Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/034

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Сайнбилэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2314000000088 тоот хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,  ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суудаг гэх боловч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт ******* багт бүртгэлтэй, Урд 7 удаагийн ял шийтгэлтэй,

-Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 04 сарын 20-ны өдөр 01 жил 06 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан,

-Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2003 оны 06 сарын 03-ны өдрийн 75 дугаартай шийтгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг болох 03 сарын хорих ялыг нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 02 жил 09 сарын хугацаагаар тогтоосон ялыг 2007 оны 09 сарын 02-ны өдөр бүрэн эдэлж суллагдсан,

-Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2012 оны 05 сарны 28-ны өдөр бүрэн эдэлж суллагдсан,

-Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 271 тоот захирамжаар Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан,

-Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2016 оны 10 сарын 04-ны өдөр бүрэн эдэлж дууссан,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 09 сарын 11-ний өдөр бүрэн эдэлж дууссан, ******* овогт *******гийн *******, / РД: ******* /,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 03 сарын 24-ны орой 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг 2 дугаар гудамж, 01 тоотод байрлах иргэн ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу гэрт нэвтэрч 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 93 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шар өнгийн цөгц 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  нэвтэрч хулгайлсан   гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т хоёр / 02 / жилийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин зургаа / 26 / хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Миний хувьд өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч ялын зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн”-ийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдсан боловч  мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан заалтыг хэрэглээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Иймд надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. ******* нь согтуурсан үедээ бусдын эзэмшил бүхий орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон. Шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд  Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны  өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч ******* тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 шударга ёсны зарчмыг хуульчилсан байдаг. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байдаг. Энэ нөхцөлийг харгалзаж үзнэ үү. . Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ 2023 оны 3 дугаар сарын 24-ний орой 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг 2 дугаар гудамж, 01 тоотод байрлах иргэн ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу гэрт нэвтэрч 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 93 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шар өнгийн цөгц 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт  хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч  *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  нэвтэрч хулгайлсан   гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар хоёр  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан  болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь. бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  нэвтэрч хулгайлахыг завдсан үйл баримт тогтоогдож байна.  

Дээрх үйл баримт нь

Хавтаст хэргийн 25-26 дугаар талд авагдсан “... 2023 оны 03 сарын 24-ний өдөр манай эхнэр Дэжидмаа над руу 19 цагийн орчимд утсаар яриад “гэрт хулгай орчихсон байна, одоо яадаг билээ" гэхээр нь би “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд орой нь эхнэр ярихдаа “цагдаа ирээд гэр дотор байсан хүнийг нь аваад явсан, гэр дотор байсан эд зүйлүүдийг юу ч үгүй бусниулаад хаясан байна” гэж байсан. ...Уг гэр бол цоожтой байсан бөгөөд хулгайч гэрийн тооноор нь орсон байсан. ...Хөөрөг алга болсон байна гээд хайгаад байсан, сүүлд нь гэр дотроос олсон, бага гарын нэг ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг цөгц, бурхны урд байсан 50-тын дэвсгэртүүд нь зарим нь алга байсан. *******ын авсан зүйлүүдийг би бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 28-30 дугаар талд авагдсан “... Би 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 20 минутад ... хашаандаа ороод иртэл манай хашаанд байх зүүн талын монгол гэрийн тоононы рам нь өрхөн дээр нь байж байсан юм. ...би гэрийн хаалгыг очоод үзтэл үүдэн дээр нь төмөр жоотуу, нэг ширхэг урт төмөр байсан. Цоожийг нь цүүтэй нь хажуу тийшээ цохисон байсан боловч цоожтой байсан юм. ....гэрийн тотгоор нь хартал авдрынх нь хажууд хүн сууж байхаар нь би “хулгайч нь дотроо байна” гээд орилсон..... Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн юм....Гэр доторх бурхан тахил дээр байсан эд зүйлүүд газарт, авдар сав, хайрцаг сав, хөргөгчид дотор байсан мах, банш, авдар саван дээр байсан зүйлүүдийг цацсан, гэр доторх байдал бол маш их эмх замбараагүй, мөн авдар, бурхан дээр байсан цөгцнүүдийг газар шидсэн, хувцас хунарыг энд тэндгүй онгироосон байдалтай байсан. Миний мэдэж байгаагаар хөөрөг нь алга болсон, мөн нэг ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг тахил, бурхан дээр байсан мөнгөнүүд алга болсон байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 32-33,35-36 дугаар талд авагдсан “...Баянхонгор сумын Гэгээн шавь 6-2-1 тоотод ирэхэд хүүгийн гэрийн хамаг юмыг онгичсон, авдар сав нь онгорхой, мөнгө төгрөгийг тараасан, хайрцаг савыг нь онгичсон, 2 хөлдөөгчийг нь онгойлгоод дотор нь байсан мах, баншийг нь гаргасан, их эмх замбараагүй байдалтай болгосон байсан юм. ....Хулгайч нь газар дээрээ баригдсан байсан...” гэх гэрч , нарын мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлгүүд,

Хавтаст хэргийн 44-45 дугаар талд авагдсан “....Шинжилгээнд ирүүлсэн 1, 4 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа 1,4 дугаартай гарын мөрүүдийг Папилон салбар станцад 2023-006-БНХ 1,4 кодоор кодлон хайлт хийж үзэхэд “2023-006-БНХ 1 дугаартай мөрүүд нь санд МN003810000258, МN003810007998, МN003810011848 дугаараар 3 удаа бүртгэгдсэн *******гийн *******ын баруун гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт,

Хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан “...Дунд гарын мөнгөн аяга /хуучин / 1 ширхэг 200.000 төгрөг, Цөгц 50.000 төгрөг...” гэх Баянхонгор аймгийн “” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь согтуугаар  ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр буюу гэрийн тооноор нэвтэрч 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 93 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шар өнгийн цөгц 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг  чиглэсэн  үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарч гэрийн эзэн ирснээр таслан  зогсоогдсон нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл... санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасантай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасны дагуу   Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “... Шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн”-ийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдсан боловч  мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан заалтыг хэрэглээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байх тул 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх” агуулгаар бичсэн шүүгдэгч *******ын гомдол үндэслэлгүй буюу  гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд  гэмт хэргийн улмаас  шууд учирсан хохирол байдаггүй   тул  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч  ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  нэвтэрч хулгайлан авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутайд тооцсугай гэж ,

2 дах заалтын эхэнд “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан  гэж ,

2,3 дах заалтад “...хоёр  жилийн хугацаагаар...” гэснийг тус тус нэг жилийн хугацаагаар гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч *******ын  цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ