Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 114/шш2025/0006

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2025/0005/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлттэй зөрчлийн хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Дуламсүрэн шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх гэж хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хуульд байхгүй шийдвэр гаргасан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгон тус аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч ******* 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “шийтгэлээс чөлөөлөх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч *******гаас шүүхэд гаргасан тайлбартаа: Хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх ******* гаргасан 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 01 дугаар бүхий дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлттэй санал нэг байна гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ  нь:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, ******* тус аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч *******д холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгон тус аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч ******* 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “шийтгэлээс чөлөөлөх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тус аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч ******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагчаас хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ  нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* “2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.НАРАНТУЯА