Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 125/ШШ2025/0005

 

 

2025 01 27 125/ШШ2025/0005

 

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧ ЭВЛЭРСНИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би нэхэмжлэгч *******ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 58,500,000 төгрөгийг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдох Ховд аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 58,500,000 төгрөгийг гаргуулах тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгч *******, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бид дараах нөхцлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1.    Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан 58,500,000 /тавин найман сая таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжилснээс нэхэмжлэгч, хариуцагч нар нь 30,000,000 /гучин сая/ төгрөгийг нэхэмжлэгч *******ад өгөхөөр, тус мөнгийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******ын эзэмшлийн ******* банкны ******* тоот дансанд бүрэн олгохоор тохиролцож эвлэрэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэснээр Ховд аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 58,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, тус эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг талууд ойлгосон болно гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******аас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 58,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гомдол гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож 30.000.000 /гучин сая төгрөг/ төгрөгийг нэхэмжлэгч *******ад 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

 

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/212 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д олгосон итгэмжлэлд эвлэрэх эрхийг тусгайлан олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Иймд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарлах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гомдол гаргагч *******ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 58,500,000 төгрөгийг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэгчид 30.000.000 сая төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ