Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 56

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

Улсын яллагч                                Д.Нямдэлэг  

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Л.Доржпүрэв

Хохирогчийн өмгөөлөгч                Д.Эрдэнэ-Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Мягмардоржийн Мөнх-Эрдэнэд холбогдох 1731001190026 дугаартай Эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол Улсын харьяат 1973 оны 7 дугаар 28-нд Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бүс дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 2 дугаар баг 23-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мягмардоржийн Мөнх-Эрдэнэ /РД:МА73072810/

                                      Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, 23-3 тоот хашаанд Н.Олонбаярын толгойн тус газар нь модоор цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2017 оны 09 дүгээр сарын 21-ний  өглөө энхэр бид хоёр айлд мод буулгахаар гэрээсээ 11 цаг өнгөрч байхад гараад үдийн хойно гэртээ иртэл хохирогч Н.Олонбаяр согтуугаар манай гэрт цонхоор орж 3 хүүхдийг минь айлгаж байсан. Тэгээд намайг хэд хэдэн удаа цохисон. Манай эхнэр Н.Олонбаяр бид хоёрыг салгах гэж байтал Н.Олонбаяр эхнэрийг минь үсдэж ар шил рүү нь 2-3 удаа цохисон. Бид хоёр ноцолдож байгаад би модоор цохьчихсон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

2.Хохирогч Н.Олонбаярын 2017 оны 10 сарын сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.....Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэртээ ганцаараа хоносон. Маргааш нь буюу 9 сарын 21-ний өглөөний 11 цагийн үед аймаг явах таксинд суугаад аймаг орсон. Портер маркийн машины яндан худалдаж аваад буцаад 12 цагийн үед “Хаш” сэлбэг зардаг дэлгүүрийн гаднаас таксинд суугаад 12 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэтэл найз Зоригтбаатар утасдаад “хүрээд ир” гэхээр нь шууд тэдний гэрт очсон. Зоригтбаатарын гэрт Ганхүү, Зоригтбаатар нар 0.75 литрийн “Хараа” архи уучихсан сууж байсан. Надад архи хийж өгөхөөр нь би уусан. Удалгүй архи нь дууссан. Тэгтэл Ганхүү дахиж гараад дэлгүүрээс дахиж 2 шил 0.5 литрийн хараа архи авчирсан. Ганхүүгийн авчирсан архийг Ганхүү бид гурав хувааж ууж дуусаад нөгөө нэг архийг нь би аваад Бурмаа эгчийн гэрт очихоор явсан. Гудамж тойроод явах гэсэн чинь бага зэрэг согтуу байсан мөн гудамж тойрч явахад их хол байсан болохоор айлын хашаа дамжих зорилгоор Бурмаа эгчийн арын айлын хашааг давах гэж байгаад хогон дунд толгойн дагз хэсгээрээ уначихсан. Тухайн үед нэг хэсэг толгой өвдөөд байхаар нь унасан газартаа хэсэг хэвтэж байгаад босоод Бурмаа эгчийн гэрт очсон. Бурмаа эгчийн гэрт хүн байхгүй байсан болохоор Бурмаа эгчийн хөрш Гантулгын гэрт орж Ганхүүгийн авч өгсөн 0.5 литрийн архийг Гантулгатай хамт хувааж уугаад тэгээд юу болсон, Бурмаа эгчийн гэрт хэзээ хэнтэй хамт очсоноо санахгүй байна. Нэг мэдсэн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд төрсөн эгч Бурмаагийн гэрт агсам тавьж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан зөрчил гаргаж саатуулагдсан байсан....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

3.Хохирогч Н.Олонбаярын 2017 оны 11 сарын сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....найз Зоригтбаатар утасдаад “хүрээд ир” гэхээр нь шууд тэдний гэрт очсон. Зоригтбаатарын гэрт Ганхүү, Зоригтбаатар нар 0.75 литрийн “Хараа” архийг талаас дээгүүр уусан байдалтай сууж байсан. Надад архи хийж өгөхөөр нь би уусан. Удалгүй архиa дуусаад Ганхүүд 20.000 төгрөг өгч архинд гаргасан. Ганхүү 10 минут орчим болоод 2 шил 0.5 литрийн хараа архи авчирсан. Ганхүүгийн авчирсан архийг Ганхүү бид гурав хувааж ууж дуусаад нэг 0.5 литрийн “хараа” архийг нь би аваад ганцаараа найз Гантулгын гэрт очих зорилгоор Зоригтбаатарын гэрээс гарсан. Харин Ганхүү, Зоригтбаатар хоёр үлдсэн. Зоригтбаатарын гэрээс Гантулгын гэр нь нэг гудамжны наана цаана байдаг болохоор нарийн гудамжаар дамжиж гараад урд талын эзэнгүй  хоосон айл байхаар нь арын явган хүн ордог хаалгаар орж урд талын хашааг давах гэж байгаад толгойн хэсгээрээ хогон дунд унаж хэсэг толгой өвдөж толгойгоо барьж сууж байгаад толгой зүгээр болохоор нь босоод Мөнх-Эрдэнэ ахын хашаан дотор орсон. Тэгтэл Мөнх-Эрдэнэ ахын машин хашаан дотор байхгүй болохоор нь шууд Мөнх-Эрдэнэ ахын урд талын хаалгаар гараад найз Гантулгын гэрт ортол Гантулга гэртээ байхгүй эхнэр нь гэртээ байсан. Ингээд Гантулгыг асуутал гараад явсан удахгүй ирнэ гэхээр нь гэрээс гараад буцаж гэртээ очоод портер маркийн тээврийн хэрэгслээ асаагаад дахиж Гантулгын гэрт очиж Гантулгатай хамт 0.5 литрийн “Хараа” архийг хувааж ууж дуусаад Гантулгын гэрээс гараад явснаа санаж байна. Ингээд цааш юу болсныг санахгүй байна....гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

4.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 29-34 дүгээр хуудас/

5.Хохирогч Н.Олонбаярын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх, хэрэглэсэн эм тарианы хуулбар /хавтаст хэргийн 37-61 дүгээр хуудас/

6.Гэрч Н.Бурмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Бид хоёрыг гэртээ ирэх үед хашаан дотор манай төрсөн дүү Олонбаяр өөрийн эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгслээ байшинтай тулгаад зогсоочихсон байсан. Тэгтэл хүүхдүүд маань байшингийн араар айсан байдалтай хашаа дамжаад гүйж байгаа харагдсан. Харин араас нь Олонбаяр архи уучихсан хүүхдүүдийн араас гарч ирээд бид хоёрыг хараад ирээд Мөнх-Эрдэнийг ална гээд машины хаалга онгойлгоод өмсөж явсан цамцнаас нь зуурч буулгаад тэр хоёр хоорондоо ноцолдож байгаад газар унацгаасан. Энэ үед би машинаас буугаад тойроод очих замд 3 давхар цэнхэр сандал байхаар нь аваад “чи муу архи уучихсан үедээ манай гэрт байнга ирж агсам тавьдаг юу юм бэ” гээд дүү Олонбаярын толгой руу сандлаар нэг удаа цохьсон. Тэгтэл Олонбаяр эргэж хараад намайг ”ална шүү пизда минь” гээд дайрсан энэ үед манай нөхөр Олонбаярын  араас тэвэрч аваад тэр хоёр дахиад ноцолдож байхад нь 1 метрийн урттай нарийхан мод газар байхаар нь аваад Олонбаярын гар болон нуруу нь хэд хэдэн удаа цохиод авсан. Ингээд улам асаад байхаар нь толгой руу нь модоор дахиад нэг удаа цохих үед Олонбаяр нь газар унасан. Энэ үед манай нөхөр цагдаа дуудна гээд машинтайгаа гараад явсан....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/

 

7.Гэрч Ц.Гантулгын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би 2017 оны 8 сарын 21-ний өглөө гэртээ Энхбаярын хамт байж байтал Олонбаяр согтуу 0.5 литрийн Ерөөл архи барьсан гаднаас орж ирээд “архи уух уу” гээд бид 3 архиа хувааж ууж дуустал Энхбаяр “гэр рүүгээ харьлаа” гээд яваад өгөхөөр нь Олонбаярыг гэрт нь хүргэж өгөх санаатай гэрээс гартал гэрийн гадаа Олонбаярын портер маркийн машин байсан. Олонбаяр машинаа барьж явна гэхээр нь “чи согтуу байна битгий машин барь” гээд түлхүүрийг нь аваад гэрт оруулж тавьсан. Олонбаярыг дагуулаад гудамжны үзүүрт гартал Олонбаярын эхнэр Отгон явж байхаар нь дуудаад машиныг нь бариулаад гэр рүү  явж байтал Олонбаяр нь харихгүй гээд эхнэрээ загнаад машинаас хөөж буулгасан. Би машиныг нь бариулахгүй гээд нилээн машинд нь удаан суусан боловч Олонбаяр машинаа асаагаад Оюунцэцэгийнд очих замдаа хашаа шүргээд толио хагалсан. Намайг согтуу машин барихаа боль гэхэд “чи баярлаад байна уу” гээд уурлаад байсан. Оюунцэцэгийнд ороод Олонбаяр намайг “чи их баясаад байна уу” гээд цохиод автал Оюунцэцэг “та нар гэрт битгий хэрүүл маргаан хийгээд бай” гээд гэрээсээ гаргатал миний араас өшиглөсөн тэгэхээр нь эргээд бариад автал Отгон Оюунцэцэг нар гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

8. Гэрч Н.Оюунцэцэгийн 2017 оны 09 сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “...Би Олонбаярыг гэрлүүгээ харих болов уу гээд гэрийнхээ цонхоор хартал Мөнх-Эрдэнэ машинаа барьсан эхнэр Бурмаагийнхаа хамт ирж харагдсан. Тэгээд Олонбаяр нь хүргэн ах Мөнх-Эрдэнийг хараад агсан тавих маягтай болохоор нь би салгах санаатай Мөнх-Эрдэнэ ахынд яваад очтол Олонбаяр хүргэн болох Мөнх-Эрдэнийд агсан согтуу тавьсан байдалтай Мөнх-Эрдэнэ, Олонбаяр нар нь нэг нэгнийгээ цохилцож байгаад Мөнх-Эрдэнэ өвсний хашаа руу ороод хүрзний иш бололтой нарийн мод гаргаж ирээд хашааны цаанаас Олонбаярын нуруун тус газар нь цохитол Олонбаяртай барьцалдаад автал Олонбаяр нь Мөнх-Эрдэнэ ахыг цохиж унагаагаад дээрээс нь гараараа хэд хэдэн удаа цохитол Мөнх-Эрдэнэ ах Олонбаярыг түлхэж унагаагаад босоод газарт байсан нөгөө модон хүрзний ишээр Олонбаярыг босох гэхэд толгойн тус газар нь цохитол Олонбаяр муужраад газар унасан чинь нөгөө модоороо Олонбаярын гар руу нь цохиод байсан. Тэгтэл Бурмаа эгч болон Отгон нар “наад Олонбаяр чинь муужраад унасан байна болиоч” гээд Бурмаа эгч Мөнх-Эрдэний модыг булааж авсан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/

9. Гэрч Н.Оюунцэцэгийн 2017 оны 11 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Мөнх-Эрдэнэ ах булааж аваад баруун гартаа нөгөө модоор Олонбаярын урдаас Олонбаярын толгойн зүүн хэсэгт цохиж байгаа харагдсан. Тэгтэл Олонбаяр доошоо сөхрөөд суух үед Отгон бид хоёр Олонбаярыг өргөж гэрт нь хүргэж өгсөн юм. Олонбаярыг Бурмаа эгчийн гэрээс хоёр талаас нь сугадаад хүргэж өгөх үед Олонбаяр ямар нэг үг хэлэлгүй бид хоёртой явсан уул нь намайг анх Бурмаа эгчийн хашаанд орж ирэх үед Олонбаяр нь Бурмаа, Мөнх-Эрдэнэ хоёрт орилоод агсан тавиад зүгээр байхгүй байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/

10.Гэрч Н.Оюунцэцэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас/

11.Гэрч М.Отгоны 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн..”....Гантулгын гэрт ороод Олонбаяр Гантулга хоёр архи уугаад сууж байсан. Би “наад архи дарсаа одоо боль араас Оюунцэцэгийн гэрт хүрээд ирээрэй” гэж хэлээд гараад явсан. Тэгээд цаг  гаран болсны дараа Гантулга, Олонбаяр хоёр орж ирээд хоол цай идэж байгаад хоорондоо маргалдаад байсан. Энэ үед Оюунцэцэг, Гантулыг гэрээсээ авч гарсан. Гантулгыг гэр рүү авч явах замд орилж хашгираад төрсөн эгчийнхээ хашаа руу яваад орсон. Би Олонбаярыг дийлэхгүй болохоор зүгээр л дагаад явсан. Олонбаяр Бурмаа эгчийн байшингийн хаалга цоожтой байсан болохоор цонхоор нь орсон. Бурмаа эгчийн гэрт хүүхдүүд нь байсан ба арын өрөөний цонхоороо гараад гүйгээд явсан. Олонбаяр араас нь жижиг өрөөний цонхоор “алнаа” гээд орилоод буцаж гарч ирэхэд Бурмаа эгч Мөнх-Эрдэнэ ах хоёр ирж таарсан. Тэгсэн Олонбаяр, Мөнх-Эрдэнэ ахыг “алнаа” гээд машиных нь жолооч талын хаалгыг онгойлгож Мөнх-Эрдэнэ ахыг татаж буулгаад шууд толгой болон нүүрэн тус газарт нь гараараа цохиод байсан. Тэгсэн Мөнх-Эрдэнэ ах “Олонбаяраа чи яагаад байгаа юм зүгээр байгаач” гэхэд Олонбаяр улам асаад Мөнх-Эрдэнэ ахтай ноцолдож газарт унасан. Олонбаяр, Мөнх-Эрдэнэ ахын дээр гараад суучихсан цохиж зодоод байсан. Бурмаа эгч бид хоёр Олонбаярыг салгасан. Тэгэхэд дахиад дайраад ноцолдоод байхаар нь Бурмаа эгч жижиг давхар сандлаар Олонбаярын толгой руу нь цохиж байгаа харагдсан. Энэ үед Олонбаяр ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй бараг ухаан алдаж доошоо гулжигнаад толгойгоо бариад суусан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ ах машинаа унаад цагдаа дуудна гээд яваад өгсөн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-72 дугаар хуудас/

12.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №977 тоот:

1.Н.Олонбаярын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархай ясны хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна .... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/

13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн №1300 тоот:

1.2017 оны 09 сарын 29-ний №977 дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Н.Олонбаярын биед хоёр талын зулай, чамархай ясанд үргэлжилсэн шугаман хугарал, зүүн зулай хэсгийн хугарлын шугамаар зөхрсөн, баруун дух чамархай, зулай, хатуу хальсан дээрх, зүүн дух зулайд хатуу хальсан доорх цусан хураа, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Тархины гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

4. Дээрхи тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр. Зүүн бугалганы цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчилэлээр үүсгэдэх боломжтой.

5. Н.Олонбаярын биед тогтоогдсон тархины гэмтэл хаанаас чиглэсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Зүүн зулай хэсэгт хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. Дагзаар савж унах үед үүсгэгдэх боломжгүй.

6. Толгойн зүүн хэсэгт модоор цохих үед баруун чамархай хэсэгт цус хуралт үүсэх боломжтой.

7. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

8. Дээрхи гэмтлийг авсан тохиолдолд толгой эргэх, өвдөх, бөөлжих, зарим тохиолдолд ухаан алдах зэрэг төв мэдрэлийн системийн талаас өөрчлөлт илрэх ба гэмтсэн судасны диаметр, алдаж буй цусны хэмжээнээс хамаарч дархи дарагдах хүртэл идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас/

14.Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа №71/17 /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/

15.Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн”...2017 оны 9 сарын 21-ний өдөр байсан санагдаж байна.өглөөний 11 цагийн орчим Бурмаа бид хоёр 3 хүүхдээ гэртээ үлдээгээд 02-20-УБЧ улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй Болорын гэрт очиж 1 цаг гаран хашаанд байсан модыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж дуусаад гэрийнхээ хашааны гадаа ирээд Бурмаа хашааны хаалга онгойлгох үед хашаан дотроос Бурмаагийн төрсөн дүү Олонбаяр согтуу “чамайг ална” гээд орилоод машины жолооч талын хаалгыг онгойлгож миний өмсөж явсан хувцаснаас татаж буулгаад миний нүүр рүү нэг удаа цохьсон. Ингээд би Олонбаярыг “чи яагаад агсам тавиад байгаа юм” гэж хэлээд тэвэрч аваад хэсэг зогсож байгаад Бурмаатай хамт үлдээгээд ортол байшингийн баруун талын булангаас манай 3 хүүхэд айсан байдалтай ирсэн. Хүүхдүүдээсээ юу болсон талаар асуухад гэрт байхад Олонбаяр ах ирээд хаалга нүдээд байхаар нь онгойлгохгүй байхад гал тогооны салхивчаар ороод ирэхээр нь айгаад хойд талын цонхоор гараад ирсэн гэж Бурмаа бид хоёрт хэлсэн. Тэгтэл Олонбаяр дахиж хашаан дотор орж ирээд “пизда минь та хоёрыг ална” гээд дахиад дайрч давшилаад байхаар нь малын хашааны ойролцоо байсан. Нарийн модоор Олонбаярын  толгойн хэсэг рүү санамсаргүй байдлаар нэг удаа цохьсон. Тэгтэл тэр дороо ямар нэгэн үйлдэл хийлгүй хагас суусан. Энэ үед нь би хашаанаас шууд гараад цагдаагийн хэсэг дээр очиж дуудлага өгсөн. ”...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас/

16.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

17.Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/

18.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн гэм буруу, хохирол

 төлбөрийн талаар.

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Мягмардоржийн Мөнх-Эрдэнийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, 23-3 тоот хашаанд Н.Олонбаярын толгойн тус газар нь модоор цохиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг хүлээн авч Эрүүгийн хэргийн шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар бүлгийн 17.1, 17.3, 17.4, 17.5 дугаар зүйлүүд, 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.8 дугаар зүйлүүдэд заасан журмаар хянан хэлэлцэж шүүх дараахи дүгнэлтийг хийв.

                Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаархи дараахи

                                   нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 -Хохирогч Н.Олонбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... найз Зоригтбаатар утасдаад “хүрээд ир” гэхээр нь шууд тэдний гэрт очсон. Зоригтбаатарын гэрт Ганхүү Зоригтбаатар нар 0.75 литрийн “Хараа” архийг талаас дээгүүр уусан байдалтай сууж байсан. Надад архи хийж өгөхөөр нь би уусан. Удалгүй архиa дуусаад Ганхүүд 20.000 төгрөг өгч архинд гаргасан. Ганхүү 10 минут орчим болоод 2 шил 0.5 литрийн хараа архи авчирсан. Ганхүүгийн авчирсан архийг Ганхүү бид гурав хувааж ууж дуусаад би  нэг 0.5 литрийн “хараа” архийг нь би аваад ганцаараа найз Гантулгын гэрт очих зорилгоор Зоригтбаатарын гэрээс гарсан. Харин Ганхүү, Зоригтбаатар хоёр үлдсэн. Зоригтбаатарын гэрээс Гантулгын гэр нь нэг гудамжны наана цаана байдаг болохоор нарийн гудамжаар дамжиж гараад урд талын эзэнгүй  хоосон айл байхаар нь арын явган хүн ордог хаалгаар орж урд талын хашааг давах гэж байгаад толгойн хэсгээрээ хогон дунд унаж хэсэг толгой өвдөж толгойгоо барьж сууж байгаад толгой зүгээр болохоор нь босоод Мөнх-Эрдэнэ ахын хашаан дотор орсон. Тэгтэл Мөнх-Эрдэнэ ахын машин хашаан дотор байхгүй болохоор нь шууд Мөнх-Эрдэнэ ахын урд талын хаалгаар гараад найз Гантулгын гэрт ортол Гантулга гэртээ байхгүй эхнэр нь гэртээ байсан. Ингээд Гантулгыг асуутал гараад явсан удахгүй ирнэ гэхээр нь гэрээс гараад буцаж гэртээ очоод портер маркийн тээврийн хэрэгслээ асаагаад дахиж Гантулгын гэрт очиж Гантулгатай хамт 0.5 литрийн Хараа архийг хувааж ууж дуусаад Гантулгын гэрээс гараад явснаа санаж байна. Ингээд цааш юу болсныг санахгүй байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2017 оны 9 сарын 21-ний өдөр байсан санагдаж байна. Өглөөний 11 цагийн орчим эхнэр Бурмаа бид хоёр 3 хүүхдээ гэртээ үлдээгээд 02-20-УБЧ улсын дугаартай “бонго” маркийн тээврийн хэрэгсэлтэй Болорын гэрт очиж 1 цаг гаран хашаанд байсан модыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж дуусад гэрийнхээ хашааны гадаа ирээд Бурмаа хашааны хаалга онгойлгох үед хашаан дотроос Бурмаагийн төрсөн дүү Олонбаяр согтуу “чамайг ална” гээд орилоод машины жолооч талын хаалгыг онгойлгож миний өмсөж явсан хувцаснаас татаж буулгаад миний нүүр рүү нэг удаа цохьсон. Ингээд би Олонбаярыг “чи яагаад агсам тавиад байгаа юм” гэж хэлээд тэвэрч аваад хэсэг зогсож байгаад Бурмаатай хамт үлдээгээд ортол байшингийн баруун талын булангаас манай 3 хүүхэд айсан байдалтай гарч ирсэн. Хүүхдүүдээсээ юу болсон талаар асуухад гэрт байхад Олонбаяр ах ирээд хаалга нүдээд байхаар нь онгойлгохгүй байхад гал тогооны салхивчаар ороод ирэхээр нь айгаад хойд талын цонхоор гараад ирсэн гэж Бурмаа бид хоёрт хэлсэн. Тэгтэл Олонбаяр дахиж хашаан дотор орж ирээд эхнэр бид хоёрыг “пизда минь та хоёрыг ална” гээд дахиад дайрч давшилаад байхаар нь малын хашааны ойролцоо байсан нарийн модоор Олонбаярын  толгойн хэсэг рүү нэг удаа санамсаргүй байдлаар цохьсон. Тэгтэл тэр дороо ямар нэгэн үйлдэл хийлгүй хагас суусан. Энэ үед нь би хашаанаас шууд гараад цагдаагийн хэсэг дээр очиж дуудлага өгсөн гэх мэдүүлэг,

Гэрч Н.Бурмаа, Н.Оюунцэцэг, Ц.Гантулга нарын мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №977 тоот: Н.Олонбаярын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархай ясны хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт, өвчний түүх зэрэг бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судаллаа. Дээрхи баримтуудаас харахад:

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, 23-3 тоот хашаанд өөрийн эхнэрийнхээ төрсөн дүү Н.Олонбаярыг “согтуугаар гэрийн цонхоор орж хүүхдүүдийг айлгаж цочоолоо, эхнэр бид хоёрыг ална, тална гэж намайг барьж авч нүүрний хэсэгт цохилоо” гэсэн шалтгаанаар газар байсан мод авч толгойн тус газар нь цохисноос хохирогч Олонбаярын хоёр талын зулай, чамархай ясанд үргэлжилсэн шугаман хугарал, зүүн зулай хэсгийн хугарлын шугамаар хөхөрсөн, баруун дух чамархай, зулай, хатуу хальсан дээрх, зүүн дух зулайд хатуу хальсан доорх цусан хураа, зүүн бугалганд цус хуралт үүссэн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Мөнх-Эрдэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”гэмт хэрэгт тооцохоор заасан эрүүгийн хэргийн шинжийг бүрэн агуулсан нь тогтоогдсон байна.

Иймээс Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас үйлдсэн яллах дүнэлт   үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.   

Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

    Иймд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов. 

Хохирогч Н.Олонбаярт шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 1.500.000 төгрөгийг төлсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  “...арван мянган нэгжээс дөчин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан ялаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал, Прокурорын санал болгосон байдал зэргийг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялыг үндсэн ялаар сонгон авч хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Н.Олонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жижиг 3 давхар сандал, 1 метрийн урттай нарийн мод зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төлөгдөр болмогц устгахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Боржигон овогт Мягмардоржийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Боржигон овгийн Мягмардоржийн Мөнх-Эрдэнийг10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаа буюу 2 жил 06 сарын хугацаанд сар бүр 333.333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  дурьдсугай.

5.Ялтан М.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан цэнхэр өнгийн пивор эдээр бүтээгдсэн 3 ширхэг жижиг сандал, гол хэсгээрээ хугарсан 1 метр орчим урттай нарийн бургас модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт усгах комисст шилжүүлсүгэй.  

7.Ялтан М.Мөнх-Эрдэнэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар  зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                   Б.НАЦАГДОРЖ