Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 159

 

 Х.Х-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын дарга, Баян-Өлгий аймгийн Засаг даргад

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                  Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Засаг даргыг огцруулах тухай 27 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргаас огцруулах тухай Б/30 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох”

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0079 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0152 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К, П.Ж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х, түүний өмгөөлөгч Х.Т нарыг оролцуулж,

            Хариуцагч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0079 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-ийн г, д, 20 дугаар зүйлийн 20.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Х-ынын тус шүүхэд гаргасан Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Засаг даргыг огцруулах тухай 27 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргаас огцруулах тухай Б/30 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0152 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0079  дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х-ын нэхэмжлэлийг хангаж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас: Х.Х-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0152 дугаартай магадлалтай танилцаж үзээд дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх тухайгаа урьдчилан мэдэгдээгүйгээс Засаг дарга X.Х-т огцруулах тухай асуудлын талаар тайлбар лавлагаа, тооцоо, судалгаа гаргах боломж олгоогүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хууль бус зарцуулалт огцруулах үндэслэл болохыг Засаг дарга мэдэх боломжгүй гэжээ.

4. Х.Х тухайн шатны орон нутгийн төсөвт хамаарах 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын ИТХ-д батлуулахгүйгээр шууд өөрөө хуваарилан зарцуулсан үйлдэл гаргасан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “б” заалтад сумын ИТХ нь Засаг даргын өргөн мэдүүлсээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-д зааснаар сумын ИТХурал нь тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэж батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх бүрэн эрхийг эдэлдэг юм.

5. Сумын Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг ИТХ-аар батлуулахгүйгээр зарцуулсан хууль бус үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээнд зарцуулахыг хориглоно гэсэн заалт, 66 дугаар зүйлийн 66.1.1-д заасан тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төсвийг боловсруулахаар хэлэлцүүлэн батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлагнах гэсэн заалт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “а”-д Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсөв болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах заалтуудыг тус тус зөрчиж байна. Энэ хууль зөрчин санхүүгийн хууль бус зарцуулалт хийсэн үйлдэл нь тодорхой байхад Х.Х-аас лавлагаа, тооцоо, судалгаа гаргуулах ёстой байсан, огцруулах үндэслэл болохыг Засаг дарга боломжгүй гэж дүгнэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасан ...түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх зөрчиж хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 221/МА2019/0152 дугаартай магадлалыг хүчингүй болгож шатны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

6. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн оршин суугч Х.Х-ынын нэхэмжлэлтэй, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргад тус тус холбогдох “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай” 27 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Засаг даргаас огцруулах тухай” Б/30 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0079 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

7. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байсан гэж үзнэ.

8. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны дугаар сарын 21-ний өдрийн А/15 дугаартай тогтоолоор сумын Хурлын ээлжит дугаар хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Баасан” гарагт хуралдуулахаар товлон зарлаж, тус хуралдаанаар үндсэн 6 асуудлыг хэлэлцэхээр тогтоосон бөгөөд дарааллын 6-д “сумын Засаг даргын үйл ажиллагааны тайлан хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх” талаар тусгасан. Гэвч сумын Засаг дарга Х.Х-ын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай албан бичгээр уг хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаснаар Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 1 ний өдрийн А/18 дугаар тогтоолоор мөн оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Хурлын энэхүү үйл ажиллагаа нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-ий “...Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулал үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх нь Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарна...” гэж заасантай нийцсэн.

9. Харин хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “...Хурлын төлөөлөгч хурал тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Хурлын Тэргүүлэгчид асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй..,”, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “д”-д “...сумын Засаг даргын тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ...” гэж тус тус заасан,

10. 2018 оны 06 дугаар сарын байдлаар сумын Засаг даргын тайланг Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх болсон үндэслэлийг хариуцагч Бугат сумын Хурлын дарга нь ...сумын Засаг дарга Х.Х нь 2018 оны эхнээс сумын ээлжит 7 дугаар хуралдаан болох хүртэлх хугацаанд 31 сая төгрөгийг дур мэдэн өөрөө захирамж гаргаж, Хурлын тогтоолгүйгээр захиран зарцуулсан хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж, уг хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах, хуульд заасан чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж буй асуудалд хяналт тавихын тулд хэрэгжүүлж буй үйл ажиллагааных нь хүрээнд тайлан хэлэлцүүлэх саналыг Хурлын Тэргүүлэгчдийн хувьд н.Ержанат, Хурлын дарга Х.Хавдалмурат нар гаргаснаар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Засаг даргын тайлан хэлэлцүүлэхээр баталсан нь дээрх хуулийн зохицуулалт тус бүрт нийцсэн. Энэхүү хуралдааныг товлон зарласан, хуралдаан болохоос өмнө энэ талаар сумын Засаг даргад мэдэгдсэн, нэхэмжлэгч тухайн хуралдаанд оролцож, “Бугат сумын Засаг даргын 2018 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийн хагас жилийн биелэлт сэдвээр ажлаа тайлагнасан үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

11. Нэхэмжлэгч Х.Х-аас 2019.02.21-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо “...ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/15 дугаартай тогтоолоор хуралдааны товыг зарласан нь хууль бус байсан...” гэх боловч тухайн үед тов тогтоож хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг баталсан Хурлаас гарсан шийдвэртэй холбогдуулан маргаагүй буюу энэ талаар хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаагүйгээс гадна дээр дурьдсанчлан хуралдааныг 1 удаа хойшлуулж байсан, тайлангаа хэлэлцүүлсэн зэрэг нь хуралдааныг хууль бусаар явагдаагүй болохыг харуулна. Иймээс Бугат сумын Хурлын дээрх үйл ажиллагаа нь Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “з”-д “...хууль тогтоомж, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах хангах ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасантай мөн нийцсэн бөгөөд сумын Засаг даргын тайланг хэлэлцүүлж үнэлэлт, дүгнэлт өгч байгааг буруутгах үндэслэл байхгүй, энэ талаар нэхэмжлэгч талаас маргаагүй болохыг дурьдаж байна.

12. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Магадлалд “...Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар урьдчилан товлож, холбогдох материалыг төлөөлөгчдөд тараагаагүй атлаа хуралдаанаар хэлэлцэж, Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д ...Энэ хуулийн 24.1, 24.2-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос өмнө 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй...” гэж заасныг зөрчсөн байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар “А.Асылбек нарын 9 төлөөлөгчийн гаргасан огцруулах саналыг хэлэлцсэн нь дээрх хуулийн 24.3-д заасныг зөрчсөн” гэж зөв дүгнэсэн атлаа “Засаг дарга Х.Х-ын нь Төсвийн болон Амьтны тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон, энэ нь огцруулах үндэслэл болно, Засаг даргын тайланг хэлэлцэх явцад хууль зөрчсөн, хангалтгүй ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр Засаг даргыг огцруулж шийдвэрлэсэн актууд нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй гэж дээрх хуулийг буруу хэрэглэж, агуулгын зөрчилтэй дүгнэлт хийсэн... гэснийг дараах үндэслэлээр няцааж байна.

13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг зөрчсөн нь үйл баримтын хувьд зөвхөн А.Асылбек нарын 9 төлөөлөгчийн гаргасан сумын Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцсэн асуудалтай тохирно, харин Засаг даргын тайланг хэлэлцэж үнэлэлт. дүгнэлт өгсөнтэй холбоотой асуудлаар сумын Хурал хуулийн 24.3 дахь хэсгийг зөрчсөн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байх тул агуулгын зөрчилтэй дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаарх үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс ойлгоогүй гэж үзэхээр байна.

14. Дээрх байдлаар сумын Засаг даргын тайланг хэлэлцэх явцад хууль зөрчсөн, хангалтгүй ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг нь хуралдааны үед нотлогдон тогтоогдсон тул хуулийн 24.3-т заасан урьдчилсан нөхцөл хэрэглэгдэхгүй, энэ тохиолдолд хамаарахгүй юм. Нөгөө талаар Засаг даргын үйл ажиллагааны ажлын тайланг хэлэлцсэн тохиолдолд гарах үр дүн буюу ямар шийдвэр гарах эсэх нь ойлгомжтой Энэ нь нэг бол “Хангалттай”, үгүй бол “Хангалтгүй” гэх үнэлгээ гарах байсныг урьдчилан мэдэх боломжтой, үүнээс “Хангалттай” байдлаар үнэлүүлж, дүгнүүлсэн тохиолдолд Засаг дарга ажлаа хэвийн үргэлжлүүлэх, харин “Хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан нөхцөлд түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцүүлж байгааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

15. Мөн нэгэнт Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх асуудал хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан байхад “Хангалттай” эсхүл “Хангалтгүй” үнэлэлт, дүгнэлт өгөхийг урьдчилан тооцоолох боломжгүй учраас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд огцруулах асуудлыг заавал оруулах шаардлага байхгүй. Түүнчлэн, тайлангаа хэлэлцүүлээд үнэлэлт, дүгнэлт авахдаа ямар шийдвэр гарна гэдгийг сумын Засаг дарга дээр дурдсанчлан урьдчилан тооцоолсон байх ёстой. Өөрөөр хэлбэл тайлагнаж байгаа хэлбэр нь Хангалттай, Хангалтгүй гэх үнэлгээтэй холбогдуулан сумын Засаг даргын тайлагнаж байгаа нь өөрөө тооцоо судалгаатай тайлбар гаргаж буй хэлбэр гэж үзнэ.

16. Давж заалдах шатны шүүхийн магадлалд "...огцруулах асуудлыг урьдчилан мэдэгдээгүйгээс Засаг дарга Х.Х-д ажлын тайланг хангалтгүй гэж үзсэн үндэслэлийн талаар тайлбар, лавлагаа, тооцоо, судалгаа гаргах боломж олгоогүй ... Засаг даргын ажлын тайлантай холбоотой боловч уг асуудлыг ямар хүрээнд хэрхэн дүгнэх, уг дүгнэлт нь огцруулах үндэслэл болохыг Засаг дарга мэдэх боломжгүй юм...” гэжээ. Дээрх байдлаар мэдэх боломжтой байгаагаас гадна Х.Х-ын огт мэдээгүй асуудал бас байхгүй, хэдийгээр А.Асылбек нарын 9 төлөөлөгчөөс тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагаагүй боловч Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хуралдаан болохоос 3 хоногийн өмнө 50-иас дээш хувийн төлөөлөгчид танилцуулж мэдэгдснийг Х.Х энэ тухай урьдчилан мэдэх боломжгүй байсан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

17. Нэг зүйлийг тодруулахад, Төсвийн тухай хууль, Амьтны тухай хуулийг зөрчөөгүй гэх нэхэмжлэгч талын маргаж буй асуудалд анхан шатны шүүх дүн шинжилгээ хийж, хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд нэхэмжлэгчээс хууль зөрчсөн гэх үйлдлийг хөдөлшгүй баримтуудаар тогтоож, энэ талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийснийг нэмж тайлбарлах нь зүйтэй.

18. Хариуцагч аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийн тухайд:  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “...сумын Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах...”, 30.1.9-д “...сумын Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих...” зэрэг бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхын саналаар Засаг дарга Х.Х-г огцруулах шийдвэрээ гаргаж, хуулийн 32.2 дахь хэсэгт зааснаар Засаг даргын бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дасгал хүргүүлснээр аймгийн Засаг дарга тухайн саналын хүрээнд судалж үзээд сумын Засаг дарга хууль зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж, ажил үүргээ явуулж байсан нь судалгааны явцад хангалттай тогтоогдсон тул Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд огцруулах тухай шийдвэрээ гаргасан. Ер нь бүхэл бүтэн 1 сумд хуваарилагдсан төсвийг ганцхан албан тушаалтан буюу сумын Засаг дарга дур мэдэн зарцуулж, хувьдаа завшиж байгаа хууль бус үйлдлийг зогсоож огцруулах шийдвэр гаргасан тухайн шатны Хурал болон аймгийн Засаг даргын шийдвэрийг буруутгах боломжгүй. Хууль зөрчсөн гэх үйлдэл нь сумын Засаг даргын өөрийнх нь гаргасан шийдвэрээр нотлогдож байгаа тул үүнд нэмэлт тооцоо. судалгаа хийх шаардлага байхгүй. /Төсвийн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан, хувьдаа завшсан гэх үйлдэлтэй нь холбогдуулж Х.Х-ыныг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно./

19. Өөрөөр хэлбэл, нэгэнт хууль зөрчсөн нь дээрх байдлаар нотлогдож байгаа нөхцөлд 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг тухайн шатны Хурал хангасан эсэх нь аймгийн Засаг дарга шийдвэрээ гаргахад хамаарахгүй, түүнчлэн аймгийн Засаг даргын шийдвэртэй холбоотой нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадаагүй, мөн давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлттэй холбоотой няцаасан гомдол тайлбар гаргаагүйг анхаарах ёстой. Хамгийн ноцтой нь нэхэмжлэгч Х.Х сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа гэмт хэрэгт холбогдож, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор /Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаартай тогтоолын хуулбарыг хавсаргав./ нотлогдсон болохыг онцгойлон тэмдэглэж байна.

20. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.5-д “...сумын Засаг дарга ... ялгүй байх шаардлагыг хангасан байна...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Х.Х сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй этгээд болно.

21. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул дээд шүүхээс маргааны үйл баримтад бодлогын хүрээнд хандаж, хууль ёсны шийдвэр гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0151 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2018/0079 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

22. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

23. Нэхэмжлэгч Х.Х нь Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай” 27 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Засаг даргаас огцруулах тухай” Б/30 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/18 дугаар тогтоолоор баталсан. Тухайн хуралдаанаар сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр тогтоогүй. Гэтэл тус 7 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын ажлыг “хангалтгүй” гэж үнэлэн, огцруулж шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргажээ.

24. Давж заалдах шатны шүүхээс, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, “...Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар урьдчилан товлож, холбогдох материалыг төлөөлөгчдөд тараагаагүй атлаа хуралдаанаар хэлэлцэж, Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

25. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...сум, ...-ын Хурлын Тэргүүлэгчид ...ийн бүрэн эрхэд ...Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 22 дугаар зүйлийн 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасны гадна, 24 дүгээр зүйлд Хуралд асуудал оруулах эрхийг тусгайлан зааж хуульчилсан байх бөгөөд 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, ...-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус нарийвчлан заасан.

26. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/18 дугаар тогтоолоор ...Хурлын 7 дугаар хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд хуралдуулахаар, ...тус хуралдаанаар ...сумын Засаг даргын ажлын тайланг хэлэлцүүлэхээр тогтоосон, уг тогтоолтой хэргийн оролцогчид маргаагүй байна.

27. Гэвч 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанд Хурлын 9 төлөөлөгч хурлаар хэлэлцэх асуудалд Засаг даргыг огцруулах асуудлыг оруулахаар хүсэлт гаргасныг хурлын 14 төлөөлөгч дэмжсэнээр тухайн хуралдаанаар хэлэлцэж, Засаг дарга Х.Х-ын ажлыг “хангалтгүй” гэж дүгнэн, түүнийг шууд огцруулахаар шийдвэрлэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Засаг даргыг огцруулах тухай” 27 дугаар тогтоол гаргасан нь хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцэхгүй байна. 

28. Анхан шатны шүүх “А.Асылбек нарын 9 төлөөлөгчийн гаргасан огцруулах саналыг хэлэлцсэн нь дээрх хуулийн 24.3-д заасныг зөрчсөн” гэж зөв дүгнэсэн боловч “Засаг дарга Х.Х нь Төсвийн болон Амьтны тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон, энэ нь огцруулах үндэслэл болно, ...Засаг даргыг огцруулж шийдвэрлэсэн актууд нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

29. Түүнчлэн, хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “...сумын Засаг даргын тайланг хэлэлцэх явцад түүний хууль зөрчсөн, хангалтгүй ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг нь хуралдааны үед нотлогдон тогтоогдсон тул хуулийн 24.3-т заасан урьдчилсан нөхцөл хэрэглэгдэхгүй, энэ тохиолдолд хамаарахгүй юм. ...Мөн нэгэнт Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх асуудал хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан байхад “Хангалттай” эсхүл “Хангалтгүй” үнэлэлт, дүгнэлт өгөхийг урьдчилан тооцоолох боломжгүй учраас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд огцруулах асуудлыг заавал оруулах шаардлага байхгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

30. Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар урьдчилан хэлэлцэн тогтоож, Хурлын хуралдааны бэлтгэлийг хангаж, хурлаар хэлэлцүүлэхээр тогтоосон асуудлын талаарх тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг Хурлын тэргүүлэгчдэд 1 хоногийн өмнө тараах, энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байхаар тухайлан хуульчилсан байхад тус 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг буюу сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэн, улмаар түүнийг огцруулж шийдвэрлэсэн нь дээрх байдлаар хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл Засаг дарга Х.Х-д ажлын тайланг нь хангалтгүй гэж үзсэн үндэслэлийн талаар тайлбар лавлагаа, тооцоо, судалгаа гаргах боломж олгоогүй, хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай нийцээгүй байна.  

31. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0152 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА