| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00350/И |
| Дугаар | 197/ШШ2025/02957 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02957
2025 03 21 197/ШШ2025/02957
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,Хариуцагч: У нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,573,010.51 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Б.., Б.. нар нь зээлийн гэрээний үүрэгт 6,573,010.51 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 75-27УАК улсын дугаартай Тоёота приус альфа маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.. миний бие М ХХК-д 6,573,010.51 төгрөгнөөс одоогийн байдлаар 3,477,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдлээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хариуцагч Б.. гэх хүнийг батлан даагчаас чөлөөлж өгнө үү. Банк бусын үлдэгдэл мөнгийг би өөрөө бүрэн хариуцна. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Б..ийн зөвшөөрлийг зөвшөөрч байна. Хариуцагч Б.. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Б..аас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.., Б.. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,573,010.51 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б..аас татгалзаж, хариуцагч Б.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,573,010.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс одоогийн байдлаар 3,477,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, энэ үлдэгдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.., Б.. нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б..аас татгалзаж, хариуцагч Б.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,573,010.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс одоогийн байдлаар 3,477,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, энэ үлдэгдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,318 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 95,159 төгрөгийг улсын төсвөөс, 95,159 төгрөгийг хариуцагч Б..ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН