Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 13-ны өдөр                Дугаар 2023/ДШМ/47                                 Өвөрхангай аймаг

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

   Прокурор Ц.Эрдэнэбат

   Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш

   Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням

   Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн  2327000000077 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн .. сумын 3 дугаар баг, ... гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй ******* овогт Д.Б

Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд Л.Ж-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Б-ийн үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* овогт Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбадоржоос хохирол 3,369,779 төгрөгийг хохирогч Л.Ж-д төлснийг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Д.Б-ийг хохирогч Л.Ж-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчээс хохиролд 3,369,779 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэжээ.

Шинжээч эмч М.О-ийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Ж-ны биед баруун нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

Гэтэл хохирогч Л.Ж нь Д.Б-д машин дотор зодуулсан гэх боловч тухайн үед Д.Б нь автомашиныг жолоодоод, Д.Бямбадоржийн баруун гар талд нь хохирогч Л.Ж, Л.Ж-ы баруун гар талд Батболд нар сууж явж байсан нь тогтоогддог. Үүнээс үзэхэд зөв талдаа буюу зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашины кабин дотор баруун гар талд сууж байгаа хүний баруун нүдэнд гэмтэл учруулах боломжтой эсэх нь эргэлзээтэй бөгөөд хохирогчийн баруун нүдэнд учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Л.Ж хэлгүй Болдоотой ноцолдоод байсан. Хэлгүй Болдоо гэх хүн Л.Ж-ыг зодоод байхаар нь би салгаж машиндаа суулгасан. Машинд суух үед Л.Ж-ы хамраас нь цус гарчихсан байсан гэж мэдүүлдэг.

Мөн гэрч Д.Шатар, Д.Лхагвасүрэн нар нь хэрэг болсны маргааш нь Л.Ж-ыг хэлгүй Б зодсон шүү гэж Д.Б-д хэлсэн бөгөөд хэрэгт мэдүүлэг өгөхдөө энэ талаар дурдаагүй байдаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар шүүх хуралдаанд гэрчээр Д.Ш, Д.Л нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй.

Хэдийгээр    яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ч яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэлт хийх ёстой байтал анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж дүгнэлт хийгээгүй.

Хохирогчийн зүгээс эмчилгээний баримт гэж е-баримтууд гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтуудыг хүн бүр бүрдүүлэх боломжтой буюу нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримт гэж үзэж байна.

Мөн У.Г гэх хүнээр малаа харуулсан хөлс болох 2,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирогч Л.Ж, У.Г нар нь төрөл садангийн хамааралтай хүмүүс бөгөөд тухайн үед У.Г нь хохирогч Л.Ж-ыд очиж хөлсөөр ямаа самнасан гэсэн гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан. У.Г-т төлсөн гэх 2,000,000 төгрөг нь мал харуулсны хөлс, эсвэл ямаа самнуулсны хөлс эсэх нь тодорхойгүй, тэдний хооронд байгуулсан гэрээ болон хохирогч Л.Ж-ыг хэдэн тооны малтай болох мөн тухайн мал нь хохирогч Л.Ж-ы өмчлөлийнх мөн эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2327000000077 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор Д.Б гэх хүнийг  яллагдагчаар татсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д  холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн нүдэнд баруун нүдний салст, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон гэдэг. Шүүгдэгч Д.Б тухайн үед машин жолоодож явсан. Хажууд нь Жаргалсайхан, Болдоо нар сууж байсан нь тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Д.Б-жийн мэдүүлэгт Ж нь хэлгүй Болдоотой зодолдоод байхаар нь би салгаж машиндаа суулгахад Ж-ы хамраас цус гарсан байсан гэж мэдүүлдэг. Мөн хэрэг болсны дараахан гэрч Ш, Л нар Ж-ыг хэлгүй Болдоо зодсон гэж ярьдаг. Анхан шатны шүүх хуралдаанд эдгээр гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Мөн анхан шатны шүүхээс хохирлыг тооцохдоо үндэслэлгүй тооцсон. Учир нь хохирогчийн зүгээс эмчилгээний баримтууд гэж “Е” баримт гаргаж өгсөн. Дээрх баримтууд нь давхар зарлагын баримтаар тогтоогдож байх ёстой. Мөн Ганбаатар гэдэг хүнээр малаа хариулуулсан гээд 2 сая төгрөг нэхэмжилдэг. Мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Тухайн мал хариулахаас хэд хоногийн өмнө Г нь Ж-ыд ямаа самнасан асуудал яригддаг. Ямаа самнуулсны төлбөрийг хэзээ өгсөн нь тодорхойгүй байдаг. Мөн баримтуудыг ажиглахаар жирэмсний тест гэсэн баримт хүртэл байгаа. Тиймээс хохирлыг хуульд заасан үндэслэлээр бүрэн тооцоогүй.

2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгчийн овгийг буруу бичсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоолд яллагдагчийн овог нэр, өөрийн нэрийг үнэн зөв бичих гэсэн хуулийн заалтыг зөрчиж овог, нэрийг буруу бичиж огт өөр хүнийг яллагдагчаар татсан гэж харагдахаар байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нотолбол зохих байдал энэ хэргийг хэн үйлдсэн талаар нотлоогүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн асуудал бүрэн гүйцэт нотлогдоогүй, яллагдагчаар татах тогтоолд техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг гаргаж байна. Гэм буруугийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар бүрэн тогтоогдсон бөгөөд хууль зөрчөөгүй. Хохирлын тухайд зарлагын баримтыг заавал гаргаж өгөх шаардлагагүй дандаа Е-баримтаар хохирлын баримтыг бүрдүүлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Ийм учраас хохирлын баримтууд нь ямар нэгэн эргэлзээгүй байна. Хэдийгээр малчны гэрээ байхгүй ч гэсэн малчны хөлс Ж-д шилжүүлсэн баримт, малчин залуугаас нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж мэдүүлэг авсан зэргээс харахад хохирол төлбөрийн хувьд эргэлзээгүй нотлогдсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан буюу хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн биед хэн гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй, хэрэгт ач холбогдол бүхий гэрч нарыг асуугаагүй, хохирлын баримт шаардлага хангахгүй байхад шүүхээс үнэлсэн, мөн яллагдагчаар татсан тогтоолд техникийн шинжтэй алдаа гарсан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Нэгдүгээрт хохирогчийн баруун нүдэнд гэмтэл учирсан байхад шүүгдэгч машины зүүн руль дээр сууж явсан гэж байна. Хохирогч хэрэгт мэдүүлэг өгөхдөө Д.Б баруун гараараа миний хамар луу тохойлдоод зүүн гараараа нүүр хэсэгт цохисон гэж хэлдэг. Мөн гэрч Г.А-ын мэдүүлэгт Д.Б манай нөхрийг зодож байгаа харагдахаар нь очтол машины хаалга нь түгжээтэй байсан. Намайг очиход хөдлөөд явсан гэсэн мэдүүлэг өгдөг.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг харахад шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогддог. Гэрч Шатар, Лхагвасүрэн нараас хууль сануулж мэдүүлэг авсан тул заавал шүүх хуралдаанд байцуулах шаардлагагүй. Хохирлын тухайд хохирлын баримтыг үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй. Яллагдагчаар татах тогтоолд Д.Б гэдгийг ДгБ гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Яллагдах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгчийн овог нэр регистрийн дугаарыг зөв бичиж тодотгосон байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийн нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн учир Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны 82 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс дүгнэж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд Л.Ж-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Жы ... би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг гэртээ байж байгаад малаа харах гээд гэрээсээ 07 цагийн үед гарч Уртын гэх газар явж байхад Д.Бямбадорж, өвөө буюу Батболд 2 халамцуу Бонго-3 тээврийн хэрэгсэлтэй ирээд ганц шил архи хувааж ууя гэхээр нь машинд нь суугаад 0,75 литр хэмжээтэй экс архи уусан. ...Машинтай явж байтал Д.Б чи хэдэн малаа уул руу бэлчээж болохгүй гэж хэлээд баруун гараараа миний хамар руу тохойлдон, зүүн гараараа миний нүүр хэсэг рүү жаахан байж байгаад цохиод байсан. Тэгээд Шандын гоцгор гэх газар зогстол манай эхнэр Амаржаргал ирсэн. Машины хаалгыг онгойлгох гээд таттал дотроосоо цоожтой байсан. Тэгээд Д.Б машинаа асааж цаашаа яваад уртын эх гэх газар очиж зогсох үед толгой эргээд ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь манай эхнэр цагдаа нарын хамт ирсэн байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 тал/,

гэрч Г.А-ын ...Хадам ээж над руу залгаад Л.Ж сумын төвд байна гэж хэлээд утсаа тасалчихлаа гэхээр нь би өөдөөс нь машинтайгаа явж байтал сумын төвөөс 3 орчим км зайд Хөтөл ус гэх газарт Д.Бямбадоржийн цагаан өнгийн Бонго-3 зогсож байсан. Би явж очоод жолоочийн эсрэг талаар нь орж зогсоод машинаасаа буугаад жолоочийн эсрэг талын хаалгыг татахад хаалга түгжээтэй онгойхгүй байсан. Тэр үед Д.Бнамайг харчихаад хөдлөөд явсан. Тухайн үед жолоочийн суудал дээр Д.Б, хажуу талын суудал дээр Батболд, манай нөхөр голд нь сууж байгаа харагдсан. Би машиндаа суугаад араас нь дагаж явж байгаад 1 км гаруй зам туулаад дахиад зогссон. Би машинаасаа буугаад жолоочийн талаар очоод хартал Д.Б манай нөхрийг кодож байгаа харагдахаар нь хаалгыг нь таттал мөн л түгжээтэй онгойлгоогүй. Д.Бнамайг хараад хөдлөөд явсан. Би шууд сумын төв яваад цагдаа дагуулаад эргээд явтал Уртын эх гэх газарт манай мотоциклийн хажууд Д.Б, Б, манай нөхөр 3 дундаа 1 шил архи тавьчихсан сууж байсан. Манай нөхрийн нүд нь хавдсан, хажуу талын шанаа, хувцас, хамар ам нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 тал/,

гэрч А.Д-ийн ...Л.Ж-ы ээж нь орж ирээд манай хүүхэд хүнд зодуулчихлаа гадаа машин байгаа бууж чадахгүй байна гэхээр нь манай эмнэлгийн ажилтнууд гарч дамнуурган дээр хэвтүүлж оруулж ирсэн. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 40 минутын орчим манай эмнэлэг дээр ирсэн. Яаралтай тусламжийн өрөөнд оруулахад Л.Ж нь огилт, бөөлжилт ихтэй бөөлжилт нь 10-15 минут үргэлжилсэн. Мөн хамраас нь цус гараад тогтохгүй орчны харилцаа суларсан, чихнээс цус гарч хацар шанаа хэсэг цус гарч хатсан. Хамраас нь цус гарч ам эрүү хэсгийг бохирлосон байдалтай байсан. Эмчилгээ хийсэн. Орой 20 цагийн үед сувилагч над руу залгаад энэ хүний биеийн байдал дордоод гээд байна гэсэн. Үзэхэд царай нь цонхийсон, гар хөл нь хөрсөн замбараагүй хөдөлгөөн ихтэй болсон байсан. Тэр үед амин үзүүлэлтүүд нь тогтворжихгүй болохоор нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмчтэй холбоо барьж зөвлөгөө авч эмчилгээ хийсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 тал/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 273 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 тал/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням нь “...хохирогч Л.Ж нь Д.Б-д машин дотор зодуулсан гэх боловч тухайн үед Д.Бнь автомашиныг жолоодоод Д.Б-ийн баруун гар талд нь хохирогч Л.Ж, Л.Ж-ы баруун гар талд Батболд нар сууж явж байсан нь тогтоогддог. Үүнээс үзэхэд зөв талдаа буюу зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашины кабин дотор баруун гар талд сууж байгаа хүний баруун нүдэнд гэмтэл учруулах боломжтой эсэх нь эргэлзээтэй бөгөөд хохирогчийн баруун нүдэнд учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг шалгаж тогтоогоогүй, хохирлын баримт шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүхээс түүнийг үнэлж хохирол гаргуулсан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгчийн овгийг буруу бичсэн нь өөр хүнийг яллагдагчаар татсан гэж үзэхээр байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, хохирогчоос хохирлын талаар холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа ба нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлж хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна. Хэрэгт хохиролтой холбоогүй баримт /жирэмсний тест гэх мэт/ авагдсан байгаа боловч анхан шатны шүүхээс түүнийг үнэлж хохиролд гаргуулаагүй, мал хариулсны хөлс 2 сая төгрөгийг хохирогч нь Ганбаатар гэх хүнд төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүгдэгчээс хохирогчид 3,369,779 төгрөг хохиролд төлсөн байгаа учир хохирлын хувьд маргаантай гэж үзэх боломжгүй байна.  

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд яллагдагчийн овог нэрийг Д.Б гэж бичихийг Дагчирэвийн Б гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг өөр хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гаргасан гэж үзэх боломжгүй, овог нэрийн ард яллагдагчийн регистрийн дугаарыг бичсэн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шүүгдэгч Д.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.