Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/1048

 

 

 

 

       

                                         

 

С.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1079 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.У-д холбогдох эрүүгийн 2308018771259 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.У-,

 

Шүүгдэгч С.У- нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нийтийн караокед Т.Г-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт С-гийн У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг С.У-д үүрэг болгож, тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.У-д мэдэгдэж, хохирогч Т.Г- нь эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, С.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.Г- давж заалдах гомдолдоо: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн энэ хэргийг зөрчлийн хэргээр анх шалгаж байсан хорооны цагдаа н.Гансүмбэр нь уг хэрэг болсон газрын камерын бичлэгийг авч н.Батбаатар гэх мөрдөн байцаагчид дүгнэлттэй нь хамт шилжүүлсэн гэсэн боловч шүүх хуралд орох үед камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж явуулаагүй байсан. Анх шалгаж байсан хорооны цагдаа нь У, Г гэх 2 хүнд хэрэг нээж явуулсан гэсэн боловч намайг зодсон гэх 4 хүнээс нэг нь болох У л хэрэгт холбогдож шүүхээр ганцаараа хэргийг дааж орсонд гомдолтой байна. Надад учирсан хохирол болох сорвийг арилгуулахад заавал гоо сайхны эмнэлэгт олон удаагийн давтамжтай лазер болон тарилгад орох ёстой. Би 4 хүүхэдтэй, гэртээ ганцаараа ажил хийж, гэр бүлээ авч явдаг болохоор өөрөө төлбөрөө төлөөд гоо сайхны эмчилгээ хийлгэх боломж байхгүй. Иймд миний хохирлыг намайг зодсон гэх 4 хүнээс гаргуулж өгөхийг хүсч байна. ...” гэжээ.

 

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар бусад хүмүүсийг гэмт хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй талаар шалгасан. Хохирогч гомдолдоо “хэрэг болсон газрын камерын бичлэгийг авч н.Батбаатар гэх мөрдөн байцаагчид дүгнэлттэй нь хамт шилжүүлсэн гэсэн боловч шүүх хуралд орох үед камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж явуулаагүй байсан” гэж дурдсан байна. Тухайн камерын бичлэгийг ямар нэгэн байдлаар сэргээх боломжгүй учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй. Шүүгдэгч С.У- нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.У-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Т.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Прокуророос С.У-г 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нийтийн караокед Т.Г-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь нүүр хүзүүнд зулгаралт, хоёр бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянавал зохих дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар С.У-г Т.Г-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож нүүр хүзүүнд зулгаралт, хоёр бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлсон бол анхан шатны шүүх шүүгдэгч С.У-г Т.Г-тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх дүгнэлтийг хийжээ.

 

Гэтэл Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7070 дугаартай дүгнэлтээр “...Т.Г-ийн биед нүүр хүзүүнд зулгаралт, хоёр бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал ...” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд /хх 55-56/ шинжээч эмч О.Болор “...дээрх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх36/ гэж мэдүүлсэн ба прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн чухам ямар үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсан талаар дүгнэлт хийгээгүй.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.У- “...хохирогчийн нүүрлүү өшиглөж, үснээс нь зулгааж, цааш нь түлхсэн” гэж, хохирогч Т.Г- “...арай өндөр эмэгтэй нь ирээд үсдэж хойш түлхсэн, би өөдөөс нь яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө эмэгтэй үснээс зулгаагаад газар унагааж толгой дээрээс дарж нүүрлүү өшиглөж зодсон, арай намхан эмэгтэй нь цаанаас ирээд газар унасан байхад хөл, гар, нүүрлүү өшиглөсөн, би арайхийж дээшээ бостол тэр хоёр эмэгтэйтэй хамт явж байсан туранхай бор залуу нь миний зүүн гарыг ард мушгиад тэр хоёр эмэгтэйгээрээ зодуулаад байсан” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд хохирогчид учирсан хоёр бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шүүгдэгч С.У-н хохирогчийн нүүрлүү өшиглөж, үснээс нь зулгааж, цааш нь түлхэхэд үүссэн гэхэд эргэлзээтэй байна.

 

Яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

 

Түүнчлэн маргалдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Т.Г-ийн “...миний хохирлыг намайг зодсон гэх 4 хүнээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

Анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгчийн биеийн байцаалтыг бичихдээ “эрэгтэй” гэж бичсэн байгааг зөвтгөж, шүүгдэгч С.У-д авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1079 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч С.У-д авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

 

                                    ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

 

                                    ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН