Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/48

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 19-ний өдөр                Дугаар 2023/ДШМ/48                                 Өвөрхангай аймаг

 

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

     Прокурор Л.Галбадрах

     Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням

     Шүүгдэгч Э.Б

     Нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нарыг оролцуулан 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлыг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 230900000328 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын ... дугаар сургуульд дүрслэх урлаг, технологийн багшаар ажиллаж байсан, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багийн ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овгийн Э.Б

Э.Б нь Монгол улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн техник урлалын багш мэргэжлээр 2003-2007 онд суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн техник урлалын багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200718094 дугаартай дипломыг хуурамчаар гаргуулан авч, уг бичиг баримт хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн урлангийн багшаар 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажилд орохдоо болон мөн хугацаанаас 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Боржигон овгийн Э.Б-г боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-гаас 35751468 (гучин таван сая долоон зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн D200718094 дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн бөгөөд гэм хорын хохиролд 35,751,468 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Миний бие 2002 онд ШУТИС-н Үйлдвэрлэл технологи, дизайны сургуульд арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжлээр элсэн орж, ILD02D101 кодтой 4 дүгээр курс хүртэл суралцсан. 4 дүгээр курсээсээ Боловсролын их сургуулийн техник урлалын ангид 4 кредит цагийн төлбөрийг төлж мэргэжлээрээ дүйцүүлж шилжсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар сургуульдаа суралцаж амжаагүй байтал төлбөрөө төлөөд дипломоо авч болно гэсэн санал ирсэн. Улмаар төлбөрөө төлөөд дипломоо авсан.

Ингээд 2012 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн 2 дугаар сургуульд хүний оронд урлангийн багшийн ажилд орсон. Орсон цагаасаа хойш хүний оронд болон цагийн багшийн ажил эрхэлж байгаад 2016 онд үндсэн ажилтнаар орсон. Багшаар ажиллах хугацаанд яам болон мэргэжлийн хяналтын байгууллагаас 3-н удаа шалгалт хийгдсэн. Тийм учраас би өөрийн дипломоо жинхэнэ диплом гэж бодон өдийг хүртэл ажиллаж байсан.

Гэтэл 2023 оны 01 дүгээр сард Цагдаагийн газраас таны диплом хуурамч байна гэж хэлэхэд энэ талаар анх мэдсэн. Би хуурамч гэдгийг нь анхнаасаа мэдэж байсан бол ашиглахгүй байх байсан.

Миний хувьд өнгөрсөн хугацаанд өөрийн хийж гүйцэтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж, хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалинг авч байсан. Би Өвөрхангай аймгийн 2 дугаар сургуульд дүрслэх урлагийн багшаар томилогдон ажиллахдаа олон хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, олон хүүхдийг мэргэжил эзэмшихэд нь дэм болж явсан. Ажиллах сургууль болон суралцагч хүүхдүүдийн эрх ашигт хохирол учруулсан зүйл нэг ч байхгүй.

Боловсролын яамнаас томилогдсон хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би нөхрөөсөө тусдаа амьдраад удаж байгаа. Бага насны 4-н хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Дөрвөн хүүхдийнхээ 100000 төгрөгөөр л амь зууж амьдарч байна.

Иймд надаас гэм хорын хохиролд 35,751,468 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Э.Б нь 2022 онд Шинжлэх Ухаан технологийн их сургуульд суралцаж байгаад 4 дүгээр курсээсээ Боловсролын их сургуулийн Техник урлалын анги руу шилжсэн байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаанаар 4 курстээ жирэмсэн болсон учраас сургуульдаа сурах боломжгүй болсон. Энэ үед сургуулиас нь төлбөрөө төлөөд дипломоо авч болно гэдэг санал ирсэн. Үүний дагуу дипломоо авсан. Ингээд сургуулиа төгсөөд Өвөрхангай аймагт ирээд 2 дугаар сургуульд ажилд орсон. Хохирогчоор Боловсролын яамнаас хууль ёсны төлөөлөгч томилогдсон. Мөн яамнаас Э.Б нь тухайн үед өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулаад хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлж тодорхой хэмжээний цалин хөлс авч байсан. Үүний улмаас нэг ч сурагчийн сурах эрх зөрчигдөөгүй. Тийм учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдэгддэг. Анхан шатны шүүхээс гэм хорын хохиролд 35.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Үүнийг шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгчээс 35751468 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэв.   

Шүүгдэгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Техник технологийн сургуулийн Үйлдвэрлэл технологи дизайны сургуульд 4 дүгээр курс хүртлээ сурсан. Энэ хугацаанд Багшийн дээд сургуульд шилжих санал гараад тус сургууль руу шилжсэн. Би сургууль дээр нэг удаа ч очиж үзээгүй. Дүйцүүлсэн дүнгийн зөрүү мөнгөө төлөөд дипломоо авсан. Тэр үед би жирэмсэн төрөх дөхсөн байсан. Тийм учраас сургуульдаа очиж чадаагүй байсан болохоор сургалтын албаны хүн дипломоо шууд гаргуулж авч болно гэхээр нь би мөнгөө төлөөд авсан. 2012 онд ажилд орсноос хойш 3-н удаа шалгалт ирсэн. Энэ шалгалтад ямар ч асуудал, зөрчил гарч байгаагүй. Мөн би Сэрүүлэг их сургуулийн магистрт бүртгүүлсэн байсан. Тэр хугацаанд би бас 1 жилийнхээ төлбөрийг төлчихөөд жирэмсэн хүүхэд гаргасан учраас сургуулиа орхисон. Хэрвээ энэ дипломыг хуурамч гэдгийг мэдсэн бол тэр сургуулийг төгсөөд тодорхой хэмжээний үнэн зөв дипломтой болчих байсан. Би тэр сургуульд үнэхээр 1 ч удаа очиж байгаагүй болохоор хуурамч юм байна гэж мэдүүлгээ өгсөн. Би ажиллаж байх хугацаандаа олон хүүхдийн авьяас чадварыг нээж хөгжүүлсэн. Нээж хөгжүүлэхдээ маш олон чиглэлээр сургалт дугуйлангаа үнэ төлбөргүй явуулдаг байсан. Мөн би өөрөө олон удаа шагнал авч байсан. Миний хувьд 35.751.000 төгрөгийг төлөх ямар ч боломж байхгүй. Би ажиллаад ажлынхаа хөлсийг авсан бас би сургуультай гэрээ хийсэн байсан. Би хуурамч бичиг баримт ашиглаж хууль бусаар хүнд худлаа ярьж хөдөлмөр эрхлэхгүйгээр мөнгө олоогүй. Би 2 дугаар сургуульд орохдоо багшлах эрхийн шалгалт өгч, шалгалтдаа тэнцэж орж байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалт буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар 35751468 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна гэсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар ямар нэгэн маргаангүй байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон байх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Э.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуульд зохих журмын дагуу суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн техник урлалын багш мэргэжил олгосон боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж төрийн албанд томилогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Эрхлэх ёсгүй албан тушаал эрхэлж, бусдын авах ёстой цалин хөлсийг авсан. Шүүгдэгч Э.Б-гийн 2012 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд тус сургуульд багшаар ажилласны түүнд олгогдож болох цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гэм хорын хохирол гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлд 9201438 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 740596 төгрөг нийт 16606934 төгрөгийг төлсөн. Уг татварын хохирлоос хасч тооцох нь зүйтэй байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар нь ажил олгогчийн зүгээс шууд суутган төсөвт төвлөрүүлдэг учир шүүгдэгч ашиг орлого олоогүй учир түүнийг дахин тооцож хохиролд гаргуулах үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-гийн ажиллах хугацаандаа авсан нийт цалин болох 83256402 төгрөгийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт төлсөн 16606934 төгрөгийг хасч, шүүгдэгч Э.Б-гийн 2012 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан цалинг 66649468 төгрөг гэж тооцож гаргасан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр 2011, 2013, 2016, 2018, 2022 онуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай тогтоолоор Э.Бгийн тухайн цаг хугацаанд ажиллаж байсан цалинг дээрх тогтоолуудын дагуу бодож үзэхэд 2012 онд 1404000 төгрөг, 2013 онд 6144000 төгрөг, 2017 онд 3840000 төгрөг, 2019 онд 3840000 төгрөг, 2020 онд 15120000 төгрөг, 2023 онд 550000 төгрөгөөр тооцож нийт 30898000 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогдож байгаа. Нийт авсан цалин болох 66649468 төгрөгөөс 30898000 төгрөгийг хасахад зөрүү 35751468 төгрөг гарч байгаа. Үүнийг гэм хорын хохирол тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь багшаар ажиллахдаа олон хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжил эзэмшихэд нь дэм болж байсан. Ажиллах хугацаандаа сургууль болон суралцагч нарт хохирол учруулсан зүйл нэг ч байхгүй, Боловсролын яамнаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тайлбарласан. Хэдийгээр Э.Б 2012 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд ажиллахдаа ямар нэгэн байдлаар бусдын эрх ашигт хохирол учруулсан, хэн нэгэн этгээдээс гомдол гаргасан тохиолдол байхгүй ч хуурамч диплом ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон учир улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүгдэгчийн хуурамч диплом мөн гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдэл нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчсөн хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж төрд итгэх олон нийтийн итгэлийг алдуулж зэрэг хор уршиг учруулсан.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 35751468 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Э.Б-гийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Э.Б нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн техник урлалын багшийн мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200718094 дугаартай дипломыг ашиглаж 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус сургуульд урлангийн багш, технологийн багш, хичээл зохицуулагч багшаар тус тус ажилласан болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/21, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/32, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/32, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03  дугаартай тушаалууд, шүүгдэгчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай албан бичиг, цалингийн тодорхойлолт зэргээр,

Э.Б-д техник урлалын багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон Монгол улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн D200718094 дугаартай бакалаврын диплом хуурамч болох нь Монгол улсын Боловсролын их сургуулийн сургалт, цахим шилжилтийн хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/972 дугаартай “Э.Б(ЙЮ84011967) нь МУБИС-ыг 2007 онд Техник урлалын багш мэргэжлээр төгссөн тухай мэдээлэл олдоогүй” гэсэн албан бичиг /хх-ийн 196 хуудас/,

Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, түүний хавсралт болох  2022 оны 09 дүгээр сарын 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалт /хх-ийн 23-35 хуудас/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын баталсан тушаал болон удирдамжийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн. Энэхүү шалгалтын явцад Э.Бгийн боловсролын баримт бичиг зөрчилтэй гарсан. Ингээд тухайн боловсролын баримт бичгийг шалгаж эцсийн шийдвэрийг гаргуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Энэхүү хүмүүсийг хууль бус баримт бичиг диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа гэж үзсэн. Хохирлын хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэхэмжлээгүй. Учир нь тухайн багш нараар хичээл заалгасан хүүхдүүд, тухайн багш нарыг ажилд авч ажиллуулсан сургуулийн нэр хүндийн асуудал гэх мэт маш олон үр дагаврууд ар араасаа гарах тул хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон учраас Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс албан бичиг, хийж өгөх боломжгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 203 хуудас),

           Гэрч Ч.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2021 оны 10 сараас Боловсрол шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. ...Манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон гэсэн зөрчлүүд байсан юм. ...Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гаргасан явуулсан юм. ...Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа юм. ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-40 хуудас),

            Гэрч Я.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос одоог хүртэл ажиллаж байна.  Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол улсын их сургууль, Монгол улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-44 хуудас),

           Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагчаар ажиллаж байна.  Тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Доржхуяг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм.  ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн.  ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Зөрчлөө ерөнхийдөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа.  Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-48 хуудас),

          Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Боловсрол шинжлэх ухааны яаманд хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажиллаж байна. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...Маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. ... Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-52 хуудас),  

                  Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна.  Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн  2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. Боловсролын салбарт  Еsis буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон Нemis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн 2 мэдээллийн системийг ашигладаг.  ...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу, сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг. Үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. ...Еsis систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Нemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РDF, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 55-57 хуудас),      

                  Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. ...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Неmis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-63 хуудас) болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.          

                  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-г боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

                  Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

                  Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Э.Б нь давж заалдах шатны шүүхэд ...2023 оны 01 дүгээр сард Цагдаагийн газраас таны диплом хуурамч байна гэж хэлэхэд энэ талаар анх мэдсэн. Би хуурамч гэдгийг нь анхнаасаа мэдэж байсан бол ашиглахгүй байх байсан. Миний хувьд өнгөрсөн хугацаанд өөрийн хийж гүйцэтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж, хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалинг авч байсан. Багшаар томилогдон ажиллахдаа олон хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, олон хүүхдийг мэргэжил эзэмшихэд нь дэм болж явсан. Сургууль болон суралцагч хүүхдүүдийн эрх ашигт хохирол учруулсан зүйл байхгүй учир гэм хорын хохиролд 35,751,468 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон ба шүүгдэгч Э.Б нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуульд 2012 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл багшаар ажиллаж байх хугацаандаа сургуулийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Гэхдээ дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч Э.Б-г өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Э.Бгийн 2013 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл авсан цалин болох 66649468 төгрөгийн цалингаас тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу хасч тооцон 35751468 төгрөгийг анхан шатны шүүхээс гэм хорын хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.