Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00536

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00536

 

 

 

 

 

 

                               С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2021/00140 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7 933 375 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр С ББСБ ХХК-аас 9 199 000 төгрөг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай төгөлдөр хуур худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Зээлийг хүүгийн хамт 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулах байтал уг үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн үлдэгдэл 6 258 579 төгрөг, хуримтлагдсан хүү 1 395 663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279 133 төгрөг, нийт 7 933 375 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Зээлийн гэрээ байгуулагдсан, зээл авсан асуудлаар маргахгүй. Гэрээний хугацаанд 880 000 төгрөгөөр 5 удаагийн төлөлтөөр 4 400 000 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл төлбөрөөс хүү тооцохоор гэрээг байгуулсан. Харин сарын хуримтлагдсан хүүгээс хүү тооцохоор тохироогүй. Хуримтлагдсан хүү 1 395 663 төгрөг болсон талаар задаргаа байхгүй, гэрээ 12 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй байгуулагдсан байхад сарын хүүг 3 хувь гэж тооцож нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгээс хүү тооцсон дүнг төлөхгүй. 7 134 783 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгээс нь татгалзвал эвлэрэх боломжтой гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 7 134 783 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 798 592 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 884 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бгаас 129 106 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 7 134 783 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч хэрэв нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс сайн дураар татгалзвал талууд дээрх үнийн дүнд эвлэрэн хэлэлцэх боломжтой талаар шүүхэд тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч эвлэрэн хэлэлцэхгүй гэсэн тул шүүх хуралдаан үргэлжилж шийдвэр гарсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчийн төлөх төлбөрийн дүнг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар 6 273 639 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч СББСБ ХХК нь хариуцагч Б.Бгаас зээл 6 258 579 төгрөг, зээлийн хүү 1 395 663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279 133 төгрөг, нийт 7 933 375 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хариуцагчийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргийг буруу тооцоолсон байхын зэрэгцээ зохигчдын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт үндэслэл муутай дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу тус шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах шийдвэрийг гаргав.

Талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 9 199 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх тухай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагджээ. /хх9-10/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгө хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй, гагцхүү зээлийн хүүгийн хувь хэмжээ, түүний тооцоололд маргажээ.

Хариуцагчийн гэрээний хугацаанд гүйцэтгэвэл зохих үүрэг нь үндсэн зээл 9 199 000 төгрөг, зээлийн хүү 2 207 760 төгрөг, нийт 11 406 760 төгрөг байх ба 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5 удаагийн төлөлтөөр нийт 4 400 000 төгрөг төлсөн, үүргийн зөрчил 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс үүссэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх18-22/

Талууд гэрээний 2.1.3-т “зээлийн хүү 2 хувь”, 2.1.8-д “зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Хэргийн 16 дугаар тал дахь зохигчдын харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 5 593 160 төгрөг байжээ. Уг дүнгээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 8 сарын зээлийн хүүг сарын 2 хувиар тооцоход 894 905 төгрөг /5 593 160*2 хувь=111 863*8 сар/ байна. Түүнчлэн нэмэгдүүлсэн хүүг уг дүнгийн 20 хувь гэж тооцоолбол 178 981 төгрөг болохоор байх ба нэхэмжлэгч энэ хүрээнд шаардах эрхтэй. Тодруулбал, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь зээлийн үлдэгдэл 5 593 160 төгрөг, зээлийн хүү 894 905 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178 981 төгрөг, нийт 6 667 046 төгрөг байх тул хариуцагчаас уг дүнг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна. 

Харин гэрээний 2.13-т “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд зээл авсан эхний өдрөөс эхлэн хүүг 3 хувиар тооцно” гэх заалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Хуулийн дээрх зүйл хэсэгт гэрээний нэг талын нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэх бөгөөд уг нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар заасан байна. Зээлдүүлэгч нь зээлийн сарын хүүг 2 янзаар гэрээнд тусгасан нь хуулиар тогтоосон гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн байх тул шүүхийн энэ талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...  , 7 134 783 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзвал эвлэрэх боломжтой” гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “... одоо эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэж тус тус тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Дээрх тайлбараас хариуцагч 7 134 783 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэх агуулга харагдахгүй байна. Зохигч эвлэрсэн нөхцөлд дээрх дүнгээр төлбөрийг төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч эвлэрээгүй байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. /хх52/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2021/00140 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7,134,738”  гэснийг “6 667 046” гэж, “798,592” гэснийг “1 266 329” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “129,106” гэснийг “121 622” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 141 884 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА

               ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                                                                  А.МӨНХЗУЛ