| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2024/0046/З |
| Дугаар | 116/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 116/ШШ2025/0004
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, *******гийн *******ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чойбалсан сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэн Г.*******ыг томилохоос татгалзсан гэх Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2253 тоот албан бичгийн дагуу Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт дахин хуралдсан. Уг хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн
1. 46 дугаар зүйлийн 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн заалтыг зөрчиж хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 22.11 цагт ИТХ-ын групп чатад хурлын товыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний 10 цагт хуралдахаар тавьсан.
2. 46 дугаар зүйлийн 46.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна” гэсэн заалтыг зөрчиж, хурлын дарга Г.******* нь хурлын нарийн бичиг Б.*******ээр 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагт захирамж гаргуулах, хурлын товыг зарласан. Энэ үйл явцыг хурлын ажлын албаны дарга О.******* мэдээгүй байсан.
3. 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хуулийн хугацааг үл харгалзан ажлын цагаар тооцвол 1 өдрийн өмнө, хоногийн нийт цагаар тооцвол 36 цагийн өмнө, мөн ажлын бус цагаар цахимаар мэдээлсэн нь яаран нэг талд хэт давуу байдал олгосон, хөдөө болон УБ хотод байсан төлөөлөгчдөд мэдээллийг бүрэн өгөлгүй, хуралд оролцох боломжийг хаасан байдлаар засаг даргын асуудлыг хэлэлцсэн ноцтой зөрчил үүссэн гэж үзэж байгаа тул Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй” болгосон байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч П.******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч П.******* нь, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ