Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 35

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Ц.Эт холбогдох эрүүгийн 1704001150050 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хэргийг прокурорт буцаах захирамж гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлснийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                З.Ганцоож 

 Улсын яллагч                                                 Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                   Ц.Э нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зам ангийн оператор мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “...” ХК-д найруулагч ажилтай байсан, ам бүл .., эхнэр Б.Н 3 хүүхдийн хамт амьдрах, Багануур дүүргийн .. дүгээр хороо, ..дүгээр байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Ц-ийн Э

 Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:

               Ц.Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.М-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүхээс Ц.Эт холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд.

 

Хохирогч Д.Мийн мөрдөн байцаалтын үед өгсөн:

              “2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэрлэнгийн гүүрний пост дээр ажиллаж байхдаа Ц.Э бид хоёр ажил ярьж байгаад муудалцаад, ганц нэг удаа харилцан цохилцсон. Гэтэл Ц.Э намайг араас түлхсэн, би хөл алдаад сандлын ирмэгийг баруун нүдээрээ мөргөөд унасан. Босч ирээд Ц.Этай бага зэрэг маргалдсан. Бид хоёр урьд шөнө нь архи уусан, миний согтуурлын зэрэг 1.54 гарсан. Хохирлын тал дээр бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулж, тохиролцсон тул гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“... би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Мтой нэг шил архи хувааж уусан. Бид хоёр маргалдаад барьцалдсан байхдаа би Мийг түлхэхэд тэр сандал мөргөөд унасан ба босч ирээд зодолдох гэхэд нь би куртикний /гадуур хүрэм/ захнаас нь барьж хүзүүг нь боосон. Удалгүй цагдаа нар ирсэн. Мийн биед учирсан эмчилгээний зардалд 5.300.000 төгрөг өгсөн, эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу 7.700.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шинжээчийн

“Д.Мийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, салстын урагдал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн 09шэ/273 дугаартай дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/

Хэргийн бодит байдлын талаар дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Хэрлэн” гүүрний харуулын байрны орчим ажиллаж байсан Д.М Ц.Э нар нь маргалдаж, бие биенийхээ нүүр лүү гараараа нэг хоёр цохилцсон, эцэст нь Э нь Мийг түлхэж сандал мөргүүлсний улмаас Мийн биед баруун нүдний алимны  хүнд зэргийн доргилт, салстын урагдал, баруун нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтэл учруулсан болохыг нотолж байна.

Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн товч агуулгыг тодорхойлохдоо зөвхөн зодож гэдэг үгээр илэрхийлсэн байна. Гэвч шүүх хуралдааны дүгнэлтийн үед хэн хэнийг хэрхэн яаж зодсоныг прокурор тодорхой дүгнэсэн. Иймд прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг нотолно” гэсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэлээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт 

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, хохирогч мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.  

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Ц.Э нь хохирогчийг түлхсэн үйлдэлдээ санаатай хандсан нь тэд хоорондоо маргалдаж улмаар бие биенээ гараараа цохилцож зодолдсон үйлдлээс нь харагдаж байна. Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “Д.Мийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/273 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Ц.Э нь иргэн Д.Мийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Иймд Ц.Эыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. 

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл болон Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, хүлээлгэх хариуцлагыг тус тус хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугаа хүлээсэн гэж үзнэ.  Хохирогч эмчилгээний зардал болон олох байсан орлогот тооцон 13 000 000 төгрөг нэхэмжилсэн ба хор уршгийн хэр хэмжээг нотлох ажиллагааг шүүхийн өмнөх шатанд хийгээгүй байна. Гэвч яллагдагч Э 4 320 000 төгрөгийг бэлэнээр хохирогчид өгч үлдэх 8 680 000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний дотор 3 000 000 төгрөгийг,  2018 оны 7 дугаар сарын 1-ний дотор 3 000 000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 1-ний дотор 2 680 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ /хх-24/ байгуулжээ.

Хохирогч дээрх гэрээнд “өөр ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх хохиролгүй” гэснийг тэмдэглэе. Шүүгдэгч нь хэргийн үйлдлийг болон эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдож байна.

Иймд Ц.Эт прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

Хохирогч Ц.Эын  “2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн” /хх-ийн 86 дугаар хуудас/ гэсэн баримт шүүхэд ирсэн байна. Шүүгдэгч 7 680 000 төгрөгийг хохирогчид төлөх үндэслэлтэй болно.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн  2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Б овгийн Ц-ийн Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Ц-ийн Эыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 болон 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны дотор 150.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны дотор 150.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор 150.000 төгрөгийг тус тус биелүүлэхийг, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ц.Эт тус тус мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э нь хохирогч Д.Мид 5.320.000 төлснийг дурдаж үлдэх долоон сая зургаан зуун наян /7.680.000/ төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний дотор хоёр сая /2 000 000/ төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 1-ний дотор гурван сая /3 000 000/ төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 1-ний дотор хоёр сая зургаан зуун наян /2 680 000/ төгрөгийг тус тус хэсэгчлэн нөхөн төлөхөө илэрхийлснийг баталсугай.
  6. Ц.Эт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ