Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0064

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар221/МА2018/0064

              Улаанбаатар хот

     

                                             Э.И-ийн  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б, хариуцагч О.Б нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.И-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох, нэхэмжлэгч Э.И-ийн “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хууль бусаар чөлөөлөгдсөнийг тогтоолгох, цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилоогүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Л.Н-ыг томилсон 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өөрийг нь Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Э.И-ийг ажлаас чөлөөлөх үндэслэлээ хариуцагчийн зүгээс орон тоо нь хасагдсан гэж тайлбарладаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн ажлын орон тоо хасагдсан гэж үзэхгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан нэмэгдэл баталгааг эдлэхийг шаардах эрх зүйн үндэслэлгүй гэж ажлын байр цөөрсөн гэж дүгнэсэн.

           Гэтэл орон тоо цөөрөх гэдэг нь яг нэг ажлын байрны хэд хэдэн орон тоог багасгахыг хэлэх бөгөөд тухайн үеийн бүтцээр Хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтний орон тоо нэг байсан болох нь 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/262 дугаар захирамжаар батлагдсан бүтцээр тогтоогддог. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ "Хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтэн", “Хүүхэд хамгааллын мэргэжилтэн”, “Хүүхдийн эрх, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх гурван өөр тусдаа чиг үүрэг бүхий ажлын байруудыг нэг ажлын байр мэтээр дүгнэсэн нь буруу юм. Хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтний орон тоо 3 байж байгаад 1 болох зэрэг тохиолдолд тус хуулийн 27.2.3 дахь заалтыг хэрэглэнэ.

       Шүүхээс “хариуцагчийн 2017 оны 05 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг үндэслэлтэй” гэж дүгнээд “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй, ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тус хуулийн 27.2.3 дахь хэсэгт заасан үндэслэл байна.” гэж дүгнэсэн. Гэвч шүүхэд зөвтгөгдөөд байгаа хариуцагчийн 2017 оны 05 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэсэн байгаагаас үзвэл шүүхийн үндэслэл болон зөвтгөгдөөд буй тушаалууд хоорондоо логикийн зөрчилтэй байна. Энэ талаар өмнө нь шийдвэрлэсэн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 5, 6 дахь талд дурдсан байдаг.

           Тус газар нь өмнө нь хэд хэдэн удаа бүтцийн өөрчлөлт хийж байсан бөгөөд ажилчдаа чөлөөлөөд буцааж томилдог жишигтэй байсан. Гэвч энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр ажилчдыг чөлөөлсөн ч хэд хэдэн ажилтан буцаан томилох, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан баталгааг нь эдлүүлэх бүрэн боломжтой байсан ч хуульд заасан баталгааг нь эдлүүлээгүй. Энэ эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн өөр ажил албан тушаалд шилжих, дахин мэргэших, ажлын байраар хангуулах субъектив эрхийг хөндөж байгаа бөгөөд дээрх баталгааг эдлүүлэх бүрэн боломжтой байсан болох нь Төрийн албаны тухай хуулийг зөрчин 7 хүн ажилд авснаар тогтоогддог.

          Энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "...хууль дээдлэх...", 4.2.5-т "төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх", 4.2.6 "төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах", 27 дугаар зүйлийн 27.2.1-д "...төрийн албанаас халагдахгүй байх" гэж заасан суурь зарчмуудыг илт зөрчсөн үйлдэл юм.

Хариуцагч төсөв хэмнэх, мэргэшсэн хүмүүс ажиллуулах зорилгоор бүтэц хийсэн гэж тайлбарладаг ч бодит байдал дээр Төрийн албаны тухай хуулийн 10, 16, 17 дугаар зүйлүүд, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоол, Төрийн албаны баталсан журмуудыг зөрчин ажлын туршлагагүй хүмүүсийг томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагаа, шийдвэр нь "зорилгодоо нийцсэн" байх зарчмыг зөрчсөн.

       Шүүхээс хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тус ажлын байр нь дээр Э.И-ийн өмнө гүйцэтгэж байсан тодорхой чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн бөгөөд төрийн захиргааны албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч томилогдох ёстой. Гэвч төрийн үйлчилгээний албан хаагчийг шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсгийг илт зөрчсөн байхад шүүх энэ тал дээр дүгнэлт хийгээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчсөн.

        Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

       Хариуцагч О.Б шүүхэд гаргасан гомдлын хариу тайлбартаа: “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэх байгууллага Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 тоот тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон. Үүний дагуу аймгийн Засаг даргын А/58 тоот захирамжаар Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж, Хүүхдийн эрхийн мэргэжилтэн, Хүүхэд хамгааллын мэргэжилтэн, Хүүхдийн оролцооны мэргэжилтэн гэсэн 3 ажлын байр нэгтгэгдэж, энэ байгууллагад хүүхэд хамгааллын мэргэжилтнээр 10 жил ажиллаж байгаа, сэтгэл зүйч мэргэжилтэй Д.Э мэргэжлийн шалгуурыг хангаж ажиллахаар үлдсэн.

        Хүүхдийн эрхийн мэргэжилтэн М.Хишигдэлгэр, хүүхдийн оролцооны мэргэжилтэн Э.И нар цөөн жил ажилласан, мэргэжлийн бус байсан учир төрийн албан хаагчид эдлүүлэх нэмэгдэл баталгаа болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн. Э.И-ийн хийж байсан ажил нэршлээрээ Д.Э-ийн ажилд хавсран гүйцэтгэгдэж байгаа.

      Гэтэл Э.И нь Монгол судлаач-орчуулагч мэргэжилтэй, урлагийн ямар нэг авьяасгүй байж “Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтэн” гэх урлагийн мэргэжлийн хүн хийх ажлыг миний хийж байсан ажил гэж маргаж байгаа нь мэргэжлийн шалгуурын хувьд ч, ур чадварын хувьд ч боломжгүй зүйл юм.

    Л.Н нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст зохион байгуулагчаар ажиллаж байхдаа байгууллагын соёл урлагийн бүхий л ажил арга хэмжээг мэргэжлийн хүний хувьд хариуцаж, удирдаж, зохион байгуулж байсан нь ажлын байрны тодорхойлолт, хийсэн ажлын тайлангаас нь харагддаг. Тушаал гарах үед Л.Н нь жирэмсэн байсан ба одоо 3 нас хүрээгүй хүүхэдтэй тул хуулийн дагуу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаал болон Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүрээнд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэжээ.

        Гуравдагч этгээд Л.Н шүүхэд гаргасан гомдлын хариу тайлбартаа: “Л овогтой Н миний бие нь 2014  оны 02 дугаар сараас эхлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст зохион байгуулагч гэсэн албан тушаал дээр орж ажилласан бөгөөд тухайн үед хариуцсан ажлаас гадна байгууллагын урлаг соёлын арга хэмжээг гардан зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэн ажиллаж ирсэн ба одоо ч энэ ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

      Би Соёл урлагийн их сургуулийг дүүргэж, соёлын байгууллагад 7 жил, тус байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна. Тиймээс ч ажлын туршлага, эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн хувьд Соёл урлаг, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан ажилтны ажлын байрны шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна.

    Одоо миний бие нь 2 сартай нялх хүүхэдтэй. Иймд хуулийн дагуу ажлын байрыг хэвээр хадгалж өгнө  үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.И-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв  шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

      Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан “Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүрэг, хамрах хүрээ, ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөнөөр “Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоо хасагдсан” үндэслэлээр уг ажлын байранд ажиллаж байсан Э.И-ийг үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

       Нэхэмжлэгч Э.И нь “... байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байхад хариу өгөхгүй байсаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 27.4-т заасан нэмэгдэл баталгаагаар хангаагүй ажлаас чөлөөлсөн, ...сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах үүргээ зөрчсөн, ...төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байхад төрийн жинхэнэ албан тушаалд томилолгүй, төрийн албанд томилогдох шаардлага хангаагүй иргэнийг ажилд авсан, ...Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй...” гэж, хариуцагчаас “...аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, “Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан”, ...дээд шатны удирдлагаас мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах чиглэл ирүүлсний дагуу төрийн албаны хуульд заасан шаардлага хангаагүй хүмүүсийг ажлаас чөлөөлсөн” гэсэн тайлбар гарган маргажээ.

       Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулсан байна.

    Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулжээ.

     Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл өмнө нь Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн хамгааллын мэргэжилтэн, Хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтэн гэсэн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний 3 албан тушаалын чиг үүргийг нийлүүлж, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцэд Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтний нэг орон тоо болгож, 3 орон тоог 1 болгон цөөрүүлсэн байна.

      Хариуцагчаас дээрх Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтний 1 орон тоонд мэргэжил, ажлын ур чадвар, дадлага, туршлага зэргийг харгалзан Д.Э-г томилсон гэх бөгөөд нэхэмжлэгч уг шийдвэртэй маргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, энэ талаар дурдсан нь үндэслэлтэй байна.

        Тодруулбал, нэхэмжлэгчээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалтай маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “... Д.Э-г шинэ бүтцийн Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтнээр томилогдсонтой маргахгүй, учир нь маргахгүй байх хувийн шалтгаантай юм” гэж тайлбарласан, мөн анхан шатны шүүх уг тушаал үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүхийн үндэслэл болон зөвтгөөд буй тушаалууд хоорондоо логик зөрчилтэй” гэх гомдлыг хангах боломжгүй.

         Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаал (ажлын байр) үгүй болсныг ойлгохоор байна.

        Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтний албан тушаал (ажлын байр)-ын орон тоо хасагдаагүй байх тул төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчийн өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах, дахин мэргэших, ажлын байраар хангуулах төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах үндэслэлгүйн дээр үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.

     Мөн тус газарт Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байр шинээр батлагдаж, уг ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго нь “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, эрх хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, бодлогын баримт бичиг болон төсөл хөтөлбөрүүдийг сурталчлах, хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг урлаг уран сайхнаар дамжуулан хэрэгжүүлэх” гэж, улмаар ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагад “Соёлын менежер, соёл урлагын ажилтан” гэж, туршлагын тухайд “мэргэжлээрээ ажилласан байх” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Э.И-ийн өмнө гүйцэтгэж байсан Хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүйн дээр уг албан тушаалыг гүйцэтгэх ерөнхий шаардлагыг хангахгүй байна.

      Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар мөн хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй бөгөөд Э.И нь тус ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангахгүй учир түүнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй.

         Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор зааснаас үзвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Л.Н-ыг томилсон тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

         Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн уг албан тушаалд “төрийн үйлчилгээний албан хаагчийг шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсгийг илт зөрчсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Э.ХАЛИУНБАЯР

 ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН