Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 512

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               Т.Энхбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ширэндэв,

ялтан Т.Энхбаяр, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

            хохирогч Ж.Цогбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Энхбаярын өмгөөлөгч Л.Бурмаа, хохирогч Ж.Цогбаяр нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2016 2501 0031 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Харчин овогт Төрбатын Энхбаяр, 1973 оны 9 дүгээр сарын 28-нд Говь-Алтай аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 45 дугаар гудамжны 679 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧК73092862/,

Т.Энхбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Цагдаагийн 3 дугаар хэлтсийн гадаа иргэн Ж.Цогбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Ж.Цогбаярыг зодож биед нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Энхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Энхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Т.Энхбаярт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг тайлбарлаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Цогбаяр нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Т.Энхбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 cap өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг тайлбарласан тайлбарын 3-т “Эрүүгийн хариуцлагад татах хугацаанд гэмт хэрэг гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол уг нөхцөл шалтгаан илэрч тогтоогдсон шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэн шийдвэрлэнэ. 3.1-д “шүүх хэргийг хүлээн авсны дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн үед анхан шатны шүүх хуралдаанаас шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна. Шүүхээр хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн, хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах болон прокурорын хяналт, шүүхийн шатанд хэрэг хэлэлцэгдэх хүртэл хугацаанд шүүгчдэгч Т.Энхбаяр нь өөр гэмт хэрэг санаатай үйлдээгүй байх тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй болно. Дээрх Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйл, уг зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар зэргээс үзэхэд шүүгчдэгч Т.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзсэн бол шүүгдэгчид ял оноолгүй түүнийг эрүүгийн хариуилагаас чөлөөлөх ёстой байсан атал шүүх ял оноосон нь хууль зөрчсөн, шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Ж.Цогбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Т.Энхбаярыг хохирогч миний эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч, шүүгдэгчтэй эвлэрээгүй үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавхан дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй төгрөгөөр торгож шийдвэрлсэнд гомдолтой байна. Учир нь гэм буруугаа ойлгож ухаарсан бол өмгөөлөгч авах мөнгөө хохирогчид өгч, үнэн сэтгэлээсээ уучлалт гуйх байсан. Тэгтэл шүүх хурал дээр өмгөөлөгчөөрөө түрүү барин худлаа хэлж, өрөвдөлтэй царай гарган, өөрийгөө өмгөөлж байсан. Шүүхийн шийдвэр гарах үед хохирогчийн эрхийг хамгаалахгүй, шүүгдэгчийн эрхийг хамгаалан улсын яллагчийн хорих ял санал болгосныг шүүхээс торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд миний эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын бодит хохирлыг төлүүлж, хуулийн дагуу шийдэж, оногдуулбал зохих баривчлах ял оногдуулж шийдэж өгнө үү. Т.Энхбаяр миний эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч, шүүгдэгчтэй эвлэрээгүй үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй төгрөгөөр торгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хорих ял өгнө гэхээр нь эмэгтэй хүн юм байна гээд үр хүүхдүүдийг нь бодоод гомдол гаргаагүй, тэгээд хорих ялыг торгох ял болгосон чинь ерөөсөө миний хохирлыг төлөөгүй. Өмгөөлөгчтэй нийлээд намайг хэл амаар доромжлоод байсан...” гэв.

 

Ялтан Т.Энхбаярын өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх бөгөөд үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан 6 сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заажээ. Иймд хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан. Гэтэл шүүх хуульд заасан ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Иймд Т.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Ялтан Т.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Торгууль төлөхийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч ерөөсөө надтай уулзаагүй, надтай уулзахгүй, харицахгүй гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдааны сүүлд шүүгч “та хоёр эвлэрэх боломж байна уу гэж асууж байсан.  Ж.Цогбаяр надаас нэг ч удаа мөнгө нэхэмжилж байгаагүй. Хэрвээ би ял аваагүй байсан бол тухайн мөнгийг нь өгөхөд бэлэн байсан...” гэв.

 

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Э.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, 3 дахь заалтыг хүчингүй болгох, 4 дэх заалтад хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирлоо нэхэмжилнэ гэж ярьж байгаа учраас хэргийн материалд байгаа баримтын хэмжээнд 154.500 төгрөгийг хохирогч Ж.Цогбаярт олгохоор өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                            ХЯНАВАЛ:

 

Т.Энхбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Цагдаагийн 3 дугаар хэлтсийн гадаа иргэн Ж.Цогбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Ж.Цогбаярыг зодож биед нь тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Цогбаярын: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ...ажил дээрээ байхад Б.Дэлгэрсайхан дуудаж, ажлын гадна уулзаж, хамтран амьдрагч Т.Энхбаяр нь хэл амаар доромжлон миний нүүр лүү 2-3 алгадаж цохисон...” /хх-ийн 14-16, 28-30/,

гэрч Б.Дэлгэрсайханы: “...Хамтран амьдарч байсан Цогбаяраас иргэний үнэмлэхээ авахаар эхнэр Т.Энхбаяртай очиж уулзсан. Тэгээд иргэний үнэмлэх өгөхгүй тэр хоёр маргалдаад Энхбаяр Цогбаярын зүүн хацарт нэг удаа алгадсан. Нэг цагдаа гарч ирээд Цогбаярыг аваад орчихсон...” /хх-ийн 31/,

гэрч Ц.Жалцавын: “...Тэр өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Гачуурт 115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Үдээс хойш хэлтэс рүү ороход Цогбаяр ахмад нэг эмэгтэй хүнтэй уулзаж байгаад тэр эмэгтэй нь Цогбаяр ахмадтай хэрүүл хийж байсан. Цогбаяр, тэр эмэгтэй хоёр надтай зөрөөд гараад явсан. Намайг гарахад Цогбаяр ахмадын хувцаснаас тэр эмэгтэй зуураад хэрүүл хийж, орилж байсан. Хажууд нь нэг эрэгтэй зүгээр зогсоод байсан...” /хх-ийн 67/,

гэрч Э.Анужины: “...Уг өвчтөн нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гавал тархины битүү гэмтэл, тархины доргилт, 2 нүд орчмын зөөлөн эдийн гэмтэл оноштойгоор хэвтсэн. Уг оношийг өвчтөний клиник шинж болон толгойн рентгенээр оношилсон. Тархины гэмтэл авснаас үүсэх боломжтой ба хүчтэй алгадсан тохиолдолд үүсэх боломжтой...” /хх-ийн 68-69/,

шинжээч эмч Б.Ариунзулын: “...Цогбаярын зүүн хацрын товгор хэсэг дээр овойж хавдсан байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Энэ нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Зөөлөн эдийн няцрал нь цохилтоос үүснэ. Тархи доргилт нь цохилтоос үүснэ. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гараар цохисон ч хатуу мохоод орно. Нэг удаагийн алгадалтаар үүсэх боломжтой...” /хх-ийн 65-66/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 17656 дугаар дүгнэлтэд: “...Цогбаярын биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө...” /хх-ийн 19/ гэх дүгнэлт, өвчний түүх /хх-ийн 59-64/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Энэ гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан ба 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон байжээ.

 

Ийм байхад анхан шатны шүүх Т.Энхбаярт ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж ялтан Т.Энхбаярын өмгөөлөгч Л.Бурмаа, прокурор П.Даваасүрэн нарын “Т.Энхбаярт ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” талаар гаргасан гомдол эсэргүүцлийг тус тус хүлээн авч, хохирогч Ж.Цогбаярын гаргасан “торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ж.Цогбаяр нь “хохиролд мөнгө нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүх “хохирогч нэхэмжлэх зүйлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Гэвч хохирогч Ж.Цогбаяр нь давж заалдах шатны шүүх хуралд хохирол төлөгдөөгүй талаар гомдол гаргасан байх бөгөөд хавтаст хэрэгт буй баримтын хэмжээнд хохирлыг ялтнаас гаргуулж шийдэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

            2 дахь заалтад “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Энхбаярт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун мянга 192.000х5/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Энхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

            2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

3.Шийтгэх тогтоолд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.Энхбаяраас 154.500 /нэг зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Цогбаярт олгосугай”, “хохирогч Ж.Цогбаяр нь энэ шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй хохирлоо жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн заалтуудыг нэмэлтээр оруулсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсвэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                   

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ