| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2024/0045/З |
| Дугаар | 116/ШШ2025/0003 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 116/ШШ2025/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.*******, Э.*******, О.*******, Д.*******,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд үүссэн “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 тоот тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр...” гэсэн заалт, Хурлын даргыг сонгох тухай 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, О.*******, Д.*******, өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, өмгөөлөгч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.*******, Э.*******, О.*******, Д.******* нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хурлын даргыг сонгох тухай 01/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].
1.2. Нэхэмжлэгч нар нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 тоот тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр...” гэсэн заалт, Хурлын даргыг сонгох тухай 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох” гэж нэмэгдүүлсэн[2].
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, 01/02 дугаар тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийг хавсралтаар баталж[3], дээрх тогтоолын 7.5-д Хурлын даргад нэг хүн нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан Төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно гэж заасан[4].
2.2. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар *******гийн *******ыг сонгосон байна[5].
2.3. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.*******, Э.*******, О.*******, Д.******* нар Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч М.*******, Э.*******, О.*******, Д.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагатаа: 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан товлогдсон. Уг хуралдаанд шинээр сонгогдсон 29 төлөөлөгч хүрэлцэн ирж, 100 хувийн ирцтэйгээр хуралдсан хуралдаанаар
1. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
Тухайн өдрийн хуралдааны 01/02 дугаар тогтоолоор Хуралдааны дэгийг баталсан. Хуралдааны дэгийн 7.5-д “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан Төлөөлөгчийг хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэсэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.3-д “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасныг зөрчсөн. Дэгийг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолоор Хурлын даргаар *******гийн *******ыг сонгосон. Ингэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.2-д “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 48.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн нийтийн хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдааны даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна”, 53 дугаар зүйлийн 53.3-д “хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасныг үндэслэжээ.
Хуульд заасан нууцаар санал хураах зарчим нь санал өгч байгаа этгээд саналаа хэнд өгөхийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй байх агуулгатай бөгөөд хүсэл зоригоо илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлж, дарамт шахалт үзүүлэх, дээрээс нь хянаж ажиглахгүй байхаар илэрдэг. Гэтэл хуулиар тодорхой заасан журам, зарчмыг өөрчлөн хурлын дэгийг баталж, тус хурлын дэгийн дагуу санал хураалт явуулж 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолоор хурлын даргаар *******гийн *******ыг сонгосон тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 53.3-д “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүнийг хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Хууль зөрчиж хурлын даргаа сонгож тогтоол гаргасан нь Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон МАН-ын гишүүн хурлын төлөөлөгч нарын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 53.2-д “Тухайн хурлын төлөөлөгч хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно” гэж заасны дагуу хуульд нийцүүлэн нэр дэвшүүлж сонгох сонгогдох ажиллагаанд оролцох эрхийг хөндөж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал хурлын дэгээ хуулийн заалтыг илтэд зөрчсөн агуулгатай заалт оруулж баталж үүний дагуу санал хураах ажиллагааг явуулж, хууль зөрчиж байгаа тухай төлөөлөгчдөөс мэдэгдэж, залруулах шаардлагатай гэсээр байхад иргэдийн төлөөлөгчдийн хурлын процессийн зөрчилтэй хуралдуулж тогтоол гаргасан хуульд заасан үндэслэл, журмын дагуу үйл ажиллагаа явуулах хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Санал авах ажиллагааг хууль зөрчиж явуулсан тул МАН-аас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч бид нар хурлын даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд нэр дэвшүүлж оролцоогүй болно. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 тоот тогтоолын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын нэг хүний нэр дэвшсэн бол илээр гэсэн заалт, 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.******* өмгөөлөгчийн хувьд 2020 он, 2022 оны Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэгийг нотлох баримтаар гаргаж өгч байна. Гэвч хууль шинэчлэгдсэн бөгөөд шинэчлэгдсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Дэгийн 7.5 дахь хэсэг хууль зөрчин батлагдсан талаар дурдаж хэлсэн. Бид хуулийг танилцуулаад тайлбараа гаргасан. Өмнөх дэгийн дагуу яг адил дэг батлах гээд байна. Гэвч шинэ хуультай уялдуулах ёстой гэдгийг тайлбарласан. Илээр буюу далд гэдэг заалт байх ёсгүй болсон байна гэдэг саналаа илэрхийлсэн. Үүнээс шалтгаалж процесст өөрчлөлт орсон. Хэдийгээр хуралдаанаар дэгээ баталдаг боловч хуулийн шаардлагыг заавал хангах ёстой гэдгийг сануулж хэлж байна. Хуралдаан бүр дээр хууль зөрчсөн үйлдэл гаргаад байж болохгүй. Хэдийгээр олонхийн саналаар дэгийг баталж байгаа хэдий ч хуулиа нэгдүгээр ээлжинд дагаж мөрдөх ёстой гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Процессийн хувьд зөв тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан учраас тогтоол хүчинтэй гэж тайлбарлаж байна. Манай талаас хуралдааны дэг өөрөө асуудалтай учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм. Хуулийг зөрчиж дэгийг баталж болохгүй. Ингэснээр дэг бүхэлдээ хүчингүй болно. Хурлын даргыг далд санал хураалт явуулж сонгох ёстой байсан. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын олонхийн саналаар дэгийг баталж байгаа. 2020, 2022 оны дэгийг шинээр гаргаж өгч байгаа нь өнөөдрийн маргаан бүхий асуудалтай хамааралгүй юм. Хэрэв тухайн дэгтэй маргаж байсан бол тухайн үедээ нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байсан гэж харж байна. Хурлын дэгийг батлах үед, тогтоол гарах үед нэр дэвшүүлэх боломж нь байсан гэж ярьж байна. Тэгвэл хуралдааны тэмдэглэл дээр О.******* төлөөлөгч өөрөө “дэг өөрөө хууль зөрчиж байгаа учраас нэр дэвшүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрч байна. Тиймээс манай талаас шүүхэд нэхэмжлэл гаргах болно” гэдгээ хэлж илэрхийлж байсан. Хуралдааны явцад 30 минутын турш завсарлага авсан. Энэ үед О.******* төлөөлөгчийг нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн. Гэвч илээр санал хураалт явсан учраас нэр дэвшүүлж чадаагүй. Тиймээс сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна гэж харж байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах боломжгүй. Яагаад гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байсан. Нэг бол илээр, хоёр бол нууцаар санал хураана гэсэн заалт хуульд байхгүй, заавал нууцаар санал хураах талаар хуульчилсан. Нам харгалзахгүйгээр тухайн орон нутгийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой этгээдийг сонгох, намын нөлөөллийг арилгах зорилгоор саналыг нууцаар явуулаад байгаа юм. Мөн Захиргааны шүүхийн хянах маргаан биш гэж тайлбарлаж байгаа нь өөрөө өрөөсгөл юм. Энэ дэг батлагдсан. Үүнээс хойш гарч байгаа бүхий л шийдвэр нь хүчингүй болох үндэслэлтэй байгаа юм. Захиргааны хэргийн шүүхийн маргаан бус гэж яриад байгаа. Гэвч тогтоол дээр маргаж байгаа учраас харъяалах маргаан мөн юм. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.4. Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...1. Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх заалт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэснийг тус тус үндэслэн хурлын дэгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01/02 дугаар тогтоолоор “Хуралдааны дэг” батлагдсан. 2. ...Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.*******ыг сонгохдоо хурлын дэгээ мөрдөж, дэгд заасны дагуу санал хураалт явагдаж, тогтоол батлагдсан. Иймд дэгийн дагуу явагдсан хурлын 01/04 тоот тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5. Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн байх ба 14-р зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж. Нэхэмжлэгчдийн нэхэмжлэл гаргасан хугацааг харахад 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байх бөгөөд энэ нь хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасныг илтгэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нараас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 тоот тогтоолыг хүчингүй болгох саналыг гаргасан. Манай талаас уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр бид өөрсдөө зохих хуулийн дагуу дээрх тогтоолыг баталсан гэж үзэж байгаа. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар дэгийг батлах хуулийн зохицуулалттай байдаг. Дараагийн дугаарт 01/04 тоот хурлын даргыг сонгох тогтоолыг хүчингүй болгох саналыг мөн гаргаж байгаа. Гэвч анхнаасаа баталсан дэгийн дагуу хурлын даргыг сонгосон учраас нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
3.7. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн шууд хэрэгжихээр заагдсан байхыг шаардаж байгаа. Дэг батлах гэдэг нь өөрөө гадагш чиглэсэн захиргааны актын шинжийг агуулаагүй. Дотогш чиглэсэн шийдвэр байна. Яг хурлын даргыг сонгох үйл явцад бодитой нөлөөлсөн эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн дэгийг баталсан гэж үзэж байгаа. Энэ хууль нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан байгаа. Үүнээс хойш огт өөрчлөлт хийгдээгүй. Гэтэл МАН-аас 2020 он, 2022 онуудад хоёр ч удаа дэгийг баталсан байдаг. Үүн дээр өөрчлөлт хийгдээгүй. Нэг хүн нэр дэвшихэд ил ч бай далд ч бай ямар ч өөрчлөлт орохгүй. Олонхи нь дэмжсэн учраас Д.******* нь хурлын даргаар сонгогдсон болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар бүрэн харагдаж байна. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд дэг батлах, хуралдааны даргыг томилох талаар нарийн хуульчилж өгсөн. Энэ хуулийн заалтыг баримталж дэгийг баталсан. Энэ дэг нь дотогш чиглэсэн шинжтэй байна. Ингэснээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт зааснаар эрхийг зөрчсөн гэдэг агуулгатай нэхэмжлэлийг гаргаад байна. Гэтэл тухайн хуралдаан дээр өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхтэй хэвээр байсан. Энэ эрхээ эдгээр төлөөлөгч нар эдэлсэн бол нууц санал хураалт руу шилжих бүрэн боломжтой байсан. Тухайн үед өөрсдөө эрхээ эдлээгүй байж дэгээс шалтгаалсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тогтоолын үйлчлэлээр сонгох болон сонгогдох эрхэд халдсан зүйл огт харагдахгүй байна. Хэрэв тухайн хуралдааны дэг шийдвэр нь тэдгээрийн эрхэд шууд халдаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх боломжтой юм. Хувийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Дэг нь нийтлэг хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь нийтийн ашиг сонирхолтой холбоотой маргаан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан хуулийн заалтын талаар яригдах ёстой болно. Яг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхой бус хэвээр байна. Ер нь бол эрх зөрчигдсөн зүйл болоогүй. Тиймээс захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус маргаан байна гэж харж байна. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нар нь анх Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хурлын даргыг сонгох тухай” 01/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” 01/02 дугаар тогтоолын Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүн нэр дэвшсэн бол илээр...” гэсэн заалт, 01/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох” гэж нэмэгдүүлсэн.
3. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, тус хуралдаанаар Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01/02 дугаар тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэг”-ийг хавсралтаар баталжээ
4. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан товлогдож, хуралдаанд шинээр сонгогдсон 29 төлөөлөгч хүрэлцэн ирж, 100 хувийн ирцтэйгээр хуралдаж энэхүү хуралдаанаар:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг батлах тухай
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай
4.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг тус тус хэлэлцжээ.
5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг батлах явцад нэхэмжлэгч нарын зүгээс Хуралдааны дэгийн 7.5-д “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан Төлөөлөгчийг хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэсэн заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасныг зөрчсөн эсэх талаар санал хураалгахад энэхүү санал дэмжигдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
5.1 Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын бүлгээс *******гийн ******* төлөөлөгчийг Хурлын даргад нэр дэвшүүлсэн бөгөөд Монгол ардын намын бүлгээс хуралдааны дэг хууль зөрчсөн гэж үзээд тус намын бүлгээс сумын Хурлын даргад нэр дэвшүүлээгүй байна.
5.2 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн дагуу Хурлын даргыг илээр санал хураахад нэр дэвшигч *******гийн *******ыг нийт 29 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч дэмжиж Хурлын даргаар сонгосон.
5.3 Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар *******гийн *******ыг сонгож тогтоолыг баталгаажуулсан байна.[6]
6. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар “Хуралдааны дэг батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр...” гэсэн заалт, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” 01/04 дүгээр тогтоол хууль зөрчсөн эсэх талаар:
6.1 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5-д “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан Төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэсэн заалт, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” 01/04 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгийг зөрчсөн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж хуульчилсан.
Энэхүү хуулийн зохицуулалт нь эрх зүйн ойлголтоор бол хуулийн нарийвчилсан зохицуулалт бөгөөд дээрхи хуулийн заалтыг зөрчиж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5-д заасан ”Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан Төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.” гэсэн заалтыг үндэслэн илээр санал хураалт явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь заалтыг илт зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Хурлын даргыг сонгох процессыг хуулиар нарийвчлан зохицуулсан байхад хуулийг зөрчиж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5-д заасан ”Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан Төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.” гэсэн заалтыг оруулж санал хураалт явуулсан нь үндэслэлгүй байх бөгөөд Хурлын даргад хэдэн ч хүн нэр дэвшсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д зааснаар нууцаар санал хураалтыг явуулах ёстой.
Тэрээр хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг хуралдааны дэгээр зохицуулах бөгөөд хуулиас давсан хуралдааны дэг байж болохгүй.
Улмаар нэр дэвшигчийг нууц санал хураалтаар сонгох журмыг хуулиар тогтоосон нь төлөөлөгч хэнээс ч хараат бусаар саналаа өгөх эрхийг баталгаажуулсан зохицуулалт юм.
6.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5-д заасны дагуу Хурлын даргыг сонгохдоо илээр санал хураалт явуулсан хэрнээ Хэрлэн сумын Хурлын даргыг сонгосон Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр тогтоолд ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэсэн хуулийн заалтыг баримтлан нууц санал хураалт явуулснаар Хурлын даргыг сонгосон тогтоолыг албажуулсан бөгөөд Хуралдааны дэг, сумын Хурлын даргыг сонгосон тогтоол 2 нь хоорондоо зөрүүтэй дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байна.
7. Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн байх ба 14-р зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтыг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 дугаар “Хуралдааны дэг батлах тухай” тогтоолыг захиргааны акт биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулан дээрхи тогтоолыг бүхэлд нь бус зөвхөн хуралдааны дэгийн 7.5 дахь заалтыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэгэн адил нэмэгдүүлсэн.
8. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.3-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.*******, Э.*******, О.*******, Д.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/02 тоот тогтоолын Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.5 дахь заалтын “нэг хүний нэр дэвшсэн бол илээр...” гэсэн заалт, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/04 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******, Э.*******, О.*******, Д.******* нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ