| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0036/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 39
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Д.Эад холбогдох эрүүгийн 1804000000037 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч Д.Э нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймаг, .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эхнэр Б.О /Багануур сувилалд угаагч ажилтай/, насны хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн .. дугаар хороо, Нарийны .. дугаар гудамжны ..тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Д-ын Э /РД:НВ73100819/.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:
Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ эхнэр Б.Отэй 10.000 төгрөг өгсөнгүй гэж маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүрэн тус газар нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс Д.Эад холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд.
Хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтын үед өгсөн:
“...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Д.Эын хамт Төв аймгийн Баян суманд хамаатан садантайгаа золголт хийгээд 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирсэн. Э гэртээ ирээд бэлгэнд авсан 10.000 төгрөгөө авах гээд хэрүүл хийж байгаад гараараа 2-3 удаа дэлсээд авсан. Миний үүдэн шүд хугарсан. Бас зүүн нүд хөхөрсөн. Урьд өмнө нь надад гар хүрч байгаагүй. Тухайн үед гэрт бид хоёр л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.Шинэгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Орой 21 цагийн үед гэртээ ирэхэд аав, ээж хоёр чанга чангаар хэрэлдэж байгаа юм шиг байсан. Намайг гэрт ороход ээж баруун талын орон дээр уйлаад сууж байсан ба аав сандал дээр ууртай сууж байсан. Ээж “аав чинь 10.000 төгрөг нэхээд, өгөхгүй гэсэн чинь дээлнийхээ нударгаар нүүр лүү гуядчихлаа” гэсэн. Маргааш өглөө нь ээжийн үүдэн талын нэг шүд нь унасан байхаар нь асуухад өчигдөр орой унасан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“... Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эхнэртэйгээ Төв аймгийн Баян суманд хадмынхандаа золгоод гэртээ ирсэн. Бэлгэнд авсан 10.000 төгрөгөөрөө ус ундаа авах санаатай эхнэрээсээ авах гэтэл “чам шиг гуйлгачинд өгөх мөнгө байхгүй” гэхээр нь эхнэрийнхээ нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Тухайн үед эхнэр бид хоёр согтуу байсан. Эхнэрийн шүд нь хугарсан. Би учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч байна. Намайг ажил хийдэггүй болохоор гуйлгачин гэж хэл амаар доромжилж хөөдөг. Би эхнэрээсээ уучлалт гуйсан, одоо эвлэрээд гайгүй байгаа. Би тогтсон ажилгүй, гэхдээ ердөө зүгээр суудаггүй. Зун намартаа жимс самарт явдаг. Мөн уурхай руу гар аргаар нүүрс зөөж зардаг, хааяа олдсон ажлаа хийж мөнгө олдог. Олсон мөнгөө хүүхдүүдээ хуваагаад өгчихдөг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээчийн “Б.Огийн биед нэг шүдний хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн 09шэ/95 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 12 тоотод байх гэртээ бэлгэнд авсан 10.000 төгрөгөө авах гэж эхнэр Б.Отэй маргалдаж нүүрэн тус газар нь хоёр удаа гараараа цохиж зүүн дээд нэг шүд хугарсан, буйл улайсан, зүүн нүдний доод зовхинд 2х0.7 см хэмжээтэй цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд үйлдлийн агуулгыг тодорхойлохдоо зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдэг өгүүлбэрээр илэрхийлсэн байна. Гэвч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч эхнэрээ яаж зодсон үйлдлээ хүлээн мэдүүлсэн, шүүх хуралдааны дүгнэлтийн үед хэрхэн яаж зодсоныг прокурор тодорхой дүгнэсэн. Иймд прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг нотолно” гэсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэлээ.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд нотолсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Д.Э нь хохирогчийг зодсон үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн зүй бус харилцааны улмаас уурласан, улмаар нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон үйлдлээс нь харагдаж байна. Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Б.Огийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/95 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Д.Э, хохирогч Б.О нар нь гэр бүл болоод 28 жил болж байгаа нь гэрлэлтийн 24 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх ба гэр бүлийн хамаарал бүхий хүний эрхэнд халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинж нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Д.Эын үйлдэл нь иргэн Б.Огийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг тус тус зөрчжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг буюу прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.
Иймд Д.Эад прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино. Д.Э нь байнгын эрхэлсэн ажилгүй тул торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хохирогч Б.О нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй /хх-ийн 11 дүгэр хуудас/ гэжээ.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 2; 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ