Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 13

 

                                                                                             

Хэргийн индекс:127/2016/0009/З

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн иргэн Ц.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга, Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт холбогдох

            Бор-Өндөр сумын Холбоо, 2 дугаар багийн 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчингүйд тооцуулж,  уг хуралдаанаас гаргасан тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, багийн Засаг даргын ажил, тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Бор-Өндөр сумын 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Солонгос улсад эмчилгээнд явах болсон тул сумын Засаг даргаас 3 сарын чөлөө хүсэхэд нэг, нэг сараар чөлөө ав гэсэн. Ингээд надад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэг  сарын чөлөө өгсөн тул би Солонгос явсан. Тэнд байх хугацаандаа ар гэртэйгээ холбоотой байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр чөлөөний хугацааг сунгуулах хүсэлтээ дүү Хэрлэнгээрээ сумын Засаг даргад өгүүлсэн. Энх-Эрдэнэ даргаас ямар нэгэн хариу ирээгүй тул сунгагдсан гэж ойлгосон. Тэгээд би Солонгосоос ирээд Энх-Эрдэнэ даргатай уулзахад, ажлаас чөлөөлсөн асуудлыг баг мэднэ гэж хэлсэн. Багийн зохион байгуулагч Ариунзоригоос асуухад багийн иргэдийн Нийтийн Хурал болсон, 40 хэдэн хүн ирсэн гэж хэлсэн.

            2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн уг Хуралд 18 хүн ирсэн тухай мэдээлэл авсан. Уг Хурлаар багийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлөх асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсгийг зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

            Дээрх хуульд заасан Хурлын ирц бүрдээгүй байхад хуралдсан тул уг Хурал хүчингүй, хуульд заасан ирц хангагдаагүй Хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн Бор-Өндөр сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/22 тоот захирамж гаргасныг хууль бус гэж үзэж байна. 

            Иймд, эдгээр шийдвэрүүдийг хүчингүй болгож, намайг багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сарын цалинтай чөлөө авсан. Чөлөөний хугацаагаа сунгуулах хүсэлтээ өгөхөд сумын Засаг дарга чөлөө олгохгүй гэдгээ хэлээгүй. 2016 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслээд Ц.Гэрэлтуяаг ажлаас чөлөөлсөн байна.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “...баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа ... хуралдуулна”, 23.3-т “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно” гэж тус тус заасан.

  Тэргүүлэгчид Бор-Өндөр сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах шийдвэр гаргаагүй байна.   2016 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Хуралд ирц бүрдээгүй, 2 дугаар багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл ирсэн гэх баримт нотолгоо байхгүй.

Хариуцагч сумын Засаг дарга захирамжиндаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг баримталсан нь тохирох заалт биш. Уг заалт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад хамаарах заалт юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т, эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасан байдаг.

Иймд хариуцагч нарын гаргасан шийдвэр нь хууль бус байна. Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяаг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Энх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр болсон тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/251 тоот захирамжаар 1 сарын цалинтай чөлөө авч явсан.

Ц.Гэрэлтуяа цалинтай чөлөөний хугацаа дууссан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг хэтрүүлж ажил тасалж, төрийн ажил цалгардуулсан, чөлөөг сунгах талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаагүй, багийн ажил эзэнгүйдэж багийн ажлыг саадгүй чөлөөтөй явуулах мөн багийн Засаг даргын асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл, гомдол иргэдээс ирэх болсон.

Багийн Засаг даргын ажлыг орлон гүйцэтгэж ажиллах боломжгүй байдаг тул Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 01 дүгээр сарын 24-нд хуралдаж Ц.Гэрэлтуяаг ажпаас чөлөөлөх хурлын шийдвэр гарч, хуулийн дагуу сумын Засаг даргад уламжилсны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн.

 Иймд нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяагийн Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ц.Гэрэлтуяа намайг багийн Засаг даргын ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2879517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Бор-Өндөр сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Шинэцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ц.Гэрэлтуяа цалинтай чөлөөний хугацаа дуусаад байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг сунгах талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаагүй болно.

Үүнээс шалтгаалан 1800 орчим хүн амтай багийн ажил эзэнгүйдэж, төрийн үйлчилгээг иргэдэд саадгүй хүргэх ажил тасалдаж байгаа талаар багийн иргэдээс сумын Засаг даргад ирүүлсэн гомдлууд, багийн ИНХ-ын даргад Бор-Өндөр сумын Засаг даргаас ирүүлсэн 2016 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 49 тоот албан бичиг, мөн багийн Засаг даргын 2015 оны ажлын тайланг хэлэлцэх, 2016 онд багт Орон нутаг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр хийгдэх ажлын саналыг хэлэлцэх зэрэг зайлшгүй шалтгаанаар багийн иргэдийн нийтийн Хурал хуралдах болсон.

Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарласан боловч багийн иргэд ирээгүйн улмаас дахин 2016 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 14 цагт хуралдахаар товлож хурлын товыг байруудын орцны үүдэнд нааж, тус суманд үйл ажиллагаа явуулдаг кабелийн телевизийн урсдаг зараар явуулсан.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсэгт Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сум, багийн хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэж заасан байдаг боловч энэхүү заалт нь бодит байдал дээр баг, хороонд төдийлөн хэрэгжих боломжгүй зүйл заалт байдаг билээ.

Иймд 2016 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 14 цагт сумын ЗДТГазрын “ИРГЭНИЙ ТАНХИМ’’-д багийн иргэдийн нийтийн Хурал хуралдаж Холбоо 2 дугаар багийн Засаг дарга Ц.Гэрэлтуяаг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэнээр сумын Засаг даргад уг асуудлыг уламжилсан болно” гэжээ.

Гэрч Д.Ариунзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Бор-Өндөр сумын 2 дугаар багийн зохион байгуулагчаар ажилладаг. 2016 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 14 цагаас багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болсон. Тухайн хурлаар багийн Засаг даргын тайлан хэлэлцэх гэсэн боловч өөрөө байхгүй тул хэлэлцэх асуудлаа өөрчилж, багийн Засаг даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Тухайн хурал дээр ирц бүртгээгүй, хуралд ирсэн хүмүүсээр гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Хурлын ирцийн талаарх хуулийн заалтыг тухайн үед хараагүй, сүүлд уншиж мэдсэн. Манай баг нийт 580-590 өрхтэй. 2016 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр болсон хуралд нийт өрхийн 50 хувийн төлөөлөл ирээгүй” гэв.

Гэрч О.Мягмар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бор-Өндөр сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчээр ажилладаг. Надаас гадна бас нэг  Тэргүүлэгч байдаг. 2016 оны 01 дүгээр сард багийн иргэдийн Нийтийн Хурлыг Тэргүүлэгчид бид зарлаагүй. Би мэдээгүй тул 1 дүгээр сарын 24-ний өдрийн Хуралд оролцоогүй. Багийн Засаг дарга өөрчлөгдсөн тухай энэ оны 4-5 сарын үед л мэдсэн” гэв. 

Гэрч Р.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 12 дугаар сарын сүүлээр сумын Засаг даргын Тамгын газар дээр явж байгаад Хэрлэнтэй тааралдсан. Хэрлэн, “Гэрэлтуяа эгчийн чөлөө авах тухай өргөдөл бичих гээд явж байна, яаж бичих вэ” гэхээр нь би бичиж өгсөн. Хэрлэн уг өргөдлийг сумын Засаг даргад өгнө гээд өрөө руу нь орсон. Засаг дарга ямар хариу өгснийг нь мэдэхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа нь багийн Засаг даргын ажил, албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хүчингүй болохыг тогтоолгож, уг Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоол болон Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулж, тус багийн Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа нь ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотой гомдлоо сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Хэнтий аймгийн Засаг даргад гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/544 тоот албан бичгээр хариу авч, гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн байна.

            Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо, 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаад Бор-Өндөр сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/251 дугаар захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цалинтай чөлөө авчээ. Уг захирамжинд “Ц.Гэрэлтуяа нь Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон” гэжээ. 

            Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа нь чөлөөний хугацаа дуусмагц ажилдаа ирээгүй ба Солонгос улсад байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь “чөлөөний хугацааг сунгуулах хүсэлтээ өгсөн” гэж, хариуцагч тал - “өгөөгүй” гэж маргаж байгаа боловч уг асуудал нь нэхэмжлэлийн шаардлагад байхгүй тул шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан хуульд заасан ирц хангаагүй тул хүчинтэйд тооцогдохгүй, иймээс хууль бус гэжээ.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

            Уг хуулийн 23 дугаар зүйлийн холбогдох заалтаар Хурлын хуралдааны хүчинтэй байх ирцийн хувь хэмжээг зохицуулсан. Баг, хорооны Хурлын хуралдааны хүчинтэй байх ирцийн тоо хэмжээг  хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заажээ. Харин 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсэгт, аймгийн төвийнхөөс бусад сумын багийн  иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд хангагдвал зохих ирцийн хэмжээг тусгайлан заасан байна.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо, 2 дугаар баг нь аймгийн төвийн баг биш, сумын баг бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар багийн Засаг даргыг огцруулах, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцсэн байх тул тухайн хуралдаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсэгт заасны дагуу Холбоо багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцогдох ёстой.

            Статистикийн мэдээ баримт болон нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяа, гэрч Д.Ариунзориг нарын мэдүүлгээс үзэхэд Холбоо баг нь 2015 оны байдлаар нийт 586 өрхийн 1885 хүнтэй байсан тул эдгээр өрхийн 50-иас доошгүй хувь буюу 293-аас доошгүй өрхийн төлөөлөл 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд оролцох шаардлагатай байжээ.

            Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд, 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны ирцийг өрх бүрээр бүртгэсэн, тооллого хийсэн зүйл байхгүй, хуралдаанд нийт хэдэн хүн оролцсон, асуудлыг хэдэн хүний, хэдэн хувийн саналаар шийдвэрлэсэн нь тодорхой бус байна.

             Уг хуралдаанд багийн 293-аас доошгүй өрхийн төлөөлөл оролцоогүй, хуульд заасан ирц бүрдээгүй байсан болох нь тогтоогдож байна. Энэ талаар хариуцагч, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Шинэцогт маргаагүй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсгийн заалт нь “бодит байдал дээр баг, хороонд төдийлөн хэрэгжих боломжгүй зүйл заалт байдаг билээ” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн болно. Мөн тухайн хуралдаанд оролцож, тэмдэглэл хөтөлсөн, багийн зохион байгуулагч Д.Ариунзориг нь хуульд заасан ирц бүрдээгүй байсан болохыг шүүх хуралдаанд гэрчилэн мэдүүлсэн.

            Ийнхүү 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл хүрэлцэн ирээгүй байхад багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг явуулж, багийн Засаг даргыг огцруулах, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх заалтыг зөрчсөн байна.

            Иймээс тус хуралдаан нь хүчингүй бөгөөд тус хуралдаанаас гаргасан шийдвэр болох, Ц.Гэрэлтуяаг багийн Засаг даргаас огцруулах саналыг сумын Засаг даргад уламжлах тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоол, уг тогтоолыг үндэслэн гаргасан Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамж нь тус тус хууль бус байна.

            Иймд нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяаг багийн Засаг даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

            Хариуцагч Бор-Өндөр сумын Засаг дарга нь Ц.Гэрэлтуяаг ажлаас чөлөөлөх захирамждаа  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг баримталсан нь оновчтой бус. Уг заалт нь Хурлын бүрэн эрхэд хамаарах заалт юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “уг заалт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг огцруулахтай холбоотой заалт” гэж тайлбарласантай шүүх санал нийлэхгүй байна.

             Тухайн заалтын “Засаг дарга” гэдэгт багийн Засаг дарга хамаарч болно гэж шүүх үзэж байна. Багийн иргэдийн Нийтийн Хурал  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан үндэслэл байвал багийн Засаг даргыг огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлэх үндэслэлтэй, багийн Хурал харин уг асуудлыг шийдвэрлэхдээ хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсэгт заасны дагуу хуралдаанаа зохион байгуулах шаардлагатайг дурдах нь зүйтэй байна. 

            Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.7 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  хуралдаан хүчингүй болохыг тогтоож, уг хуралдаанаас гаргасан, багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 тоот тогтоол, уг тогтоолыг үндэслэн гаргасан Бор-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяаг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар багийн Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацаа – 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговрыг тооцон олгохыг хариуцагч Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Энх-Эрдэнэд даалгасугай.

            3. Нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос холбогдох татвар, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Бор-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.             

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бор-Өндөр сумын Холбоо 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал, Бор-Өндөр сумын Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас нийт 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гэрэлтуяад олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэргийн оролцогч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.БАЛЖМАА