэмтэл, “Хаан шоргоолж” ХХК-нд 16,928,000 төгрөг, “Отог цагаан шонхор” ХХК-нд 435,000 төгрөгийн хохирол тус тус учруулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлнг өгөхгүй. Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ ярьсан.“ гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-20 дугаар хуудас/,
Хохирогч Т.Батсайхан /РД:АС62120416/-ы: ”...би “Хаан шоргоолж” ХХК-нд жолооч ажилтай. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед “Эм Эс Эм” ХХК-ийн 2 ширхэг 20 тоннын контейнер дүүрэн бодисыг 03-54 ӨМӨ улсын дугаартай улаан өнгийн Норд бенз V3 маркийн авто машинд ачаад Оюутолгойд буулгахаар хөдөлсөн. ...би авто машиндаа ганцаараа явж байсан. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 29-ний орой харанхуй болсон үед нүүрс тээврийн говийн зам руу ороод явж байсан чинь 22 цагийн орчим 119 км гэсэн шонгийн ойролцоо өмнөөс нүүрс ачдаг хоосон олон тооны машины цуваа орж ирсэн. Улмаар тэр цуваатай зөрж явтал миний урд талд нүүрс тээврийн ачаатай машин зогсож байсан. Уг машин нь аваарын гэрлээ асаагаагүй ард талдаа гэрэл ойлголт тавиагүй, ослын тэмдэг тавиагүй, оронд нь нэг будгийн цагаан хувин тавьсан байсан. Ингээд гэрлийн үзүүрт машин харагдахаар нь тоормослох арга хэмжээ авсан боловч уг машин хэтэрхий тулсан байсан учраас араас нь орж мөргөсөн юм. Эсрэг урсгалд явж байсан цувааны жолооч нар зогсоод хүрч ирээд намайг машинаас гаргаж зам дээр тавиад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд Ханбогд сумын түргэн тусламж дуудаж өгсөн. Тэр үед миний зүүн хөл мэдээгүй болчихсон цус их алдаж байсан. Тэгэхдээ би ухаантай байсан. Намайг газарт байж байхад уг мөргүүлсэн машины жолооч хүрч ирэхээр нь би “чи ядаж аваарын гэрлээ асаачихгүй дээ, хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхэд тэрээр гүйж очоод осол болсоны дараа аваарын гэрлээ асаасан. Уг явдлаас 30-40 минутын дараа эмнэлэг болон цагдаа нар ирсэн. ...би жолооч М.От гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30, 165 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч “Хаан шоргоолж” ХХК-ийн төлөөлөгч Г.Өлзийхутагийн: “...манай компанийн 03-54 ӨМӨ улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслийн тодорхой эд ангиуд ослын улмаас эвдэрч компанид 16,928,900 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй зүйл байхгүй. Компанид учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулна. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой Батсайхан 03-54 ӨМӨ улсын дугаартай машиныг жолоодож Оюутолгой руу тээвэрт явсан. Ажил амралтын хуваарь нь алдагдаагүй, ажил үүрэг гүйцэтгэх боломжтой байсан гэж компанийн зүгээс үзэж байна” гэх мэдүүлэг /хх-н 33-34 дүгээр хуудас/,
Иргэний хариуцагч “Глобалгүүр Транс” ХХК-ийн төлөөлөгч О.Батбаярын: ”....М.О нь манай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан боловч албан ёсоор байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. Манай компанид бүртгэлтэй нүүрс тээврийн хэрэгслүүд БНХАУ-д тус тусдаа эзэмшигч эзэдтэй байдаг. Тэр хүмүүс нь жолооч нараа өөрсдөө олж машинаа аман хэлцэл хийж жолоодуулан зохих цалин хөлсийг олгодог. Ийм зарчмаар М.О хятад эзнээс нь нүүрс тээвэрлэхээр машиныг хүлээн авсан хүн юм билээ. ”Хаан шоргоолж” ХХК-ийн жолооч Г.Батсайханд эмчилгээний зардалд 8,000,000 төгрөгийг манай компанийн зүгээс олгосон. Гэхдээ тухайн осолд манай компанийн жолооч М.О 100 хувь буруутай гэдэгт эргэлзэж байна. Бид бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед манай машин эвдрээд зайлшгүй зогссон, жолооч нь ямар нэг байдлаар анхааруулах тэмдгийг орлуулаад тавьчихсан байхад арын машин ирж мөргөсөн асуудал болсон. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд гэмтээд хөлөө тайруулсан жолоочид мөнгөн тусламж үзүүлсэн. Харин “Хаан шоргоолж” ХХК-ийн нэхэмжилж буй тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой зардлыг манай компани төлөх боломжгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн даатгалтай байх ёстой, тухайн даатгалаараа хохирлоо төлүүлэх нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Гэрч Л.Ариунбаярын: “...би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Ханбогд сумын Оюутолгой ХХК-ийн чиглэлд ачаа ачиж хөдөлсөн. Тэгээд замдаа нэг хоноод 09 дүгээр сарын 29-ний орой нүүрс тээврийн авто замын 47 км-т явж байгаад машинаа шалгаад цайны газар хоол идчихээд урд талд явсан компанийнхаа 2 машинаас хоцроод үлдсэн. Тэгээд тэндээс гэгээ тасарчихсан байхад хөдлөөд 97 км-т явж байхад миний урд явж байсан манай компанийн 03-54 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн машины жолооч Батсайхан над руу яриад “ах нь машины араас орчихлоо түргэн дуудаад өгөөч” гэсэн. Тэгээд би эгч рүүгээ ярьж Ханбогд сумын эмнэлэг рүү яриад түргэн дуудаад өгөөч гэж хэлээд тэндээсээ явж байтал 118 км-т өнгөрөөд Батсайханы машин зам дээр эвдрээд зогссон байсан нүүрсний машины араас мөргөөд кабин нь задарчихсан, Батсайханыг хүмүүс машинаас нь буулгаад зам дээр хэвтүүлчихсэн байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн түргэн тусламж, цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №12584 дугаартай шинжээчийн “...Т.Батсайханы биед зүүн хөлийн тавхай, шивнүүр, тахилзуур, шаант яснуудын олон хэсэг бяцарсан ил хугарал, зүүн хөлийн шилбэний дээд хэсгийн тайрагдалт, дух, шуу, цээж, тохойд зулгаралт, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17.108.1-д зааснаар ерөнхий хөдөлмөр чадвар алдалтыг их хэмжээгээр 60 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. Дээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас /,
Замын цагдаагийн шинжээчийн: “...ослын үед Норд бенз маркийн 03-54 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан байна. Ослын үед Фотон маркийн 78-58 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д заасан “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна ” гэх дүгнэлт /хх-н 58 дугаар хуудас/,
Бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “...ослын үед Норд бенз маркийн 03-54 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Ослын үед Фотон маркийн 78-58 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д заасан “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасны дагуу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. Фотон маркийн 78-58 УНЗ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д заасны дагуу суурин газрын гаднах зам 30 метрт ослын зогсолтын тэмдэг байршуулсан бол зам тээврийн осол гарахгүй байх боломжтой байсан байна” гэх дүгнэлт /хх-н 62-63 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 189/01 шинжээчийн: “Глобалгүүр Транс” ХХК-ийн эзэмшлийн Фотон маркийн 78-58 УНЗ улсын дугаартай автомашинд ослын улмаас учирсан хохирол зах зээлийн үнэлгээгээр 435,000 төгрөгөөр тогтоогдсон” гэх дүгнэлт /хх-н 66 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 190/01 шинжээчийн: “Хаан шоргоолж” ХХК-ийн эзэмшлийн 03-54 ӨМӨ улсын дугаартай автомашинд ослын улмаас учирсан хохирол зах зээлийн үнэлгээгээр 16,928,000 төгрөгөөр тогтоогдсон” гэх дүгнэлт /хх-н 68 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Оын яллагдагчаар өгсөн:”...машин асаагүй тул замаа чөлөөлж чадалгүй хоносон. Аккумулятор суучихсан тул аваарын гэрэл асах боломжгүй байсан. Надад машин өгсөн Баяр руу утсаар холбогдож сэлбэг ирүүлэхийг хүссэн. Ослын гурвалжин тэмдгийг чиргүүлээс хойш 50-60 метр орчим зайд тавьчхаад машины кабиндаа унтаад маргааш өглөө босоод хартал ослын гурвалжин тэмдгийг машин дайрч эвдэлсэн байсан. Тэгэхээр нь анхааруулах зорилгоор маслоны цагаан хувинг фосфортой хантаазаар ороогоод чиргүүлээс хойш 20 метрт зам дээр тавьсан. 09 дүгээр сарын 29-ний өдөр сэлбэг ирээгүй тул би машиндаа сууж байсан. ...шөнө нэлээд аажуу болсон байхад гэнэт чимээ гараад машин урагжаа өнхрөх шиг болсон. Машинаас буугаад хартал миний машины чиргүүлийн араас улаан кабинтай контейнер ачсан шланз мөргөчихсөн байсан. Тэр машины жолооч кабиндаа хойшоо налаад ёолоод хэвтэж байсан. Тэр үед хажуугаар зөрж явсан жолооч нар зогсож бид нар хамжиж нөгөө жолоочийг кабинаас нь буулгаж газарт хэвтүүлсэн. Тэгээд түргэн тусламж дуудаж хэсэг хугацааны дараа түргэн тусламж, цагдаа нар ирсэн. Би шинжээчийн дүгнэлт, тогтоолуудтай уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
М.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81 дүгээр хуудас/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 88 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83, 89 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Оын гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 91 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /хх-н 92-93 дугаар хуудас/,
“Хаан шоргоолж” ХХК-ийн захирлын тушаалын хуулбар /хх-н 98 дугаар хуудас/,
“Хаан шоргоолж” ХХК Т.Батсайхан нарын хооронд байгуулсан туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-н 99-103 дугаар хуудас/,
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх-н 104-105 дугаар хуудас/,
Хохирогч Т.Батсайханы хувийн болон эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-н 133-156 дугаар хуудас/,
Хохирогч Т.Батсайханы гар өргөдөл /хх-н 158 дугаар хуудас/,
Аюултай ачаа, химийн бодис тээвэрлэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх-н 168 дугаар хуудас/,
“Бодь даатгал”, “Мандал даатгал”-ын компаниудын даатгалын сертификатын хуулбарууд /хх-н 169-172 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч М.О нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Ухаа худгаас Ганц мод чиглэлийн хатуу хучилттай авто замын 119 км-т 78-58 УНЗ улсын дугаартай Фотон маркийн ачааны авто машин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д зааснаар “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” мөн дүрмийн 11.7-д зааснаар “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 03-54 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл түүний араас нь мөргөж зам тээврийн осолд орж Т.Батсайханы биед хүнд гэмтэл, “Хаан шоргоолж” ХХК-нд 16,928,000 төгрөг, “Отог цагаан шонхор” ХХК-нд 435,000 төгрөгийн хохирол тус тус учруулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч П.Батсайханы биед хүнд гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №12584 дугаартай шинжээчийн “...Т.Батсайханы биед зүүн хөлийн тавхай, шивнүүр, тахилзуур, шаант яснуудын олон хэсэг бяцарсан ил хугарал, зүүн хөлийн шилбэний дээд хэсгийн тайрагдалт, дух, шуу, цээж, тохойд зулгаралт, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17.108.1-д зааснаар ерөнхий хөдөлмөр чадвар алдалтыг их хэмжээгээр 60 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. Дээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч П.Батсайханд иргэний хариуцагч “Глобалгүүр Транс” ХХК нь эмчилгээний зардалд 8,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нэхэмжлэл байхгүй, гомдол, саналгүй гэсэн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд заавал хамааруулах бөгөөд Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор бүртгүүлэх ба бүртгэлийн байгууллага тээврийн хэрэгслийг бүртгэж, гэрчилгээ олгоно. Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл болно. Шүүгдэгч М.Оын жолоодож явсан 78-58 УНЗ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “Глобалгүүр Транс” ХХК болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээгээр тогтоогдож байна гэж үзэв./хх-ийн 91-94 дүгээр хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар шүүгдэгч М.Оын жолоодож явсан 78-58 УНЗ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “Глобалгүүр Транс” ХХК нь иргэний нэхэмжлэгч “Хаан шоргоолж” ХХК-нд учирсан гэм хорын хохирол 16,928,000 төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт Мөнхөөгийн Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Мөнхөөгийн Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Батсайхан нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16,928,000 төгрөгийг иргэний хариуцагч “Глобалгүүр Транс” ХХК-иас гаргуулан иргэний нэхэмжлэгч “Хаан Шоргоолж” ХХК-д олгосугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй М.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН