Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 115/ШШ2025/0007

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Нт холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш ...-ний өдрийн ... дүгээр дүгнэлтдээ:

 

Тус аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Н нь ... сумын Засаг даргын Тамгын газар нь 2024 оны ... дугаар улирлын татварын тайланг хуулийн хугацаанд татварын байгууллагад илгээгүй" гэх зөрчлийн 2024 оны ... дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч Н.Оад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг ...-ний өдөр шалгалтын хүрээнд хянахад:

 

Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, татварын тайлан илгээсэн талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар ... сумын Засаг даргын Тамгын газар нь 2024 оны ... дугаар улирлын татварын тайланг хуулийн хугацаанд татварын байгууллагад илгээгүй зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

Тус аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Н нь 2024 оны ... дугаар сарын ....-ны өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай шийтгэлийн хуудсаар ... сумын Засаг даргын Тамгын газрын төсөв хариуцсан нягтлан бодогч Н.Оад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байхад иргэн Н.Оад хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл оногдуулсан байна.

 

... сумын Засаг даргын Тамгын газар нь 2024 оны ... дугаар улирлын ажиллагсдын цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан тайлан буюу хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайланг татварын байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх хуулийн хугацааг хэтрүүлсэн буюу хугацаандаа ирүүлээгүй зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд иргэн Н.Оад шийтгэл оногдуулсан гэж бичсэн нь буруу байх тул шийтгэлийн хуудасны "Олсон нь” хэсэг, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д “Н.О” гэж бичсэнийг "... сумын Засаг даргын Тамгын газар" гэсэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Нийн 2024 оны ... дугаар сарын ....-ны өдөр Н.Оад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөp торгож шийдвэрлэсэн шийдвэрийн шийтгэлийн хуудасны "Олсон нь” хэсэг, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д Н.О гэж бичсэнийг "... сумын Засаг даргын Тамгын газар" гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

Хариуцагч аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсарнай шүүхэд гаргасан тайлбартаа:

Дорноговь аймгийн Татварын газрын ... сумын Татварын улсын байцаагч Б.Н нь Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газар нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан зөрчил үйлдсэн тул 2024 оны ... дугаар сарын ....-ны өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.

Энэхүү хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан материалыг Аймгийн Прокурорын газраас хянаад иргэн Н.О гэж бичсэнийг ... сумын Засаг даргын Тамгын газар гэж өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хариуцагч аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Н нь 2024 оны ... дугаар сарын ....-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаар “Шийтгэлийн хуудас”-аар Н.Оад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөp торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

          Шүүх зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч эрх бүхий албан тушаалтан Б.Нээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийгөө төлөөлүүлэхээр Дорноговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Мөнхсарнайд итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2. “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” эрхийг тусгайлан заасан байна.

 

          Прокурор Т.Цэнд-Аюушаас аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Нийн холбогдогч Н.Оад торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны "Олсон нь” хэсэг, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д “Н.О” гэж бичсэнийг "... сумын Засаг даргын Тамгын газар" гэсэн өөрчлөлт оруулахаар дүгнэлт ирүүлснийг хариуцагч эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагч Б.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсарнай бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

 

          Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсарнайн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

          Шүүхээс хэргийн оролцогчид хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн Дорноговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Нийн 2024 оны ... дугаар сарын ....-ны өдөр "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай “Шийтгэлийн хуудас”-д өөрчлөлт оруулах тухай 01 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсарнайн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.ОТГОНТУЯА