Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/02737

 

 

 

 

 

 

 

 

 

 

197/ШШ2025/02737

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 1,163,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Х Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Год холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 1,163,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай холбоонд хамаарах*******ны******* Ц.Г нь 2017 оны 10 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,163,400 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул гаргуулж өгнө үү... гэжээ.

2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Тухайн байр нь миний өмчлөлийн байр мөн. Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь ажил үүргээ гүйцэтгэдэггүй, байрны гадна, дотор засвар үйлчилгээг хийдэггүй, манай цонхыг хааж өргөтгөл барьсан зэрэг шалтгаанаас болж би төлбөр төлдөггүй байсан. Харин 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл хэвийн төлөөд явж байгаа... гэж маргаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1 Баянгол дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Сот-1, Сот-2, Сот-3, 57 дугаар байрны сууц өмчлөгчдийн холбооны эрх үүргийг хэрэгжүүлэх Х Сууц өмчлөгчдийн холбоог Баянгол дүүргийн Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, 421 тоот гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан тус Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 3-р тал/

Х Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор тус холбооны гүйцэтгэх захирлаар С.Энхтуяаг томилсон байна. /хх-ийн 4-р тал/

Мөн нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Өгөөмөр-9 Сууц өмчлөгчдийн холбооны захирлын сууц өмчлөгдийн холбооны төлбөр 12,500 төгрөг гэх албан бичиг, Х Сууц өмчлөгчдийн холбооны захирлаас 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банкинд хүргүүлсэн албан бичиг, хариуцагч Ц.Гын нэр дээрх 2017 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл үүссэн гэх нэхэмжлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гарган өгсөн. /хх-ийн 6-10-р тал/

3.2 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж зааснаар талуудын хооронд хуульд зааснаар үүрэг үүссэн байна.

Хариуцагчийн тус Сууц өмчлөгчдийн холбоо нь засвар, үйлчилгээгээ муу хийдэг гэх үндэслэл нь түүнийг дээрх хуульд зааснаар үүсэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.3 Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна гэж заасан.

Гэтэл хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтуудаас дүгнэхэд тус Сууц өмчлөгчдийн холбоо нь хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй, 2023 оны гэрчилгээтэй, 2017 оноос 2023 оны хооронд хариуцагчаас төлбөр шаардах эрхтэй байсан нь тогтоогдохгүй байна.

3.4 Мөн сууц өмчлөгчдийн төлөх ёстой төлбөрийн хэмжээг хэн, хаанаас, ямар хэмжээгээр баталсан нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, тус Сууц өмчлөгчдийн холбооны Бүх гишүүдийн хурал, Удирдах Зөвлөлөөс сууц өмчлөгчдийн тогтмол төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон шийдвэр байгаа эсэх нь тодорхойгүй, хэрэв тийм шийдвэр байгаа бол нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс гарган өгсөн тус холбооны захирлаас Төрийн банкинд хүргүүлсэн өрхийн төлөх төлбөрийн хэмжээний талаар дурдсан албан бичиг нь гарын үсэггүй байгааг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн7-8-р тал/

3.5 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дах хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар 2021 оны 11 дүгээр сараас өмнөх төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй болсон зэрэг үндэслэлүүд тогтоогдож байна.

3.6 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Ц.Год холбогдох, 1,163,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 31,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ДОЛГОРСҮРЭН